Ноён уулыг аврах хөдөлгөөн нийслэлд өрнөж, өлсгөлөн зарлаж байсан нь саяхан. Гэтэл дуулиан шуугиан тарьж эсэргүүцэл тэмцлийн бай болж байсан Хүннүгийн булш бүхий энэ хавийн нутаг одоо хамгаалах эзэнгүй үлджээ. “Оройд нь хүршгүй жаргал ёроолд нь хүршгүй зовлонгийн үүдийг нээдэг” хэмээн өвөг дээдсийн маань захиж, болгоомжлуулж ирсэн алтны арвин их нөөцтэйгөөсөө болж энэ сайхан газар хууль, дүрэм үйлчилдэггүй нинжа нарт “эзлэгдэж” баялаг ч үгүй, булш ч үгүй сүйтгэгдэхэд ойрхон байна.
Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн заагт орших Хүннүгийн булш бүхий Ноён уулын ойр орчимд алт болон төмрийн хүдрийн 42 лицензэт талбай бий. Үүнээс 20 гаруй нь алтных бөгөөд “Урт нэртэй” хууль батлагдахаас өмнө энэ хавийн газар нутаг нь лиценз эзэмшигч 10 гаруй компанийн “хамгаалалтад” байжээ. Гэвч “Урт нэртэй” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосноор алтны компаниуд хамгаалалтаа буулгаж, ойн бүс бүхий энэ газар орон нутгийн ойн нөхөрлөлийнхний мэдэлд шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл, хамгийн том алтны судал бүхий энэ хавийн газар нутаг хөдөлгөөнийхний тэмцлийн үр дүнд, хяналтгүй болж нинжа нарт “эзлэгдэхэд” бэлэн болсныг орон нутгаас нь бидэнд мэдээллээ. Мандал сумын Хэрх тосгоны захирагч Дашзэвэгтэй холбогдож энэ талаар тодруулахад “Ноён уулын оргилын баруун тал дахь алтны өнгөт судлыг тодорхой тооны хүмүүс ухаж байсныг сумын цагдаа, байгаль орчин, мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн очиж тараасан. Одоогоор орон нутгийн ойн нөхөрлөлийнхөн харж, хамгаалж байгаа.
Тосгоны хувьд хэсгийн цагдаагаас өөр хүн байхгүй тул сумаас дэмжлэг авсан” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин байгаль орчин, мэргэжлийн хяналтынхны ярьснаар хоёр ч удаагийн арга хэмжээгээр нийт 10 гаруй нинжаг буулгасан бөгөөд Зүүнхараагийн зургаан нинжаг судал дагуу алт ухах гэж байхад нь таслан зогсоожээ. Ноён уул бол нэг уул биш. Олон уулын нуруу, ам бүхий өргөн уудам газар нутгийг хамардаг. Тиймээс энэ битүү ой, баялаг бүхий нутаг дэвсгэрийн хаана нь хэдэн нинжа үлдсэнийг хянах боломж хомс. Нинжа нарыг өдөр буулгасан шөнөдөө ухаж байгааг ч нутгийнхан ярьж байна.
Эзэнгүй юм эзэнгүй л байдаг. Тэр тусмаа хувь, хувьсгалын ямар ч хамгаалалтгүй үлдсэн энэ орчимд алтнаас гадна модны хулгай ч ихсэх хандлагатай буй гэнэ. Байдал ийм байхад Ноён уул, өвөг дээдсийнхээ булшийг амиараа дэнчин тавиад ч хамаагүй хамгаална хэмээн сүр дуулиан болж байсан иргэний хөдөлгөөнийхөн сураггүй байна. Алт байтугай булшийг нь тоноод эхэлбэл тэнд одоо ойн нөхөрлөлийнхөн, орон нутгийн сайн дурынхнаас өөр санаа зовох хүн алга. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Гацууртын ордыг ашиглалтад оруулна гэдгээ тодорхой мэдэгдсэн.
УИХ-ын дарга З.Энхболд ч мөн ийм байр суурьтай байгаа. УИХ Гацууртыг нэгэнт стратегийн ач холбогдолтой ордод хамааруулчихсан. Энэ орд дахь төрийн мэдлийн хувь эзэмшил, өөр бусад асуудлаар ойлголцож, тохиролцох хэлэлцээрийг холбогдох яамд нь “Сентерра гоулд” компанийнхантай хийж буй. Гэтэл сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хэлэлцээрийн явц болон үр дүн, хэзээ эцэслэн дуусах, Ноён уул Гацууртын ордыг хэзээ эзэнтэй болгох талаар ямар ч тодорхой мэдээлэлгүй байна. Хэлэлцээр цаашид энэ хэрээр удааширч, цаг хугацаа алдсаар байвал өвөг дээдсийн маань өв дурсгалыг хадгалж байгаа энэ газар нутаг алт ч үгүй, булш ч үгүй үлдэж мэдэх нь.
Ноён уулын алтыг өмнөх зуунд, Богд хааны үеэс ашиглаж байсан Хятад, Оросын хамтарсан “Монголор” компанийн хуучин уурхайн үлдэгдэл Сүжигт, Журамтын аманд бий. Энд нинжа нар саяхныг хүртэл ажиллаж байв. Алтыг нь ухаад зогсохгүй булш ухаж, тонох оролдлого ч нэг бус удаа гарч байсан мэдээлэл бий. Харамсалтай нь энэ тохиолдолд хууль бус нинжа нарт захиргааны арга хэмжээ болох мөнгөн торгууль ногдуулахаас өөр шийтгэл алга. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өөрөөр тэднийг таслан зогсоох боломжгүй талаар цагдаа, хууль хяналтынхан хэлж байна. Эртний булш, бунхан, түүх дурсгалын газрыг тонох явдал Сэлэнгэ аймгийн Мандал суманд төдийгүй өөр бусад аймаг, суманд ч газар авч, орон нутгийг хамарсан сүлжээ бий болоод буй.
Тиймээс цаашид Гацууртын ордыг ашиглах эсэхээс илүүтэйгээр түүхийн дурсгал бүхий Ноён уул, тэр хавийн газар нутгийг хамгаалах эзэнтэй болгох нь эх орноо гэсэн хүн бүрийн сэтгэл зовоосон, тулгамдсан асуудал юм. Түмпэн, сав барьсан нинжа нараас гадна байгаль хамгаалах нэртэй төрийн бус байгууллагын дэргэд алтны уурхайн ажиллуулж, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар худалдан авч, хадгалж байсан тохиолдол ч саяхан гарчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дууш Мандал хайрхан” ТББ-ын байрнаас цагдаагийнхан зөвшөөрөлгүй, хууль бус 39 ширхэг аммонитын төрлийн тэсрэх бодис, гар тэсэлгээ явуулах зориулалттай гуурс бүхий хөндлөн тэслэгч бялт (детонатор) буюу тэсэрч дэлбэрэх бодис хурааж авсан гэнэ.
Гүйцэтгэх захирал Д.Туяа нь ТББ-ынхаа харьяанд Ноёдын алтны уурхайг ажиллуулдаг юм байна. Тэрээр “Нарантуул” захаас 39 ширхэг тэсэлгээний жижиг аммонит, хоёр ширхэг тэсэлгээний утас зэргийг уурхайн хатуу хэсэгт туршиж үзэхээр авч, тэр оройдоо вагоноор Зүүнхараад ирсэн гэдгээ хууль хяналтынхны өмнө хүлээжээ. Байгаль орчноо хамгаалж, ашгийн бус үйл ажиллагаа явуулах учиртай ТББ ийнхүү сумынх нь нутаг дээр алтны уурхай ажиллуулан тэсэрч дэлбэрэх бодис цуглуулан, хадгалж байхад удирдлагууд нь “мэдээгүй” гэсэн хариулт өгөөд сууж буйг юу гэж ойлгох вэ? Энэ хэргийг шүүх хурал энэ оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Сум дундын 21 дүгээр шүүхэд болж, “Дууш Мандал хайрхан” ТББ-ын гүйцэтгэх захирал, Ноёдын алтны уурхайн эзэн Д.Туяад Эрүүгийн хуулийн 185.1-д заасан зүйл ангиар ял шийтгэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ноён уулын эргэн тойронд байдал ийм л байна. Гацууртын ордыг ашиглах эсэхийг УИХ удахгүй шийдэх байх. Гэвч тэр хүртэл алтаар баян Ноён уул орчмын газар нутагт хамгаалалт хэрэгтэй байна. Ноён уул нь Сибирийн газар нутгийн урд үзүүрт байршдаг. Тиймээс Сибирийн мөнх цэвдэг хурдацтай хайлж буй үед манайхан газрын гүнд байгаа өвөг дээдсийнхээ олдворуудыг хав дарж, хадгалах биш харин яаралтай гарган авч, авран хамгаалах шаардлагатайг археологичид сануулж байгаа.
Ганцхан булш, олдворыг ухаж гаргахын тулд 3-5 давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний газрыг смээр шүүрдэж малтдаг. Тиймээс нарийн чимхлүүр, цаг хугацаа, хөрөнгө зардал ихтэй энэ ажлыг төр, засаг хувийн хэвшлийнхэнтэй хамтран эхлүүлж болохгүй гэж үү. Алтаа ч, түүхийн үнэт олдвороо ч энэ хэвээр эзэнгүйдүүлж хав дарсаар байвал хэдэн жилийн дараа нинжа нарт сүйтгэгдсэн байгаль орчин, ялзарч муудсан үнэт олдворууд нь үнэ цэнэгүй болох аюулын дохиог Ноён уулын энэ үйл явдал бидэнд өгсөөр байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ