Зөвлөлтийн Эх орны дайны үед Монголын ард түмнээс Улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” хэмээн нэрлэгдсэн нисэх онгоцны эскадриль билээ. 1943 оны гуравдугаар сарын 6-нд хуралдсан БНМАУ-ын 26 дугаар Бага хурлаар БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн “Германы фашизмтай тэмцэх фронтод туслалцах ажлын явц ба манай зорилгын тухай” илтгэлийг сонсоод Зөвлөлтийн Эх орны дайны фронтод туслах талаар гүйцэтгэсэн ажлыг бүрэн дүүрэн сайшаахын хамт тус улсын хөрөнгөөр байлдааны онгоцуудыг үйлдвэрлүүлэн Улаан армид бэлэглэхээр шийдвэрлэжээ.
Төр засгийнхаа уриалгыг ард олон халуунаар хүлээн авч, монголчуудын бас нэгэн шинэ бэлэг болох нисэх онгоцны эскадриль байгуулахад шаардагдах хөрөнгийг хуримтлуулах ажил орон даяар эхэлжээ. Бэлэглэлийн төв комисс, түүний аймаг, хот, үйлдвэр, албан байгууллага дахь салбарууд идэвхийлэн ажиллаж, төв, орон нутгийн хэвлэлүүдэд “Нисэх эскадриль бол баатарлаг Улаан армийн агаарын цэргийн хүчинд барих манай хамгийн шилдэг бэлэг мөн”, “Фронтод зориулан байлдааны нисэх онгоцуудыг хурдан шуурхай байгуулъя!” уриалга нийтлэгдэн, “Монгол ард” эскадрильд зориулсан тусгай булан нээж, хуримтлалын дүнг өдөр дараалан мэдээлж байв.

Үйлдвэр, аж ахуйн газрууд уртасгасан цагаар ажиллаж, хувийн бэлэг худалдаалах дэлгүүрүүд ард иргэдээр дүүрэн байж, хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцсоны дүнд шаардагдах хөрөнгийг дөрвөн сарын дотор хуримтлуулжээ. 1943 оны долдугаар сарын 22-нд Бэлэглэлийн төв комиссоос хоёр сая төгрөг (2.628.000 рубль)-ийг ЗСБНХУ-ын Санхүүгийн Ардын комиссариатын дансаар гуйвуулсан нь мөн сарын 31-нд хаягийн дансанд орсон тухай ЗСБНХУын ГХАК-аас Жанжин штабын дарга, ЗХУ-ын маршал А.М.Василевскийд наймдугаар сарын 17-нд мэдэгдэж, маргааш өдөр нь И.В.Сталинаас БНМАУын Ерөнхий сайдад талархлын утас иржээ.
Түүнд “…гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж буй Улаан армид “Монгол ард” хэмээх байлдааны онгоцны эскадриль байгуулж бэлэглэхэд зориулан хоёр сая төгрөгийг хуримтлуулан шилжүүлсэн явдалд Танд болон Танаар уламжлан БНМАУ-ын Засгийн газар, ард түмэнд Зөвлөлт Засгийн газар, өөрийн нэрийн өмнөөс үнэн зүрхний талархлыг хүргэе. “Монгол ард” гэдэг дайчин нисэх онгоцны эскадриль байгуулах БНМАУ-ын хөдөлмөрчдийн хүслийг ёсоор болгоно” гэсэн байв. Үүнээс нэг сарын дараа буюу 1943 оны есдүгээр сарын 23-нд БНМАУ-д суусан Зөвлөлтийн элчин төлөөлөгч И.А.Иванов “Монгол ард“ хэмээх байлдааны онгоцны эскадрилийг байгуулж, дэслэгч генерал А.С.Благовещенскийн нэгтгэлд шилжүүлэн өгөх тухай БНМАУ-ын Засгийн газрын тэргүүнд мэдэгдэж, тус улсын Засгийн газар, Монголын ард түмэнд талархал илэрхийлжээ.
“Монгол ард” эскадрилийг сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн Гвардийн хоёрдугаар хороонд хүлээлгэн өгөх ёслол 1943 оны есдүгээр сарын 25-ны өдөр Смоленск мужийн “Вязовая” өртөөний хээрийн нисэх буудалд болсон байна. Байлдааны цагийн нөхцөл байдлын улмаас БНМАУ-ын бие төлөөлөгч эл үйл ажиллагаанд оролцож чадаагүй тул тус Засгийн газартай тохиролцсоны дагуу ЗХУ-ын Дээд Ерөнхий командлагчийн нөөц дэх сөнөөгч онгоцны хоёрдугаар корпусын зүгээс эрхлэн гүйцэтгэжээ.
Хажуу бөөрөндөө “Монгол ард” хэмээх үгийг тод улаанаар бичсэн “Ла-5” маркийн цоо шинэ 12 онгоц баярын тойрог үйлдэн бууснаар ёслолын ажиллагаа эхэлж, 322 дугаар дивизийн дарга, ЗХУын баатар Т.П.Нога, эскадрилийн анхны дарга Н.П.Пушкин нар хүнд бэрх цагт хамт байж, чин сэтгэлээр тусалж буй Монголын ард түмний бэлэглэн өгсөн байлдааны онгоцуудаар баатарлагаар тулалдахаа илэрхийлсэн байна. Ерөөс эскадрилийн бие бүрэлдэхүүн өөрсдийн тусгай нэрийн учир холбогдлыг итгэл, хариуцлага хэмээн үзэж, монголын ард түмний ач тусыг байлдааны амжилтаар хариулахыг чин сэтгэлээс хүсэж, биелүүлж байсан нь түүхнээ нэн тодорхой үлджээ.
“Монгол ард” эскадриль нь Улаан тугт, Гвардийн хоёрдугаар нисэх хорооны бүрэлдэхүүнд багтан Витебск-Орш, Сандомирийн тулалдаанд оролцож, Беларусь, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөлцөн, байлдааны гарамгай гавьяа байгуулсны учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны долдугаар сард Оршийн нэрэмжит болсон аж. Тус эскадриль болон “Хувьсгалт Монгол улс” танкийн бригадыг БНМАУын Засгийн газар шефлэн авч хувцас, хүнсний хангамжийг дайн дуустал дааж, тусгайлсан бэлгийг цуваа бүрт хамтатгаж, тав дахь удаагийн бэлгийг бүхэлд нь зориулсныг хорооны болон эскадрилийн төлөөлөгчид Москва хотноо хүлээн авчээ.
Мөн дараагийн зургадугаар удаагийн бэлгийн цуваанд “Монгол ард” эскадрилийн бие бүрэлдэхүүнд зориулсан “... хоёр төрлийн эсгий гутал 120 хос, дэгтий 100, цэрэг нэхий дээл, үстэй хантааз тус бүр 60, ямаан дах 25, цэрэг шинель, үстэй бээлий, ноосон ороолт тус бүр 120 буюу 360 ширхэг, дарга ба цэрэг суран бүс тус бүр 60, гэр хоёр, улны эсгий 50, савхин бээлий 60, савхин гутал 120, эмэгтэй савхин гутал 15, шаахай 120 хос, мах 16 тн, хиам нэг тн, шувуу 365 ширхэг, жимсний чанамал нэг тн, эдийн саван 1 тн, махор болон дүнсэн тамхи 0.5 тн, хувийн бэлэг 200 ширхэг” багтсаны дээр техник шинэчлэлд хоёр сая төгрөгийг гуйвуулсан нь БНМАУ-аас ЗСБНХУ-д суусан Элчин сайд Ж.Самбуугаас 1945 оны нэгдүгээр сарын 30-нд “Монгол ард” эскадрилийн бие бүрэлдэхүүнд илгээсэн захидал, түүнд хавсаргасан жагсаалтаас харагдана.
Түүнчлэн эскадрилийн байлдааны амжилтыг БНМАУ-ын Засгийн газар өндрөөр үнэлэн 1943 оны арванхоёрдугаар сарын 28-нд хорооны улс төрийн орлогч Г.Ф.Семикин, “Монгол ард” эскадрилийн дарга, ЗХУ-ын баатар Н.П.Пушкин, ЗХУын баатар нисгэгч А.И.Майоров нарыг Улаан тугийн одонгоор анх шагнаснаас хойш Монголын ард түмний бэлэглэсэн нисэх онгоцоор байлдааныхаа үүргийг онц сайн биелүүлсэн олон арван нисгэгч, техникчид монгол төрийн дээд шагнал хүртжээ.
Дайн тулааны хүнд, бачим цагт эскадрилийн хамт олон БНМАУ-ын Засгийн газар, Монголын ард түмэнтэй нягт харилцаатай байхыг эрмэлзэн, түшиж тулж буй анд нөхдийнхөө итгэл найдварыг биелүүлж буйгаа мэдээлж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн захидал, баярын бичиг, цахилгааныг байнга ирүүлж байснаас заримыг сонирхуулбал, 1944 оны нэгдүгээр сард Монголын ард түмний бэлгийг хүлээн авсан хорооны дайчдын хурлаас БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсанд ирүүлсэн захидлыг “Монгол ард” эскадрилийн туслах, дэслэгч М.Г.Руденко Нас бие, дайчин явдлаа, Найрамдлын журмаар хэлхэж нийлүүлсэн, Найз хайрт монгол нөхдийнхөө Найдварыг бид заавал биелүүлнэ.
Олон Монголын хүчит онгоцыг Огторгуйн зоригт нисэгчид жолоодож, Тэнгэрийн царай ямар байвч Тэрсүү фашистыг хядсаар байна. Гарамгай байлдагчийн энгэрт гялалзсан Галын өнгөт Монголын одон Ган зоригийг улам бадруулж, Галзуу дайсныг улам ниргүүлнэ Санаа нэгдсэн Та нарын ерөөл. Саадгүй бидэнд үргэлж ирж, Сайхан ялалтын зэвсэгт шингэж, Сайтар байлдах зоригийг оргилуулав гэх зэргээр уран сайхнаар шүлэглэсэн бол 1945 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн эскадрилийн байлдагч, дарга нарын нэгдсэн хурлаас БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсанд ирүүлсэн захидалд “…манай хороо Монголын Засгийн газрын шеф болсны хоёрдогч жил 1944 онд Беларусь, Литвийг чөлөөлж, хороондоо нэгдүгээр байр эзэлсэн, ...1944 онд “Монгол ард” эскадриль 547 удаагийн байлдааны нислэг үйлдэж, 432 цаг 37 минут нисэв.
Манай нисгэгчид агаарт 38 онгоц сөнөөж, газар дээрх дайралтын явцад хоёр гүүр дэлбэлэн, 70 автомашин, галт тэрэгний хоёр цувааг устгав. Мөн дайсны аэродром дээр “Ю-88” маркийн тав, “ХЕ-111” маркийн гурван онгоцыг тус тус устгасан, ... н.Чойбалсан Танд батлан илэрхийлснийг бидний биес хоёр давхар биелүүлэв” гэх зэргээр илтгэж, хамт олныхоо ахуй амьдрал, байлдааны бэлтгэлийн талаар өгүүлж, тэргүүний сайчуудын зургаар бэлтгэсэн альбом, нисэх онгоцны гар зургийг ирүүлсэн нь эдүгээ Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Ийнхүү “Монгол ард” эскадриль нь Германы фашизмын эсрэг нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулж, мөн Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдал, хоёр орны цэргийн нисэх хүчний хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.
Н.ХИШИГТ Түүхийн ухааны доктор