“Хүү маань хоёр хоногийн өмнө сургууль төгссөн баяраа хийлээ. Ямар ч эх хүн хүүхдийнхээ хонхны баяр дээр харуусан уйлдаггүй байх. Гэхдээ над шиг эхчүүд, олон багшийн нулимсыг энэ өдөр харлаа. Бүгдэд нь “Хүүхдүүд маань цаашдаа яана даа” гэсэн ганцхан бодол төрсөн. Одоо сургуульд байсан шиг нь тэднийг асрахгүй, хатуу хүтүү хорвоогийн мянга мянган бэрхшээл угтах учраас баярын биш харууслын нулимс унагасан нь энэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд есдүгээр ангийн боловсрол олгож байгаа боловсролын системийг үзэн ядаж байна.
Яагаад хөгжлийн бэрхшээлтэй учраас бүрэн бус дунд боловсрол эзэмших ёстой гэж. Хүүхдийн сурч боловсрох эрх хаа байна. Миний хүүхэд шиг оюун ухааны бэрхшээлтэй олон хүүхэд гэр нэртэй “шорон”-д хоригдохоос аргагүй боллоо. Эх нь болсон би хүүдээ зориулж юу ч хийж чадахгүй байгаадаа, цалин авдаг ажлаасаа илүү гарч нийгэмд нөлөөлөхүйц сайн сайхан зүйл хийж, хүүхдээ “шорон”-д биш нийгэмд байлгаж чадахгүй болсондоо өөртөө гутаж, багтарч сууна. Миний хүү насаараа гэртээ хоригдох ял авлаа...” хэмээн нэгэн эх бичжээ.
Энэ бол тусгай сургуульд хүүхэд нь бүхэл бүтэн есөн жил сурсан эхийн сэтгэгдэл. Тусгай сургуульд сурсан хүүхдийг ийм тавилан хүлээж байхад сураагүй хүүхдүүдийн талаар яриад ч хэрэггүй биз. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй хүн бий. Үүнээс 11 мянга нь хүүхэд гэсэн өнгөрсөн оны судалгаа байна. Гэтэл улсын хэмжээнд ердөө зургаахан тусгай сургуультай. Үүний дөрөв нь оюуны, үлдсэн хоёр нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийнх. Эдгээр сургуульд хамгийн ихдээ 2000 хүүхэд суралцаж байгаа бол үлдсэн хүүхдүүд нь сурдаг эсэх нь тодорхойгүй.
Учир нь эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээсээ ичиж, зарим нь боломж бололцоогүйгээс, эсвэл сураад ч амьдралд нь нэмэр болохгүй хэмээн үзэж боловсрол эзэмшүүлдэггүй. Тусгай сургууль төгссөн цөөн хэдэн хүүхэд хаана, юу хийж байна вэ. Харамсалтай нь салбарын яаманд энэ талаар ямар ч мэдээлэл алга. Бүр хэд нь их, дээд сургуульд элссэнийг, хэд нь ажлын байртай “золгосныг” мэддэггүй. Иймээс хүүхдүүдийн юу хийж байгаад хариулт олохыг хичээж, тусгай зургаан сургуулийн гуравтай нь холбогдсон юм. Сургуулийн удирдлагууд ч мөн төгсөгчдөө хэрхэн аж төрж буйг мэддэггүй аж. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль 12 жилийн боловсрол олгодог, 315 сурагчтай.
Жилд дунджаар 10-15 хүүхэд төгсгөдгөөс 2-3 нь их, дээд сургууль, мөн ийм тооны хүүхэд МСҮТ-д элсдэг. Үлдсэн нь худалдаа, наймаа хийж, гэр орныхоо ажилд тусалдаг. Харин харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль 91 сурагчтай. Жилд 7-8 хүүхэд төгсдөг. Ихэнх нь Хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт, үйлдвэрлэлийн төвд ажилд ордог. Мөн л цөөхөн хүүхэд их, дээд сургуульд элсдэг. Бие эрхтэний бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдийн 25 дугаар сургууль зөвхөн суурь боловсрол олгодог юм билээ. Өөрөөр хэлбэл, есдүгээр анги л төгсгөнө.
Учир нь хүүхдүүдийн биеийн байдал хүнд учраас ярьдаг, бичдэг болгох төдийг л заахаас хэтэрдэггүй. Жилд 30 хүрэхтэй, үгүйтэй хүүхэд төгсдөг. Төгсөгчдийн ихэнх нь дээрх ээжийн хэлсэн шиг гэр хэмээх “шорон”-д насаараа хоригддог. Учир нь бүрэн дунд боловсрол олгодоггүй учраас хүүхдүүд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Элслээ ч ажлын байртай болох нь эргэлзээтэй. Тэдэнд өдөр тутмын амьдралд нь хэрэг болох сургалт шаардлагатай байгаа ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье гэхээр дэмждэггүй гэдгийг тус сургуулийн захирал ярьсан. Иймээс сургуулийн зүгээс нийгэмшүүлэх, өөрөө өөртөө үйлчлэх дадал эзэмшүүлэхийг хичээдэг гэсэн.
Дээрх сургуулиудын байдлыг харвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах, ажиллах боломж арай илүү байгаа бол оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ийм боломж хязгаарлагдмал байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль 12 жилээр сургалт явуулдаг бол оюуных нь голдуу суурь боловсрол л олгодог аж. Дүлий хүмүүсийн ажил эрхлэлтийн талаарх 2009 оны судалгаанаас харахад тэдний 80 гаруй хувь нь биеийн хүчний ажил (барилга, оёдол, хүнсний үйлдвэрлэл, наймаа) хийдэг. Их сургууль төгссөн дүлий хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэх болсон ч мэргэжлээрээ ажилладаг хүмүүс бараг байхгүй гэдгийг учир мэдэх хүн хэллээ. Ер нь их сургуулиудын чанар муудсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их сургуульд элсэн суралцах боломжтой болсон ч суурь мэдлэг, хөгжлийн бэрхшээлээсээ шалтгаалаад хичээлээ хагас дутуу ойлгон, арай чамай төгсдөг.
Энэ нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаагийн нэг шалтгаан. Гэхдээ үүнээс том шалтгаан нь нийгэм. Учир нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгож, ажиллуулах байгууллага хомс. Цөөн хэдэн төгсөгч тусгай сургуульдаа багш, үйлчлэгчээр ажилд ордог гэсэн. Үлдсэн нь хүссэн, хүсээгүй гэртээ “хоригддог”. Харин АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүхэдтэй ижил хэмжээнд боловсрол эзэмшдэг. Ийм ч учраас хэн мэдлэгтэй, чадвартай байна, тэр нь их сургуулийн шалгалтыг давж, дээд боловсрол эзэмшинэ. Ингэж тэнцсэн хүүхдийг Засгийн газраас нь 100 хувь тэтгэлгээр сургадаг байх жишээтэй. Харин манайд сургалтын төлбөрийг хагас хугасхан л төлдөг.
Хөгжлийн бэрхшээлтэй оюутны сургалтын төлбөрийг төр хариуцна гэж хуульдаа заасан байдаг ч амьдрал дээр сургалтын жишиг төлбөр тогтоож, тэр л төлбөрөө хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад өгдөг. АНУ оюуны бэрхшээлтэй хүмүүсээ дунд сургуульд байхаас нь энгийн ажил хөдөлмөрт сургаж, сургуулиа төгсөхөд нь үйлдвэрт ажилтнаар оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуульд хамруулахаас ажилтай болох хүртэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ анхаардаг гэсэн үг. Харин манайд энэ халамж, анхаарал үгүйлэгдэж байна. Боловсрол эзэмшиж чадахгүй байна гэдэг нь дараагийн эрхээ эдлэх хаалгыг хааж буй хэрэг юм. Гэхдээ боловсрол эзэмшлээ ч төр дэмжихгүй бол тэдэнд гэртээ сайн дураараа хоригдохоос өөр гарц алга.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
С.СЭЛЭНГЭ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ахуйн сургалт алга
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооны захирал С.Сэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тусгай сургууль төгссөн хүүхдүүдийг ямар ирээдүй угтдаг вэ?
-Тусгай сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн амьдрал бүрхэг. Тэднийг тусгаарлаад 9-12 жил сургаж байна. Сургууль төгссөний дараа нийгэмшихэд хүндрэл тулгардаг. Хүн нийгмийн амьтан. Гэтэл тусгаарлагдмал орчинд, хүний анхаарал, хяналтад бөөцийлүүлж байсан хүүхэд нийгэмд орохдоо барьц алддаг. Хүмүүс ч тэднийг эвэртэй туулай үзсэн мэт харж, хүлээн авч чаддаггүй. Үүнээс болж эдгээр хүүхэд гадуурхагддаг.
Дэлхий дахинд үүнийг шийдэхийн тулд тэгш хамруулах хөтөлбөрийг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багаас нь эрүүл хүүхэдтэй хамт сургадаг болсон. Хүүхдүүд ч ийм хүн байдаг юм байна гэдгийг багаасаа мэдэж өснө. Манай холбоо тэгш хамруулдаг боловсролын тогтолцоог бий болгохыг зорьж байна.
-Хүүхдүүд сургуулиа төгсөөд хаана, юу хийдэг вэ?
-Хүүхдээсээ хамаарна. Зарим нь их, дээд сургуульд орж байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд хими, физикийн хичээл үздэггүй болохоор их, дээд сургууль, МСҮТ-д элсэх боломжгүй. Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд 12 дугаар анги төгсдөг ч энэ нь мөн л хэрэгцээг нь хангаж чаддаггүй. Их, дээд сургуульд орлоо ч сурах бичгээс эхлээд хүндрэлтэй. Сэргээн засах үндэсний төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 7-8 мэргэжлээр 1-2 жил сургадаг.
Давхар бэрхшээлтэй хүүхэд бол цааш үргэлжлүүлэн сурах хэцүү. Хамгийн гол нь хүүхдэд их сургууль, боловсрол хэрэгтэй юү, амьдралаа аваад явах ахуйн сургалт хэрэгтэй юү гэдэг нь чухал. Харамсалтай нь манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоол хийх, төмс арилгах, хувцас угаах гэх мэт ахуйн сургалт алга.
-Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгоход хэрхэн анхаардаг вэ?
-Ажилгүйдэл ихтэй Перу улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн шууданд ажилладаг. Тэр хүн гэртээ захиаг улаан, хөх өнгөөр нь ялгадаг байх жишээтэй. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмждэг байгууллага цөөн. Хөдөлмөрийн хуульд аж ахуйн нэгж 25 хүн тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүрэгтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллага цөөн байна. Уг нь бол эрүүл хүний ажиллаж чадахгүй газар хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажиллах боломж бий. Үйлдвэрийн дуу чимээ ихтэй газар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Харин дүлий хүн үүнийг сонсохгүй. Энэтхэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн Америк, Англи зэрэг улсын томоохон компанийн хурлын тэмдэглэлийг хийж, хуудсыг нь нэг ам.доллараар бичдэг. Өөрөөр хэлбэл, тэд тив алгасан ажил хийж байна. Мөн сонсголгүй хүн загас үржүүлгийн газарт ажилладаг. Усан дотор ярилцах боломжтой байдлыг нь харгалзан сонсголгүй хүн ажилд авдаг юм билээ. Хөгжлийн бэрхшээл гэдэг нэг хүний асуудал биш. Энэ хүнийг нийгэм хөгжлийн бэрхшээлтэй болгодог. Гол нь хөгжлийн бэрхшээл гэдэг харах өнцгөө өөр болгох хэрэгтэй.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ