Орон сууцыг хүмүүс жаргалын орон гэдэг. Тэрхүү ховорхон жаргалын оронд амьдрахын тулд уртын урт дараалалд нэрээ бичүүлж, арав, хорин жилээр хүлээх энүүхэнд байлаа, аав ээж, эмээ өвөөгийн минь үед. Урьдын тэр цагаас хойш олон юм өөрчлөгдөж ул болсон ч орон сууцанд амьдрах л монголчуудын хувьд мөрөөсөл хэвээр байсаар. Нарт орчлонд ганц амьдрах юм чинь хэн ч гэсэн тохь тухтай орчин нөхцөлд халуун бүлээрээ аз жаргалтай насыг барахыг хүсэх нь мэдээж.
Тэр тусмаа инфляц тэнгэрт тэмүүлж, төгрөг газрын гаваар орох шахаж байгаа эдийн засгийн ийм хүнд үед жилийн найман хувийн хүүтэй зээлээр байртай болно гэдэг “тэнгэрийн умдаг атгахтай” адил зүйл. Гэвч жаргахын тулд зовдог нь хүмүүний ёсон гэлцдэг. Харин ард түмнээ жаргаахын тулд зовоодог төр засаг, тийм нийгэм байж боломгүй санагдана.
-За, та найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын тулд бүрдүүлэх ёстой материалаа бүгдийг нь авчирсан уу?
-Тэгсэн. Эхнэр бид хоёр хоёулаа цалингаа танай банкаар авдаг болохоор шилжүүлчихсэн. Урьдчилгаа 30 хувиа ч төлчихсөн...
-Урьдчилгаа 30 хувиа яаж төлснөө хэрхэн нотлох вэ. Таны дансанд өмнө нь ийм хэмжээний мөнгө орж, гарч байгаагүй юм байна шүү дээ?
-Долоон сая төгрөгийг нь эхнэр, бид хоёр нэгэн цагт байртай болно гээд цалингаасаа илүүчилж хураасан. Таван саяыг нь манай аав, ээж хэдэн малаасаа зараад явуулсан юм. Үлдсэн зургаан саяыг нь эхнэрийнхээ эгчээс зээлсэн л дээ.
-Таны хувьд бусад бичиг, баримт чинь болж байгаа ч урьдчилгаа төлбөрөө хэрхэн бүрдүүлсэн гэдэг үндэслэл нь эргэлзээтэй байна. Тиймээс аав, ээжийнхээ өгсөн гээд байгаа мөнгийг батлах хэрэгтэй. Бас хадам эгч чинь та хоёрт зээлсэн мөнгөө хэзээ, ямар байдлаар буцааж авахаар тохирсон гэрээ байгаа бол авчраарай.
-Төрсөн эгч, дүүс хэдэн төгрөгөн дээр хоорондоо заавал гэрээ байгуулах ёстой юм уу. Бас хөдөөгийнхөн нэгэндээ мал зарахдаа хэзээ байтлаа бичиг, данс болдог байлаа. Одоо тэгэхээр бидэнд хэдэн төгрөг авчирч өгөхөөр зорьж ирсэн аавыгаа би буцаж нутагтаа очоод, малаа зарсан хүнээс бичиг авчир гэх юм уу. Яасан утгагүй юм бэ...
Банкны зээлийн мэргэжилтэн, байртай болох гэсэн иргэн хоёрын дунд ийм нэг яриа саяхан болсон юм. Хамаатны залуу маань дээрх 30 хувийн урьдчилгаагаа хэрхэн бүрдүүлснээ банкинд батлахын тулд олсноосоо илүү зовсныг өөрийн нүдээр хараад эрхгүй гайхав. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд түмэн олноо хамруулж, жаргаагаад өгнө гэсэн Засгийн газрын тогтоол амьдрал дээр иргэдэд ямархан хүндрэл, чирэгдэл учруулж буйг мэдээгүй тэр минь банкин дээр долоон булчирхайгаа тоочоод гэнэдсэн аж.
60 саяар 36 ам метр талбайтай авсаархан байранд орохын тулд харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр шиг юм болж байж бүрдүүлсэн бүхэн нь ийм хошин шогийн шалтгаанаар салхинд хийсэн одог гэж хэн ч хүсэхгүй. Тиймээс ямар зүсмийн, хэдэн насны, хэчнээн тооны малаа хэнийд зарснаа батлах алга дарам цаасны төлөө хөгшин аавыгаа хөдөө “цөлж”, хадам эгчээсээ бэлэглэлийн гэрээ гээч юм царайчилж, өөрсдийнхөө хураасан хэдийг хүртэл лавлагаагаар батлах гээд түмэн завгүй хүн болов, тэр.
Тэгээд 30 хувийн урьдчилгаа төлбөрөө эд мөрийн баримтаар нотлох мөрдөн байцаагчийн мундаг ажлаа гэр бүлээ дайчлан байж муугүй гүйцэтгэсний ачаар зээлийн мэргэжилтнийг итгүүлж дөнгөсөн л дөө. Гэтэл яг ийм шалтгаанаар банк банкны хаалга мөргөн, найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй яваа олон хүн байгаа аж. Бодит зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давж, бүр хахах шахам байгаа байруудаа борлуулж чадахгүйд хүрч, “Урьдчилгааг нь төр төлөөд өгье” хэмээн шалдаа буучихаад байхад хүртэл банкныхан сэхүүн загнаж гэдийсээр буй нь ямар учиртай юм бэ.
Эсвэл үнэхээр арилжааны хэдэн банкны аманд багтчихсан арчаагүй төр засагтай улс юм уу бид. Тэднийхээр бол 70 саяын үнэтэй байранд орох хүн дансандаа заавал 21 сая төгрөг хурааж хуримтлуулсан байх ёстой гэнэ. Тийм боломжтой хүн өнөөдөр тун цөөн шүү дээ. Ихэнх нь аав, ээж, хамаатан саднаасаа л мөнгө төгрөг цуглуулж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж буй. Гэтэл өөрийнхөд байтугай өрөөлд ч элгэн халуун сэтгэлээр тусалдаг монгол хүний жудгаар байртай болох гэсэн нэгэндээ хэдэн төгрөг өгсөн бол түүнийгээ ямар нэгэн аргаар заавал нотолно гэж шаарддаг нь жигтэй.
Гадаадад байна уу, огт хамаагүй. Гэсэн хэрнээ бусдаас зээлж бас болохгүй. Ямар сайндаа л нэг найз маань урьдчилгаа 30 хувиа нотолж чадахгүй, хаа сайгүй явсаар эцэст нь “Тэгвэл би энэ мөнгийг нууц амрагаасаа авсан юм. Тэгээд та нар яах вэ. Тэр хүнээс “бэлэглэсэн” гэдэг бичиг аваад, гарын үсгийг нь зуруулж нотариатаар батлуулах уу” гэж банкин дотор дэлбэртлээ уурласан байх вэ дээ. Ийм л хөгийн нөхцөл байдал үүсчихэж. Иргэд орон сууцны зээл авахдаа бүрдүүлэх материалын жагсаалт дотор “Зээл хүсэгчийн урьдчилгаа төлбөрөө санхүүжүүлэх чадавхийг нотлох баримт бичиг” гэдэг зүйл ёс юм шиг банк болгон дээр байх юм.
Улс орны эдийн засгийн байж байгаа царай ийм ахуйд банкуудын сонор сэрэмж дээд зэргээр дээшилж, хазгай гишгэчих вий хэмээн болгоомжилж буйг нь ойлгож байна аа. Гэхдээ л “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр ингэтлээ хэтрүүлэх хэрэг юу байх билээ. Тэртэй тэргүй байрыг нь барьцаалж байгаа шүү дээ. Хуруу хумсаа хуйхлан байж урьдчилгаа 30 хувиа “босгож”, сая нэг байртай болсон залуус сард төлөх ёстой мөнгөө яаж ийгээд өгчих ухамсар бий гэдэгт яагаад итгэж болдоггүй юм бэ. Банкуудад алдах юм гэвэл үгүй байлтай.
Харамсалтай нь манайд ипотекийн зээлээр орон сууцтай болсон иргэд татварын хөнгөлөлтөд хамрагдахдаа хүртэл “Урьдчилгаа төлбөрөө өөрийн хөрөнгөөр бүрдүүлсэн байх ёстой. Мөн тэр 30 хувиа ямар хэлбэрээр бүрдүүлсэн гэдэг нь тодорхой байх хэрэгтэй” гэж ангилан ялгадаг. Тийм байж орон сууц борлогдохгүй байна гэж гоншгонох эрх төрд ч баймааргүй юм. “Орон сууцны урьдчилгаа 30 хувиа хэрхэн бүрдүүлснийг нь иргэдээс тайлбар бичүүлж авч байгаа. Ах, дүү, хамаатан саднаасаа мөнгө авсан бол зээл ч бай, бэлэг ч бай гэрээ хийх ёстой.
Малаа махалж зарсан бол орон нутгаасаа зөвшөөрлийн бичиг авчрах, эсвэл худалдсан байгууллага, хувь хүнээсээ баримт үйлдүүлж авах нь зүйтэй. Энэ бол иргэнийг ч, банкийг ч эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ. Учир нь ББСБ ч юм уу, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авчихсан бол орон сууцны зээлээ давхар төлж чадахгүй, байраа хураалгах болно шүү дээ. Бид хүмүүсийн байрыг хурааж авахыг чухалчилдаггүй” хэмээн арилжааны дөрвөн томоохон банкны зээлийн мэргэжилтнүүд хэлцсэн мэт нэгэн дуугаар байр сууриа илэрхийлэв.
Ард түмнээ бодож, иргэдээ эрсдэлээс сэргийлэхийн тулд өөрсдөдөө хүртэл “зовлон” үүрүүлж байгаа банкуудын өмнөөс нулимс дуслуулан талархмаар байгаа ч тэгж чадахгүй нь. Учир нь МИК-ын гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Урьдчилгаа 30 хувиа хэрхэн бүрдүүлснээ нотлох нь тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална. Машинаа зарсан гэнэ үү, ах, дүүгээсээ зээлсэн гэнэ үү. Хамгийн гол нь иргэд хоорондоо өр шир үүсгээгүй гэдгээ батлах хэрэгтэй. Бас хожим байрыг нь булаацалдах хүн гарч ирэхгүй гэдгийг нотолж итгүүлнэ гэсэн үг. Үүнийг банкууд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг байж болох юм” гэсэн. Тэгэхээр энд нэг юм байна. Тэр нь таны хэр их амны фигуртэй вэ гэдгээс их зүйл шалтгаалах гээд байх шиг. Гучин хувиа бүрдүүлэх гуйлгын аялалд хатахгүйн тулд банкны ажилчдыг панаалдах “эрдэмд” суралцацгаа.
Л. ГАНЧИМЭГ