MIBG (Mongolian investment banking group) компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. 1802 онд байгуулагдсан Сэйнт Мэригийн их сургуулийг төгсөж, Торонтод хөрөнгө оруулалтын банкинд ажиллан, туршлага хуримтлуулсан тэрбээр мөн “Эрдэнэ Монгол” компанийн зөвлөхөөр ажиллаж байна. Канадын дээд сургуулиудын зэрэглэлийг гаргадаг “MacLeans” сэтгүүлд тэмдэглэснээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрөөр тус сургууль тавдугаарт эрэмбэлэгддэг юм билээ.
-Та Канадын Сэйнт Мэригийн их сургуулийг төгссөн юм байна лээ. Тэр үед бизнесийн санаагаа толгойдоо буулгасан байв уу?
-2003-2007 онд Сэйнт Мэригийн их сургуульд санхүүч мэргэжлээр суралцаж, төгссөн. Суралцах хугацаандаа өнөөгийн бизнесийн хамтрагч Крис МакДугаллтай танилцсан. Бид хоёр сургуулийнхаа оюутны зөвлөлд хамт ажилладаг байсан юм. 5000 орчим оюутантай сургуулийнхаа оюутны зөвлөлийн санхүүг нь би, харин дотоод зохион байгуулалтыг нь Крис хариуцдаг байсан. Сурах явцдаа хөрөнгийн зах зээлийг их сонирхох болсон л доо. Төгсөхөөсөө нэг жилийн өмнө хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил хайж эхэлсэн. Сургууль төгсөхөөс зургаан сарын өмнө надад ажлын хоёр санал ирсэн. Нэг нь Канадын “Scotiabank”- нд зээлийн эдийн засагчаар ажиллах, нөгөөх нь миний ажилласан Торонтогийн хөрөнгө оруулалтын банк “Toll cross securities” байсан юм.
-Яаж аваад оюутны холбооныхоо санхүү хариуцсан захирал болсон юм бэ?
-Оюутны холбоо нь улс төрийн чанартай байгууллага. Гэхдээ миний хийж байсан ажил улс төрийнх биш, техникийн чанартай байсан л даа. Холбооны удирдах баг нь таван хүний бүрэлдэхүүнтэй. Ерөнхийлөгч болон дөрвөн дэд ерөнхийлөгчтэй. Дэд ерөнхийлөгч нар нь сонгуулиар гарч ирдэг ч санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчийг нь сонгодоггүй, шалгаруулдаг байлаа. Нэг өдөр ажлын зар ирэхээр нь CV-гээ (товч намтар) явуулаад үзсэн чинь ярилцлагад дуудсан. Гурван шаттай ярилцлагад орж, сонгогдсон. Техникийн чанартай ажил болохоор техникийн мэдлэг их чухал юм билээ. Мэдээж төсөв бүрдүүлэх, зарцуулах, хянах үүрэгтэй.
-Канадын боловсролын тогтолцоо өөр юм. Та тэндээс юуг сурч, ойлгож авсан бэ?
-Ер нь Канадад олон улсын оюутнууд очиж сурдаг жишигтэй. Манай сургуулийн 5000 оюутнаас 20 хувь нь буюу бараг 1000-аад нь гадаадынх байсан. Олон орны оюутнууд нэг дор суралцахаар хоорондоо танилцаж, нөхөрлөнө. Миний найзууд гэхэд Орос, Хятад, Малайз, Сингапур, Африк, Ойрхи Дорнодын орнуудынх байх жишээтэй. Олон орны, янз бүрийн үзэл бодолтой найз нөхөдтэй болсон доо. Тэгэхээр хүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг юм билээ. Техникийн чанартай эрдмээс гадна бусдын үзэл бодол, зан үйлийг хүндэтгэж сурахад ихээхэн тус болсон.
-Их сургуулийн найз чинь яаж яваад бизнесийн хамтрагч болсон бэ?
-Их сургуулиа төгссөнөөс хойш хоёр жилийн дараа би Монголд ирсэн. Харин Крис Сэйнт-Эндрьюгийн их сургуульд магистр хамгаалж, Лондонд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан юм. 2010 онд их сургуулийн оюутны холбоонд цуг ажиллаж байсан найзуудаа урьсан. Тэгэхэд Крис ирээд, тэгээд л үлдчихсэн хэрэг.
-Та “Toll cross securities”-т хэдэн жил ажилласан юм бэ?
-Хоёр жил ажилласан. Тэнд маш их зүйл сурсан. “The Wolf of Wall Street” кинонд хөрөнгө оруулалтын банк, брокеруудын талаар маш их дэгсдүүлсэн гэж санагдсан. Дандаа наргиж цэнгэж, мансууруулах бодис хэрэглэдэг нь олон нийтийн дунд буруу сэтгэгдэл төрүүлсэн байх. Мэдээж тийм зүйл мэр сэр бий. Хөрөнгө оруулалтын банкны амжилт бол амьдрал дээр нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг. Торонтогийн хөрөнгийн биржид хэдэн арван мянган компани бүртгэлтэй байгаа. Тэдгээрийн аль компанийн хувьцаа дээшлэх, алиных нь доошлох вэ, алийг алинтай нь нийлүүлбэл болох вэ гэдгийг судлахад хэчнээн хүн, их цаг ордог гэж санана. Жишээ нь, “Apple” “Yahoo”-г худалдан авах сонирхолтой байж болно. Тэр бүхнийг хооронд нь яаж холбох вэ гэдэг нь шинжлэх ухаан гэхээс илүү урлаг болчихсон юм байна лээ. Эхлээд хүний ой тойнд бууж өгдөггүй. Учрыг нь олоод ирэхээр амархан. Тэгэхээр хоёр компанийг яаж нийлүүлээд дундаас нь хөрөнгө оруулагчдад ямар боломж бүрдүүлж өгөх вэ гэдгийг хардаг.
-Танайх энэ компанитай нэгдээч гэсэн санал тавьдаг байх нь ээ?
-Ийм санал тавьдаг хүмүүсийн дийлэнх нь хөрөнгө оруулалтын банкирууд байдаг. Тэдгээр компани нь биржид бүртгэлгүй байж ч болдог. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Торонтогийн нэг компанийг худалдан авах жишээтэй. Тухайн компанийн захирал нь хэн юм бэ, юу юуг эзэмшдэг гээд бүх мэдээллийг нь судална. Австралид өглөө болж байхад, Торонтод шөнө болж таардаг. Тэгэхээр Торонтод шөнө болж байхад интернэтээр хурал хийх шаардлагатай. “The Wolf of Wall Street” дээр гардаг шиг байнгын наргиан цэнгээнтэй байдаг юм биш л дээ.
-Хэцүү ажил байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ их сургууль төгсөж буй бүх хүний мөрөөддөг ажил шүү дээ. Бас хангалттай цалинтай.
-Монгол руу буцаж ирэхэд юу нөлөөлөв. Тэнд үргэлжлүүлж ажиллах боломж байсан байх, тийм үү?
-Боломж байсан. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулчихсан байсан нь миний шийдвэрт нөлөөлсөн. Тэгээд ч хүн төрсөн нутгаа санадаг юм билээ.
-Танай их сургуульд өөр монгол оюутан байсан уу. Монголын залуучууд гаднын оронд биеэ зөв авч явж чаддаггүй гэсэн шүүмжлэл их гардаг.
-Намайг очихоос өмнө нэг эмэгтэй мастерийн зэрэг хамгаалаад буцчихсан байсан. Харин би Сэйнт Мэригийн сургуульд бакалаврын зэргээр сурч байсан ганц монгол оюутан байсан. Онгирох нь хаашаа юм, гэхдээ би сайн сурсан. Хүн болгон өөрийнхөө төлөө явж байгаа шүү дээ. Намайг дөрвөн жил сураад төгсөхөд монголчуудыг надаар төсөөлж байсанд бахархсан.
-Канадад тэтгэлгээр сурсан уу?
-Канадын сургалтын төлбөр харьцангуй боломжийн учир төлбөрөө хувиараа төлсөн.
-Монголын оюутнууд гадаадын их сургуулиудад шилдэг оюутан боллоо гэдэг. Бусад орныхтой харьцуулахад тэд юугаараа өөр байна. Эсвэл эсрэгээрээ гаднын оюутнууд ямар онцлогтой гэж анзаарсан бэ?
-Миний бодлоор манай улсын дунд сургуулийн сургалтын арга барил нь Ази маягийн бөгөөд математик, шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүдэд их анхаарал хандуулдаг нь Монголоос гадаадад сургуульд суралцахаар явж байгаа залуучуудад хэрэг болдог байх. Харин эсрэгээрээ барууны орны оюутнууд Монголын болон Азийн бусад улсын оюутнуудыг бодвол илүү нээлттэй, биеэ даасан шинжтэй байдаг. Ажиглаад байхад ази оюутнууд тооны чиглэлийн хичээлүүдэд, барууны оюутнууд нь философи, утга зохиол зэрэг хичээлд илүү байгаа юм шиг санагддаг байсан шүү.
-Одоогийн залуус амар хялбар аргаар амьдаръя гэдэг болсон гэх яриатай санал нийлэх үү. Зарим нь ажил хийхээс шантардаг ч юм шиг. Энэ талаар юу гэх вэ?
-Одоогийн залуучууд 10, 20 жилийн өмнөх үеийн залуустай харьцуулахад тэс өөр орчинд, хязгааргүй их мэдээллийн дунд амьдарч, ажиллаж байна. Амар хялбар замаар тэгэхдээ хамгийн гол нь хуулийн дагуу мөнгө олж байгаа бол харин ч сайн хэрэг биш гэж үү? Залуус амар хялбараар амьдрах гэж оролдож байна гээд санаа зовохын өмнө эхлээд хуулийн дагуу амьдарч байна уу гэдэгт л санаа тавих ёстой юм шиг ээ. Харин ч манай залуучуудын бүтээмж маш өндөр болж байгаа.
-Торонтогийн хөрөнгө оруулалтын банкинд хэр завгүй ажилладаг байсан бэ?
-Ер нь зав гардаггүй байсан. Хөрөнгө оруулалтын банкны гол шалгууруудын нэг нь долоо хоногт 100 цаг ажиллах чадвартай байх ёстой. Эхний ээлжинд хүн чадна гэж хэлээд ордог юм байна лээ. Гэхдээ ямар ч дээд сургууль төгссөн бай, ямар ч эрч хүчтэй бай, дөнгөж сургууль төгссөн “шинэковууд” хөрөнгө оруулалтын банкируудын ажилладаг цагаар хөдөлмөрлөхөд ядардаг л юм билээ. Миний ажиллаж байсан компани өглөө долоон цагаас стратегийн хурал хийдэг байсан. Энэ хурлаар “Бид ийм, ийм хувьцаанд анхаарал хандуулмаар байна. Манайд ирсэн институциональ хөрөнгө оруулагчдын захиалга ийм байна. Өнөөдөр ийм судалгааны материал гаргана” гэдгээ ярилцдаг. Хөрөнгө оруулалтын банкуудын ажиллагаа нууц учраас банкирууд дараа нь тусгайлан уулзацгаадаг. Үүний дараа өдөржингөө л хүнтэй уулзана. Компаниуд өөрсдийнх нь хувьцааг сурталчлаад өгөөч гэсэн санал тавина. Үдээс хойш 16 цагийн үед ачаалал арай багасаж, үнэлгээний ажил эхэлнэ. Компаниудын хувьцааг үнэлнэ гэсэн үг. Нэг компанийн төлөөллийн ирээд ярьсан зүйлсийг тэмдэглэж аваад, интернэтээс мэдээллийг нь цуглуулж байгаад үнэлдэг. Энэ компанийн хувьцааны ханш өнөөдөр 10 цент байгаа юм байна. Санхүүгийн модель ашиглаад ирэх нэг жилд 20 центэд хүрнэ гэж үзэж байна гэх зэргээр үнэлгээ хийнэ. Өдөр бүр хийх даалгавартай байна гэсэн үг. Дараа нь санал тавих материалуудаа бэлдэнэ. Одоо бодохоор яаж ажилладаг байсан юм бол гэж гайхдаг. Гэртээ 22.00 цагт орвол их юм, голдуу шөнийн 00 цаг гэж харьдаг байлаа. Одоо бол долоо хоногт 50 цаг л ажиллаж байгаа байх.
-Нууц биш бол хэр их цалин авдаг байсан бэ?
-Канадын дундаж цалингаас харьцангуй өндөр болохоор дөнгөж сургууль төгссөн надад хангалттай санагддаг байсан.
-MIBG-ийг та байгуулсан юм уу?
-Үгүй, өмнө нь MIBG гэж компани байсан. Би 2009 онд ирээд “Discover Mongolia” чуулга уулзалтын гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Тэр үед MIH группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан MIBG компанийг авч яваач гэдэг санал тавьсан. Жагаа ахынхаа саналыг хүлээж аваад ажилласан. Канадад хийж сурсан зүйлсээ Монголын хөрсөнд буулгахад хүндрэлүүд ч их байна, бас боломж төдий чинээгээр харагдаж байна. Одоогоор Монгол Улсын маань нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд тийм ч сайнгүй байгаа тул ихэнх ажил маань эх орноо гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлахад чиглэгдэж байна даа.
-Монголын талаарх мэдээллийг хэд орчим хүнд түгээдэг юм бэ?
-Багаар бодоход 3000 орчим хүнд шууд хүргэдэг. Үүнээс гадна олон улсын мэдээллийн сувгаар дамжуулан олон хүнд түгээж байгаа. Бидний гол ажил бол эдийн засгийн нөхцөл байдлаас харгалзан хөрөнгө оруулалтын оновчтой бөгөөд шинэ санааг харилцагчдадаа түгээх асуудал. Зөвхөн хүнд хэлээд болчихно гэсэн үг биш, тайлан маягаар бэлдэж өгнө, ажил хэрэг болгоно. MIBG-ийн үйл ажиллагааг гурав хувааж тайлбарлавал ойлгомжтой болов уу. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа буюу компаниудад хөрөнгийн зах зээлээс эсвэл хувийн эх үүсвэрээс санхүүжилт олж өгөх. Хоёрдугаарт, иргэд болон байгууллагын харилцагчдадаа дотоодын болон гадаадын хөрөнгийн биржүүдэд арилжаанд оролцох боломжийг нээх. Гуравдугаарт, олон нийтэд судалгааны ажил танилцуулах юм.
-Найз нартайгаа уулзахдаа хамгийн их ярьдаг сэдэв гэвэл юу вэ?
-Найзуудын хүрээнээс л хамаарна. Ажил төрлийн холбоотой найз нартайгаа эдийн засгийн холбогдолтой шинэ сонин мэдээнүүд, ажилтай холбоотой асуудлуудаа л ярьдаг даа. “Өлгийтэй байхаасаа” нөхөрлөсөн найзуудтайгаа гэр бүл, хувийн амьдрал, дээд сургуулийн найз нартайгаа хообийгоо ярина гээд л.
-Хообий гэснээс та дугуй унах дуртай гэсэн байх аа. Манайд дугуйн замгүй гэхчилэн бэрхшээл байдаг шүү дээ.
-2009 онд Монголд ирэхдээ хуучин байснаасаа харьцангуй их жин нэмчихсэн ирсэн. Харин дугуй унаад дороо жин хаячихсан. Манай аав залуудаа “Алдар” спорт хороонд дугуйчин байсан, Монголын дугуйн холбооныхон сайн мэдэх хүн бий. Аавыгаа дагаад холбооноос зохион байгуулж буй уралдаанд очдог болсон. 2009 оноос хойш хоёулаа дугуй унаад “найзалж” байгаа. Энэ спортод бүр “амтшаад” орчихсон гэж хэлж болно.
-Таны хувьд юу нь тийм гоё байдаг вэ?
-Өрсөлдөөнтэй зүйл хийхээр сэтгэл ханамж авдаг гэх үү дээ. Уулын уруу замд уралдааны дугуйгаар 80-100 км/ цаг хурдалдаг. Тэр нь кайф. Хоёрдугаарт, долоо хоногт ядаж нэг удаа цэвэр агаарт, сонирхол нэгтэй хүмүүстэй явахаар сэтгэл санаа сэргэдэг. Заримдаа дугуйгаар 100 км явна шүү. Канадад завгүй байсан болохоор дугуй унаж чаддаггүй байлаа. Харин Монголд ирснээр амьдралын хэв маяг өөрчлөгдсөн. Аавтайгаа цуг дугуй унах, аав, хүү хоёрын харьцаа, ярих сэдэв гээд л хамаагүй “эрүүл” амьдрал болохоор Монголдоо буцаж ирсэндээ сэтгэл хангалуун байдаг. Долоо хоногт хоёр удаа найз нартайгаа сагс тоглочихно. Торонтод ажиллаж байхад нийгмийн дунд орно гэж байхгүй байжээ. Найз нар гэхэд л цуг ажилладаг хэдэн хүн байх жишээтэй. Гэртээ очоод унтана, өглөө нь ажилдаа буцаад ирнэ. Тэр нь нэг бодлын хэцүү. Тийм болохоор өндөр цалин өгдөг байх л даа.
-Өвлийн улиралд дугуйгаар аялах боломжгүй. Тэгэхээр яах вэ?
-Өвлийн цагт дугуйгаа суурин дээр тавьчихдаг. Тэгж байж л хорхойгоо дарна шүү дээ. Одоо харин энэ бямба гаригаас (өнгөрсөн амралтын өдөр) дугуйгаар аялж эхэлнэ.
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ гэж яриад байгаа. Даанч хэрэгжихгүй, зарцуулах хөрөнгөө шийдээгүй байгаа байх?
-Одоо бол зам нь машинаар хахчихсан байна шүү дээ. Дугуйн замтай болно гээд бусад хүний амьдралд нөлөөлөх нь бас хэцүү байх. Мэдээж дугуйн замтай болбол сайхан л даа. Зарим оронд аль ч улиралд дугуй унаж болдог нь сайхан.
-Та бас шатар тоглох дуртай гэсэн байх аа?
-Тоглох хүн байвал тоглоно, байхгүй бол онлайнаар тоглоно. Хообий л юм даа. Амралтын өдөр заримдаа бүтэн өдөр ч тоглоод суух нь бий. Ирээдүйг тооцоолж нүүнэ, нүүдэл болгон эрсдэл бас боломж дагуулж байдагт нь татагддаг юм болов уу. Нэлээд хэдэн нүүдлийн цаадхыг харах, тэр нь хожил авчирч байна гэдэг нь сэтгэл ханамж өгдөг. Залуус шатар сонирхох нь багассан юм болов уу гэж анзаарагддаг.
-Шатар сонирхох гэснээс залуус ном уншдаггүй байсан нь сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэдэг. Та хэр их ном уншдаг вэ?
-Өөрийнхөө хэмжээнд уншина шүү. Эдийн засгийнхаас гадна философийн ном унших дуртай. Эдийн засгийн гэхээр егөөдөж бичсэн номуудад дуртай. Жишээлбэл, “Сармагчны бизнес: Волл Стрийтийн ширэнгэ ой” (Monkey Business: Swinging Through the Wall Street Jungle) гэх мэт. Мөн түүхэн, ялангуяа нийтлэлч Баабарын хэвлүүлсэн номуудад дуртай.
-Аль нэг ном уншаад амьдралд чинь их, бага хэмжээгээр нөлөөлсөн тал бий юү. Залууст унших эдийн засгийн ном санал болгооч гэвэл ямар номыг нэрлэх вэ?
-Хувийн амьдралд маань ихээр нөлөөлсөн ном санаанд орохгүй байна. Уншсан ном бүр л хүний үзэл бодолд тодорхой нөлөөлдөг мэт санагддаг. Залууст санал болгох эдийн засгийн ном гэвэл “Keynes Hayek: The Clash That Defined Modern Economics”-ийг уншвал өнөөгийн Монголбанкны явуулж буй бодлого, Монгол Улсад өрнөж буй эдийн засгийн үйл явцыг онолын өнцгөөс нь энгийнээр тайлбарласан санагдсан. Уг ном нь бидний өнөөгийн сонгосон чөлөөт зах зээлийн системийн олон салаа замууд, түүний давуу болон сөрөг чанаруудыг ойлгуулна.
-Тэр компанийн хувьцаа өсөх, буурах магадлалтай гэж тооцдог шигээ бүх юмыг тооцоолон, төлөвлөдөг болсон уу?
-Төлөвлөх нь зөв гэдгийг ойлгодог. Гэхдээ өөрийгөө хангалттай сайн төлөвлөж чаддаггүй гэж боддог.
-Танай компани Нью-Йорк, Лондон, Торонто, Австрали, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг зардаг бил үү?
-“Kincora Copper”, “Erdene Resource Development”, “Altan Rio” зэрэг компанийн хувьцааны багцыг арай хямд үнээр санал болгодог. Хууль журмын дагуу тодорхой шаардлага хангасан хөрөнгө оруулагч нарыг сонгодог гэсэн үг.
-Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулагчдыг үргээсэн нь танай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм байна даа. Танай харилцдаг гаднын компаниуд юу гэж байх юм?
-Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын хувьцааны ханш бараг 90 хувиар буурсан. Харилцаатай компаниуд янз бүр, дийлэнх нь сөрөг сэтгэгдэлтэй байгаа. Гэхдээ зарагдахгүй бараа гэж байдаггүй. Хувьцааны ханш нь өндөр байхдаа сайн гэдэг. Гэтэл үнэ нь хямдарчихад авах хүн байж л байдаг. Магадгүй өнөөдөр “Turquoise Hill Resources”- ийн хувьцааны ханш дөрвөн доллар байлаа гэхэд маргааш найман долларт хүрнэ гэж тооцоолж байгаа хүн авна. Тэгэхлээр аль ч үед худалдан авагч байдаг. Гагцхүү тэр худалдан авагчдынх нь тоо буурч байгаа. Монголын Засгийн газарт итгэж байгаа хүмүүс бий. Өнөөдөр дөрвөн доллар байгаа хувьцааны үнэ маргааш найман долларт хүрэх боломжтой гэж батлах нь миний ажил.
-Таны ойрын зорилго юу вэ?
-Ойрын зорилго гэвэл компаниа хөгжүүлэх. Монголын санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн ажил хийчих юмсан гэж зорьж байгаа. Мэдээж тухайн ажил манай компани болон хувьцаа эзэмшигчдэд маань ашигтай байх нь нэг хөшүүрэг болно.
-Таны бизнесийн зарчим юу бол?
-Миний аав бизнесийн хүн, намайг анх ажил дээр гарахад захисан зүйл нь худлаа ярихгүй, хулгай хийхгүй байхыг анхааруулсан. Бизнес нэр хүнд, итгэл дээр тогтдог. Хэрвээ ямарваа нэгэн байдлаар өөрийнхөө нэр хүндийг сэвтээвэл хамгийн том хөрөнгөө алдана гэсэн үг. Үр хүүхдүүддээ мөнгөнөөс илүү сайн нэр үлдээх нь чухал юм байна гэдгийг ойлгож байна даа. Цаашид ч олон зүйл ойлгох биз ээ.
Ц.БОЛОРМАА