Хөөтэй дарга нарын балгаар гурван саяулаа нүүрсчин болсон монголчуудын хацар тортогтой байна. Улстөрчид Монголоо улам их хөөдсөөр л. Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрын нүд, шүд нь л гялалзаад байхаас биш хөлөөсөө толгой хүртэл хар хөө. Хөөтэй харчууд уг нь дээхнээс сайн харилцаатай найзууд, нэг намын нөхөд, нэгэн үеийн улстөрчид. За, намаа байг гэхэд Монгол Улсын маань амин чухал асуудлаар байр сууриа нэгтгэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тохой залгадаг төрийн өндөр албан тушаалтнууд. Гэтэл сүүлийн долоо хоногийн туршид Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр Тавантолгойнхоо орд газрыг тойрон муур, хулгана аятай хөөцөлдөж, овилгогүй гэгч тоглохыг олон нийт үзлээ.
Тавантолгойг улс төрийн эрүүл уур амьсгалд шийдэх учир шалтгаан байгаа юм. Үүнийг улстөрчид андахгүй. Гэвч одоо тийм нөхцөл байдал бий болохоосоо өнгөрөв бололтой. Аливаа улс орны эдийн засгийн голдирол хааш чиглэх нь гайт улс төрөөс, гайхал улст өрчдөөс шууд хамаардаг нь даанч бодитой зүйл. З.Энхболд нь Ч.Сайханбилэгийгээ шийтгээд байгаа ч юм шиг, Сайханаа нь нөгөөхөө мэхэлсний хариу юм даг уу гэмээр шог гараа улс төрийн тайзнаа тавигдаж орхив. Тэр хоёр бие биенээ анх удаа харж байгаа, ярилцаж ч үзээгүй юм шиг хахь хөндий авирлана. Энэхүү тоглолт өндөрлөх хүртэл үзэгчид бид бөөн хөөтэй хутгалдан суух бөгөөд хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй, ярвигтай улс төр өрнөж байна. Шог гарааны үйл явдлын өрнөл дараах дараалалтай.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 4-нд олон нийтэд хандаж телевизээр үг хэлсний эхний зорилго нь мэдээлэл өгөхөд байгаагүй. Тэр зүгээр л иргэдээр өөрийгөө зөвтгүүлэх, хамгаалуулах оролдлого хийсэн. Яагаад гэвэл Ерөнхий сайд маргааш нь юу болохыг сайн мэдэж байсан. Тавантолгойн талаарх Засгийн газрын шийдвэрийг маргааш нь болох чуулганы нээлт дээр УИХ-ын дарга хүчтэй эсэргүүцэхийг тэр тооцсон учраас олон нийтийн анхаарлыг “Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээ амжилттай боллоо” гэсэн мэдээлэл тийш хандуулсан хэрэг.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга уурласан шалтгаанаа тайлбарлах шаардлагатай учраас нотолгоо хэрэг болов. Засгийн газрын Ажлын хэсгийн боловсруулсан Тавантолгойн нүүрсний орд газрыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр З.Энхболд “хэрүүлийн алим” хийлээ. Гэхдээ төслийн эцсийн хувилбар ч бус, Тавантолгойн хэлэлцээний эхний шатанд буюу одоогоос гурван сарын өмнөх ноорог шахуу юм Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрын эвдрэлцсэн шалтгаан болж дөнгөсөн гэвэл үнэмшихэд бэрх. З.Энхболд гэрээний төслийн эцсийн хувилбар биш гэдгийг нь мэдсээр байж албан ёсоор хүлээн аваагүй баримт бичгээ УИХ-ын Тамгын газрын www.parliament.mn сайтад энэ сарын 6-нд тавьсан нь Засгийн газрын Ажлын хэсгийг стратегийн хөрөнгө оруулагчдын өмнө барьц алдуулав.
З.Энхболд энэ төслийг шийдэх эрхийг Засгийн газарт өгөхгүй гэдгээ М.Энхсайханы ахалсан Ажлын хэсэг “Шинхуа”, “Сумитомо”- той хэлэлцээний эхний шатыг эхлүүлсэн нэгдүгээр сараас илэрхийлсээр байсан билээ. Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөг хүртэл ил болоогүй төслийн шинэ хувилбарын тухайд “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэгдсэн” гэхээс өөр тухайлан ямар нэг зүйл, заалтыг үл онцлон нууцаа хадгалсаар. Харин УИХ-ын даргын Хуулийн зөвлөх А.Гансүх www.parliament.mn сайтад гарсан төсөлд түшиглэн шүүмж хэлж яваа бөгөөд энэ нь М.Энхсайханы хэлснээр, хөрөнгө оруулалтын гэрээний талаар нийгэмд буруу ойлголт өгөх, хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, хэлэлцээ бүрмөсөн зогсох, улмаар төсөл амжилтгүй болох хүртэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж.
З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын дунд Тавантолгойн төслийн тухайд эвлэршгүй зөрчил үүссэн бөгөөд энэ нь эрх мэдлийн тулаан болж даамжрах маягтай болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү өөрийг нь томилсон АН-ын дарга бөгөөд өөрийг нь огцруулах эрхтэй УИХ-ын дарга З.Энхболдтой өрөөтөхлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д ажлаа тайлагнахдаа Тавантолгойн гэрээний талаар гишүүдийн тавьсан асуултад хариулах үеэрээ Засгийн газрын байр суурийн талд байгаагаа илэрхийлсэн нь ч мөн анхаарал татсан. Монголчуудын хүлээлт болсон Тавантолгой дээр тэд яагаад ийн мэдэн будилж, зөрүүдлэн сөргөлдөх болсон нь хачирхалтай.
Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг Парламентад танилцуулахад бэлэн болсон гэх мэдээлэл байгаа боловч өнөөг хүртэл нууцлан хав дарсан нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын зөрчлөөс болсон гэдэг нь тодорхой байна. Төрийн ордонд хөрш ажилладаг Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёр яагаад заавал телевизийн дэлгэц, чуулганы индрийн цаанаас ярилцах болов? Тэднийг нүүрээ харан ярилцаад ч ойлголцохыг нь болиулсан “алим” юу вэ? Тэднийг бие биедээ итгэхээргүй тийм том ашиг сонирхлын зөрчилд Тавантолгойн чухам юу нь оруулсан юм бол? УИХ-ын дарга АНУ-ын “Пийбоди”-г Тавантолгойн төсөлд стратегийн хөрөнгө оруулагчаар тодруулах сонирхолтой байсныг Засгийн газар үл тоон сонгон шалгаруулалтаар хассанд спикер ийм замаар бухимдлаа илэрхийлсэн байж магадгүй гэх таамаг улс төрийн хүрээнд яригдаж байна.
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүдийг УИХ-аар хоёр долоо хоногийн дотор хэлэлцэхээр болсон билээ. Товлосон хугацаа дуусах хүртэл ганцхан долоо хоног үлдсэн. Засгийн газар өнөөдөр хуралдана. Тэд Тавантолгойн асуудлыг хэлэлцэх бөгөөд эл нүүрсний орд газрыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр эцсийн шийдвэрээ гаргах санаатай. Нууцалсан төслөө ил болговол өнөө, маргаашдаа багтан УИХ-ын гишүүдэд тараах биз. Тэр үед З.Энхболд үнэн шүүмжилжүү, яаран “аллергитэж” үү гэдэг тодорхой болох нь. Ерөнхий сайдыг өмөөрсөн, аль эсвэл шүүмжилсэн, спикерийг буруушаасан, нөгөө бол зөвтгөсөн гээд олон янзын байр суурь сонсогдсон долоо хоног өнгөрлөө.
Тавантолгойг тойрсон зөрүүтэй мэдэгдлүүд монголчуудын толгойг эргүүлж дөнгөлөө. Одоо УИХ-д суудаг 76 гайхал түүнээс ч олон юм ярих нь гарцаагүй. Тэгээд л хөөдөж гарна даа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн олонх төслийг уншиж амжаагүй, уншаад ч ойлгоогүй гэхчлэн хугацаа баахан авсныг санаж байна. Одоо ч тэгж ажиллахыг үгүйсгэхгүй. Ядаж байхад сонгууль угтсан улс төр мань 76-г хийлээд эхэлсэн. Тиймээс Тавантолгойн төсөл УИХ-ын даргын товлож өгсөн 14 хоногийн хугацаагаар үл барам хойш шидэгдэх болов уу.
Б.ЭНХЦЭЦЭГ