Залуу хос гал голомтоо бадрааж, эцэг эхийнхээ гэрээс өрх тусгаарлаж буй нандин мөч бол хурим. Гэр бүл, хамаатан садныхаа өмнө нөхөр, эхнэр болсноо гэрчлэх торгон агшин. Амьдралд ховор заяах үйл явдлаар дүүрэн дурсамжтай өдөр. Энэ үйл явдлыг гэрчилж, зохион байгуулдаг Гэрлэх ёслолын ордны нэг өдөр хэрхэн өнгөрдгийг бид сурвалжиллаа. Эрт цагаас монголчууд хуримлах ёсыг сайн үйлдвэл амьдрал тэгш дүүрэн, аз жаргалтай байдаг гэж үзсээр ирсэн. Тиймээс манай улс хуримд зориулсан ёслолын ордонтой цөөн орны нэг юм.

08.00 цаг. Гэрлэх ёслолын ордны ажилтнууд зун, намрын улиралд хамгийн их ачаалалтай ажилладаг. Тэр тусмаа намар жилийн төл өвл өгөөнийхөө 60-70 хувийг биелүүлдэг гэсэн. Ачаалал ихтэй үед ээлжийн амралт авах байтугай өдрийн 24 цаг амралтгүй ажилладаг учраас ажлын цагийн хуваарь алдагддаг байна. Харин өвлийн улиралд ачаалал багасаж, хавар барагтай бол хуримын ёслол үйлддэггүй аж. Өвөл, хаврын улиралд Гэрлэх ёслолын ордны ажил 08.30 цагаас эхэлнэ. Ажил эхлэхээс 30-аад минутын өмнө очсон болохоор Гэрлэх ёслолын ордны хаалга цоожтой байлаа. Буцаад явах гэтэл жижүүр нь цонхоор харсан бололтой, хаалгаа нээв. Хуримын ёслол хийх хосуудаа хүлээж буй нам гүм, цэвэрхэн ордонд жижүүр ах бид хоёр ажилтнуудыг хүлээв.
08.15 цаг. Захиргаа, аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдарь хамгийн түрүүнд ажилдаа ирэв. Тэр ажилтнуудаасаа өмнө ирж, цагийг нь бүртгэн, тухайн өдрийн бэлтгэл ажлаа эхлүүлдэг байна. Гэрлэх ёслолын ордныхон энэ өдөр (дөрөвд үгээр сарын 10) Хүүхэд залуучуудын сургалт хүм үүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан бүтэн өнчин хосын хуримыг үнэгүй зохион байгуулахаар болжээ. Ж.Цэцэгдарь хуримаа хийж буй хосын баталгаа, гарын үсэг зурах гэрчилгээ зэргийг зэхэж янзлан өнөөдрийн ажлаа эхлүүллээ. Энэ алба хуримын захиалгыг хариуцдаг бөгөөд нэг хуримыг 750 мянган төгрөгөөр зохион байгуулдаг аж. Харин ажлын бус цагаар хурим зохион байгуулбал 800 мянган төгрөг болдог байна. Хэрэв хосууд балжинням, дашнямтай өдөр хуримлахаар бол нэг сая гаруй төгрөгөөр зохион байгуулдаг гэнэ.

08.40 цаг. Бүх ажилтан иржээ. Тэд ажилдаа ирснийхээ дараа их цэвэрлэгээ хийх үүрэгтэй. Гэрлэх ёслолын ордныхон “Саруул орчин, соёлтой үйлчилгээ, үүрдийн дурсамж, үнэнч сэтгэлгээ” уриатай ажилладаг учраас өрөө бүрийг нэг бүрчлэн цэвэрлэх ёстой гэсэн.
09.20 цаг. Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяатай уулзлаа. Түүнийг ажлаа хүлээж авахад 8628 ам метр талбайтай газрын гэрчилгээ хүлээлгэн өгсөн байна. Уг нь Гэрлэх ёслолын ордны нийт талбай 10828 ам метр боловч 2000 гаруйг нь нэгэн хувийн компанид өгсөн байж. Тухайн компани нь хөрөнгөгүй болсон учраас газраа буцааж өгсөн ч авснаасаа дутууг өгчээ. Энэ асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа аж. С.Үүрийнтуяа захирал 2012 онд ажлаа авахдаа “Дэвжих айл дээврээсээ, өөдлөх айл үүднээсээ” хэмээн дусаал гоождог байсан дээврээ засаж, үүдний танхимаа бага зэрэг засаж тохижуулжээ.
Ажилтнууд нь захирлаа тун нямбай хүн хэмээн магтах юм билээ. Өглөө ирээд өрөө бүрээр орж, тоосыг нь шалгадаг гэсэн. Түүнчлэн хуримаа хийж буй хосууд, зочид хүйтэн байна гэж гомдол гаргадаг байсан учраас өнгөрсөн онд сантехникийн асуудлаа бүрэн шийджээ. Гэрлэх ёслолын ордон 2014 онд 40 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажилласан учраас хувьчлагдах болсон тухай мэдээлэл саяхан хэвлэлээр цацагдахад өөрийг нь удирдаж байх үед тус ордон хувьчлагдвал вий гэсэн айдас байсан тухай С.Үүрийнтуяа захирал хэлж байлаа. Гэрлэх ёслолын ордон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас нийслэлийн болон улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй аж. Түүнчлэн нийслэлд цэвэр ашгийн тодорхой хувийг төвлөрүүлж, үлдсэн мөнгөөр байгууллагын дотоод засвар, ажилтнуудынхаа цалинд зарцуулдаг байна.
10.00 цаг. Ёслол үйлчилгээ хариуцсан менежер Б.Амгалан ирэв. Тэр Захиргаа, аж ахуйн албанаас тухайн өдөр хурим хийх хосын баримт бичгийг хүлээн авч, ёслолын танхимд оруулж тавилаа. Хосын баримт бичигт гэрлэлтийг нь баталгаажуулсан бүртгэлийн дэвтэр, Гэрлэх ёслолын ордноос гаргасан “Монгол гэр бүлийн язгуур уламжлал” ном, гэр бүл болсноо баталж, гарын үсгээ зурах баталгааны цаас зэрэг багтдаг байна. Тэдгээр баримт бичгийг ёслолын танхимын гол ширээнд байрлуулна. Өнөөдөр нэг хосын хуримтай учраас бэлтгэх зүйл бага байв.
10.30 цаг. Ёслол, үйлчилгээний албаны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ алба хуримын ёслолын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг учраас Гэрлэх ёслолын ордны хамгийн чухал ажлыг хариуцдаг гэсэн үг. Менежер Б.Амгалан хуримын ёслолын бүхий л ажлыг удирдаж явуулна. Энэ албанд түүнээс гадна ерөөлч, хоёр морин хуурч, ёслолын үйлчлэгч (хосын хуримын бөгжийг гардуулж, зочдод ааруул, сүү өгнө), гэр бүл сургалтын төвийн хоёр багш багтдаг байна. Гэрлэх ёслолын ордон жилд 1000 гаруй хурим зохион байгуулдаг аж. Харин өнгөрсөн онд 1500 хос, тэдний дагалдах зочид болох 8000 гаруй хүнд үйлчилжээ. Түүнчлэн алтан мөнгөн хурим тус бүр тав, гадаадын иргэдтэй гэрлэсэн 72 хуримын ёслол зохион байгуулсан байна. 50-иас дээш жил хамтдаа хорвоог туулсан хос очир эрдэнийн хурим хийдэг бол 50 жил хамт амьдарсан хос алтан хурим хийнэ.

Харин 25 жил тоонот гэрт толгой холбосон хосууд мөнгөн хурим хийх эрхтэй болдог аж. Очир эрдэнийн болон алтан хурим олон жилийн хамтын амьдралыг бэлгэддэг учраас үр хүүхдэд нь сайн үлгэр дуурайл болдог тухай Гэрлэх ёслолын ордныхон хэлж байв. Түүнчлэн монгол, гадаад хүн гэрлэх тохиолдол байдаг ч хосууд хоёулаа гадаадын иргэн байх нь элбэг гэнэ. Тэдний ихэнх нь Солонгос, Япон улсын иргэн байдаг бөгөөд орон орны гэрлэх ёслолыг сонирхож хурим хийдэг байна. Гэрлэх ёслолын ордныхон гэрлэлтийн баталгаатай л бол хуримыг монгол, англи хэлээр ёсолдог аж. Б.Амгалан менежер канад, япон, хятад, орос иргэдийн хуримыг ёсолж байжээ. Гэрлэх ёслолын ордны үйлчилгээг явуулын байдлаар ч үзүүлдэг. Хосууд хотод хуримаа хийх боломжгүй тохиолдолд өөрсдийн байгаа газраа тус ордныхныг урьдаг байна. Тэд саяхан Өвөрхангай аймагт хурим зохион байгуулжээ. Учир нь хуримаа хийсэн хосын ээж нь өндөр настай хүн учраас хот руу явах боломжгүй байсан аж.
11.00 цаг. Зан үйлийн танхимд зочлов. Энд гал, тулгын гурван чулуу зэрэг бэрийн хуримын зан үйлтэй холбоотой зүйлс бий. Бэрийн гал асаах тулганд Туул голын эхлэл, дунд, төгсгөл хэсгээс авчирсан гурван чулуу байрлуулжээ. Чулууны доор Улаанбаатар хотыг тойрон хүрээлэх дөрвөн уулын бэлээс авчирсан шороо хийсэн гэнэ. Бэрийн гал асаах модыг тусгай хүн бэлтгэнэ. Хуурай модыг нарийн зорж бэлтгэхгүй бол гал асаах үед унтрах магадлалтай аж. Тиймээс шинэ бэрийн гал асаах зан үйлийг хариуцлагатайгаар бэлтгэх ёстой.
11.15 цаг. Ерөөлч, морин хуурчид хуримын ёслол болохоос 30 минутын өмнө ирж бэлтгэлээ базаана. Өнөөдрийн хуримын ёслол 11.30 цагаас болох учраас тэд товлосон цагтаа ирээд бэлтгэж байлаа. Нэг хуримын ёслолын үеэр 10-15 минутын дотор таван өөр ая тоглодог байна. Ачаалал багатай учраас хоёр хуурчийн нэг нь ээлжийн амралтаа авсан байв. Морин хуурч Б.Баттулгыг Зан үйлийн танхимд бэлтгэлээ хийж байхад нь уулзлаа. Тэрбээр оюутан байхаасаа тэнд хуурчаар ажиллажээ. Одоо тэрбээр хэдийнэ туршлага сууж, бүр шинэ шавьтай болжээ. Ирэх жил Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой тохионо. Энэ үеэр бүх ажилтан морин хуур тоглож сурсан байх захирлын тушаал гарчээ.
Тиймээс мэргэжлийн морин хуурчид ажилтнууддаа морин хуурын хичээл зааж байгаа аж. Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаяр 2002 оноос Гэрлэх ёслолын ордны морин хуурчаар ажилласан бөгөөд сүүлийн долоон жил ерөөлч хэмээн цоллуулж буй. Тэрбээр СУИС-д морин хуурын багшаар ажилладаг юм байна. Хэдийгээр тэтгэвэртээ гараад гурван жил болсон ч ажлаа хийсээр байгаа нь манайд ерөөлч ховор байгаатай холбоотой гэсэн. Тэрбээр олон ч хосын хуримын гэрч болж, ирээдүйн амьдралд нь сайн сайхныг хүсэн мэндчилж байснаас очир эрдэнийн хуримаа тэмдэглэж буй 90 настай хосод ерөөл хэлснийгээ хамгийн онцлог хэмээн дурссан.

11.20 цаг. Хуримын ёслолоос 10 минутын өмнө залуу хос Б.Түвшинсайхан, Б.Наранзул нар ирэв. Нөхөр болох Б.Түвшинсайхан гурван настайгаасаа Улсын асрамжийн төвд амьдарч байгаад 2013 онд нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор (ХЗСХТЦ)-т амьдарчээ. Харин эхнэр Б.Наранзул нь Кристина Нобелийн хүүхдийн сангийн “Дархан” хотхонд 2007 оноос амьдраад 18 нас хүрэхдээ ХЗСХТЦ-т очсон байна. Тэд 2013 онд танилцжээ. Одоо тэд Дарь эхэд амьдардаг аж. Гэрлэх ёслолын ордонд Б.Түвшинсайхан, Б.Наранзул нарын өсөж хүмүүжсэн Хүүхэд асрах төвүүдийн захирал, багш, ажилтнууд болон найз нөхөд нь хуримын гэрч болохоор иржээ. Б.Түвшинсайхан 2013 онд МСҮТ-д суралцан хүнд механизмын операторч мэргэжил эзэмшсэн бөгөөд өдгөө Солонгосын хөрөнгө оруулалттай “Нягт Оршихуй” бетон зуурмагийн үйлдвэрт ковшийн оператораар ажилладаг аж. Харин гэргий нь Хүнсний технологийн дээд сургуулийг тогооч мэргэжлээр төгсчээ. Энэ гэр бүл удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж буй.

11.45 цаг. Ёслолын танхимд орцгоов. Ёслол удирдагч тэднээс “Та хоёрын гэрлэлтийг ёслох энэ хүндтэй хоймроос дотны хүмүүсийн чинь дэргэд нэг зүйлийг тодруулан асууя. Та хоёр хэний ч албадлагагүйгээр сайн дураараа хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэж байна уу хэмээн асуулаа. Тэд энэ асуултад “Тийм” гэж хариулснаар нөхөр, эхнэр болцгоож, гэрлэлтээ батлав. Дараа нь Зан үйлийн танхимд орж, бэр болох бүсгүй галаа асаан, ерөөл сонсоод, дотнын хүмүүстэйгээ зургаа татуулав. Хүргэний тал буюу ХЗСХТЦ-оос хүсэлт гарган Хуримын ордонд үнэ төлбөргүй ёслол хийлгэж, бүтэн өнчин хүүхдүүдийг Асрамжийн төвөөс гарахад нь улсаас олгодог 1.200.000 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг тэдэнд өгөв. Харин бэрийн талаас буюу Кристина Нобелийн сангаас иж бүрэн тавилгатай дөрвөн ханатай гэрийг шинэхэн хосуудад бэлэглэсэн байна.


ХЗСХТЦ дахь тэдний анхны багш, Хүүхдийн төвийн эрхлэгч Б.Алтанцэцэг “Хуримын цайллагыг бид байгууллагынхаа Соёлын танхимд хийх гээд яг л хүүгээ тусдаа гаргах гэж байгаа айл шиг л өдөржин шөнөжин бэлдээд завгүй хоноцгоолоо. Манай хоёр төлөв даруу зантай, дуу цөөтэй, хэдий асрамжийн газарт өссөн ч амьдралын зорилготой. Тэсвэр хатуужилтай сайн хүүхдүүд байгаа юм. Би аль алиных нь анхны багш байсан. Хамгийн гол нь хоёулаа аливаа зүйлд үнэнч сэтгэлтэй. Хайр сэтгэлдээ ч тэгж ханддаг. Манай төвд миний мэдэх хосууд зөндөө байсан, тэднээс хамгийн үнэнч, тууштай байж амьдрал эхлүүлж байгаа нь энэ хоёр маань юм. Түвшинсайхан багын л техник сэтгэлгээ сайтай. Жаахан байхдаа халамжийн төвдөө дугуйн засвар үйлчилгээний клуб ажиллуулдаг байсан. Харин Наранзул маань сурлагаараа тэргүүлдэг хүүхэд байлаа” хэмээгээд тэдэндээ аз жаргал хүсэж байв. Ийнхүү хуримын ёслол нэг цаг үргэлжиллээ.

13.30 цаг. Гэрлэх ёслолын ордны дэлгүүрийг сонирхлоо. Эднийх өмнө нь Улсын их дэлгүүртэй гэрээтэй ажиллаж, тэндээс бэлэг дурсгалын зүйлс авчирч, борлуулдаг байж. Энд хуримын ёслолтой холбоотой бүхий л бэлэг дурсгалын зүйлсээс гадна эхнэр болон гэрчүүдийн даашинз, хос монгол дээл зарах буюу түрээслүүлдэг аж. Хуримын даашинзыг 66 мянгаас 190 мянган төгрөгөөр түрээслүүлдэг. Үүнд титэм, ээмэг, зүүлт, гивлүүр, бээлий, хормой, энгэрийн зүүлт дагалддаг аж. Харин зарах даашинзууд 250 мянгаас 430 мянгын үнэтэй.

14.00 цаг. Утсаа унтраах эрхгүй ажилтан бол Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын төвийн багш Л.Эрдэнэцэцэг юм. 2005 оноос Гэр бүл сургалтын төвд ажиллаж буй тэрбээр хуримаа батлуулах гэж байгаа хосуудад зөвлөгөө өгдөг. Орчин үеийн хосууд гэр бүлийн харилцааны талаар ерөнхий мэдээлэл, мэдлэгтэй байдаг ч амьдрал дээр тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй талаар тэр ярив. Түүнчлэн эхнэрүүдээс илүү нөхрүүд гэр бүлдээ илүү анхаарал хандуулдаг гэлээ. Л.Эрдэнэцэцэгийн утас, өглөө оройгүй хангинаж, хосууд зөвлөгөө авдаг гэсэн. Биднийг ярилцах зуур залуу хос зөвлөгөө авахаар орж ирэв.

Багш Үүрийн-Цолмон, Билгүүн хоёрын иргэний үнэмлэхийг авч бүртгээд, харилцан ярианы хэлбэрээр сургалтаа эхлүүллээ. Тэд 19 настай бөгөөд үерхээд гурван жил болж байгаа. Хоёулаа БНХАУ-ын Хөх хотод сурдаг аж. Тэд удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж буй. Багш хамгийн эхэнд хосуудаас өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэхийг нь асуулаа. Тэд өвөөгөөсөө дээш үеэ мэдсэнгүй. Дараа нь багш эцэг эхийнх нь төрсөн нутгийг асуухад нөхөр болох Үүрийн-Цолмон ээжийнхээ нутгийг хэлж мэдсэнгүй. Энэ нь цус ойртох аюултай гэдгийг багш сануулж, ургийн дэвтэр нээхийг зөвлөв. Түүнчлэн жирэмсэн эхэд хүүхдийн талаар олон зүйл зөвлөлөө.

14.30 цаг. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. Энэ бол гэрлэх ёслолын агшин бүрийг хадгалж үлддэг техникийн албаны хийдэг ажил. Энэ алба таван ажилтантай. Хуримын ёслолын үеийн нандин агшин бүрийг буулгаж, 30 зургийг сонгон гэрэл зургийн цомогт хийж хосуудад бэлэглэнэ. Түүнчлэн бичлэг дагалддаг. Техникийн албаны зурагчин Б.Туяацэцэг гэрэл зураг авч, бичлэг хийхээс гадна Гэрлэх ёслолын ордны бүхий л техникийн ажлыг хариуцдаг байна.
15.00 цаг. Энэ өдөр ачаалал багатай, бас долоо хоногийн ажлын сүүлийн өдөр таарсан болоод ч тэр үү, Гэрлэх ёслолын ордныхон үдээс хойш спорт өдөрлөг зохион байгууллаа. “Сан” дээд сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болж, тэд дөрвөн багт хуваагдан өрсөлдсөн. Цөөхөн ажилтантай учраас ерөөлч Д.Түвшинбаяр шүүгч, дасгалжуулагч, тоглогчийн үүргийг давхар гүйцэтгэж байлаа.
16.00 цаг. Гар бөмбөгийн тэмцээнээр спорт өдөрлөг эхэлж, Б.Амгалан ахлагчтай цэнхэр өмсгөлтэй баг, Б.Баттулга ахлагчтай улбар шар өмсгөлтэй багууд өрсөлдөв. Б.Амгалан ахлагчтай баг өрсөлдөгчдөдөө олон онооны зөрүүтэй хожигдсон боловч бусад багаа дэмжиж, өдрийг хөгжилтэй өнгөрөөж байв. С.Үүрийнтуяа захирал цагаан өмсгөлөөр жигдэрсэн багийн ахлагч. Тэднийх спорт өдөрлөгийн хүчтэй багийн нэг байлаа. Тэд гар бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн юм.
17.00 цаг. Сагсан бөмбөгийн тэмцээн эхлэв. Багууд хүчтэй өрсөлдсөөр 18 цагийн үед тэмцээн өндөрлөсөн. Спорт өдөрлөг хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд нийт оноогоор Б.Баттулга ахлагчтай улбар шар өмсгөлтэй баг аварга болсон юм.
Э.НЯМДУЛАМ