Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хоногийн өмнө ард иргэддээ хандан телевизээр мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монголд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгаан, эдийн засгийг сайжруулах асуудлыг голлон хөндсөн билээ. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл болон Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланд үндэслэн Үндэсний стратегийн хүрээлэн доорх дүн шинжилгээг хийснээ хүргэж байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдагдсан нэг чухал зүйл бол энэ цаг үеийн Монголын эдийн засгийн бахархууштай ололт гэж хэлж болох, нөгөө талаас хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн том маргааны сэдэв гэгдээд буй Оюутолгойн хоёрдугаар үе шатыг удахгүй эхлүүлэх тухай байв.
“Оюутолгой” төслийн хоёр дахь шат эхэлбэл таван жилийн хугацаанд зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд нөөц элбэгтэй далд уурхайг ашигласнаар “Оюутолгой”- гоос улсад орох орлого даруй нэмэгдэх юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шударга болсон эсэхэд өнөөг хүртэл эргэлзсээр ирсэн хүмүүст хандан нэг сонирхолтой баримт дурдвал 2010-2021 он хүртэл Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдож орж ирэх мөнгөний урсгал бараг 80 хувьтай тэнцэх буюу татвар, ашигт малтмал ашигласны төлбөрийн нийт хэмжээ нь гурван тэрбум доллараас илүү гарахаар байгаа. Энэ нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгө буюу тэгтэй тэнцэх хэмжээний мөнгө гаргаад л ирэх үр дүн гэж хэлж болно.
Үүнд эдийн засагт орох бусад үр өгөөжийг тухайлбал, шинээр бий болох ажлын байр, дагалдах бизнесийн боломж, тэр хэрээр нэмэгдэх татварын орлогыг тооцоогүй болно. Төслийн зардал нэмэгдсэн талаарх маргаан болон энэ нь урт хугацаанд Монголын хүртэх ёстой ашигт хэрхэн нөлөөлж байгаа тухай олон нийтийг төөрөлдүүлсэн маргаанаа одоо зогсоох шаардлагатай байна. Яагаад гэвэл маргаан өрнүүлж ирсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хувьд хожсон зүйл огт байхгүй бөгөөд эсрэгээрээ энэ хугацаанд хөрөнгө оруулахад эрсдэл багатай, найдвартай орон гэсэн олон улс дахь нэр хүндээ алдаж дууссан гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд эдийн засгийн асуудлыг голлон авч үзэж буйгаа мэдэгдэлдээ онцолсон бөгөөд өсөлтөд чиглэсэн суурь хэрэгтэй байгааг онцлон өгүүлсэн нь анхаарал татаж байна.
Тэрбээр монголчууд, гадаадын хөрөнгө оруулагчдын аль аль нь эерэг хандлагыг эрхэмлэж, итгэлцлээ сэргээх шаардлагатай байгааг мөн онцолсон. Энэ нь амаргүй даваа болохыг, монголчуудын зүгээс саад болж буй хэд хэдэн хүчин зүйлийг даван гарах хэрэгтэйг сануулсан. Үүнд юуны өмнө популизм, төрийн албаныхны хойрго байдлыг дурдсан билээ. Эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж буй эдгээр эмгэгээс салахын тулд хичээн зүтгэхээ тэрээр илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын хувьд ашиг тус өгөх амаргүй шийдвэрүүдийг гаргаж ажиллахаа дуулгасан. Гэвч инфляцыг намжаан, зээлийн хүүг бууруулах, валютын нөөцөө нэмэгдүүлж, өсөлт нь саарсан эдийн засгаа сэргээх нь нэг өдрийн дотор гүйцэлдүүлэх амар ажил биш юм. Зөв зүйтэй байр суурьт эргэн хүрэх нь эхний алхам агаад жинхэнэ гол зорилт нь урт хугацаанд ялагчийн давуу байр сууриа хэвээр хадгалахад оршино.
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтыг авч үзвэл монголчуудын хувьд ирэх сонгуулиас наана буюу 2016 оны дунд хүртэл эдийн засгийн байдал дээрдэнэ гэж хүлээх найдлага бага байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн ч богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх магадлал маш бага юм. Юутай ч Ерөнхий сайд Оюутолгой болон Тавантолгойтой холбоотой асуудлаас гадна олон чухал асуудлаар эерэг бөгөөд нөхцөл байдалтайгаа уялдсан зөв зүйтэй мэдэгдэл хийлээ. Хамгийн чухал нь Засгийн газрын зүгээс бүтцийн хувьд уул уурхайгаас хараат бус эдийн засгийг хөхиүлэн дэмжихэд садаа болсон, төсвийн үргүй зардал гарах шалтгаан болж буй зарим хүчин зүйлийг анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.
Үүнд:
• Эрчим хүч, шатахуун тос, гурил, улаан буудай болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнд өгдөг татаас, хөнгөлөлтийг хязгаарлах,
• Төрийн албаны бүтцээс зардал ихтэй орон тоог цомхтгох,
• Импортын бүтээгдэхүүний үнийг дур мэдэн тогтоох байдлыг хязгаарлах шаардлага байна. Ерөнхий сайдын яриандаа дурдаагүй өнгөрсөн нэг зүйл бол барилгын компаниудад олгож буй татаасыг багасгах, үнийн хөөс дахин үүсгэхээс сэргийлэх арга хэмжээг авах тухай байв. Орон сууцны үнэ хийгээд иргэдийн орлогын түвшин хоорондын ялгааг арилгах шаардлагатай ба ингэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зохих тохируулга хийх бололцоог нээж өгөх учиртай. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж хадгаламжийн өсөлтийг дэмжих нь зөв зүйтэй санал бөгөөд үүнийг эмх цэгцтэй үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилтэй уялдуулдах зохистой. Чанартай барилга байгууламжийг оновчтой байрлалд байгуулж, сэтгэлд хүрэхүйц үйлчилгээг иргэдэд хүргэхийн сацуу замын хөдөлгөөн зэргийг ч давхар бодож төлөвлөдөг болох шаардлага байна. Улаанбаатарт хангалттай тооны, тэнгэр баганадсан барилга сүндэрлээд буй ч, тэдгээрт хүмүүс таатай, чөлөөтэй амьдрах зай талбай, орчин, үйлчилгээ, зогсоол дутагдалтай байгааг анхаарах нь зүйтэй.
Засгийн газрын зүгээс бизнесийн салбар дахь оролцоогоо багасгаж, түүгээр дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих стратеги барих нь оновчтой гэдгийг бид байнга сануулж, уриалсаар ирсэн билээ. Аливаа Засгийн газрын хүлээх ёстой гол үүрэг нь боловсрол, нийгмийн болоод бусад чухал үйлчилгээг иргэдэд хүргэх явдал байдаг ба сүүлийн жилүүдэд энэ үүргээ төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан амжилттай гүйцэтгүүлэх хандлага ажиглагддаг болоод байна. Ерөнхий сайд хувьчлалтай холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийн талаар дурдсан нь Монголын хөрөнгийн биржийн зохион байгуулалтыг шинэчилж, МИАТ-ыг Сингапурын “Темасек” маягийн загвараар хөгжүүлэх тухай дурдсан. “Темасек” маягийн загварыг нэвтрүүлэхдээ компаниудыг өөрсдөө ажиллуулахын оронд тэдгээрт хөрөнгө оруулахад анхаарах нь зүйтэй.
“Эрдэнэс Монгол” компанийн шинэ захирал Б.Бямбасайханы хувьд төрийн өмчийн компаниудад байгаа одоогийн хөрөнгийг хувьчлалд тулгуулан илүү үр өгөөжтэй болгох шаардлага нэн тэргүүнд тавигдаж буй юм. Төр стратегийн ордууд дээрх сээтэгнэл гэж хэлж болохоор өнөөгийн хандлагаа өөрчлөх нь зүйтэй. Түүний оронд чадвартай, хариуцлагатай уул уурхайн компаниудыг дэмжиж хайгуул, ашиглах боломжийг нь судлуулах, улмаар хөрөнгө оруулж, уурхайг барьж байгуулах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс Оюутолгой, Тавантолгойн асуудлаар нэг жигд биш бодлого баримталж ирсэн ба ирээдүйд ийм маягаар, анхаарал нь сарнисан байдалтай ажиллах нь зохимжгүй. Монгол Улсын хувьд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах шаардлага гарцаагүй тулгарч байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэн өөрийгөө дулаан, цахилгаанаар бүрэн хангаад зогсохгүй экспортлох хэмжээний хангалттай нөөц, чадвар байгаа юм.
Гэвч Хятадад хилийн чанадаас цахилгаан авахад сонирхол төрөх эсэх нь үүнд нөлөөлөх ба цахилгааны үнэ нь Монголд станц барихад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх шаардлагатай. Юутай ч үнийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд гэм халгүй цахилгаан станцууд барьж байгуулан ашиг олох боломж буй бөгөөд ингэснээр чанар муутай нүүрсний нөөцөө ашиглах боломж нээгдэх сайн талтай. Монголд одоогийн байдлаар нүүрс шингэрүүлэх дөрвөн төсөл дэмжигдээд байна. Эдгээр төсөл нь техникийн хувьд төвөг чирэгдэл ихтэй, нөгөө талаас зах зээл нь ч хязгаарлагдмал юм. Засгийн газрын хувьд алдагдалтай ажиллах магадлалтай бизнест хөрөнгө оруулах бололцоо хомс бөгөөд үүнд болгоомжтой хандах учиртай. Мэдээж урт хугацаанд Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэх арга зам нь хотын захыг оновчтой төлөвлөн хөгжүүлэх, тэдгээрт хүрч үйлчлэх орчин үеийн цахилгаан станц барьж байгуулах явдал болно.
Энэ нь урт хугацааны асуудал бөгөөд эдийн засгийн үр өгөөж нь ч өндөр байхыг анхаарах нь зүйтэй. Гэр хорооллыг айл өрхүүд болон бизнесийн байгууллагууд нүүж суурьших сонирхол төрөхүйц тохьтой орчин болгож өөрчлөх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын хувьд хийж гүйцэтгэх ёстой бас нэг чухал ажил нь цахилгаан үйлдвэрлэж буй өнөөгийн хүчин чадлаа шинэчлэн нэмэгдүүлэх, дотоодын хэрэглэгчдэд хүргэх шугам барихаас гадна Хятад руу экспортлох шугам барихад хөрөнгө оруулах явдал болно. Түүнчлэн бас нэг чухал асуудал нь Засгийн газрын зүгээс татварын бааз сууриа өргөжүүлэх шаардлагатай холбоотой юм. Энэ нь далд эдийн засгийг ил болгож, ил эдийн засагт оролцох байгууллага, оролцогчдын тоог нэмснээр хэрэгжих боломжтой.
Ил эдийн засагт оролцогчдын цалин хөлсөссөнөөр, татварын орлого арвижиж энэхүү орлогыг нэн тэргүүнд шаардлагатай байгаа дэд бүтцээ хөгжүүлэхэд ашиглах боломжтой. Татварын бааз суурь бага хэвээр нөхцөлд Засгийн газрын зүгээс цалин, тэтгэвэрт зарцуулах мөнгөндөө бодолтой хандах бий. Төрийн үйлчилгээний бүтцийг цомхтгох нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардал нэмэхгүйгээр цалин өсгөх боломж олгох давуу талтай билээ. Ерөнхий сайд яриандаа ашигт малтмалын хайгуулын талаар онцолж дурдсан. Хайгуул нь урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөө үзүүлж болох ч, энэ нь зөвхөн хайгуулын үр дүнд ашигт малтмалын нөөц илрүүлж, ашигласан тохиолдолд л хэрэгжих боломжтой.
Үүнд цаг хугацаа, мэргэжилтэй боловсон хүчин, уурхайг барьж байгуулахад шаардагдах асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болохын сацуу бүтээн байгуулалтын явцад гарч мэдэх алдаа оноог ч тооцож үзэх нь зүйтэй. Ерөнхий сайдын зүгээс татварын шинэ тогтолцоог бий болгож, уурхайн үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх хувилбарыг санал болгосон нь цаг үетэйгээ зохицох санал гэж үзэж байна. Энэ арга нь шинэлэг бөгөөд өндөр хөгжилтэй орон авч хэрэгжүүлсэн туршлага бий.
Хайгуулын зөвшөөрөл дахин олгож эхэлсэнтэй холбоотойгоор 2010 онд лиценз олголтыг зогсооход хүргэсэн нөхцөл дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна. Одоогийн систем нь сул тал ихтэй, лицензийг дамлах хоёрдогч зах зээл үүсгэж мэдэх эрсдэлтэй байгааг анзаарч, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх нь зүйтэй гэж манай хүрээлэнгийн зүгээс зөвлөж байна. Энэхүү салбарт мэргэжлийн түвшний, чадвартай оролцогчдыг татах нь Засгийн газрын гол зорилго байх ёстой. 130 лицензийг ямар байгууллага, хүмүүст олгоод буй тухай мэдээлэл ил байх ёстой ч өнөөг хүртэл Ашигт малтмалын газраас энэ мэдээллийг ил болгоогүй байна. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын ард ямар хувь хүмүүс байгааг мэдэх боломж хомс байдгийг санахад илүүдэхгүй.
Ерөнхий сайдын хэлсэн үг хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэвч Засгийн газарт эдийн засгийг сэргээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн сорилтыг давж гарах шаардлага тулгарч байна. Үүнд дараах макро эдийн засгийн хэд хэдэн зорилтыг дурдаж болно:
• Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих (төсвийн болон төсвөөс гаднах),
• Инфляц, зээлийн хүүг дорвитой бууруулах,
• Валютын ханшийг тогтворжуулах юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулах шийдвэр гаргахын өмнө улс төрийн эрсдэл, төслийн үнэ цэнэ, төслийг дуусгах стратеги боловсруулахдаа дээр дурдсан гурван хүчин зүйлийг юуны өмнө авч үздэг. Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайдын зүгээс Монголын эдийн засагт тулгараад буй амаргүй нөхцөл байдлыг сөрөн зогсож, 2016 оны сонгууль хаяанд ирээд буй энэ үед улс төрийн манлайлал, зориг гаргасан нь сайшаалтай. УИХ-ын зүгээс Ерөнхий сайдын гаргасан төлөвлөгөөг шүүн үзэж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь гарцаагүй.
УИХ-ын эрхэм гишүүд эдийн засгийг сэргээх, хөгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байр сууринаас дэмжинэ гэж бид найдаж байна. Түүнчлэн улс төрийн намууд ирэх сонгуульд оролцохдоо эдийн засгийн сахилга батыг эрхэмлэн, Монголын стратегийн давуу талд илүүтэй түшиглэсэн хөтөлбөрөөр өрсөлдөнө гэж найдаж байна. Иргэдийг айлгаж болгоомжлуулахад чиглэсэн популист хандлага Монголд өнөөдөр тулгараад буй асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхэд ач тусаа өгөхгүй нь ойлгомжтой билээ.
Камерон МАКРЕЙ
Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч