“Монголын газрын тос чанаргүй. Тиймээс үйлдвэр барина гэдэг худал” гэж нефть боловсруулах үйлдвэрийн тухай бичсэн өгүүллийн дор сэтгэгдэл үлдээжээ. Олон нийт манай нефть чанаргүй гэсэн ойлголттой явдаг нь үнэн. Чанаргүй гэсэн ойлголт төрүүлэх зорилготой суртал ухуулга хийсээр итгүүлсэн хойно арга ч үгүй. Тэгээд яагаад “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншин” компани манайхаас газрын тос олборлоод нутаг руугаа зөөгөөд байна вэ? Энэ асуултын хариуг бодож үзсэн үү. Эдийн засгийн үр ашиг, өгөөжтэй учраас л олборлож таарна. Бас Өвөрмонголд тээвэрлэн хүргэж шатахуун үйлдвэрлэж байгаа. Хятадууд л манай “хар алт”-ыг мэддэг юм биш. Үндэсний эрдэмтэд ч газрын тосоо судалдаг.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзий “Манай газрын тос хүнд. Гэхдээ тохирсон технологиор боловсруулаад өндөр октантай шатахуун үйлдвэрлэж болно. А-98 биш юм гэхэд А-95, Аи-92 гаргаж авч болно. Хамгийн гол нь дахин боловсруулалтын технологио сайтар сонгох хэрэгтэй. Ингэвэл шатахууны гарц өснө” гэв. Мөн тэрбээр үлдэгдэл мазутаа боловсруулах талаар сайтар судлах ёстой. Хүнд үлдэгдлээ бүрэн боловсруулбал нефть нэрэх үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг тэмдэглэж байв. Монгол Улс сая тонн нефть урд хөрш рүүгээ экспортолдог болсон.
Таван жилийн дараа хоёр сая тонн газрын тос олборлох тойм тооцоо бий. Жилд хоёр сая тонн газрын тос олборлоход боловсруулах үйлдвэр барих хүрэлцээтэй түүхий эдтэй болно гэсэн үг. Газрын тосны газар нийт 22 талбайд нефтийн хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон. Өмнөговь аймаг дахь “Галба-11” талбайд 14 өрөм тавихад 13- аас нь газрын тос илэрчээ. Одоо нөөцөө тогтоохоор ажиллаж буй гэнэ. Ер нь манай улсын нефтийн нөөц өсөх магадлал өндөр. Газрын тосны үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг хүчин чадлаас нь хамаардаг аж. Үйлдвэрийн хүчин чадал өндөр байх тусам бүтээгдэхүүний өртөг хямдардаг, өрсөлдөх чадвар сайжирдаг юм байна. Дэлхийд 700 орчим газрын тос боловсруулах үйлдвэр ажилладаг. Тэд дунджаар жилд 6.5 сая газрын тос боловсруулах хүчин чадалтай байдаг юмсанж. Газрын тосны инженер, доктор Ц.Багмид “Монгол Улсад жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихад тохиромжтой.
Хүчин чадал нь үүнээс бага байвал зохимжгүй” гэж ярьжээ. Тэрбээр 1.5 сая тонн газрын тос боловсруулаад “Евро-4” стандарт хангасан 92-95 октантай автобензин 360, дизелийн түлш 900, онгоцны Let-A1 маркийн түлш 50, шингэрүүлсэн хийн түлш 30, замын битум 20 мянган тонныг гаргаж авч болно гэсэн тооцоог танилцуулж байсан. Мөн зуухны бага хүхэртэй түлш үйлдвэрлэж болох аж. Газрын тосыг боловсруулахад хаягдал гардаггүйгээрээ онцлогтой. Нефтийг хэд дахин боловсруулсны дараа замын хар тос эцсийн бүтээгдэхүүн нь болж үлддэг. Түүнийг хар цаас үйлдвэрлэх, барилгын дээвэр цардахад өргөнөөр ашигладаг билээ. Монголд өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг бэрхшээл тулгардаг байсан.
Манай улс гурван жилийн дараа 1.5 сая тоннын хүчин чадалтай үйлдвэрийг хангах түүхий тос олборлож эхэлнэ. Энэ нь газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж эхэл гэсэн дохио юм. Судалгаа тооцоо, түүхий эд нийлүүлэх хэлэлцээгээ хийж, барилга байгууламжаа бариад 2019-2020 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Газрын тосны олборлолт 1.5 сая тонноос давах, үйлдвэр ашиглалтад орох хугацааг ингэж тааруулах нь зүйтэй. Монголд чанарын шаардлага хангахуйц, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл эрхлэхэд хүрэлцэхүйц нефтийн нөөц илэрсэн. Өөрөөр хэлбэл, бүх нөөц боломж бүрдсэн гэсэн үг. Одоо ашиглах л үлдээд байна. Манайх нийт 200 сая тонн газрын тосны нөөц бүртгээд байгаа.
Энэ бол дор хаяж 30 жил ашиглах нөөц юм. Өнгөрсөн хугацаанд 15 аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эхлүүлсэн. Түүх сөхвөл өнгөрсөн жилүүдэд Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Сайншанд, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьжээ. Гэвч нэг нь ч “амьдраагүй”. Үнэндээ амьдрах ч нөхцөл боломж бүрдээгүй байв. Тэдгээр төсөл бүгд ОХУ-аас түүхий тос авч, Монголд боловсруулах зорилт тавьж байлаа. Түүхий эд авах хамгийн боломжит хувилбар нь хойд хөрш байсан. Гэвч хойд хөршийн олборлогчид газрын тосоо олон жил найдвартай нийлүүлж чадна гэж амлахгүй байв. Нефть нэрэх үйлдвэр барихад дор хаяж 20 жил ашиглах түүхий эдийн нөөцтэй байх шаардлагатай гэдэг.
Тэдэнд шатахуун үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл байсан ч түүхий эд олдоогүй хэрэг. Ер нь ОХУ-аас газрын тос, шатахуун авах хоёр зарчмын том ялгаагүй юм. Адилхан л хараат байдалд байна. Харин өөрийнхөө тосыг нэрж, шатахуунаа үйлдвэрлэх нь өөр хэрэг. Иймээс л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн газрын тос боловсруулах үйлдвэрээ дотоодынхоо түүхий эдэд тулгуурлаж барь гэж зааварчлаад байгаа юм. Эцсийн бүлэгт энэ хамгийн зөв шийдэл. Шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. ОХУ шатахуун нийлүүлэхгүй бол манай улсын эдийн засаг нурж унана. Өөрийн үйлдвэртэй болох нь эдийн засгийн “үл унтрах” хөдөлгүүртэй болсонтой утга нэг. Монголд газрын тос боловсруулах 15 үйлдвэр хэрэггүй.
Ганц үйлдвэртэй байхад хангалттай. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх өрсөлдөөн нэлээд ширүүн өрнөж мэдэх юм. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад шударга өрсөлдөх зарчим бүрдүүлэх шаардлага төрд бий. Мөн шалгарсан аж ахуйн нэгжид газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг даатгаад орхивол бараг хэрэгжүүлж чадахгүй байх магадлалтай. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр барихад төрийн оролцоо чухал. Хувийн хэвшлийнхнээр хөрөнгийг гаргуулж, санхүүгийн эрсдэлийг нь үүрүүлээд, төр түүхий эдээр тогтмол хангах, зах зээлийг нь хамгаалах зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн үйлдвэрээ хаана барих, ямар технологи сонгохыг нь ч зааварчилж болно.
Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барих тухай тогтоол баталсан сурагтай. Гүйцэтгэх засаглал анх удаа нефть боловсруулах үйлдвэр барихад дорвитой анхаарсан нь энэ. Тус тогтоолоор нефть боловсруулах үйлдвэр хэрхэн байгуулах арга зам, чиглэлийг тогтоосон байна. Шатахуунаа үйлдвэрлэх нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхээс гадна эдийн засаг, санхүүгийн орчинд үлэмж эерэг нөлөөтэй. Манай улс өнгөрсөн жилд 1.5 тэрбум ам.доллараар гадаадаас шатахуун худалдаж авчээ.
Энэ бол Монголбанкны өнөөгийн цэвэр албан нөөцөөс ч их валют. Шатахуун худалдаж авахаар гадаад руу “нүүлгэдэг” байсан валют дотоодод шингэвэл ам.долларын ханш тогтворжино. Монгол Улсын валютын нөөц зузаарна. Нефть нэрэх үйлдвэрийг дагаад химийн үйлдвэрлэл хөгжинө. Ингэхээр Монголын эдийн засагт нефть-химийн үйлдвэрлэл гэх шинэ салбар үүсэж, ажлын байр нэмэгдэнэ. Ийм л ид шидтэй нэг үйлдвэрийг барих нөөц боломж нэгэнт бүрджээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлснээр “Одоо л эхлэх цаг” болсон байна.
Т.ЭНХБАТ