Энэ удаагийн Уншигч-сурвалжлагчаар Чимэдийн Алагсай ажиллалаа. МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч түүнийг “Ирвэст уул”, “Аргалийн дууль”, “Тахийн ус”, “Суман зээрд”, “Цал мөнгөн Алтай”, “Говийн хун” зэрэг бүтээлээр нь уншигчид андахгүй. Өдгөө нас сүүдэр хэдийнэ ная гарсан Ч.Алагсай гуайтай хамт 1951 онд Багшийн дээдийг төгссөн ангийнхных нь дунд зохиолч, яруу найрагч Лувсандамбын Хуушаан, Мишигийн Цэдэндорж нар байж. Оюутны ширээнээс эхлүүлсэн анд нөхөр хэмээх нандин холбоо амьдралынх нь жар шахам жилийн турш бат бөх оршсоор буй ангийн анд Л.Хуушаантайгаа тэр ярилцлаа.
Өнөө жил 85 насыг зооглосон Л.Хуушаан гуайн намтарт зохиолч, яруу найрагч, орчуулагчаас гадна дипломатч, энхтайвны зүтгэлтэн гэдэг сүрлэг тодотгол хамт бичигддэг. Найзынх нь дүгнэснээр хэзээний л дарга байрын зантай, тэр тавилангаараа ч болсон юм уу, дийлэнхдээ тийм албан тушаал хашиж явсан энэ эрхэм өтөлсөн ч өнөөхөө тавиагүй бололтой. Эхлээд дипломат албаны шугамаар, дараа нь энхтайвны ажлаар гээд социализмын үед гадаадад хамгийн олон удаа хөл тавьсан хүн гэгддэг Л.Хуушаан гуай үе үе нөхөртөө “ингэ, тэг” хэмээн зааварлаж байв. Гэхдээ арван хэдхэн настай алиа багаасаа зан зангаа авалцсан болохоор хоёр буурлын яриа жирийн нэг “дарга”, “цэрэг” хоёрынхоос хавьгүй илүү амттай, бас халуун амьтай болов.
-Бид хоёрын үерхэл нөхөрлөл Багшийн сургуулийн нэг ангид орж байсан 1940-өөд оноос эхтэй. Тэр үеийн Монголын бүх салбарын сэхээтнүүдийг бэлтгэдэг манай сургууль их нэр хүндтэй ч байж.
Агаар буданг нэвтлэн гийгүүлэгч
Алтан нарны тунгалаг туяа
Ардын багш нарыг бэлтгэн гаргагч
Агуу мандмал Багшийн сургууль... гэж Дондогийн Цэвэгмидийн бичсэн дуу байдаг шүү дээ.
Бид хоёулаа хөдөөнөөс орж ирсэн, арван хэдтэй хөвгүүн. Гэхдээ бас ангийнхан дундаа нэлээд ганган, даргархуу төрхтэй нь чи байсан. Гэндэн бил үү, Амарын сууж байсан гэх дүнзэн байшинд амьдарч асан оюутан ахуй цагийн дурсамжаас юу нь хамгийн тод үлдэж вэ?
-Бага ангийн багшаар хоёр жил ажиллачихаад ирсэн, намын гишүүн хүн чинь тийм байлгүй яах вэ (инээв). 1940-өөд онд хөдөө багш их ховор учраас зургаа, долдугаар анги төгссөн, 16-гаас дээш насны хүүхдүүдийг 45 хоногийн семинарт суулгаад багшлуулдаг байсан. Би ч бас аймагт семинарт сууж, багшлах үнэмлэхээ авчихаад их додигор амьтан байж байтал аав сумаас ирэнгүүтээ “Чи сургуулиа л төгсөхгүй, хүүхдүүдэд юугаа заана гэж багш болж байгаа юм” гэж загнаж билээ. Уг нь би аавыг сурагчийн ширээнээс гэнэт багш болсон хүүгээрээ бахархан баярлах болов уу гэж хүлээж байсан юм. Дээр үеийн хөдөөний хүмүүс тийм айхтар. Бидний оюутан болсон 1949 он гэдэг чинь дайны дараахан учраас юм юм хомс цаг. Оюутны зөвлөлийнхөн хүүхдүүдэд хоолны талон тараана. Хоол нэмүүлж идмээр санагдсан нөхөд гадуур яваа нэгнийхээ талоныг биднээс гуйж авдаг. Манай сургуулийн дотуур байрны тогооч Батаа гэж хятад хүн их ч амттай хоол хийдэг байсан санагддаг юм. Ингэхэд сургуулийн гуулин хөгжмийн дугуйланд явдаг байхад хоёулаа “бужигнуулдаг” байжээ. Нийтийн бүжиг болдог газруудаар очиж, шөнөжин хөгжим тоглож өгдөг. Хааяахан багш таван төгрөг өгвөл учиргүй баярлана.
-Төгсөөд чи багшийнхаа ажлыг тийм ч удаан хийгээгүй байх аа. Нэг мэдсэн чинь Багшийн дээдийн хичээлийн эрхлэгч болчихсон байсан. Сайн дураараа шахуу Дундговь руу явсан хүн яаж тийм хурдан эргээд ирсэн юм бэ?
-Намайг багшийн сургууль төгсөхөд Главлит (Хэвлэл, утга зохиолыг хянах газар)-ын редактороор авах гэсэн юм. Манай ангийн багш Пүрэвээгийн нөхөр тэндхийн эрхлэгч байсан шүү дээ. Тэр үед би шүлэг найраг бичиж эхэлсэн байсан учраас Главлитад орох сонирхолтой. Гэтэл Багшийн сургууль багшаар үлдээнэ гээд болдоггүй. Тэгсэн харин миний сэтгэлт бүсгүй Лхамсүрэнг Дундговь руу хуваарилчихсан байсан. Тэгэхээр нь би “Миний эхнэрийг хотод багшаар үлдээвэл би энд багшилна” гэж гөжүүдэллээ. Гэвч дараа жилээс нааш боломжгүй гэхээр нь Лхамсүрэнгээ дагаад Дундговь руу явж билээ. Тэнд хагас жил гаруй л багшилсан даа. Найз нар ч “Хотод чамд ажил мундахгүй олдох байтал хөдөө хэр удаан ингэж байх юм бэ. Аягүй бол дараа жил ч чамайг энд чинь хуваарилна даа” гэдэг байлаа. Тэгээд өвлийн амралтаар хот руу биеэ үзүүлэх гэж ирээд, эмчийг гуйж байгаад хамар, хоолойгоо эмчлүүлэх хугацаагаа сунгуулж, тэр хооронд Багшийн дээдийн оройн анги хариуцсан хичээлийн туслах эрхлэгчээр томилогдсон хэрэг. Удалгүй энэ албан тушаал маань надад их тус болж, Гайтав, Норолхой зэрэг шавийнхаа буянаар МУИС-ийн Эвлэлийн хорооны даргаар сонгогдож ажилласан даа. Тэд намайг Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга Ядамсүрэн гуайд санал болгосон юм билээ.
-Ер нь чи ажил, албан тушаалын хувьд байнга л дээшээ өгсөөд явсан байдаг. Их ч сэргэлэн хүү байсан даа. Нэг сонсох нь ээ, тэр үеийн сайд, дарга нарын хүүхдүүд л явдаг Москвагийн Олон улсын харилцааны сургуульд сурах болчихсон байсан. Тэгэхэд яаж сонгогдож байв?
-Цэдэнбал дарга нэг удаа “Сайд, дарга нар дандаа л өөрсдийнхөө хүүхдийг Олон улсын харилцааны сургуульд явуулах юм. Яагаад ганц ч гэсэн малчны хүүхэд тэнд сурч болдоггүй юм бэ” гэж хэлсэн гэдэг. Тэр үг ч нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр төгссөн сургууль, хашиж байгаа албан тушаал маань ч нөлөөлсөн болов уу. МУИС-ийн Эвлэлийн хорооны дарга гэдэг нэр хүндтэй ажил байлаа. Нэг зун Лхүндэв гээд, Багшийн сургуулийн багш найзтайгаа талбай дээр таарсан юм. Мань хүн урьд жил нь Олон улсын харилцааны сургууль төгсөөд ирсэн байсан. Түүнээс сургуулийнх нь талаар асуутал жигтэйхэн сайхан нэр хүндтэй, Оросын томчуудын хүүхдүүд суралцдаг, цаашид ажил, албан тушаал ахиж дэвших сонирхолтой хүмүүст яг тохирох газар гэж хэлсэн. Тэгэхээр нь аз сориод үзье гэж шийдээд, Гадаад харилцааны яамны Боловсон хүчин дээр очиж, материалаа өглөө. Боловсон хүчний дарга Дэмиддагва гуай сайддаа миний үнэмлэх, бусад материалыг үзүүлээд ирэхдээ “Сайд чамайг бүртгэж ав гэлээ. Одоо энэ анкетыг бөглө” гэсэн. Тийнхүү 1954 онд Москвагийн Олон улсын харилцааны сургуульд явж билээ.
-Москвад оюутан байх үеийнхээ дурсамжаас хуваалцаач. Ирээдүйн дипломат албаны хүмүүс учраас их дэгтэй байдаг байсан уу?
-Дайны хор уршиг тийм ч хурдан арилдаггүй болохоор оросуудын амьдрал тааруу байсан л даа. Гэхдээ Москвад юм бүхэн байна. Үнэ ч харьцангуй хямд. Тэгсэн хэрнээ л ресторанд ордог хүн ховор байлаа. Харин монгол оюутнууд байн байн орчихно. Учрыг нь чи мэднэ дээ. Монголчууд эндээс савхин дээл аваачиж дамлан зардаг байсан шүү дээ. Монголд 250 орчим төгрөгийн үнэтэй савхин дээлийг Москвад аваачаад 1000-1400 рублиэр зарна. Сардаа 50 рублийн цалинтай бид тийм их мөнгөөр ёстой л тансаглаж байгаа юм. Ихэнхдээ “Бээжин” хэмээх хятад ресторанд ордог. Онгирохоороо Оросын томчуудын үйлчлүүлдэг томоохон ресторанаар орно. Оюутан цаг тийм л гэмгүй, дэггүй байдаг шүү дээ.
-Дундговиос ирэхдээ нөгөө Лхамсүрэнгээ орхиод ирсэн үү?
-Эхэндээ ч орхиод ирсэн л дээ. Гэхдээ удалг үй Багшийн сургуулийн захирал Машлай гуай дээр орж, “Манай гэр бүлийн хүн Дундговьд багшилж байгаа. Зун хичээл тарахаар нь манай хүнийг л хот руу татаад өгөөрэй” гэж аминчлан захилаа. Машлай гуай урьд нь Гэгээрлийн яамны сайд байсан учраас “Түүн шиг амархан юм байхгүй” гэсэн. Тэгээд зун нь хичээл тарангуут би гэдэг хүн Гэгээрлийн яамнаас яриулчихсан том амьтан очиж, Лхамсүрэнгээ авчраад, нийслэлийн II сургуульд оруулж билээ (инээв).
-Чи нээрээ хар залуугаасаа албан тушаалаа айхтар ашиглаж, дарга нарын арга эвийг сайн олдог байжээ. Одоогийн хүмүүс дуулаад буруугаар ойлгож мэдэхээр байна. Гэхдээ бидний үед үнэхээр эрдэм чадалтай, үнэнчээр хөдөлмөрлөсөн, бас овсгоотой хүнд боломж нээлттэй байжээ гэж боддог юм.
-Тийм ээ. Одоогийнхоор бол би “ногоон гэрлээр” асуудлыг шийдүүлдэг хүн гээд албан тушаалын авлигын хэрэгтэн болж харагдаж мэдэх байх шүү (инээв). Тэр үеийн нэг сайхан тал нь үнэхээр чадвартай хүнийг үнэлдэг байсан юм. Над шиг жирийн малчны хүүхэд Олон улсын харилцааны сургууль төгсөж ирээд, Гадаад харилцааны яаманд хэдхэн сар ажиллангуутаа хагас жилийн дараа Монголын Элчин сайдын яамны атташе болоод Москвад буцаж очно гэдэг зүүдэнд оромгүй явдал. Атташе бол дипломат албаны хамгийн доод цол шүү дээ. Хүн хичээвэл болдог л юм билээ. Даанч би жаахан билэг танхай, дураараа байсан гэмтэй. Нэг удаа албан ёсны хүлээн авалтын үеэр би нэлээд халамцаад, ширээ шааж босонгуутаа “Энэ дипломатын алба чинь заваан эд юм байна” гээд аваад хаячихав. Тэр үед Доржпалам багш маань А.М.Горькийн сургуульд сурах, бас давхар сурвалжлагч хийхээр очсон байсан юм билээ. Тэгээд багш намайг тэндээс авч гараад маргааш нь баахан ухуулга хийсэн дээ. “Чи зохиолч хүн шиг ажиллаад байна. Дипломат албаны хүн бол огт өөр байх ёстой. Дипломатч хүн байнга амаа хавчиж, үг, үйлдэл бүхнээ цэнэх хэрэгтэй” гэж багш зэмлэхэд л би их зүйл ухаарсан. Дэг журамд дургүй надад байнга нэгнээ тагнаж, чагнадаг, ялимгүй хазгай гишгэхийг андахгүй өөлдөг дипломат алба таалагдаагүй хэрэг л дээ (инээв).
-Тэр цагаас хойш томоожсон уу?
-Тэгсэн. Гэхдээ бас матаас тасраагүй ээ. Олон улсын харилцааны сургуулиа төгсөөд удалгүй буцаад атташегаар очсон учраас тэндхийн оюутнууд намайг сайн танина. Монгол, орос оюутнууд манайхаар их орж, гарч, тоглож нааддаг байсан юм. Гэтэл энэ тухай манай Элчин сайдын чихэнд хүрчихэж. Харин ч Лувсан гуай сайн хүн байсан тулдаа намайг дуудаад, “Танайхаар орж, гардаг оюутнуудын дунд чамд сэтгэлтэй хүн байж л байгаа. Чи ч бас энэ бүсгүйтэй гэр бүл болбол болчихъё гэсэн хүнтэй л биз. Түүнтэйгээ даруйхан гэр бүлээ батлуул. Тэгвэл эхнэрийн чинь материалыг Гадаад харилцааны яам руу явуулж, дипломат паспорт гаргуулъя. Тэгээд албан ёсны хүлээн авалтад эхнэрээ дагуулж очиж бай” гэж зөвлөлөө дөө. “Элчин сайд ингэж хэлж байгаа юм чинь асуудал нэлээд ноцтой бололтой. Монгол руу энэ тухай хэл хүрчихээс нь өмнө байдлыг намжааж, нэг шийдэлд хүрье” гээд одоогийн энэ эхнэр Эрдэнэсанаатайгаа гэр бүлээ батлуулж байлаа. Манай хүн тэгэхэд Гадаад хэлний дээд сургуульд сурч байсан юм. Хожим намайг Польшт Элчин сайдын хоёрдугаар нарийн бичгийн даргаар очиход Доржпалам багш маань “Чам шиг ил цагаан үгтэй хүн тэнд очоод зажлуулна даа. Дэмий байсан юм” гэж байсан нь ёсоор болж, жил гаруйн дараа үнэхээр л “зажлуулсан” даа (инээв). Намайг Польшоос татагдаад ирэхэд Ю.Цэдэнбал гуай “Чамайг төрийн дипломатаас ардын дипломатад шилжүүллээ шүү” гээд Гадаад харилцааны яаманд Адилбиш гуайн мэдэлд өгч билээ. Тийнхүү би Энхтайван найрамдлын байгууллагад ороод, тасралтгүй 37 жил ажилласан.
-Багшийн дээдийн оюутан байхаасаа уран зохиол оролдож эхэлснийг чинь мэдэх юм. Энэ хугацаанд хэр олон зохиол бүтээл туурвив?
-“Би ер нь зохиолч болж чадах юм байна” гэдэг хөөргөн бодол анх төрсөн үеэ дурсмаар санагдлаа. Биднийг Багшийн дээдийн хоёрдугаар курст байхад Үйлдвэрчний төв зөвлөлөөс “Хүүхдүүд энх тайвны төлөө” гэсэн нэртэй уралдаан зарласан юм. Тэр уралдаанд би “Энх тайвны гэр бүл” гэдэг өгүүллэг, бас хэдэн шүлэг бичээд явууллаа. Тэгээд юу болсныг ч бүү мэд, хэсэг таг чиг байв. Хавар сургууль тарах дөхлөө. Гэтэл нэг өдөр манай сургуулийн оюутан “Их дэлгүүрийн номын тасагт чиний “Энх тайвны гэр бүл” гэдэг өгүүллэгийн ном зарагдаж байна лээ” гэдэг юм байна. Гайхаад хар хурдаараа гүйгээд очтол нээрээ миний өнөөх өгүүллэгээр нимгэн ном хэвлүүлчихсэн байсан. Хажууд нь бас “Багачууд энх тайвны төлөө” гэдэг шүлгийн номонд хэдэн бүтээл минь орчихож. Тэр хоёр номоос хэдийг худалдаж аваад, өөрийгөө зохиолч болох нь гээд бөөн баяр болж билээ. Намайг утга зохиолд дурлуулсан хүн бол “Пионерын үнэн” сонины Утга зохиолын нарийн бичгийн дарга Ц.Гайтав. Сониндоо миний хоёр шүлгийг хэвлүүлж өгснөөр зохиолч болох хүслийн галыг минь бүр ч өрдсөн дөө. М.Цэдэндорж маань хөдөөнөөс шилжиж ирээд манайд амьдардаг байлаа. Тэр үед Д.Сэнгээ гуайтай танилцаж, мань хүн М.Цэдэндорж бид хоёрыг дагуулан, шүлэг найргийг минь засаж, “Та хоёрыг А.М.Горькийн сургуульд заавал явуулна” гэж хурцалдаг байсансан. Сүүлд Д.Сэнгээ гуай Зохиолчдын хорооны дарга болоод намайг 32 дахь гишүүнээрээ элсүүлсэн ч хойно сурч байхад минь “Хуушаан шүлэг зохиол бичихгүй байна” гээд хасаж байсан удаатай. Харин дараа нь С.Удвал гуайн гараас би Зохиолчдын хорооны 66 дахь гишүүний үнэмлэхээ гардаж байлаа. Өнгөрсөн хугацаанд би гэдэг хүн олон биш ч, цөөнгүй юм бичсэн. Одоо ч шүлгээ бичиж байгаа. Гэхдээ хороогоор орж, гардаггүй, хурал цуглаанд нь очдоггүй. Зохиолчидтой нийлээд дарвиж явсан нь үгүй. Гадаад харилцааны яамны албан ажилтан энд тэнд наргиж цэнгээд явж байх нь зохимжгүй учраас ажлын шаардлагаар тэгж хөндийрсөн тал бий. Үүнээсээ болж хавчигдаж явсан нь ч бий. Би “Болор цом” наадамд олон жил шүлгээ өгсөн ч нэг удаа ч тайзнаа гарч үзээгүй.
-Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгийг Хуушаанд арай л хожуу өгөв үү дээ гэж би боддог юм. Гадаад ертөнцөд олон жил Монголыг сурталчилсныг чинь бодсон ч тэр. Гэвч өөрөө энэ талаар юу гэж боддог вэ?
-Шагнал урамшуулал яах вэ, цагаа олохдоо олно, олохгүйдээ олохгүй л байдаг шүү дээ. Тэртээ тэргүй миний хөдөлмөрийг Дэлхийн энх тайвны зөвлөл үнэлж, дээд шагналаа өгсөн. Ю.Цэдэнбал, С.Удвал, Д.Цэвэгмид гуайнхаа шагнуулж байсан тэрхүү алтан медалийг хүртсэндээ би баярлаж явдаг. Бас Орос, Герман, Болгар гээд олон орны Энхтайвны төлөө шагналыг авсан хүн шүү дээ, би.
-Чиний хувьд зөвхөн зохиол бичээд зогсоогүй, англи, орос хэлнээс маш олон бүтээл орчуулсан шүү дээ. Английн сонгодог зохиолч Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь”-ыг орчуулсныг тань сонсоод мань хүн номоо олж авахаар Монголд ирж байсан. Би Жеймс Олдрижид номыг нь олж өгөхийн тулд Улаанбаатарын бараг бүх номын сангаар хайж, эцэст нь хэвлэлийн компанийн агуулахад цөөн тоогоор байсныг худалдаж авч билээ. Гэхдээ тэдгээрийг ч бас гадаад, дотоод руу илгээхээр хуваарилчихсан байсан учраас би тэдэнд бараг л “доллар өгье” гэх нь холгүй юм болж гуйсан даа. “Гайхамшигт монгол морь” номыг арав гаруй мянган хувь хэвлэсэн ч гадаад, дотоодод маш хурдан зарагдаад дууссаныг санаж байна.
-Москвад болсон Энхтайвны нэг арга хэмжээн дээр Удвал гуай намайг Жеймс Олдрижтэй анх танилцуулж билээ. Тэр үед намайг орчуулга хийдгийг Удвал гуайгаас дуулаад, “Би Монголын тухай ном бичсэн. Та түүнийг орчуулж өгч чадах уу” гэсэн юм. Тэгэхээр нь би түүнд “Чадалгүй яах вэ. Лондонд манай найз Цэрэндондов гэдэг хүн Элчин сайдаар сууж байгаа. Түүнд та номоо өгчихөөрэй” гээд л өнгөрсөн. Гэтэл удалгүй найзаас минь “Mablish mongolian” нөгөө ном ирсэн дээ. Европоос эх нутагтаа гүйж ирсэн монгол морины тухай өгүүлдэг сайхан бүтээл хэд дахин хэвлэгдсэн шүү. Хулгайгаар хүртэл хэвлэгдэж байлаа. Английн зохиолч Киплингийн “Зааны тугал” гэдэг ном мөн л эцэг, эхчүүд, хүүхдүүдийн сонирхлыг их татсан. Үүнийг одоо дахиад хэвлүүлэх санаа байна. Энэ мэтээр олон юм бий. Сүүлд С.Маршакийн “Арван хоёр сар” жүжгийг орчуулсан.
Л.ГАНЧИМЭГ