Таван жилийн өмнө буюу 2009 оны зургадугаар сард “Хүний хөгжил” сангийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар “Хүний хөгжил” сангийн дэргэд, стратегийн орд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, ногдол ашгийг нь иргэддээ тэгш хуваарилах зорилго бүхий үндэсний компани байгуулахаар хуульчилсан. Үүний дагуу стратегийн орд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж буй бүх компанийг нэгтгэсэн “Эрдэнэс МГЛ” компани байгуулсан билээ. Одоогоор түүний мэдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 хувь, Оюутолгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 100 хувь, “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн 75 хувь, “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Оюутолгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын 51 хувь зэрэг, Монголын стратегийн ордыг эзэмшигч компаниуд бий.
Цаашлаад стратегийн үлдсэн ордуудыг эзэмшиж буй компаниуд “Эрдэнэс МГЛ”-д нэгдэнэ. Уг нь дээрх хуулиар Монголын иргэн бүр баялагаасаа хувь авч, үр шимийг нь хүртэх сайхан ирээдүй бий болох нөхцөл бүрдсэн. Харамсалтай нь зургаан жилийн өмнө баталсан энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй, царцаастай байна. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнхний бэлэн болгосон, хамгийн ойрын хүлээлт үүсгээд байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахыг УИХ хэрэв зөвшөөрвөл хөрөнгө оруулагч консорциумын эхний ээлжийн урьдчилгаанаас орж ирэх мөнгөнөөс иргэн бүрт 100 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтойгоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн.
Эдийн засаг хүндрэлтэй, ард түмний амьдралд зуу мянга байтугай арван мянган төгрөг ч хэрэгтэй байгаа үед сайхан л мэдээ. Санхүүгийн зах зээл идэвхжихэд ч хэрэгтэй. Гэвч Тавантолгойн төслөөс орж ирэх мөнгийг өнөө маргаашийг аргацааж, тайвшруулах төдийгөөр дахин бэлнээр тараавал 21 мянгын алдаагаа давтах нь гэсэн болгоомжлол эдийн засагчдад байна. Хэрэв Ерөнхий сайдын энэ санал дэмжигдвэл нийт 1.8 сая хувьцаа эзэмшигчийн 180 тэрбум төгрөг ногдол ашиг хэлбэрээр төвлөрөх нь. Нэг хүнд 100 мянган төгрөг ногдож буй нь айл өрхийн хэсэг хугацааны амьжиргаанд мэдээж өгөөжөө өгнө. Харин улс орны эдийн засагт үр өгөөжтэй байж чадах уу? Анх 21 мянган төгрөгийн хувь хишиг тарааж байхад өнөөдрийнх шиг өрийн дарамтад орно гэдгийг ард түмэн тооцоолоо ч үгүй, мэдээ ч үгүй.
Баялгийнхаа хувийг хүртэж, баян арабууд шиг сар бүр бэлэн мөнгө хүртээд ажил хийхгүй амар тайван амьдрах нь хэмээн баярхацгааж байлаа. Гэтэл 350 сая ам.доллар буюу дунджаар 600 гаруй тэрбум төгрөгийг өсгөж үржүүлэх нь байтугай үр бүтээлтэй юунд зарцуулснаа ч мэдэхгүйгээр хувааж идсэн. “Гэнэт идэх гэдсэнд халтай” гэдэг шиг хэдэн үеэрээ төлж дийлэхгүй их өрийн үүдийг нээсэн. Үүнд ард түмэн буруугүй л дээ. Бид ямар бэлэн мөнгө авья гэж төр, засгаа шахаж шаардсан биш. Эрх барьж байгаа эрхэм улстөрчид л өөрсдөө мөнгө тараасан шүү дээ. Гэвч үүний горыг өнөөдөр улстөрчид биш ард түмэн л амсаж, бүсэлхийгээ тасартал бүсээ чангалж байна. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. Олны хүч оломгүй далай гэдэг шиг 1.8 сая хувьцаа эзэмшигч бүр 100 мянган төгрөгөө бэлнээр авахаас нэг удаа татгалзаж чадвал 180 тэрбум төгрөгөөр юу хийж бүтээж бас яаж өсгөж үржүүлж болох вэ? Монголын үрс маш олон болж байна.
Гэтэл тэднийгээ сургах цэцэрлэг, сургуульгүй, төрөх эмнэлэг нь хүрэлцдэггүй Монголд 180 тэрбум төгрөгөөр энэ бүх асуудлаа шийдэх боломж бүрэн бий. 1000 хүүхдийн сургуулийг гурван тэрбум орчим төгрөгөөр барьж байгуулна гэж улсын төсөвт тооцсон байдаг юм билээ. Үүгээр тооцвол 60 сургууль барих нь. Харин “Бороо гоулд” компани Нэгдүгээр амаржих газрыг 10 тэрбум төгрөгөөр өргөтгөсөн гэдэг. Энэ жишгээр үнэлбэл, бид 60 сургууль, 18 төрөх эмнэлэг бас 100 гаруй цэцэрлэг байгуулж болохоор байна. Ганц ганцаараа 100 мянган төгрөг авч байхаар нийлүүлээд бүтээн байгуулалтад зарцуулбал бид үр хүүхдүүддээ өр биш өсөж үржих ирээдүй бэлэглэхгүй гэж үү? Ийм боломж тэр бүр тохиохгүй.
Тэр тусмаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын консорциумын 51 хувийг үндэсний компани эзэмшиж буй нь бидэнд том боломж болж байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлснээр, Тавантолгойн 1072 хувьцаа бол 1.8 сая хүний нэр дээр л бичигдсэнээс биш өөр хоорондоо арилжаалагддаггүй, зах зээлийн утгаар авч үзвэл үхмэл хувьцаа. Ийм хувьцаанд Засгийн газраас 180 тэрбум төгрөгийн ашиг ногдуулах гэж байгаа нь зах зээлийн зарчмаас гадуур, хүчээр үнэд оруулж буй алхам юм. Тавантолгой ашиггүй ажиллаж байж юун ногдол ашиг, хаана байгаа “Тусгай сан”-д мөнгө төвлөрүүлэх гээд байгаа юм бэ гэсэн шүүмжлэл ч гарахаас аргагүй. Үндсэн хуулийн “Газрын дорх баялаг бүх ард түмний өмч” гэсэн заалтаар монголчууд бид ганц Тавантолгойд биш стратегийн бүх ордын хувьцааг эзэмших боломжтой.
Гэтэл өнөөдрийг хүртэл ард түмэн Тавантолгойн 1072 хувьцаанаас өөрөөр стратегийн ордуудад ямар ч хувь эзэмшилгүй хэвээр байна. Цаашид энэ хэвээрээ байх уу? Ерөнхий сайд 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг судлан шийдэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс ганц Тавантолгойн хувьцаанаас гадна ард түмнийг цаашид стратегийн бүх ордыг нэгтгэсэн “Эрдэнэс МГЛ”-ын хувьцаа эзэмшигч болгон шат ахиулах ажлыг эхлүүлэхэд төрийн нэгдсэн бодлого, менежмэнт одоо хэрэгтэй байна. Энэ бол төрийн үүрэг. Төр энэ ажлыг нэгтгэн зангидаж, хариуцаж чадахгүй байгаагаас Тавантолгой мэтийн том ордуудаас орж ирэх мөнгийг улс төрийн нам, эсвэл эрх барьж буй улстөрчид бэлэн мөнгөний амлалт хэлбэрээр тараадаг жишиг тогтож байна.
Үүнийг таслан зогсоохын тулд яах вэ? Цаашид ард түмэн “Эрдэнэс МГЛ”-ийн хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд ногдол ашгийг “Тусгай сан”-д төвлөрүүлэн хурааж, хуримтлуулж, өсгөж үржүүлж зах зээлийн зарчмаар баялгаа тэгш хуваарилж улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Эрдэс баялгаас олсон орлогоо сангаар дамжуулан иргэдтэйгээ хуваалцдаг бусад орны жишиг, сайн туршлага бий. Норвегийн Тэтгэврийн сан, Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорац, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газар, Оросын Үндэсний халамжийн сан, Австралийн Ирээдүйн сан гээд байгалийнхаа баялгийг ард түмэндээ хүртээмжтэй хүртээх шийдэл олж, зөв гольдролоор авч явж байгаа олон улс орон байна.
Тэд биднээс ялгаатай нь эрдэс баялгаасаа олсон орлогоо өнөө маргаашийн хоолны мөнгөнд бэлнээр нь тараадаггүй. Харин үр өгөөжийг нь он удаан жил хүртээмжтэй байлгахын тулд том бүтээн байгуулалтад эсвэл гадна, дотнын гэлтгүй аль ашигтай салбарт зөв менежменттэйгээр хөрөнгө оруулах замаар байнга арвижуулдаг. Тиймээс манай төр, засгийн удирдлагууд “Эрдэнэс МГЛ” компанийг жинхэнэ утгаар нь ард түмний хувьцаат компани болгож, төрийн зөв бодлого, менежмэнтээр ажиллуулж чадвал Монголын “мөнгөний авдар” нь эрдэс баялгийн “Тусгай сан” байх бүрэн боломж байна. Ялангуяа “хоёр толгой”-гоо эргэлтэд оруулж буй энэ үед “Хүний хөгжил” сангийн хууль, “Эрдэнэс МГЛ”-ийг байгуулсан анхны зорилгоо эргэн санаж, баялгийн хуваарилалтаа зах зээлийн сонгодог жишиг, зарчмаар нь хэрэгжүүлэхгүй бол бэлэн мөнгө тараадаг явдал бидний үеэр дуусахгүй нь байна шүү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ