Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатартай Монголд хэрэгжиж буй усан цахилгаан станцын төслүүдийн талаар ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар сарын өмнө “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ төсөл явц ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-“Эгийн голын усан цахилгаан станц” Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аятай тухтай амьдрал, Монголын үйлдвэрлэлийн хөгжил, эрчим хүчний тогтвортой нөхцөлийг хангасан, чухал ач холбогдолтой төсөл. Энэ талаар бид 2005 оноос ярьж эхэлсэн. Тухайн үед хөрөнгийн асуудал, улс төрийн хүрээн дэх үл ойлголцлоос болоод төсөл хойшлогдсон. Уг нь 2012 онд ашиглалтад орчихсон байх ёстой станц. Бид хугацаа их алдсан. Энэ станцыг барихдаа усыг хааж боогоод ч юм уу, урсгахгүй болгох гээд байгаа хэрэг биш. Урсаж байгаа усыг замд нь “ажил хийлгээд”, цахилгаан эрчим хүч, бүтээгдэхүүн болгох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлийгээс гарч байгаа усыг гадагш нь урсгахаасаа өмнө цахилгаан эрчим хүч болгох зорилготой. Усны энерги маш хямд. Анх барих өртөг нь өндөр боловч кВт-ынх нь үнэ хямд. Тэгэхээр нэгдүгээрт, үнийн өсөлтийг бууруулах боломжтой. ОХУ-аас импортын эрчим хүчийг яагаад өндөр үнээр аваад байна гэхээр эрчим хүчний системийн оройн цагийн ачаалал, шөнийн бага ачаалал хоорондын хэлбэлзэл нь 300 мВт байдаг. Энэ хэлбэлзлийн зөрүүг хаахын тулд цахилгаанаа өндөр үнээр өгөөд, манайд кВтын үнэ нь өсөөд байгаа юм. Өнөөдөр нэг кВт эрчим хүчний үнэ 190-200 төгрөг байгаа. Бид ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид усаа ОХУ руу зүгээр л гаргаад явуулчихдаг. Хэрэв усаа эрчим хүч болгож хувиргавал манай системийн тогтвортой байдал сайжирч, гаднын улсуудаас хараат байдал арилах юм. Салхин парк гээд сэргээгдэх эрчим хүчийг бид хөгжүүлж байна. Салхин парк хэвийн ажиллаж байснаа гэнэт салхигүй болохоор зогсчихдог. Тэрийг энэ усан цахилгаан станц нөхөж өгдөг байхгүй юу. Аль алинаа нөхсөн ийм тохируулгын горим байдаг учраас усан цахилгаан станц үнэхээр хэрэгтэй.
-Шүрэнгийн усан цахилгаан станцыг бариулахгүй гэж оросууд хүчтэй эсэргүүцэл үзүүлээд байгаа. Байгаль экологид үнэхээр халтай учраас тэд ингэж анхааруулаад байгаа юм биш үү?
-Саяхан ОХУ-ын Байгалийн нөөцийн дэд сайд Левин Сергей Романович 20 төлөөлөгчтэйгээ ирж, Монголын талаас манай БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлс үхээр ахлуулсан 16 хүн бүгд сууж байгаад ярилцсан. Эгийн гол Хөвсгөл, Эгийн сав газар байрладаг учраас манай мэдлийн юм. Тиймээс энэ бол манай асуудал. Шүрэнтэй огт хамаа байхгүй гэсэн. Тэд “Манай зөвшөөрөлгүйгээр та нар Шүрэнгийн усан цахилгаан станц барих эрх зүйн үндэс байхгүй, ЮНЕСКО-д бүртгэгдсэн Байгал нуурын экологийн тэнцвэрийг алдагдуулна, сөргөөр нөлөөлнө” гэж хэлж байна лээ. Бид яг барьчихаагүй шүү дээ. Барих шийдвэр ч гараагүй. Энэ станцыг баривал яах вэ гэсэн ТЭЗҮ-ийг л хийлгэх гэж байгаа юм. ТЭЗҮ-ээ гаргаад, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсний дараа үнэхээр дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурт сөргөөр нөлөөлөх нь үү, үгүй юү гэдэг нь тодорхой болно. Тэгээгүй байхад ингэж хандах нь арай бүдүүлэг асуудал л даа. Үүнийгээ бид ойлголцоод, харилцан ярилцаад мэдээллээ сайн өгөлцье, ТЭЗҮ- ээ эхлээд хийлгэе, Оросын талд танилцуулъя гэж тохиролцсон. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ асуудлаа ярья гэж хэлж байгаа. Яг үнэндээ монголчууд усгүй ард түмэн. Ийм учраас нэг улсад байгаа гол нуурыг бүрэн бүтэн байлгахын төлөө манай ард түмэн хатаж үхэх ёсгүй. Бид өөрийн усаа нуур болгож, хүрээлэн буй орчныг нь ногооруулж яагаад болохгүй гэж. Шаардлагатай бол бид ундны усандаа хэрэглэх ёстой шүү дээ. ОХУ-ын ингэж хандаж байгааг манай дотоод ажилд бүдүүлгээр оролцсон алхам гэж үзэж байна.
-Одоо Эгийн станц дээр юу хүлээгдээд байна?
-Эгийн голын усан цахилгаан станц 270-аад мВт-ын хүчин чадалтай. Бид ТЭЗҮ-ээ гаргачихсан, хөрөнгө оруулалтаа босгоод бүтээн байгуулалтын ажлаа эхэлж, гэрээ хэлцлүүдээ хийх бүх нөхцөлийг нь бүрдүүлж, идэвхтэй ажиллаж байгаа. Үүнийг даруйхан барьчихвал Монгол Улсын эрчим хүчний систем болоод үйлдвэрлэлийн хөгжилд маш том түлхэц болж, цаашдаа сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон хөгжил рүү явах боломжийг нь нээж өгөх юм. Баригдталаа таван жил болно. Нэг зүйл хэлэхэд энэ асуудалд манайхан, зарим төрийн бус байгууллагынхан тун буруу ойлголттой явдаг. Нэг л айхтар санаа зовсон хүмүүс. Өөрсдөө тэгээд хатаж үхэх гээд байгаа юм уу. Хүн санаагүй юмыг гаргаж ирж, шуугиан дэгдээж үймүүлдэг. Монголчууд бид нэгдмэл байр суурьтай байх ёстой.
-Эгийн голын станц Дөргөн, Тайширыг бодвол 20 дахин илүү хүчин чадалтай гэсэн байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Дөргөн, Тайшир чинь 12 мВт шүү дээ. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байхад ямар их шуугиан дэгдэж байлаа. 2005-2008 он гэдэг бол Монголд ган болчихсон жилүүд байсан. Тэр үед бид Завхан голоо усаар дүүргээд авсан. Одоо тэнд хүний гараар бүтсэн том нуур үүсчихсэн. Завхан гол маань хэчнээн сайхан байна. Аливаа юмыг эхлэхэд дандаа саад тулгардаг шүү дээ. Говь-Алтай, Завхан хоёр үнэндээ тэр хоёр станцаар л амьдарч байна. Очсон хүн болгон ийм сайхан бүтээн байгуулалт хийсэн юм уу гэдэг.
-Дөргөн, Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?
-Чадаж байгаа. Баруун бүсээс 37 мВт-ын цахилгаан эрчим хүч авч байгаагийн 7-8 мВт-ыг нь Дөргөний усан цахилгаан станц үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн хэрэглээний 20 орчим хувийг нь Дөргөний станц хангаж байна. Тайширын усан цахилгаан станц Завхан голын түвшнээс ихээхэн хамаардаг. Сүүлийн жилүүдэд бороо ус ихтэй байсан учраас нуур овоо дүүрээд байгаа. Хамаагүй их ус урсгавал нуурын түвшин доошлоод үйлдвэрлэл багасчихна. Хэтэрхий бага устай болчихвол Завхан гол тасрах аюултай. Тэндээс хүн мал бас ундаалж байгаа. Тийм учраас энэ харьцааг нь тохируулаад явдаг. Шаардлагатай үед есөн мВтын хүчин чадлаар ажилладаг. Жирийн үедээ 4-5 мВт-ын хүчин чадлаар явуулаад байгаа.
-Дөргөний станцын загас өнгөрүүлэх суваг гэмтсэнээс болоод тэнд олон тооны загас хашигдчихаад байгаа талаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлсэн. Ер нь усан цахилгаан станцыг загасны амьдрах орчинд халтай, сөрөг нөлөөтэй гэсэн яриа бий?
-Одоогийн бүх станц шинжлэх ухаан, техникийн шийдэлтэй шүү дээ. Тэнд байгаа ургамал, амьтан, загас жараахайг яаж явуулах вэ гэдгийг бүрэн шийдсэн гэсэн үг. БНХАУ усны эрчим хүчээр дэлхийд тэргүүлж байна. Загас бол тэдний хүнсний гол түүхий эд. Усан цахилгаан станц нь үнэхээр загасаа үгүй хийдэг байсан бол төрийн бодлогоос нь гадуур байж таарахгүй. Усан цахилгаан станцад загас явуулах зориулалтын зурвас бий. Оросууд хүртэл үүнийг шийдсэн.
-Ховд гол дээр барих Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ ажил ямар явцтай байгаа вэ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг анх 2007 онд хийсэн. Тэр үед Эгийн голд 220 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станц барина, 350 сая долларын өртөгтэй гэж тооцож байсан юм. Тэгээд Эрдэнэбүрэнгийн 67 мВт-ын станцад 290 орчим сая доллар шаардлагатай гэж үзсэн. Хүчин чадлаараа бага мөртлөө том станц руу дөхсөн өндөр зардалтай, техник, эдийн засгийн хувьд үр ашиг муутай юм байна гээд бид орхичихсон байсан юм. Тэгээд сая шинэчилсэн ТЭЗҮ хийсэн. Үнэ өртгийн хувьд өмнөхөөс нь буулгаад, хүчин чадлыг нь арай жаахан нэмэгдүүлбэл Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах нь бүс нутагтаа хэрэгтэй гэж үзсэн. Одоо хүчин чадал нь 87 мВт болж байгаа. Сая Засгийн газар энэ асуудлыг авч үзээд концессийн гэрээгээр үнийн жагсаалтад оруулж, төслийн нэгж байгуулсан. Бас судалгаа, ТЭЗҮ-ийг нь тодотгосон зүйл дээр ажлыг нь эхлүүлье гэсэн шийдвэр гаргасан.
-Туркийн Засгийн газрын хөрөнгөөр бас Ховд гол дээр усан цахилгаан станц барих байх аа?
-Тийм ээ. Туркийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Баян-Өлгийд Ховд гол дээр усан цахилгаан станц барина. Төслийнхөн ТЭЗҮ-ээ гаргаад манай Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр ороод зөвшөөрөгдчихсөн. Ховд гол дээр Баян-Өлгийд нэг, Эрдэнэбүрэнд нэг станц барих юм. Мөнгөтэй бол яах вэ, хамаа алга. Энэ олон бүтээн байгуулалтын ажил бидэнд, хойч үед өр болж үлдвэл хэцүү. Монголоос мөнгө гарахгүй, зээлээр барина л гэж байгаа юм. Бидний өр нэмэгдээд байвал хэцүү л дээ. Энэ тал дээр манай төр засгийнхан нэгийг бодож байгаа биз ээ. Одоо цахилгаан, эрчим хүч дутагдалтай байгаа энэ үеийг далимдуулаад бүтээн байгуулалт, концессийн гэрээгээр гаднынхан олноороо орж ирэх гэж байна. Монголын хэрэглээ гэтэл тийм ч их биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, 1000 мВт байхад л 2030 он хүртэл явчихна. Тэгтэл өнөөдөр хийе, бүтээе гэж ярьж байгаа бүтээн байгуулалтын тооцоогоор бараг 3000-4000 мВт болчихоод байгаа юм. Ийм тооцоололгүй өчнөөн олон станц бариулчихвал сүүлд нь Монгол Улс өрөнд орно. Тиймээс бид заавал хэрэглээтэй байлгаж, хэрэгцээтэй байршилд нь цөөн тооны, хамгийн бага өртөгтэй станц барьж байгуулах хэрэгтэй байгаа юм.
-Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи уснаас аль нь Монголд илүү тохиромжтой байдаг юм бол. Тийм судалгаа бий юү?
-Салхины болон уламжлалт эрчим хүчний хувьд харьцаа байх ёстой. Нэг хэсэг манайхан бүгдийг салхины эрчим хүчээр хангачихна, энэ станцууд хэрэггүй гэж байсан. Инженер хүний хувьд хэлэхэд түүн шиг худлаа юм байхгүй. Салхин станц өөрөө хувьсамтгай. Байгальдаа л захирагдаж явна. Олон улсын жишгээр, судалгааны үндсэн дээр сүүлийн 10 жилд дунджаар хэр салхитай байсан гэсэн таамаглалаар үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг явуулдаг. Монголд салхи өглөө нэг хэсэг гараад өдөр тийшээ намдаад, үдээс хойш жаахан сэвэлзээд, нар жаргах үед байхгүй болчихдог. Яг нар жаргах үеэр эрчим хүчний ачаалал хамгийн өндөр байдаг. Тэр үед 50 мВт-ын салхин станц зогсчихоор системийн ачаалал дутагдаад, угаасаа энэ нь тулчихсан явж байгаа тохиолдолд өнөө станцууд маань гүйцэд хангаж дийлдэггүй. Тийм учраас салхи, усны эрчим хүчийг нийт системийнхээ хэмжээний суурилагдсан хүчин чадлын 20 хувьд хүргэе, үүн дотроо салхийг 7-8 хувьд нь байлгая гэж зорьж байгаа.
-Нарны эрчим хүчийг яагаад Монголд ашиглахгүй байна вэ?
-Сүүлийн үед манайд харьцангуй их орж ирж байна. Нар салхийг бодвол өдрийн цагт харьцангуй тогтвортой. Тийм учраас манай говийн бүс болон баруун тал руу Говь-Алтай чиглэлд нарны эрчим хүч ашиглаж болно. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй. Бид тийм их мөнгөөр байгуулж чадахгүй. Гаднынхан оруулж ирээд хөрөнгөөрөө байгуулъя гэхээр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээрээ нэг кВт-ыг 0.16 центээр хийхээр 320 орчим төгрөг болчихоод байгаа юм. Гэтэл импортын цахилгаан эрчим хүч кВт нь 200 төгрөгийн үнэтэй. Түүнээс давчихаад байгаа юм. Тэр мөнгийг хэн өгөх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байна гээд ард түмний нуруун дээрх ачааг нэмж болохгүй биз дээ. Тийм учраас үүнийг зохицуулах маягаар л шийдэж явна.
Г.ОЮУНГЭРЭЛ