“Тарьсан мод шигээ урт наслах юмсан” гэж хэлэхтэй нь зэрэгцээд Б.Ажиндай гуайн нүдэнд нулимс цийлэгнэв. Тэрбээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Зүүн бүрх” нөхөрлөлийн ахлагчаар 20 гаруй жил ажиллаж буй. Нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжлахаар очсон тухайгаа хэлэхэд “Би та нарт өөрийнхөө ажлыг өнгөт зурагтаар гарч байгаа юм шиг ярьж өгнө” хэмээн уриалгахан хүлээж авлаа. Нутгийнхан нь түүнийг “Өнгөт зурагт” гэж хочилдог гэсэн. Мод үржүүлж, байгаль хамгаалах үүрэгтэй тэрбээр их ажилдаа огтхон ч түүртдэггүй аж. Улаанбаатар хотод удахгүй 1000 нөхөрлөлийн чуулган болно. Ойн нөхөрлөлийнхний мэдлэг чадварыг сайжруулж, ой хамгаалах үйлст илүү олон хүнийг татан оролцуулах зорилготой уг чуулганаас өмнө тэдний ажлыг сурвалжлахаар хүйтэн салхитай саяхны нэгэн өглөө бид Төв аймгийн Мөнгөнморьт сумыг зорьсон юм.
Хотоос зүүн хойш 220 км зайтай байрлах тус суманд 10.00 цагийн үед очив. Биднийг “Байз-Уул” нөхөрлөлийн ахлагч С.Дулам угтан авлаа. “За, утсаар ярьсан найз минь чи юү” хэмээн мэнд мэдээд, тэр сумаа танилцуулав. Сумынхан нь түүнийг С.Дулам дарга хэмээн дуудна. Учир нь тэр ойн анги, нөхөрлөлийн чиглэлээр мэргэшиж, ажилдаа амьдралаа зориулсан хүн аж. Хэдийгээр ойн нөхөрлөлийн ахлагч хийдэг ч сумынхандаа дарга гэж дуудуулдаг нь үүнтэй холбоотой. Тэрбээр сумынхаа байгаль орчны чиглэлийн бүхий л ажлыг өөрийн санаачилгаар зохион байгуулдаг гэсэн. С.Дулам дарга биднийг “Мөнгөнморьт” сум дундын ойн ангийн даргатай уулзуулахаар болов. “Ойн анги” гэсэн бичигтэй модон байшинд ороход тохилог, цэвэрхэн орчин угтлаа. Нэг өрөөнд нь тус ойн ангийн дарга Ц.Азжаргал сууна. Хот, хөдөөгийн шинэ, сонин мэдээ солилцсоны дараа бид үндсэн ажилдаа оров.
Нөхөрлөлийн талаар ярихын тулд эхлээд тэднийг нэгтгэн зохион байгуулж, удирддаг ойн ангийн талаар мэдээлэл хүргэх ёстой байх. Нутгийн иргэд нөхөрлөл байгуулж, ойн санг гэрээгээр эзэмшихийн тулд багийн Иргэдийн нийтийн хуралд санал тавина. Тэндээс дэмжигдвэл нөхөрлөлийн гишүүдийг сургалтад хамруулж, гэрээ байгуулдаг аж. “Мөнгөнморьт” сум дундын ойн анги 2012 онд байгуулагджээ. Ц.Азжаргал 2013 оноос тус ойн ангийн даргаар ажиллаж Баянжаргалан, Ар хуст, Мөнгөн морьт, Эрдэнэ, Баян дэлгэр, Сэргэлэн гэсэн зургаан сумын ойг хариуцдаг болсон байна. Ц.Азжаргал дарга “Манай ойн ангийн оноосон нэр нь “Мөнгөнморьт”. Гэтэл хүмүүс Мөнгөнморьт сумын ойн анги гэж ойлгодог. Сум дундын ойн анги гэдэг нь олон сумын нэгтгэл юм. Бидний байрладаг газар нь Мөнгөнморьт сум” хэмээн тайлбарлав. Тус ойн сан нэг сая 162.3000 га талбайтай.
Энэ нь улсад хамгийн их хэмжээтэйд тооцогддог байна. Харин ашиглалтын бүсийн талаас илүү хувийг Горхи, Тэрэлжийн болон Хан Хэнтийн дархан цаазат газар эзэлдэг аж. Харамсалтай нь тэдний эзэмшдэг ойн ихэнх хэсэг нь түймэрт хуйхлагдаж, хортон шавжид баригджээ. Энэ ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа ч тоног төхөөрөмж дутмаг учраас одоо хүртэл цэвэрлэгээний ажлаа эхлүүлээгүй байгаа гэсэн. “Мөнгөнморьт” сум дундын ойн анги даргатайгаа нийлээд дөрвөн ажилтантай. Ахлах мэргэжилтэн ой ашиглалт, нөгөө мэргэжилтэн нь ойн нөхөрлөл, мод үржүүлгийн ажлыг хариуцдаг байна. Харин үлдсэн нэг нь техник тоног төхөөрөмжөө ажиллуулна. Тэд сард 70 мянган төгрөгийн бинзений нормтой бөгөөд хариуцсан бүх хэсгээрээ эргүүлд явдаг. Гэхдээ төсвөөс батлагдсан цалин, бинзенээр нэг сумынхаа ойд ч ажиллаж хүрэлцдэггүй тухай Ц.Азжаргал дарга хэлж байлаа.
Мөнгөнморьт суманд гэхэд ойн 24 нөхөрлөл бий. Ц.Азжаргал даргын хэлж байгаагаар ойн санг гэрээгээр эзэмшигч нэртэй ч бэлгэдлийн чанартай нөхөрлөлүүд их байдаг аж. Түүнчлэн ойн нөхөрлөлийн гэрээнд “Тухайн ойн эзэмшигч нь нутгийн иргэн байна” гэж заасан учраас хүн амьдардаггүй бүс нутагт нөхөрлөл байгуулах боломжгүй. Ийм газар Мөнгөнморьт суманд нэлээд их байдаг гэсэн. Тус сум ойн сангийн 80-аад хувиа ойн нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлсэн ч одоо 500 гаруй га газар эзэнгүй байгаа гэсэн үг юм. Энэ хэсэгт хулгайгаар мод бэлтгэгч, зөвшөөрөлгүй самар түүж буй хүн олон байдаг ч ойн ангийн хүн хүч хүрэлцдэггүй байна. Ойн анги, нөхөрлөлүүд мод үржүүлгийн ажил сайн хийх ёстой.
Тиймээс ойгоос мод бэлтгэсэн хураамжийн 85 хувийг буцаагаад ойд зарцуулах ёстой гэсэн хуулийн заалтын дагуу “Мөнгөнморьт” ойн анги өнгөрсөн жил зургаан га-д мод үржүүлгийн талбай байгуулжээ. 10 гаруй сая төгрөгөөр боссон тус талбайд нөхөрлөлүүдэд зориулж зай талбай гаргаж өгчээ. Гэхдээ ихэнх нөхөрлөл мод үржүүлж, ургуулах хөрөнгөгүй тул хоосон талбай эздээ хүлээсээр гандаж байгаа аж. Эндээс бид “Зүүн бүрх” нөхөрлөл рүү хөдөллөө. Биднийг очихын өмнөх өдөр цасан шуургатай байсан учир зам бартаа ихтэй байсан юм. С.Дулам дарга биднийг “Зүүн бүрх” нөхөрлөл рүү авч явах замдаа тэднийг үлгэр жишээ сайн ажилладаг талаар магтаж байв.

“ГУРВАН САЯ ГАРУЙ МОД ТАРЬСАН Ч ӨРӨӨ ТӨЛЖ ДУУСААГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ”
Уулын бэлд битүү модон дотор залгаа гэрүүд харагдана. Ийм гэр харж байгаагүй надад тун сонирхолтой санагдав. Машинаас бууж, гэрт ороод л модоор хийсэн, гэр хэлбэртэй байшин болохыг мэдэв. “Зүүн бүрх” нөхөрлөлийнхөн битүү модон дунд байрладаг аж. Нөхөрлөлийн ахлагч Б.Ажиндай гуай дээхнэ үед хэвлэх үйлдвэрт үйлчлэгч, бичээч, сурвалжлагч хийж байсан ч төрсөн нутгийнхаа ойг харах бүрт өртэй юм шиг санагддаг байсан тухайгаа дурсав. Тэрбээр “Байгаль эхдээ хүн их өртэй. Тиймээс би ямар нэгэн аргаар өрөө төлөхийг хүсэж, ойн техникч мэргэжил эзэмшсэн. Одоо гурван сая гаруй мод тарьсан ч өрөө төлж дуусаагүй юм шиг санагддаг” хэмээн ярилаа. Байгаль эхдээ ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүссэн түүнд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн тусалснаар дөрвөн хүлэмж барьж, мод үржүүлгийн талаар багагүй мэдлэгтэй болсон байна. Төслийн гэрээ дуусах үед Германы талаас түүнд мод үржүүлэг, ойн нөхөрлөлийг захиж үлдээн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхыг хүсчээ.
Тэр одоо 20 хүлэмжтэй болж, гурван сая гаруй мод тарьсан байна. “Зүүн бүрх” нөхөрлөл 22 гишүүнтэй гэх ч нутгийн иргэд бараг оролцдоггүй учраас Б.Ажиндай гуай гэр бүлийнхнээ ажилдаа татан оролцуулдаг гэсэн. Түүний нөхөр, хүү хоёр байгаль хамгаалагч мэргэжилтэй. Тэд гэр бүлээрээ нөхөрлөлөө өдий хүртэл авч яваа. Нөхөрлөлийн гишүүдийг хулгайн модтой тэмцэх, мод үржүүлгийн газрыг засаж янзлах зэрэг ажилд татан оролцуулдаг тухай Б.Ажиндай гуай хэлсэн. Ойгоо хамгаалах хүслээр нөхөрлөлийн гишүүн болсон болохоор нутгийн иргэд хулгайн мод бэлтгэгчидтэй сайн “тэмцдэг” гэсэн. Мод бэлтгэх эрхтэй ч үл таних хүн байвал ахлагчдаа мэдэгдэж, шалгуулдаг аж.
Ойн нөхөрлөлийн гэрээнд гишүүд ойн дагалдах баялаг ашиглаж, цэвэрлэгээнээс гарсан модыг түүж бэлтгэнэ гэж заасан боловч ойгоос цэвэрлэсэн мод борлогддоггүй байна. Тиймээс нөхөрлөлийн дундын сантай болох шаардлагатай байгааг ахлагч хэлэв. Түүнд тулгардаг гол бэрхшээл бол санхүүгийн асуудал. “Зүүн бүрх” нөхөрлөлд харьяалагдах гишүүд өдрийн хоолноосоо хэтрэх хөрөнгөгүй учраас дундын сан байгуулах боломжгүй ажээ. Уг нь дундын сантай бол түүнд хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа гэсэн. Тарьсан модыг нь харж зогстол Б.Ажиндай гуай нэг модтой ярилцаж байв. Тэрбээр модонд хандаж “Хур ихтэй сайхан хавар ирлээ. Чи юу өргөөд нуруугаа муруй болгочихсон юм бэ. Хамтдаа урин хаврыг үднэ шүү” гэв. Б.Ажиндай гуай олон жил мод тарьсан болохоор тэднийгээ үр хүүхэд шигээ санаж, үргэлж ярилцдаг юм билээ.
“ГИШҮҮДЭЭ ИДЭВХЖҮҮЛЭХИЙН ТУЛД САР БҮР ШАГНАЛТАЙ УРАЛДААН ЗАРЛАДАГ”
Мөнгөнморьт сумын Дэнсэлгээний аманд байрлах “Гурван нар” нөхөрлөл 2009 онд байгуулагджээ. Ойн санг гэрээгээр эзэмшинэ гэдэг ямар ач тустай, хэнд хэрэгтэй болохыг ойлгохгүйгээр нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг хэцүү. Тиймээс “Гурван нар” нөхөрлөлийн ахлагч Л.Өнөрбат гишүүдээ мэргэжлийн сургалтад хамруулахыг хичээдэг байна. Тэр өөрөө ч ойн мэргэжлийн хүн биш болохоор олон бэрхшээлтэй тулгардаг гэсэн. Нөхөрлөлийн 21 гишүүн зургаан га талбайд мод үржүүлдэг. Гэхдээ гишүүдээс мөнгө хурааж, мод үржүүлгийн талбай байгуулах боломжгүй учраас БНСУ-ын “Тэгү” компаниас дэмжлэг авчээ.
Тус компани “Гурван нар” нөхөрлөлийн сайн ажилласан гишүүдийн хүүхдүүдийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг даадаг. Одоогоор “Тэгү” компани 10 гаруй хүүхдийн сургалтын төлбөрийг гаргажээ. Нутгийн иргэд ойн цэвэрлэгээ хийж, бэлтгэсэн модоо худалдаалах эрхтэй ч хэрэглээний мод бэлтгэж болохгүй. “Гурван нар” нөхөрлөлийн ахлагч Л.Өнөрбат гишүүдийнхээ идэвхийг сайжруулахын тулд хамгийн сайн ажилласан гишүүнийг шалгаруулж, сар бүр 70 мянган төгрөгийн шагнал өгдөг.
Тэд 2009 оноос чацарганы мод тарьсан. Гэхдээ гишүүдийн идэвхгүй байдлаас болж сүүлийн хоёр жил модоо арчлалгүй орхижээ. Нутгийн уугуул иргэд мод тарихаас илүүтэй малаа маллах хүсэлтэй байдаг аж. Тэд “Мод ургахыг хүлээж зүгээр сууж байхаар малаа маллаж, ашиг шимийг нь хүртсэн нь дээр” гэж хэлдэг байна. “Гурван нар” нөхөрлөлийн ажил ийм хэлбэрээр явагдана. Ахлагч Л.Өнөрбат “Гишүүдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх шинэ санаа судлах хэрэгтэй байх. Бидэнд яг үнэндээ байгалиа хамгаалах чин сэтгэл л байна. Хөрөнгө мөнгөгүй учраас дорвитой ажил хийж чаддаггүй” гэв.
Э.НЯМДУЛАМ