Энэ онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож буй. Бид Чингисийн удмын их хаадын үргэлжлэл гэж бахархаж, хийрхүү нэг нь цээжээ дэлдэхээс өөрөөр монгол их хаадаа мандуулах тал дээр юу хийсэн билээ гэж бодоход хүргэсэн нэг мэдээ дуулгая. Хубилай хааны маань намтрыг солонгосчууд анх бичсэн байдаг аж. Эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр зүтгэсэн жирийн нэгэн оточ, түшмэлийг хүртэл хааны зэрэгт аваачин мөнхөлж, сурталчилж чаддаг солонгосчуудаас сурах зүйл их. Зүгээр л нэг савангийн дуурьмэт боловч, судалгаанд тулгуурлан түүхэнд нэр нь бичигдсэн хүмүүсээ тэд киногоор дамжуулан баатар болгодог жишээг бид өдөр бүр зурагтад “уяатай” байдаг телевизийн цувралуудаас нь хардаг. Гэтэл бид хийсэн дорвитой зүйлгүй хэрнээ хүний бүтээснийг шоолж суух. Ийнхүү хадуурах болсон учир нь Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулж монголчууд, тэр дундаа холбогдох байгууллага, мэргэжилтнүүд юу хийж байна вэ, төлөвлөсөн ажил байна уу гэсэн асуулттай холбоотой.
Тэгвэл шинжлэх ухааны доктор, профессор, солонгос судлаач Б.Сумьяабаатар “Хубилай их хааны үеийн Монгол, Солонгосын харилцаа” гэсэн номоо хэвлүүлжээ. Тэрбээр энэ бүтээлээ Монголын нэг өвөг болох хятанчуудын хэл соёлыг сурахаар Төв Азид солонгос хүн ирж сурсан буюу Монгол, Солонгосын соёлын харилцааны 1020, Хубилай хааны мэлмий гийсний 800, монгол бичгийн багш Гуулин улсад уригдан очсоны 720, Дорнын их бичгийн хүн Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэнэ. Эл номынх нь талаар болон Хубилай хаантай холбоотой зарим зүйлийг Б.Сумьяабаатар гуайгаас тодрууллаа.
-Та түрүүн Хубилай хааны түүхийг анх монголчууд биш, Гуулин улсын эрдэмтэн мэргэд бичсэн гэлээ. Ямар эх сурвалжаас авсан мэдээлэл юм бэ?
-Энэ номонд Хубилай хааны үед Монгол, Солонгосын харилцаа ямар байсныг илтгэх 200 гаруй захидал харилцааны бичгийн эх сурвалж багтсан. Хубилай хааныг бие барснаас жил орчмын дараа буюу 1295 оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл Гуулин улсынхан намтрыг нь бичээд, Монгол руу илгээсэн илгээсэн тухай судар сурвалжид өгүүлсэн байсан. Үүнээс гадна дундад зууны үед Монголоос монгол бичгийн багш, мал аж ахуйн мэргэжилтэн Гуулин улсад очиж байсан тухай, солонгосчууд Монголд гурван удаа тус бүр наян нэгэн цагаан морь бэлэглэж байсан зэрэг өмнө нь дуулдаж байгаагүй сонирхолтой баримтууд бий. Тэр бүү хэл тухайн үед Солонгосын түүхийн алдааг олж харсан монгол эрдэмтний ч тухай солонгос сурвалжид тэмдэглэсэн байсныг номондоо оруулсан.
Гуулин Ван бичгийн түшмэддээ Хубилай хааны намтрыг бичихийг даалгасан, бичиж дуусмагц Монгол руу илгээсэн тухай эх сурвалжийн мэдээ
-Чингисийн Их засаг хуулийн эх бичмэлийг та БНСУ-ын архиваас олсон гэв үү?
-Эх хувь биш, Чингисийн Их засаг хуулийн бичмэлээр олдоогүй байсан хэсгүүд солонгос орчуулгатайгаар олдсон юм. Тэр Их засаг хуульд бусдын булш бунхныг тонож дээрэмдэх, эзэлсэн орны эмс, охидтой хүчээр гэрлэхийг хориглосон заалт байна. Мөн хэдэн өвчтөн эмчилж, сэхээсэн болон хэчнээнийг нь аварч чадаагүйгээр нь оточ хүний ял хийгээд гавьяаг дэнслэн хэлэлцэх талаар маш тодорхой тэмдэглэсэн заалт орсон байна. Энэ бол одоогийнхоор бол жинхэнэ хариуцлагын тогтолцоо юм. Энэ мэт сонин мэдээлэл ихтэй ном болсон.
-Таны энэ ном худам монгол, кирилл, хятад ханз, солонгос бичиг гээд дөрвөн хэл соёлыг багтаажээ. Нэлээд овортой, сайхан бүтээл болжээ. Хаана хэвлүүлэв?
-Монголдоо хэвлүүлсэн. Дөрвөн хэл соёлоор бичигдсэн түүхэн эх сурвалжуудыг багтаасан учраас овортойн хэрээр дэлгэр мэдээлэлтэй байгаа. 530 хуудастай энэ ном бол Хубилай хааны мэндэлсний 800 жилд зориулсан Монголын эрдэм шинжилгээний анхны бүтээл гэж бодож байна. Дундад зуунд монголчууд хэд хэдэн удаа Гуулин улсын боолын тогтолцоог халах оролдлого хийж байсан гэх мэт онц сонирхолтой түүхэн баримт бол Монгол хэмээх их гүрний оюун болон түүхийн соёлын цар хүрээг илтгэн харуулж байгаа юм.
Дашрамд дуулгахад, доктор Б.Сумьяабаатар Хэнтий аймгийн нутаг Онон мөрний ойролцоо, Хурахын гол орчмыг буулгасан сансрын зурагт үндэслэн хүний гараар бүтээгдсэн томоохон бичигт цогцолбор байна хэмээн өнгөрсөн жил олон нийтэд мэдээлж байсан билээ.