Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д бүхэл бүтэн долоон хаус эзэмшдэг гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэсэн нь саяхан. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын цалингаа хураалаа хураалаа гээд олон сая долларын үнэтэй хаусыг хэд хэдээр нь авах боломжгүй. Тиймээс түүнийг Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг батлуулахын тулд хөрөнгө оруулагчдаас авлига авсан хэмээн сэжиглэж буй юм. С.Баяр өөрөө энэ мэдээллийг няцаасан. Хэн нь үнэн хэлснийг хуулийн байгууллага шалгаж байж л тогтоох биз. Гол нь ийм хардлага гишүүдийг байнга дагадаг. УИХ-аас баталж буй цөөнгүй хуулийг “лообийны”, захиалгын хэмээн нэрлэдэг, харддаг.
Тэр ашиг сонирхлоос гадуур үлдсэн гишүүн бусдынхаа ийм но-г илчилж орхидог юм. Ингэлээ гээд хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хоёр талын зорилго биелээд л дуусна. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг ашиглах гэж захиалга өгдөг хэсэг бий л байх. Гэвч түүнийгээ батлуулахын тулд илүү олон гишүүн худалдаж авах ёстой болно. Энэ тийм амар биш. Тиймээс нэр цэвэр, хоёр талдаа ашигтай нэг хувилбарыг сонгож болно. Тэр бол хандив. Намд нь хандив өглөө, гүйцээ.
ХАНДИВ, БАС ДАХИН ХАНДИВ
Намууд гишүүдээсээ татвар авдаг ч зөвхөн үүгээр амьдрах боломжгүй. Өөрийн байртай ганц хоёр нам нь түүнийхээ зай талбайг түрээслээд мөнгө олдог. Гэвч ихэнх намд өмч байхгүй. Улс төрийн намуудын тухай хуулиар бол энэ хоёр аргаас гадна УИХ-д суудал авсан нам төрөөс хоёр хэлбэрийн санхүүгийн дэмжлэг авдаг. Тухайн намын авсан сонгогчийн санал тус бүрийг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарснаас хойш гурван сарын дотор нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг юм. Мөн УИХ-д авсан нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон мөнгө олгоно. Тухайлбал, АН УИХ-д 35 гишүүнтэй. Тэгэхээр энэ нам жил бүр 350 сая төгрөг төсвөөс авдаг гэсэн үг. Гишүүд уг мөнгөнийхөө 50 хувийг тойрогтоо зарцуулах эрхтэй юм билээ.
Ийм гурван арга байгаад ч хангалтгүй. Одоо томоохон намуудын санхүүжилтийн гол багана нь дөрөв дэх арга болох хандив болоод байна. Хандивыг сонгуулийн болон бус гэж ангилж буй. Сонгуулийн үед намууд иргэнээс нэг сая, хуулийн этгээдээс гурван сая хүртэлх төгрөгийн хандив авах эрхтэй. Сонгуулийн бус үед бол жилд хоёр удаа иргэнээс нэг, байгууллагаас 10 хүртэлх сая төгрөгийн хандив авч болно. Хэдийгээр ийм хязгаарлалт хийсэн ч хэн, ямар аргаар, хэдэн төгрөгийн “хандив” өгөөд буй нь нууц. Сонгуулийн үеийн хандивын тайлангаа намууд СЕХ-нд илгээдэг болсон. Түүнийг нь СЕХ тодорхой хугацааны дараа олон нийтэд зарладаг.
Харин сонгуулийн бус үеийн хандивын тухай мэдээлэл бол “байгууллагын нууц”. Учир нь энэ үеийн мөнгөний аваа, өгөөг дотоод хяналтын байгууллагад нь даатгачихдаг юм билээ. Сонгуулиар аль нам ялах нь үнэндээ хэн их мөнгөтэй вэ гэдгээс хамаардаг болсоор удаж байна. Мөнгө тарааж, санал худалдан авч гарч ирсэн цөөнгүй гишүүн одоо УИХ-д сууж буй. Тиймээс намууд УИХ-д илүү олон суудал авахыг хүсвэл тэр хэрээр зарцуулах мөнгө нэмэгдэнэ. Олон суудал авахыг хүсэхийн хэрээр хандивын хэмжээ өсөж буй юм.
“АХ АА, НАМАЙГ БОДООРОЙ”
2004 онд сонгуульд оролцсон намууд нийт тэрбум төгрөгийн хандив авч байжээ. Гэтэл энэ тоо 2012 онд 35 тэрбум төгрөг болж өсөв. Өмчтэй, өөрсдийнхөө ярьдгаар бол 150.000-200.000 гишүүнтэй гэдэг АН, МАН авсан хандивынхаа хэмжээгээр толгой цохиж буйг бас харж болно. 35 тэрбум төгрөгийн хандивын 16 тэрбум нь АН, 14 тэрбум нь МАН, үлдсэн таван тэрбум нь бусад намд ногдож байна. Том байхын хэрээр авах хандивын хэмжээ, түүнийг өгөгчид нэмэгдэнэ гэсэн үг. Хэн ч зүгээр л мөнгө бэлэглэхгүй. Ард нь заавал давхар эрх ашиг бий. Мөнгөө бариад “Ах аа, намайг бодоорой. Ийм, тийм хууль батлаад, тендерийг шийдээд өгөөч” гэхэд намын удирдлага авахгүй байж чадахгүй.
Учир нь мөнгө бол эрх мэдэл. Энэ бол аль нам хэдэн суудалтай байхын хэмжүүр. Ингээд л намууд жил ирэх бүр мөнгөнөөс хараат болж, хандивлагчдын “утсан хүүхэлдэй” болж хувирчээ. Улмаар хандивлагчдын үзэл санаа төрийн бодлого болон газар авч байна. “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Сант марал” төв намуудын санхүүжилт, хандивтай холбоотой судалгаа хийсэн юм билээ. Улаанбаатар, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 1200 хүнийг хамруулсан уг судалгаагаар 80 хувь нь хандив өгч, авч буй арга зам ил тод биш гэдгийг онцолсон байна. Үүний шалтгааныг 53 хувь нь намууд хандивлагчдаа зарлах хүсэлгүйтэй холбожээ.
52 хувь нь хариуцлага тооцдоггүй, тооцсон ч тэр нь нөлөөлөх хэмжээнд чанга биш гэсэн байх юм. Нээрээ л хэн хэдэн төгрөгийн хандивыг аль намд өгсөн тухай мэдээлэл ил тод биш. Энэ цэвэрхэн “авлига” хөшигний ард өрнөж байдаг аж. Дээрх судалгаанд оролцогчдын 55 хувь нь хандивлагчдыг олон нийтэд ил тод мэдээл гэсэн бол 24 хувь нь зөвхөн томоохнуудыг нь зарлая гэжээ. Намуудын санхүүжилтийн тогтолцоо гажуудсан, өөрчлөх шаардлагатай байгааг 86 хувь нь дэмжсэн байна. Хаа сайгүй ярьж буй энэ асуудлыг шийдэхээр УИХ-аас Улс төрийн намуудын болон санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч нэг л урагш муутай байна.
БАЙГУУЛЛАГА, КОМПАНИАС ХАНДИВ АВАХЫГ ХОРИГЛОЁ
Олон улсад намын санхүүжилтийн дөрвөн хэлбэр байдаг аж. Иргэн, байгууллага, улсын төсвөөс бүгдээс нь “татаас” авах. Хандивыг хориглож, зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлэх бас нэг арга бий. Мөн хуулийн этгээдийн хандивыг хориглож, зөвхөн иргэдээс бага хэмжээгээр аваад төсвөөс давхар санхүүжээд явах зам байна. Эцэст нь төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр зөвхөн иргэн болон хуулийн этгээдийн хандиваар амьдрах хувилбар байгаа юм. 2011 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны захиалгаар МУИС-ийн багш, судлаачид энэ асуудлыг судлаад хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон гурав дахь хувилбарыг санал болгосон байна.
Ийм замаар төр бусдын заавар, захиалгаар ажилладгийг болиулж, мөнгөнд дарлуулсан намуудын санхүүжилтийн тогтолцоог эрүүлжүүлэх гэнэ. Мөн ил тод байдал, хяналт маш чухал. Манай одоогийн хуульд хандивлагч гэж хэнийг хэлэх, хандив гэдэгт юуг ойлгох нь бүрхэг. Олон улсад бол зөвхөн мөнгө биш, бараа үйлчилгээ, орон байраар туслах гэх мэт дэмжлэгийг багтааж ойлгодог. Тэгэхээр үүнийг нарийн тодорхойлох, намын гишүүний хувиар нэг, иргэнийхээ үүднээс бас хандив өгөх боломж байдгийг цэгцлэх зэрэг саналыг төсөлдөө тусгахыг судлаачид зөвлөж буй. Сонгуулийн үеийн санхүүжилтийг төрөөс гаргаж, зөвхөн мөнгө гэлтгүй шууд бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэх талаар Ажлын хэсгийнхэн ч ярьж байгаа юм. Ингэж байж жижиг, том гэлтгүй бүх нам гарааны ижил нөхцөлөөс уралдах, сонгогчийн санал үнэ цэнэтэй байх боломж бүрдэнэ. Мөнгөөр биш, сайн хийсэн хуулиар аливааг зохицуулж байж эрүүл тогтолцоо бий болно.
С.ТУУЛ