Их хотын маань агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хэн хүнгүй л хотын зах, сум суурин газар бараадан, агаар салхи хүсэмжлэх болсон. Тиймдээ ч нийслэлтэй ойролцоо орших, хөгжил сайтай суурингуудыг дагуул хот болгох шийдвэр гараад буй. Цаашид Улаанбаатарт амьдрахад улам л хэцүү болно. Үүнээс гарах арга зам нь олон дагуул хот байгуулах явдал гэдгийг эрх баригчид онцолж байгаа. Тэд ойрын 20 жилд нийслэлийг тойруулан томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дунд “Их Майдар” төслийн хүрээнд Майдар бурхны хөшөө, түүний орчимд 100 мянган хүн амтай Майдар хот, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, түүнд түшиглэсэн мөн тооны хүн амтай Аэро хот цогцлоохоор ярьж байгаа.
Мөн Хөшигийн хөндий-Улаанбаатар хот, “Чингис ланд” буюу Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон өндөр хурдны авто зам барихаар хөрөнгө мөнгөө хуваарилж эхлээд байна. Энэ бүхнийг Улаанбаатар хоттой хил залгаа оршдог Төв аймгийн нутаг дамнуулан барих юм. Тиймээс Засгийн газраас Улаанбаатар хот болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүд бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг багасган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмыг улсын тусгай хэрэгцээнд авах, иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд буй газрыг солих, нөхөн олговор олгох замаар эргүүлэн авах, үүнд зориулан зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй.
Төв аймагт сүндэрлэх томоохон бүтээн байгуулалтын ажил, төслүүдийн талаар иргэдэд нэгдсэн ойлголт өгөх, тэдний санал бодлыг нь сонсохоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн мягмар гаригт тус аймгийн Зуунмод, Сэргэлэн суманд ажилласан юм. Тус аймагт хэрэгжүүлэх дээрх төслүүд бүгд өөр өөрийн ашиг сонирхолд нийцсэн, аймаг, орон нутагт ямар ч үр ашиггүй, байгаль экологид хор хөнөөл үзүүлэхүйц, хоорондоо уялдаа холбоогүй зурагдсан байсныг ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдсаны эцэст нэгтгэж чадсанаа иргэдэд танилцуулав. Тухайлбал, Богдхан уулын урдуур тавих төмөр замын долоо, Хөшигийн хөндийгөөс Улаанбаатар хүртэлх хурдны авто замын гурав, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын 3-4 зураг төсөл боловсруулсан байжээ.
Эдгээр авто болон төмөр замыг суурин газраар дайруулалгүй, Зуунмод, Сэргэлэн сумын малын бэлчээр дундуур тавьж, аймгийн газар нутгийн гуравны нэгийг ямар ч үр ашиггүйгээр салхинд хийсгэхээр төлөвлөсөн байж. Иймээс ажлын хэсгийнхэн сумдын хөгжил дэвшилд сайнаар нөлөөлөхүйц шинэ зураг төсөл боловсруулж ирсэн байна. Тэд эдгээр төслөө ложистикийн хувьд нэг байх ёстой гэж үзэн Богдхан уулын урдуур тавих төмөр зам, “Чингис ланд”-ын хурдны замыг трассын хувьд нэг болгож, уг хурдны замыг Богдхан уулын урдуур хуучин авто болон төмөр замтайгаа параллель тавихаар болжээ. Ингэхдээ шинээр барих Майдар хотын урдуур, Зуунмод, Сэргэлэн сумын төвөөр дайруулахаар шийдээд байгаа юм байна. Энэ нь төв аймгийн иргэдийн аж амьдрал, сумдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засагт маш том хөрөнгө оруулалт болно гэж эрх баригчид үзэж байна.
Хурдны болон төмөр зам, нисэх онгоцны шинэ буудал бүгд энд төвлөрч буй учраас ложистикийн том төв байгуулах төсөл ч яригдаж байгаа юм билээ. Агаараар, төмөр замаар, Алтанбулаг-Замын- Үүдийн хурдны замаар дамжуулан Ази, Европыг холбосон ачаа эргэлтийн том төв бий болгохоор зорьж буй аж. Аймаг, сумдын Засаг дарга нар болон иргэдийн олонх нь ажлын хэсгийнхний энэхүү санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Зуунмод сумын Засаг дарга З.Цэндсүрэн “Зам дагаж хөгжил ирдэг гэдэг дээ. Хурдны болон төмөр зам манай сумаар дайран өнгөрөхөөр болсонд маш их баярлаж байна. Нөгөөтэйгүүр манай сумынхан морио уралдуулах газаргүй л болж байх шиг байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, цаашдын бүтээн байгуулалтын ажилд бид ямар нэг байдлаар саад учруулахгүй” гэв. Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, эдгээр бүтээн байгуулалтад хэрхэн гар бие оролцож, өөрсдийнхөө болоод орон нутгийнхаа амьжиргааг дээшлүүлэх талаарх саналаа С.Баярцогт сайдад уламжилсан юм.
Зарим нь “Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлыг “Зуунмод” хэмээн нэрлэж болохгүй юм уу” гэж хэлж байв. Сайд, дарга нар “Та нарын саналыг хүндэтгэж буй ч энэ бол улс орны эрх ашигтай холбоотой учраас энд шийдэх боломжгүй. Магадгүй “Чингис хаан” нэрээрээ явах байх” гэж хариулсан. Түүнээс гадна “Авто болон төмөр зам, Хөшигийн хөндий, Майдар бурхны хөшөөг дагасан маш том суурьшлын бүсүүд бий болох учраас та бүхэн үр хүүхдүүддээ мэргэжлийг нь зөв сонгоход нь тусалж, нисэхийн болон үйлчилгээний чиглэлээр сургах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат “Манай нутагт барьж буй нисэх онгоцны шинэ буудал, дайран өнгөрөх авто болон төмөр зам бидэнд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.
Нэгэнт л газар нутгаа хуваалцаж байгаагийн хувьд Төв аймгийнхан эндээс ашиг хүртэх ёстой. Хэчнээн том бүтээн байгуулалт байлаа гээд энд амьдарч буй хүмүүсийн амьжиргаанд сайнаар нөлөөлөхгүй, нэг ч хүнийг ажлын байраар хангахгүй, сумын хөгжилд хувь нэмэр оруулахгүй бол бидэнд ашиггүй. Тиймээс бид орон нутгийн хөгжилтэй энэ төслүүдийг уялдуулах нь чухал. Төслийг дэмжиж байгаа ч сөрөг нөлөө бас бий. Маш олон малчин, иргэний ажил, амьдрал ч хөндөгдөнө. Энд аймгийн төв нь, сургууль, цэцэрлэг гээд бүхий л соёл, урлагийн байгууллага нь төвлөрсөн. Гэтэл 13-хан км-ийн цаана шинэ хот байгуулах тухай ярьж байна. Цаашлаад шинээр сүндэрлэх Майдар, Аэро хотын голд Зуунмод сум үгүй болох уу, үгүй юү гэдэг асуудал ч гарч ирнэ.
Бид эдгээр хотыг дагаж хөгжинө үү гэхээс устаж, үгүй болох талаар огт бодохгүй байгаа” гэсэн юм. Монгол Улсын сайд С.Баярцогт “Бид удаан хуралдаж, нэлээд санал зөрөлдсөний эцэст авто болон төмөр замыг Төв аймгийн сумдаар дайруулах шийдвэрт хүрсэн. Хэрвээ бид сум суурингаар дайруулалгүй, өмнөх зургийнх нь дагуу гүйцэтгэсэн бол Богдхан уулын урдуур барих төмөр замын зардлыг 800 сая, “Чингис ланд” хурдны авто замын зардлыг 270 сая ам.доллараар хямдруулах боломжтой байсан. Гэсэн ч ирээдүйд гарах эдийн засгийн үр ашгийг бодолцон энэ хэмжээний зарлага гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Малын бэлчээр, байгаль орчны эрсдэл зэрэг нь үүнээс ч их зардал, хорогдол авчрахыг үгүйсгэхгүй.
Энэ онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбох ажил эхэлнэ. 2016 оны зургадугаар сард бүрэн ашиглалтад оруулах үүрэгтэй. Хоёр урсгалтай, найман эгнээ бүхий 33 км уг авто замыг БНХАУ-ын 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Зуунмод, Сэргэлэн, Дундговьтой хатуу хучилттай авто замаар холбох юм. Замын ажлууд энэ хавар эхэлнэ. 50-100 метр өргөнтэй энэ зам нь төлбөртэй бөгөөд хуучин замыг нь хэвээр үлдээх тул яарч сандраагүй, орон нутгийн иргэд үүгээр зорчиж болно гэсэн үг. Харин “Чингис ланд” хурдны замыг Майдар, Аэро хот болон Ложистикийн төв, Зуунмод, Сэргэлэн сум, Улаанбаатар, Өлзийт хороолол, Налайх, Багахангай руу гэхчлэн ойрын суурьшлын бүс рүү гарцаар холбох юм.
Ингэснээр зам дагуух газрын үнэ одоогийн байгаагаасаа хэд дахин өсөх тул улсын тусгай хэрэгцээнд авна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд хамгийн түрүүнд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өмнө нь хот байгуулалтын болон дэд бүтцийн асуудалтай холбогдуулан улсын тусгай хэрэгцээнд газар авч байгаагүй. Эдгээр бүтээн байгуулалт Сэргэлэн, Зуунмод сум, Улаанбаатар хотын хэд хэдэн дүүргийн үйлдвэр, үйлчилгээний объект, малын бэлчээр, өвөлжөө дайрч буй учраас нөхөн олговор олгох замаар газрыг нь улсад эргүүлэн авах тогтоолын төсөл санаачилж оруулах ёстой. Зарим нэг цэргийн зориулалттай объектуудыг ч нүүлгэн шилжүүлнэ” гэж ярилаа. Ази-Европын буюу АСЕМ-ийн дээд хэмжээний IX уулзалт 2016 онд Монгол Улсад болох гэж буйтай холбоотойгоор албаны хүмүүс Хөшигийн хөндийн нисэх онгоцны бүтээн байгуулалтын ажилтай давхар танилцсан юм.
21 онгоц зэрэг буух хүчин чадалтай уг нисэх буудал нь төлөвлөгөөгөөрөө 2017 оны нэгдүгээр сарын 4-нд бүрэн ашиглалтад орох ёстой. АСЕМ-ийн уулзалт Монголд болохтой холбогдуулан 2016 оны зургадугаар сар гэхэд онгоц бууж, хөөрөх зурвасыг ашиглалтад оруулах үүргийг Засгийн газраас өгсний дагуу өдгөө зурвасын барилгын ажил 80 орчим хувьтай явж буй юм байна. Энэ онд зурвасын барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Долоон метр өргөн, 30 см зузаантай тавьж буй уг зурвасыг Японы асар том механизмын ачаар хурдан байгуулж буй юм байна. “Улаанбаатар олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”- ийн захирал Н.Энхбат “Бүтээн байгуулалтын ажил 28 хувьтай явж байна. Одоогийн байдлаар төлөвлөгөөгөө 0.4 хувиар давуулан биелүүлсэн. Энэ эрчээрээ ажиллавал 2016 оны арванхоёрдугаар сараас зорчигчдоо хүлээн авч, ажиллаж эхэлнэ” гэсэн юм.
Барилгын ажлын талбай дээр туслан гүйцэтгэгч 40-өөд компани, 1200-гаад хүн ажиллаж байна. Өчигдөр 560 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулснаар санхүүжилтийн асуудал нь шийдэгдэж буй юм билээ. Нийт 1200 га эзэмшлийн талбайтай уг нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая зорчигч хүлээн авч, 2000 ажлын байр бий болохоос гадна цаг агаарын байдлаас шалтгаалан саатдаг нислэгийн тоог 1000-д тав болтол цөөлөх аж. Энд 30-аад барилга байгууламж сүндэрлэхээс одоогоор томоохон 14 байгууламжийн барилгын ажил эхлээд дундаа орж буй юм байна. Эдгээрээс хамгийн том нь 37 мянган ам метр талбайтай, зургаан хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний терминалын барилга юм.
Одоогийн байдлаар 200 хүн өвөл, зунгүй ажиллаж, амьдрах кэмп, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхгийн бетон цутгалт, газар доорх 1.8 км урттай тунелийн шугам сүлжээний ажил, дулааны 4.5 км шугам сүлжээ, үерийн хамгаалалтын 9.4 км урт далан шуудуу барьж дуусгажээ. Түүнчлэн Монголд анх удаа агаарын хөлөгт шатахуун сумлах системийг энд суурилуулсан юм байна. Энэ онд нийт бүтээн байгуулалтынхаа 66 хувийг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэнэ. Харин захиргааны болон аэродром, ачаа шуудан тээврийн нийт гурван барилгын ажлыг 2014 онд эхлүүлэх байсан ч манай Засгийн газраас санхүүжилтийг нь шийдээгүйгээс гацжээ. Төслийн захирал Н.Энхбат “Эдгээр барилга ашиглалтад орохгүй л бол бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд ч нисэх буудал ашиглалтад орох боломжгүй.
Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд яаралтай шийдэж өгөхийг хүсье” хэмээн С.Баярцогт сайдад учирлав. Мөн тэд нисэх онгоцны шинэ буудлын менежментийн асуудалд ихэд санаа зовинож буйгаа хэлж байлаа. “Буудлын менежментийг төр авч явах юм уу, гадаадын, эсвэл үндэсний компанид хариуцуулах уу гэдгээ ирэх долдугаар сараас өмнө шийдэх хэрэгтэй. Одооноос сонгон шалгаруулалтаа зарлахгүй бол нисэх буудал ашиглалтад орсны дараа үйлчилгээний асуудал хэцүүднэ. 2017 онд ашиглалтад орно гэж тооцвол менежментийн баг нь 2016 оноос ажлаа эхлүүлээд, түрээслүүлэгчдээ сонгон шалгаруулах ёстой. Нисэх онгоцны буудал менежментгүйгээр шууд үйлчилгээ явуулах боломжгүй. Бэлтгэл маш их хэрэгтэй. Японы шинжээчдийн хоёр ч баг энд ажиллаж байна. Туршилтуудаа тэдний ажлын хүрээнд явуулна” хэмээн төслийн удирдагчид ярьж байв. Ямартай ч бид АСЕМ-ийн уулзалтаас өмнө хурдны авто замтай, онгоц хөөрч, буух зурвасгүй гээд нүүрээ улалзуулж суухгүй л юм байна.
О.БАТ-УНДРАХ