Сотеби, Кристи гээд дэлхийн томоохон дуудлага худалдаанаас төдийгүй, энгийн иргэд ч хуучин хувцас гутлаа зардаг www.ebay.com худалдааны сайтаас ч Монголын соёлын өвийг үнэ хаялцуулан арилжиж буйг төвөггүй харж болно. Харамсалтай нь эл дүр зураг Монголын соёлын өв үнэгүйдэж, бидэнд өөрсдийн гэх үнэт зүйлс үгүй болсныг гэрчлэх илхэн баримт. Эл асуудлаар ярилцахаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн эрхлэгч, Монголын Үндэсний төв номын сангийн ACIP төслийн удирдагчаар ажиллаж байсан төвд судлаач Г.Ням-Очиртой уулзлаа. Тэрбээр Монголын ном судар, ном зүй, төвд судлалын чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж байгаа билээ.
-Цахим худалдаагаар “Жадамба” судрыг үнэ хаялцуулан зарж байгаа талаар мэдээлэл саяхан гарлаа. Энэ судрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Энэ бол XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн хүрээ дэгээр хийсэн “Жадамба” буюу “Хоосон чанарын 8000 шүлэгт” хэмээх ном. Харьцангуй элбэг байдаг ч ийм нарийн хийцтэй, цэвэрхэн хадгалсан нь нүдний гэм болсон. Бурхны номыг хүний өвөрт багтаавал шашин сөнөнө, муудна гэсэн сүсэгтэй учир “Жадамба”-ыг зөвхөн үүрч явахаар том сайхан хэвлэдэг уламжлалтай. Эмээ өвөө нар минь Богд уулыг гороолоод “Жадамба”-аа үүрээд их явдагсан.
-Номыг алтаар бүтээдэг уламжлал Монголоос өөр оронд үгүй хэмээн та дурдсан байдаг. Яагаад алтаар бүтээх болсон юм бэ?
-Номыг алтаар бүтээдэг энэ уламжлалын тухай нэгэн домог байдаг. Рах нар сарыг залгиад орчлон тас харанхуй болж гэнэ. Тэгээд хүмүүс хэрхэн гэрэл гэгээ гаргах тухай арга чарга эрэлхийлтэл нэгэн хүн Бурхны айлдвараас дөрвөн мөр шүлэг харуулбал Рахын хоолойн зангиа тавигдана хэмээн айлдаж гэнэ. Тэгээд нэгэн лам нагтан цаас буюу хар цаасан дээр алтаар “Хоосон чанар”-ын дөрвөн мөр шүлэг бичээд, хажууд нь зул барьтал нар сар хоёр чөлөөлөгдөж гэнэ. Ингээд “Хоосон чанар”-ын шүлгүүдийг ихэвчлэн алтаар бичдэг болсон гэдэг. Харин буян хийхийн тулд бидний дээдэс чихний ээмэг гарын бэлзгээ нарийн хуурайгаар хуурайдаж, бурхны номыг бичүүлэн хойтын буян хийх уламжлал их байжээ. Номын үсгүүд алтаар бүтээгдсэн боловч буцаад алт болох нь үгүй. Энэ нь алтыг хоосон чанарт урвуулсан сайхан уламжлал юм. Эд баялаг эцсийн эцэст ном л болж үлддэг. Дэлхий дээр өөр ийм уламжлалтай ард түмэн үгүй.
-Соёлын өвийг хараа хяналтгүй гадагш зөөх болсон талаар бүгд мэддэг ч энэ талаар баримттай ярих нь ховор. Далд наймаа болон цэцэглэж, бидний үнэт өвийг зөөх болсон энэ асуудалд чухам юу нөлөөлсөн бэ?
-Бид их баялаг номын сантай байсан. Нэг хэсэг түүнийгээ өөрсдөө устгаж, коммунизмын үеэр бэлгэнд өгч гаргасан. 1990-ээд оны үеэс гадагшаа замбараагүй зөөж эхэлсэн. Үүнд хамгийн их хариуцлага алдаж байгаа нь Монголын төр. 2010-аад оноос л эл асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Бидний үнэт өвийг чухам юу үнэгүйдүүлэв гэхээр нэгдүгээрт үнэ цэнийг нь мэдэхгүй байгаа явдал. Хүн өөрийнхөө гар дээр байгаа зүйлийг үнэтэй гэж мэдвэл зарж үрэх биш, үе дамжуулан өвлүүлнэ. Тиймээс айл бүрийн хойморт байх тэр ном судар ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулж, үнэлдэг болгох хэрэгтэй. Энэ ажлыг өөрийн мэдлийн хүрээнд эхлүүлэхээр 2011 онд Богд хааны ордон музейд ажиллаж байхдаа тус музейн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дэлхийн зах зээлийн ханшаар хийж үзсэн юм. Богд хааны ордон музей бусад музейтэй харьцуулахад тоногдоогүй, ховор үзмэр өвийг өнөө хэр хадгалж буй газар. Ажиллаж байсан хүмүүс нь ажлаа их хариуцлагатай хийдэг байсны ач л даа. Тиймдээ ч нийт хөрөнгө нь найман тэрбум еврод хүрч байсан. Тухайн үед ажиллаж байсан сайд Ё.Отгонбаяр үүнийг сонсоод намайг галзуу гэж шоолж байлаа. Угтаа бид тэр хадгалж буй үнэт өвөө Сотеби, Кристи гэх мэт дуудлага худалдаанд борлуулдаг соёлын өвтэй дүйцүүлж үнэлэх хэрэгтэй. Тэгж байж л хүмүүс тэр зүйлсийн үнэ цэнийг ойлгож, зарж үрэхээс цааргалдаг болно. Харамсалтай нь Ц.Оюунгэрэл ч тэр, одоогийн Л.Гантөмөр сайд ч энэ асуудалд санаа тавих хүсэл зорилго үгүй бололтой.
Хоёрдугаарт, хойч залгамж судлаач нар гарахгүй байгаа нь соёлын өвийн асуудал ийм байдалд хүрэхэд нөлөөлж байгаа. Соёлын өвийг үнэлж, материаллаг талаас нь харахаас гадна оюуны бүтээл гэдэг талаас нь судлах шаардлагатай.
Гуравдугаарт, улс төрийн томилгоо үүнд томоохон түлхэц болж байгаа. Намын томилгоо гэдэг улс төрийнхөө хүрээнд байх ёстой болохоос соёл урлагийн салбарт хуруу хошуу дүрэх шаардлагагүй юм. Манай төрд ч соёлын өвөө хамгаалах сонирхол алга. Намын томилгоогоор очсон соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа удирдах ажилтнуудад нь чадвар, мэдлэг алга. Нөгөө талаасаа Монгол Улсын түүхийн үечлэлийн асуудал ч соёлын өвийг үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа юм. Бид шинэ үеийн түүхийг 1921 оноос эхлүүлдэг байлаа. Хожим нь Богд хааны үеэс эхэлдэг болгож өөрчилсөн. Угтаа энэ талаар мэдлэгтэй судлаачид Монголын шинэ үеийн түүхийг Өндөр гэгээний үеэс авч үздэг. Тэгж байж л хуучны шашны судар гээд хэрэггүй хог мэт үздэг ойлголтоосоо иргэд сална. Тиймээс түүхийн үечлэлийг дахин хийх нь соёлын өвийг хамгаалах бас нэг бодлого болох юм. Энэ жил Өндөр гэгээний 380 жилийн ой тохиож буй. Өндөр гэгээн гэдэг хүн номыг алтаар бичих соёлыг дэлгэрүүлж, түүнийг монголчууд 200-300 жил уламжлан өвлүүлж, итгэж бишрээд, хадгалаад ирсэн. Гэтэл Өндөр гэгээний ойг тэмдэглэх асуудал өнөө хэр шийдэгдээгүй л байна. Харин Унгар улсад эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-нд хийнэ. Манай улсаас тус хуралд 25 эрдэмтэн оролцоно.
-Унгарчууд яагаад Өндөр гэгээний ойд тэгж ач холбогдол өгч байгаа юм бол?
-Нэг талаас тэд сэргэлэн байна. Европт хийж байгаа нь нэг талаасаа сайн боловч нөгөөтэйгүүр бидэнд хохиролтой. Бид тэр хуралд оролцох 25 эрдэмтний замын зардлаар Монголдоо тэр хурлыг зохиож болох л байлаа. Унгарт болох хуралд манай эрдэмтэд монгол хэлээр илтгэл тавина, гаднынхан англи хэлээр тавина. Тэгэхээр энэ хурлаас тодорхой үр дүн гарах нь эргэлзээтэй. Бид өөрсдөө ийм хурал хийж, шашны хэрэггүй хог мэт үздэг өвийг нь үнэлж, тэрийгээ нийтэд хүргэвэл соёлын өвөө гадагш зөөх асуудалд ганц ч болов эерэг өөрчлөлт хийх боломж байна. Гол нь хурлаас гарах үр дүн жинтэй байх ёстой. Тэгж байж энэ судар Монголын оюуны өмч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр иргэд энэ асуудалд сэтгэлтэй ханддаг болно.
-Олон жил энэ салбарт ажиллаж, судалгаа хийсэн хүний хувьд энэ асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж, арга замуудыг боддог байх. Соёлын өвийг бодитоор үнэлэхээс өөр эл асуудлыг шийдэх гарц бидэнд бий юү?
-Өөрсдийн соёлын өвийг гаднын дуудлага худалдаагаар зарагдаж байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ таслан зогсоож, хорьж цагдах замаар асуудлыг шийдэх аргагүй. Үлдсэн өвөө гадагш алдахгүй байх бодлого барих ёстой. Намайг Соёлын яаманд ажиллаж байхад бүтэн чемодан ном судар хилээр гаргах гэж байгаад баригдсан гээд хураасан ном судрыг авчирч л байлаа. Баригдаж байгаа нь л тэр болохоос мэдэгдэлгүй хэчнээн ч гарч байгааг бид мэдэхгүй. Монголын соёлын өвийг зөөсөөр байгаад нохойн олигтой идүүр ч үлдсэнгүй шүү дээ. Гэхдээ бидэнд энэ далд сүлжээ болтол цэцэглэсэн зах зээлийг хянах боломж бий. Үүний тулд энэ төрлийн худалдааг ил болгох хэрэгтэй. Монгол хүн яагаад өөрсдийн соёлын өвийг худалдаж авч болдоггүй юм. Манайд худалдан авах зах зээл нь бий. Эртний эдлэл цуглуулагчид өөрсдийн үзэсгэлэн байгуулж, үнэт өвийг бусдад ч таниулж, сурталчлаад эхэлнэ. Хэрэв энэ чигээрээ байвал Монгол Улсад юу ч үлдэхгүй. Соёлын өвийг нь зөөж дуусаад хүнийг нь зөөж эхлэх вий гэсэн эмзэглэл надад төрдөг юм. Дунд шатны удирдах албанд олон жилийн турш хорьж цагдах, байцааж, шийтгэхийг л урьтал болгодог хүмүүс ажилласаар ирлээ. Хувь хүний цуглуулгыг мэргэжлийн комисс ад үздэг. Тиймээс л энэ наймаа далд хэлбэрээр хөгжсөн. Энэ бол Монгол улсад маш хорлонтой бодлого. Заримдаа энэ асуудалд бачимдаж гаднын захиалгатай байж мэдэх юм гэсэн сэжиг төрдөг.
-Музейгээс хулгайн замаар үзмэрүүдээ их алддаг гэж ярьдаг.
-Соёлын өвийг гадагш зөөх асуудлаас улбаалаад музейн асуудал сөхөгдөнө. Бид музейгээ үнэн зөв үнэлэхгүй байна. Музейн тооллогыг ил хэлж чадахгүй байна. Хариуцлага хүлээхгүйн тулд тооллогоо будлиантуулж, салбарын яамны хүмүүс нь тооллогынхоо дүнгээр сайдаа дарамтлаад сууж байна. Энэ асуудалд итгэл үнэмшил бас их нөлөөтэй. Тиймээс дунд сургуулийн багш нараас эхлээд бүх хүн шашин шүтлэгээ ил болгох хэрэгтэй. Христийн шашин шүтдэг хүнд бурхны шашны соёлын зүйлс хог л болж харагдана. Тиймээс түүнийг хадгалж хамгаалах асуудалд огт санаа тавихгүй. Шүтлэгээс хамаарч үндэснийхээ өв соёлыг үгүйсгэх хандлагатай болж байна. Энэ хандлагаас болоод залуу үеийн судлаачид гарч ирэхгүй байгаад би хамгийн их харамсдаг. Өөриймсөг ханддаг судлаачид болон номын сан, төр засаг үнэлэхгүй байна л даа.
-Эрдэмтдийг үнэлэхгүй байгаа нь соёлын өвийн асуудалд ч сөргөөр нөлөөлж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Сая Шинжлэх ухаан академийг хаахад залуу эрдэмтэд нь бүгд гадагшаа гарчихлаа. Академид нь тэтгэврийн хэдэн хөгшчүүл үлдлээ шүү дээ. Тэгэхээр бид Хятадын нэг тосгон болон хоцроход бэлэн боллоо гэсэн үг. Ном уншдаг хүн ч үгүй болж байна. Зурагтаар мөнгөний тухай ярьж, сонин сэтгүүлээс мөнгөний тухай уншиж, өөр хоорондоо ч мөнгөний тухай л ярьдаг боллоо. Төв номын санг хүүхдүүд автобусны буудал гэж ойлгодог болоод байна. Ингэхээс ч аргагүй. Аав ээж нь ч номын санд суудаггүй байсан шүү дээ. Мөнгө шүтсэн монголчууд бид сэтгэлгээний ядууралд орж Украин шиг болоход тун ойрхон байна.
-Хятад руу ном судар их гаргадаг гэсэн. Ямар шалтгаанаар тэд ном судрыг зөөдөг юм бэ?
-Соёлын хувьсгалын үеэр ном судраа устгасан болохоор хятадууд 4-5 жилийн өмнөөс бодлогоор цуглуулж эхэлсэн юм. Судрыг хуудас бүрээр үнэлж худалдаж авдаг болсноор хятадууд бүх судраа төрдөө зарж дуусгаад Монголын соёлын баялаг руу орж байгаа нь тэр. Наймаачид гэхээсээ илүүтэй нэгэнт авах сонирхолтой хүмүүс байгаа болохоор хувь хүмүүс өөрсдөө гэрт байгаа судраа аваачиж зардаг болсон л доо.
-Баруунд дуудлагаар худалдахдаа Монголынх гэдгийг нь нийтэд зарладаг уу?
-Манай шашны соёлын дийлэнх өвийг төвдөөр бичсэн байдаг учраас Төвдийн соёлын өв гэж ойлгогдох тал бий. Харин сүүлд зарж байсан судрыг Монголынх гэж тодотгосон байна билээ. Баруунд дуудлагаар худалдаж байгаа асуудалд бас сайн тал бий. Тэд манайхан шиг үнэт өвөө хав дардаггүй. Дуудлагаар худалдахаас өмнө нэр хүндтэй сэтгүүлд тухайн бүтээлийн талаар судалгааны хоёроос гурван нийтлэл бичиж, үнэ цэнийг нь ойлгуулж байж худалддаг.
О.УНДАРМАА