Дэлхийн хоёрдугаар дайн нь зөвхөн моторын дайн байсангүй, бас морьт цэргийн сүүлчийн том дайн байв. Энэ дайны гол фронтод тулалдаж байсан Зөвлөлтийн Улаан армид монголчууд бүхий л бололцоогоороо сэтгэл харамгүй тусалсны гэрч, илэрхийлэл нь агт, морьд. 1942 оноос улсаас тогтоосон үнээр Улаан армид агт морьд худалдах шинэ ажил эхэлж, “Сайн морьдоо улсдаа худалдая” уриан дор өрнөжээ. Эл ажил хэрхэн эхэлсэн тухай Хоршоодын төв холбоо, Агт худалдан авах улсын Төв комиссоос 1943 оны нэгдүгээр сарын 12-нд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлд ирүүлсэн илтгэлд дэлгэрэнгүй дурдсанаас үзвэл: Хоршоодын төв холбоо, түүний дэргэдэх Агт худалдан авах улсын Төв комисс 1942 оны долдугаар сарын 15-наас морьд худалдан авах 15 буудлыг Дорнод, Хэнтий, Дорноговь, Жавхлантшарга, Төв аймагт анхлан байгуулж, тэдгээрийн тасралтгүй ажиллагааг хангахад онцгой анхаарч, хэрэглэгдэх төсөв зардлыг тусгайлан гаргаж, орон сууц, агтны хашаа, уяа, ногт, пайз зэргийг дутагдал үгүй бэлтгэжээ.
Цаашид буудлуудыг шилжүүлэх, нэмж байгуулах зэргээр зохион байгуулж, аймаг сумдын захиргаа, намын хороо, үүрүүдийн нарийн бичгийн дарга нар онц чармайн ажилласнаар морь малаар туслах хэмээсэн малчин ардын санаачлага зохион байгуулалттай хөдөлгөөн болон богинохон хугацаанд өргөжин дэлгэрч, 1942 онд улсын хэмжээнд 13 аймгийн 215 суманд морьд худалдан авах ажил хийгдэж, гэрээ ёсоор 94000 морьд бэлтгэхээс 104067 морьдыг тэнцүүлэн, төлөвлөгөөг 110.7 хувиар биелүүлжээ. Тэдгээрийн дотроос Сэлэнгэ, Увс, Дорнод, Ховд аймаг бэлтгэлийн төлөвлөгөөг 102- 110 хувиар давуулан биелүүлснээс Ховдын Булган сум 210 морьд бэлтгэхээс 423, Увсын Ховд сум 568-ыг бэлтгэхээс 1121, Дорнодын Булган 1363 морьд бэлтгэхээс 1508 морьд өгсөн зэргээр нийтдээ 51 сум төлөвлөгөөг давуулан биелүүлжээ.

Худалдахын зэрэгцээгээр малчин ардууд өөрсдийн сайн дураар 6417 агт бэлэглэжээ. Ард олноос морьд бэлэглэхийг хүссэн захидал хүсэлт, бэлэглэсэн морьдын талаарх илтгэл мэдээ хэдэн арваараа бий. Тухайлбал, 1942 оны тайланд Увс аймгийн Хяргас сумын ард 18 настай Бизьяа морь 50, гүү 14-ийг үзүүлж, тэнцсэн морь 30, гүү хоёрыг худалдаж, шилдэг сайн гурван морийг, Жавхлантшарга аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн дарга Тарав 20 морио худалдаж, 400-1000 төгрөгийн үнэтэй таван жороо морь, Завхан аймгийн ИхУул сумын ард Гарьд 76, Говь-Алтай аймгийн малчин Ж.Бавуу 55, Ховд аймгийн Дарви сумын Ядам 50, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наваан нар 43 морь тус тус бэлэглэснийг дурдсан бол 1943 оны мэдээнээс “Завхан аймгийн Дөрвөлжин сумын ард Дорлиг 55, Булган аймгийн Булнай сумын ард Дашням 50, ард Хишигбазар 30, Увс аймгийн Тэс сумын ард Бардоо 49 морь бэлэглэсэн” зэрэг урт жагсаалт гаргаж болно.
Дайны сүүдэр өрх бүрт тусаж, дутагдах гачигдахын хүндийг үзэж байсан ч Монголын малчин ардууд олон зуун километрийн алсаас агт морьдоо авчирч, үзлэгт тэнцсэнийг зах зээлийн ханшнаас үлэмж доогуур тогтоосон үнээр худалдаж, бэлэглэж байсан тухай ЗХУ-ын Гадаадтай соёлоор харилцах Бүх холбоотын нийгэмлэгийн төлөөлөгч Сидоров 1943 оны тайландаа жишээ татан тэмдэглэсэн бол “Үнэн” сонинд “…ардууд морь худалдах, бэлэглэхдээ хувийн ашгийг бодсон явдал үгүй, тэднийг хэн ч албадаагүй” хэмээн бичиж байв. Уг ажлыг төр, засаг захиргаа, нам, эвлэлийн байгууллагууд бүх шатандаа онцлон үзэж, өргөн сурталчилгаа явуулж, оролцогчдыг урамшуулж байсны баримт болох “Алтан үсгийн үнэмлэх” ч өдгөө олон хүнд хадгалагдаж байна.
Хүн ардын бадрангуй урам зоригийн үрээр Улаан армид илгээх морьдын тоо жилээс жилд нэмэгдэж ирснийг баримт гэрчилнэ. Тухайлбал, 1944 оны нэгдүгээр сарын 14- нд ЗСБНХУ-д суух БНМАУ-ын элчин төлөөлөгч Ж.Самбуугаас ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссириатад илгээсэн бичигт “... Улаан армид зориулан бэлтгэсэн агт 128.378, ард олноос бэлэглэсэн 9513, чөлөөлөгдсөн нутгуудад илгээсэн 5567 тооны морьд замд яваа тухай” гэсэн нь 1943 оны бэлтгэлийн дүн болох бөгөөд бэлтгэлийн төлөвлөгөөг 1943 онд 183, 1944 онд 202 сум 100 хувь биелүүлж байжээ. Монголоос ирсэн морьдыг хэрхэн хуваарлаж байсан тухай баримтууд ч эдүгээ судалгаанд орж байгаагаас үзвэл морьдыг цэргийн агтанд хэрэглэхээс гадна 1944 оноос эхлэн улс ардын аж ахуйн хэрэгцээнд, сангийн аж ахуй, хамтралуудад хуваарилж байжээ.
Зөвлөлтийн Эх орны дайны үед Монгол улсаас худалдсан ба бэлэглэсэн морьдын талаарх дүн мэдээ зөрүүтэй бөгөөд “Үнэн” сонины 1965 оны тавдугаар сарын 19-ний дугаарт “...Зөвлөлтийн эх орны дайны үед БНМАУ 485.000 морьд худалдаж, 32.5 мянган агт бэлэглэсэн” гэсэн мэдээг үндэслэн “хагас сая гаруй” гэх тоог ихэнх ном бүтээлд дурдаж иржээ. Харин Оросын талын баримтуудад өөр дүн, тухайлбал, ЗХУ-ын элчин төлөөлөгч И.А.Ивановаас ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовт 1945 оны гуравдугаар сарын 14-нд илгээсэн мэдээнд “... БНМАУ нь ЗХУ-д 460000 хүртэлх тооны морьдыг илгээсэн” гэсэн бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний яамны Гадаад харилцааны хэлтсээс 1947 оны тавдугаар сарын 30-нд бэлтгэсэн “Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцан туслалцааны тухай” хэмээх баримтад “...Эх орны дайны үед БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-д улсын үнээр (150-200 төгрөг) 437189 морьд худалдсан нь нийтдээ 88 сая төгрөг, мөн монголын ард түмнээс фронтод бэлэг болгон 20 орчим мянган морьдыг бэлэглэсэн нь 3.876.560 төгрөг болно” гэжээ.
Үүнээс үзвэл, ойролцоогоор 460.000 гэсэн тоо байгаа аж. Монгол, Оросын талын эх сурвалжийн мэдээний зөрүүг гаргах боломж судалгааны өнөөгийн төвшинд хүндрэлтэй бөгөөд цаашид хоёр орны архивуудад хадгалагдаж буй арвин их баримтыг харьцуулан судалж, нягтлах үед илүү тодорхой болох байх аа. Ямар ч атугай, морьд бэлтгэж эхэлсэн эхний үед Монгол Улс жил бүр 100 мянгаас доошгүй тооны морьд ЗХУ, Улаан армийн хэрэгцээнд нийлүүлж байсан нь баримттай зүйл. Бас нэгэн зүйл бол бэлэглэсэн морьдын тооны асуудал юм. Монголын талын сурвалжуудад 1942 онд 6417, 1943 онд 9513, харин 1944 онд 10855 морьдыг тус тус бэлэглэсэн мэдээ байгаа нь нийлбэр дүнгээрээ 26785 болно.
Харин ЗСБНХУ-ын ГХАК-ын Алс Дорнодын III хэлтсийн ажилтан М.Ш.Бахитовын гаргасан мэдээгээр “1944 оны зургадугаар сарын 1-ний байдлаар БНМАУ-ын ардууд 20976 морьд бэлэглэсэн” гэсэн тоо буй. Дээр дурдсан мэдээнүүдэд 1945 он багтаагүй тул бүрэн тоо хэмээн үзэж болохгүй юм. Гэхдээ бидний бодоход тооны зөрүү гол бус, харин Монголоос очсон морьд байлдаж буй Улаан армийн агтыг сэлбэж, тэдний ялалт амжилтад хувь нэмрээ оруулсан нь чухал юм. Энэ тухай Улаан армийн морьт цэргийн нэрт дарга, монгол морьдын чанарыг таньсан генерал И.А.Плиев “…1941 оны өвөл Москвагийн дэргэд, морин цэргийн Гвардийн гуравдугаар дивизэд морьд маш их хэрэгтэй байсан цагт монголчууд дуртайяа тусалж, унахад хөл хөнгөн, жижигхэн Монгол морьд танктай зэрэгцэн Берлин хүрсэн”- ийг бахархан дурсаж, маршал И.Баграмян өөрийнх нь командалж байсан морин цэргийн Гвардийн нэгдүгээр корпуст Монголоос 1500 морьд бэлэглэн ирүүлсэн нь агтныхаа ихэнхийг дайны тэргүүн фронтод алдсан тэдэнд асар их тус болсныг онцлон тэмдэглэжээ.
Монгол морьд тэсвэр, шандсаараа Улаан армийн дайчдыг бишрүүлж, хүнд техник туулахад бэрх намаг шавар, цасан хунгарыг гатлан зүтгэж, гал утаа, суман шуургыг сөрж, Берлин хүрсэн их давшилтын замд эзнээ явгалаагүйг ахмад дайчид олонтаа өгүүлж, хахир хүйтэн цагт цасан доороос ч өвс хоолоо олж иддэг, жүчээний адуунаас илүү чадал тэсвэртэйн дээр унасан эзэндээ туйлын дасамгай монгол морьдынхоо ачаар амьд үлдсэн талаар ч бичиж үлдээжээ. Тийм ч учраас эл түүхийг мэдэх хожмын монгол найрагч “Сайхан монгол морь” шүлэгтээ, ...Дайны талбарт эндсэн эзнээ Дайсны саварт үрээгүй Дайчин нөхрөө хүргэж өгөөд Нулимс бөмбөрүүлэн зогсож байсан... хэмээн магтан дуулсан бизээ.
Зөвлөлтийн Эх орны дайны үед Улаан армийн агтанд байсан таван морь тутмын нэг нь монгол морь байсан тухай Оросын өнөөгийн судлаачид бичиж, “Монголын морьдын лизинг” хэмээх өгүүлэл хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдаж, хүнд бэрх цагт хамт байсан Монгол орон, монголчуудын чин сэтгэл, тус дэмийг мэдэж авснаа илэрхийлсэн эерэг сайхан сэтгэгдлүүд ч бичжээ. Ийнхүү 70 жилийн тэртээх ялалтыг авчрахад хүн, хүчит техникийн зэрэгцээгээр морьд мөн зүтгэж байсны тоонд монгол морь багтаж, эх нутгийнхаа нэрээр “монголка” хэмээгдэн түүхэнд үлджээ.
Н.ХИШИГТ Түүхийн ухааны доктор