Эх орны дайны үед Гитлерийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж, боссон Зөвлөлтийн охид, хөвгүүдийн тоог гаргах юм бол бүхэл бүтэн армийн хэмжээнд хүрэх аж. Зөвхөн Белорусьт гэхэд өсвөр насны 74.500 хүүхэд партизаны эгнээд элсэж, томчуудтай мөр зэрэгцэн, тулалдаж явжээ. Зөвлөлтийн Их нэвтэрхий тольд “Эх орны дайны үед 35.000 хүүхэд байлдааны одон, медалиар шагнуулсан” гэжээ. Тэдний тав нь ЗХУ-ын баатар болсон юм.
ЗИНАИДА МАРТЫНОВНА ПОРТНОВА
Насанд хүрээгүй цорын ганц эмэгтэй баатар. Амралтаараа эмээгийндээ ирээд байхад нь дайн эхэлжээ. Белорусь Эх орны дайнаар хамгийн олон партизаны бүлгэмтэй байлаа. Мөн фашистын түрэмгийлэгчдийн эсрэг насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлгөөн асар хүчтэй өрнөсөн аж. Тэдгээрийн нэг болох “Өсвөрийн өшөө авагчид” хөдөлгөөнд Зина охин идэвхтэй оролцдог байв. Зина мөн л тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тэрбээр Германы цэргийн гуанзанд ажилд орж чаджээ. Тэнд ажиллаж байхдаа охин чухал мэдээлэл дамжуулахаас гадна, 100 гаруй удирдах офицерыг хордуулж алсан байдаг.
1943 онд нэгэн урвагчийн гайгаар хотын нууц бүлгэм бараг бүрэлдэхүүнээрээ баригджээ. Партизанууд Зина охинд амьд үлдсэн гишүүдийг олж холбоо тогтоох үүрэг өгсөн аж. Тэрбээр даалгаврыг сайн биелүүлж, холбоо тогтоож чадсан байна. Ингээд партизануудад мэдээ хүргэж яваад баригджээ. Түүнийг зодож занчин, айлгаж сүрдүүлэн байцаасан ч бяцхан охин нууцаа хэлсэнгүй. Гестапогийн офицер охиныг яргалаад юм олж долоохгүйгээ ойлгоод өөр аргаар үзэхээр шийдэн, чихэр жимсээр дайлж, худал амлалт өгч эхэлжээ. Охинтой ярьж байхдаа офицер цонх руу очих хооронд Зина ширээн дээр байсан гар бууг аваад түүнийг мөн ширээний ард сууж байсан орчуулагч цэргийн хамт буудаж орхиж.
Зина комендантын харуулыг ч буудаж унагаад гол руу гүйв. Голын цаад эрэгт ой байх тул тэнд нуугдах боломж байлаа. Тэр сүүлчийн сумаа өөртөө үлдээсэн байв. Дайснууд түүнийг гүйцэж ирэхэд охин гар бууг чамархайдаа тулгаад хором ч эргэлзэхгүйгээр гохоо дартал буу гацаж орхижээ. Офицер охины турьхан гараас бууг булааж аваад, улаан нүүрэн дундуур нь цохиж унагав. Зинаг фашистууд бүтэн сар тамлан, байцаажээ. Сүүлдээ юу ч хэлэхгүйг нь ойлгоод, зэрлэгээр тамлан тарчлаажээ.
Түүний хоёр нүдийг сохолж, чихийг нь огтолж, нуруун дээр нь таван хошуу сийлсэн байдаг. 1944 оны нэгдүгээр сарын 13-ны өглөө фашистууд хотын гудамжаар нэгэн хөл нүцгэн, сохор охиныг тууж явлаа. Зинаг мэддэг байсан хүмүүс даашинзаар нь л таньсан гэдэг. Түүнийг хотын талбайд дүүжилж, цогцсыг нь оршуулахыг зөвшөөрөлгүй арав хонуулсан аж. ЗХУ-ын баатар цолыг агуу эх оронч охинд 1958 онд нөхөн олгожээ.
ВАЛЕНТИН АЛЕКСАНДРОВИЧ
Валя Котик ЗХУ-ын хамгийн бяцхан баатар. Тэрбээр Украины Подольск мужийн нутаг дэсвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байсан Кармелюкийн нэрэмжит партизаны бүлгэмийн гишүүн байжээ. Тэрбээр 1930 оны хоёрдугаар сарын 11-нд Подольск мужийн Хмелёвка тосгонд төрсөн. Валя дунд сургуулийн тавдугаар анги л төгсжээ. Дайн эхэлж, цааш сурах боломж түүнд олдсонгүй. Партизаны бүлэгт орохоосоо өмнө Валя сайн дураараа байлдааны талбараас буу зэвсэг цуглуулан, Шепитевск хотын намын нууц бүлгэмд өгдөг байжээ. Бас сайн зурдаг байсан тул фашистуудыг шоглон зурж энд тэндгүй наадаг байв.
Ингээд 1943 оноос партизаны бүлэгт элсэж, тагнуулын үүрэг гүйцэтэх болов. 1943 оны аравдугаар сард Германы цэргийн командлалын холбооны гол шугамыг илрүүлэн устгаад зогсохгүй зургаан галт тэрэгний зэвсэгт цувааг дэлбэлж чадсан аж. 1943 оны аравдугаар сарын 29-нд харуулд гарч байхдаа дайсны дайралтыг холоос анзаарч мэдээд, гол командлагч офицерыг нь буудан, бусдадаа дохио өгч амжжээ.
14 настай зоригт хөвгүүн төрөлх хотоо чөлөөлөх тулалдаанд оролцож шархдсаны улмаас 1944 оны хоёрдугаар сарын 14-нд нас барсан аж. Түүнийг бүлгэмийнхэн нь Шепетевка хотын төв цэцэрлэгт хүрээлэнд оршуулсан гэдэг. Нас барахаасаа өмнө Валя Лениний одон, Эх орны дайны I одон, Эх орны дайны партизанны II одонгоор шагнуулсан байдаг. Харин ЗХУ-ын баатар цолыг түүнд 1958 онд нөхөн олгожээ.
ЧЕКАЛИН АЛЕКСАНДР ПАВЛОВИЧ
Саша хүү 1925 оны гуравдугаар сарын 24-нд Тульск мужийн Песково тосгонд төрсөн бөгөөд зураг авах дуртай, бас мандолин хөгжмөөр сайхан тоглодог байж. Дайн эхлэхэд тэрбээр 16 настай байсан бөгөөд тосгонынхонтойгоо олзлогдон, Лихвин рүү туугдаж явахдаа оргож амжжээ. Тэрбээр 1941 оны долдугаар сард сайн дураараа “Тэргүүн” нэртэй партизаны бүлэгт элсэж, тагнуулч болжээ. Зоригт хөвгүүн дайсны цэрэг зэвсгийн тоо, чиглэл хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулаад зогсохгүй замд дэлбэрэх бөмбөг тавьж, дайсны холбоог устгах, төмөр зам дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанд томчуудтай мөр зэрэгцэн оролцдог байв.
Арваннэгдүгэр сард Саша ханиад хүрч, хүндэрсэн тул тосгоны байшиндаа хэд хоног хэвтэхээр ирсэн аж. Хүнгүй хэдэн сар болсон байшингаас утаа гарч байхыг харсан тосгоны ахлагч Германы комендатад мэдэгдсэн байна. Дайснууд тэр дороо байшинг бүслэн Сашаг бууж өгөхийг шаардсан ч хөвгүүн тэдний урдаас гал нээн байлдав. Бүтэн хоёр цаг байлдсаны эцэст сум, гранат нь дуусаж, шархадсан Саша фашистуудад олзлогдов.
Партизаны бүлгийн байрлал, нууц үгийг хэлүүлэх гэж түүнийг хэдэн өдөр тамласан ч, Александр ганц ч үг унагаагүй байна. Юу ч олж мэдээгүй дайснууд бусдад сургамж болгох үүднээс Саша хүүг хотын төв талбайд дүүжилжээ. Хүү алуулахаасаа өмнө “Эд биднийг ялж чадахгүй. Та нар битгий ай” гэж хашгирч амжсан гэдэг. Александр Чекалинийг 1942 онд ЗХУ-ын баатар цолоор нөхөн шагнажээ.
МАРАТ ИВАНОВИЧ КАЗЕЙ
Марат багаасаа зовлон зүдгүүр үзсэн хүүхэд байлаа. Түүний эцэг эх нь коммунистууд байсан ч, 30-аад оны хэлмэгдүүлэлтэд өртөж, эцэг нь Сибирьт цөлөгдөн, тэндээ нас барсан бол эх Анна Казей нь хэдэн жил шоронд суугаад гарчээ. Гэсэн ч эх нь коммунизмын үзэл бодолдоо үнэнч хэвээр үлдсэн аж. Дайн эхлэхэд Анна Казей Минск хотын намын нууц бүлгэмд ажиллаж байгаад 1942 онд фашистуутад баригдан, дүүжлүүлсэн байдаг. 1943 онд нууц бүлгэмийнхэн Маратыг дүүгийнх нь хамт ар тал руу явуулах гэтэл тэрбээр дүүгээ явуулаад, өөрөө эхийнхээ үйл ажлыг үргэжлүүлэхээр үлдсэн аж.
Маратын гавьяа нэгээр тогтохгүй. Хамгийн их шуугиан тарсан гавьяагаа Марат 1943 оны гуравдугаар сард байгуулсан. Тэр үед Румок гацааны ойролцоо Фурманы нэрэмжит партизаны бүлгэм бүслэлтэд ороод байлаа. Энэ бүслэлтийг бүлгэм дангаараа сэтлэх боломжгүй байв. Бусад бүлгэмээс тусламж хүсэж, хэл хүргэх гэсэн оролдлогууд бүтэлгүйтсээр. Харин Марат бүслэлтээс гарч чадаад зогсохгүй, нөхдөө аварч чадсан аж. Тэрбээр хийсэн олон гавьяаныхаа төлөө 14 насандаа Байлдааны гавьяаны медаль, Эх орны дайны I зэргийн одонгоор шагнуулсан юм. Марат Казей 1944 оны тавдугаар саырн 11-нд Хоромицкие өртөөний ойролцоо тулаанд нас баржээ. Тэрбээр нэг нөхөртэйгээ тагнуулд яваад буцахдаа отолтод оржээ.
Нөхрөө алдсан Марат сүүлчийн сумаа дуустал дайснуудтай үзэлцсэн аж. Фашистууд партизаныг амьдаар нь барих сонирхолтой байв. Маратад ердөө ганцхан гранат л үлджээ. Фашистын арваад цэрэг Маратыг бүслэн ойртсоор. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... Марат гранатаа тэслэн өөртэйгээ цуг дайснуудыг устгав. Тэгэхэд Марат дөнгөж 15-тай байжээ. Зоригт хөвгүүнийг төрөлх тосгонд нь оршуулсан бөгөөд 1965 онд ЗХУ-ын баатар цол нөхөн олгожээ.
ГОЛИКОВ ЛЕОНИД АЛЕКСАНДРОВИЧ
Псков мужийн Лукино тосгонд Лёня Голиков гэдэг хөвгүүн эцэг эхийн хамт аж төрдөг байжээ. Ижий, аавдаа тусалж, сургуульд сурч, бусдын л адил тоглосон жирийн нэг хөвгүүн байлаа. Гэвч дайн эхэлж геологчин болно гэсэн хүсэл мөрөөдөл нь талаар болжээ. Тэгэхэд Лёня 15 нас хүрч байв. Улаан арми Псков мужийн ойролцоо асар их эсэргүүцэл үзүүлэн тулалдсан учир фашистууд хот тосгод руу орж аймшигтай, хатуу дэглэм тогтоожээ. Энэ бүгдийг тэвчиж чадаагүй Лёня партизаны бүлгэм рүү явж, дайснуудтай байлдахаар шийдсэн байна.
Псков мужийн партизанууд хамгийн идэвхтэй хорлон сүйтгэх ажиллагаатай бүлгэмүүдийг бий болгосон байлаа. Тэд дайсны цувааг отож, командлалын дэслэгч, ахлагч нарыг устгаж, амьд хэл барьж, галт тэрэгний олон арван цувааг дэлбэлжээ. Фашистууд партизануудаас айдаг байв. Энэ бүх үйл ажиллагаанд Лёня хүү оролцон, олон гавьяа байгуулсан. Тэр дундаас нэг гавьяа нь онцгой. 1942 оны наймдугаар сард Лёня гол замаас холгүй отолт хийж байтал Германы цэргийн онцгой удирдлагууд л унадаг машин гараад иржээ. Тэрбээр машиныг хүнтэй нь олзлохоор шийдэв. Ингээд нэлээд дөхөөд ирэхэд нь урд тал руу нь гранат шидтэл машинаас хоёр офицер гарч, гал нээн, хөвгүүнийг чиглэн гүйв.
Леня ч өөдөөс нь буудаж гарчээ. Нэг нь нам унаж, нөгөөх нь ой руу зугтсан ч Лёнягийн сумнаас мултарч чадсангүй. Харин ой руу Рихард Витц хэмээх генерал зугтсан аж. Генерал Германы шинэ төрлийн тэсрэх минийн загвар, минажуулсан газрын карт, схем зэргийг авч явжээ. Удалгүй Ерөнхий командлалын штабаас энэхүү чухал баримтыг олзлох үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг ЗХУ-ын баатар цолд тодорхойлох тушаал партизаны бүлгэмд иржээ. Гэтэл энэ баатарлаг үйлийг 16 настай хөвгүүн ганцаараа хийсэн байдаг. Лёня Голиковын энэ гавьяаг үнэлэн ЗХУ-ын баатар цол олгосон ч, тэрбээр алтан таван хошуугаа энгэртээ зүүж амжаагүй юм.
1942 оны арванхоёдугаар сард Голиковын партизаны бүлгэм дайснуудад бүслэгдсэн аж. Ширүүн тулааны эцэст бүлгэмээс үлдсэн 50 гаруй хүн бүслэлтийг сэтлэн, хөрш муж руу зугтаж амжсан байна. Сум дуусаж, холбооны аппарат эвдэрсэн байлаа. Бусад бүлгэмтэй холбоо барих, сум зэмсэг, хүнс олох хэд хэдэн оролдлого бүтэлгүйтэв. Леня Голиков хүнс олохоор хэдэн хүнтэй Острая Лука тосгонд иржээ. Тэнд фашистууд байгаагүй ч, төвлөрсөн цэг нь холгүйхэн байрлаж байв. Хүний анхаарал татахгүйн тул партизануудыг ахалж явсан нэг нь харуул гаргасангүй. Тосгонд урвагч байгааг тэд мэдсэнгүй. Буцах замдаа тэд отолтод орж олонх нь нас баржээ. Амь үрэгдэгсдийн дунд Лёня Голиков байлаа. Баатар цолыг түүнд нөхөн олгосон юм.