Хятадын Элчин сайд сар гаруйн өмнө Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой уулзаж, тус улсаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьсан гэнэ. Жилийн жилд 17-18 мянган хятад иргэн Монголд ажиллах хүчний виз авч орж ирээд, бидний өмнөөс хамаг л хар бор ажлыг минь хийж өгөөд байхад шүү дээ. Тийм байхад л айлын Элчин сайд “Манайхныг сайн зараад бай. Цаадуул чинь юу ч байсан голохгүй хийнэ ээ. Тиймээс дахиад “гар, хөлийн үзүүртээ хөдөлгөх” хүн хэрэгтэй бол манайхаас аваад байгаарай” гэх ухааны юм ярьж явна. Хүний хүүхдүүд ажил гэхээр ийм “дуулгавартай”. Дээрхийн хариуд манай Хөдөлмөрийн сайд харин “Эдийн засгийн хямралын үед манай хөрөнгө оруулалт буурч, ажлын байр дотооддоо хомсдож байгаа учраас Хятадаас авах ажиллах хүчний тоог нэмэх ямар ч боломжгүй” гэж овоо дориун дуугарчээ. Болж байна. Хэн нэгэн ингэх хэрэгтэй байсан юм.
Хэдэн арван мянгаараа гудамжинд “лааз өшиглөж” буй өөрсдийнхөө ажилгүйчүүдийг яая гэж байж юун яасан гадаадаас хар ажилчид нэмж импортлох. Дээд боловсролтой, давилуун араншинтай, хэдэн мянган цагаан гартны “зиндаанд” тохирох ажил олдохгүй байлаа гээд тэдэнд “зарц”-ыг нь хүртэл олж өгөх албагүй шүү дээ, Монголын төр. Эх орныхоо төлөө хөдөлмөрлөж гайхуулахаа байг гэхэд ядаж энэ биеэ тэжээчих эрүүл саруул ухаан, эрхтэн бүрэн бие хаа тэдэнд бий. Гагц сэтгэл, зүтгэл, тэвчээр хатуужил л алга. 2013 онд гэхэд л их, дээд сургууль төгсөгчдийн ердөө 30 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байна.
Жил бүр баахан ардын багш төгсөж гараад л байдаг, тэгсэн хэрнээ хөдөө орон нутагт 800 гаруй багш үгүйлэгдсэн хэвээр. Нөгөө сүрхий багш нар гэтэл яасан байх нь вэ. Бүгд хотод бүгчихсэн, баарнаас зоогийн газар, зоогийн газраас дэлгүүр, дэлгүүрээс... гэхчилэн цэцэг дамжсан эрвээхэйн дүр бүтээж яваа. Харин бидний “борчууд” гэж үл тоох аястай ханддаг МСҮТ-ийн төгсөгчдөөс 2013 онд 79.8 хувь нь ажилтай болжээ. Энэ юу гэсэн үг болохыг хэн ч ойлгож байгаа биз. Саяхан хүртэл ДЦС IV цахилгаан станцад ажилладаг инженер найз минь Хятадаас ирсэн 40 хар ажилчныг “нүдээ аниад” л ажилд авснаа ярив. Үндсэрхэг үзэл минь хөдлөөд тэсэлгүй “Танайх хүртэл яаж байгаа юм бэ. Гадуур ажил хайгаад гиюүрч байгаа монголчуудыгаа ав л даа” гэчихэв. Гэтэл мань хүн өөдөөс “Би ч бас энэ ажилд орохоосоо өмнө тэгж боддог байлаа. Гэвч манайхан үнэхээр найдлагагүй, хүний итгэл даадаггүй.
Дээрээс нь залхуу хойрго, бас манай залуус цалин айхтар голно. Тэгсэн хэрнээ өөрсдийн нэхээд байгаа цалиндаа дүйхээр ажил хийдэггүй” хэмээн ам таглах нь тэр. Дэлхийн банкнаас 2014 оны зургадугаар сард гаргасан Монгол Улсын эдийн засгийн тоймд өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай байсан нь өмнөх оны мөн үеийнхээс ялимгүй нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Хатуу ширүүн өвлийн цагт, тэр дундаа манайх шиг барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зэрэг улирлаас хамааралтай бүтээн байгуулалт өрнөж буй оронд өдийд ажилгүйдэл өндөр гардаг ч 108.7 мянган хүн “сул зогсож” байна гэдэг арай л биш ээ.
Ажил хамгийн их буцалдаг зун, намрын цагт хүртэл манай ажилгүйчүүдийн тоо минимум заалтдаа очлоо гэхэд 40 мянгаас буудаггүй гэх. Монголд ажил үнэхээр олдохгүй байгаа юм уу гэхээр үгүй. Сүүлийн арваад жилийн турш тогтмол 25-28 мянган хүн ажиллах хүч гэсэн “им, тамгатайгаар” манай хилээр орж иржээ. Тэднээс хамгийн олон нь мэдээж Хятад, тэгээд Хойд Солонгос, Орос, Өмнөд Солонгос, Вьетнам, Америк, Австрали, Япон, Филиппин, Энэтхэг, Англи, Украин, Герман, Казахстан, Канад, Туркийн иргэд гээд л явж өгнө. Зам, барилга, уул уурхай, газар тариалан зэрэг салбарт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс орнуудаас ур чадвартай боловсон хүчин авчраад, мэдэхгүйгээ мэдэж, чадахгүйгээ заалгахад юу нь буруу байх вэ.
Гэтэл гадаадаас ирж буй ажиллах хүчинг боловсролын түвшингээр нь авч үзвэл бараг 55 хувь нь мэргэжлийн дөнгөж анхан шатны мэдлэгтэй байдаг аж. Тэдгээр нь БНХАУ, БНАСАУ, Вьетнамын иргэд. Үнэндээ дийлэнх нь тэр үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн хар ажилчид байдгийг бид мэднэ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас ажиллах хүч оруулж ирдэг 400 гаруй аж ахуйн нэгж манайд бий. Тэдгээр нь дур дурандаа урагшаа гүйж очоод, нөгөө талтай хувиараа холбоо тогтоон, хүмүүс авчирч хөдөлмөр эрхлүүлдэг. Нэг жижигхэн зуслангийн байшин барихын тулд Хятадаас 80 ажилчин оруулж ирэх гэрээ хийчихээд, яамнаас зөвшөөрөл авах гээд хэл ам таталж байсан компани ч байдаг аж.
Тэгвэл Хөдөлмөрийн яамныхан одооноос үүнийг цэгцэлж, гадаадаас авах хүмүүсийн орон зайг дотоодын ажиллах хүчээр нөхөх тал дээр анхаарч буй аж. Тухайлбал, энэ жил гадаадаас авсан ажилчдынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний монгол ажилчдыг дагалдуулан сургаж, ур чадвар, технологи эзэмшүүлэх ёстой гэсэн шаардлага барилгын компаниудад тавьжээ. Тэгсэн тохиолдолд ирэх жил тухайн компанид ажиллах хүч оруулж ирэх квот олгоно, гэхдээ энэ оныхоос 30 хувиар бууруулах бодлого баримталж байгаа юм байна. Шаардлагатай гэвэл монгол ажилчдыг сургах зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргасан ч болно гэдгээ С.Чинзориг сайд барилгын 30 гаруй компанийн удирдлагуудтай саяхан уулзахдаа хэлжээ. Өөдөөс нь харин тэд “Монголчууд юу ч хийж чадахгүй. Бүгд арчаагүй, анхиагүй, архичин” гээд өнөөхөө л хэлж. Гэвч яалтай билээ.
“Алийн болгон өөрсдийгөө муулж, өрөөлийг дээдэлж шагших вэ. Одоо монголчуудыгаа сургаж дадлагажуулаад, дэмжиж дэмнээд ажиллуулах цаг болсон” хэмээн энэ салбарын бодлого тодорхойлогч эрс шийдэмгий үгээ хэлчихээд байхад дагах л ёстой. Хөдөлмөрийн зах зээл дээр дураараа дургиж явсан аж ахуйн нэгжүүдийн хувьд сайдын энэ өөрчлөлт, шинэчлэл аянга цахилгаан шиг буух нь аргагүй. Компаниуд өөрсдөө очиж гэрээ хийгээд, Хятадаас ажилчин авдгийг зогсоож, Хөдөлмөрийн яам тэндхийн холбогдох төрийн байгууллагатай ажиллах хүчний гэрээ байгуулан, тэдний бүртгэж сонгосон хүмүүсээс авдаг тогтолцоонд шилжихээр болжээ. Солонгост очиж ажил хийхийн тулд монголчууд ямар шалгуур давж, хэрхэн сонгогддог билээ, яг түүн шиг болно гэсэн үг. Хятадад мэргэжилтэй ажилчдадаа Боловсролын яамнаас нь үнэмлэх олгодог байна.
Тиймээс одооноос Монголын хилээр нэвтрэх хятад ажилчдад Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэх байгаа, эсэхийг шалгаж, шаардах гэнэ. Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниудын эздийн дургүйцлийг хамгийн их хүргэж буй бас нэг шалтгаан нь ажилтнуудаа нэгэндээ дамлан наймаалдаг сүлжээтэй нь Хөдөлмөрийн сайд “дайн” зарласан явдал. Гадаадаас авсан ажиллах хүчний квотын гэрээ нь дуусангуут ажилчдаа бусдадаа арай илүү үнээр “зардаг” энэ бизнес барилгын салбарт илүүтэй цэцэглэснийг хэн хүнгүй хэлдэг. Тэгвэл одооноос эхлээд танай компанийн ажил дууссан бол гадаадаас авсан ажилчдаа “баяртай” гээд үдэх хэрэгтэй болох нь. Харин өөр бусдад ажиллах хүч хэрэгтэй хууль номынх нь дагуу материалаа бүрдүүлээд төрийн байгууллагадаа хандаж, асуудлаа шийдүүлэх боломжтой.
Хамгийн гол нь Хөдөлмөрийн яамнаас өгсөн зөвшөөрөлтэй квотоор ажилчдаа оруулж ирж буй нөхцөлд ажиллах хүчний виз олгоно гэдгийг мартуузай. Ингээд хөдөлмөрийн зах зээлд бүгдээрээ хаана хаанаа хичээгээд, ном ёсоор нь ажиллаад үзье л дээ. Бас монголчууддаа итгээд үзье. Тэглээ гээд гадаад ажилчдыг ад үзэн хөөж гаргахдаа гол нь бус, тэднээс авахаа ч авъя, хаяхаа ч хаяж суръя. “Бид бол тэнгэр заяатай улс. Хар, бор ажилдаа гадаадынхныг зарцлаад өөрсдөө толгой дээр нь даргалж сууна” гэдэг хийрхэлдээ хэт автаад, төөрчихвөл нэг мэдэхэд юу ч сураагүй, гарын дорх зүйлээ хүртэл өөрсдөө хийчихэж чадахгүй арчаагүй царайлж, улс амьтны доог болох вий.
Л.ГАНЧИМЭГ