АТГ-аас албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтгэн тайлагнаад удаагүй байна. Эхнээсээ Ерөнхийлөгч, эрхэм гишүүд, сайд нарын хөрөнгийг сонжиж, хэн хаана, хэчнээн хувьцаа эзэмшдэг, хэдэн компани, мал, машин, байртай, хэдий хэмжээний өр, авлагатайг нь өөр хооронд нь өрсөлдүүлэн жагсааж, өмнөх жилүүдийнхтэй харьцуулаад эхэлчихэж. 2006 онд Авлигын эсрэг хууль баталснаас хойш нэгэнт танил, хэвшил болоод буй хөрөнгө, орлогын мэдүүлэг бол албан тушаалтан шударгаар ажиллаж буй, эсэхийг илэрхийлэх арга хэрэгслүүдийн нэг. Үүнийг хожимдуулсан, бүртгүүлээгүй, бүр санаатай худал мэдүүлсэн бол энэ нь албан тушаалтныг огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болдгийн хувьд хөрөнгө, орлогын мэдүүлэг тэднийг айлгахгүй ч, аягүй байлгаж дөнгөдөг.
Тэгэхээр хөрөнгө, орлогын мэдүүлгийг мөнгө, эрх мэдлийн төлөө төрийн бус байгууллага (ТББ)-д ч хамаатай болговол яасан юм бэ. Учир нь ардчилсан улс орны иргэдийн ашиг сонирхол, үзэл бодлоороо сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулдаг ТББ, түүгээр дамжуулан төрийн бодлогод оролцож, нөлөөлж, хянаж, эрх ашгаа хамгаалах үйл явц манайд нэг л бишдээд буй талаар бид өмнө нь нийтэлж, мэдээлж байсан. Шийдэгдэхгүй байгаа асуудлуудын төлөө дуугарч, ажиллахаас илүүтэй ашиг харж, бизнес мэт сэтгэж ТББ байгуулах явдал Монголд газар авч, цөөн хэдэн сэдэв тойрсон асар олон сайн дурынхны увайгүй үг, үйлдэл нийгэмд нэмэр бус, нэрмээс болж буйтай цөөнгүй хүн санал нийлж буй биз ээ. Тиймээс ч бараг 20 жилийн өмнө баталсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг төрөл арилжсан мэт өөрчлөн шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа юм.
...Магадгүй бид ТББ-уудыг удирдаж буй хүмүүсээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь авдаг байсан бол Б.Ганболд гэгч нөхөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхдаа FIFA-гаас Монголд, манай хүүхэд залуус, энэ спортыг сонирхогчдод зориулж өгсөн хөрөнгө оруулалтыг хувьдаа завшсан уу, өөрийн гэх бизнесгүй энэ хүн тэр мөнгөө үнэтэй хаус, топ моделиудад зориулж, эх адаггүй тансагласан уу гэдэгт хялбархан хариулчих боломжтой байлаа. Баасан эгч Чөлөөт ахмадын холбоог толгойлсноосоо хойш байртай болж, баяжсан, эсэх ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтэйсэн бол тов тодорхой харагдах байв...
ТББ байгуулахаас авахуулаад татан буулгах хүртэл ямар шаардлага тавих, оролцоо, санхүүжилт, үүрэг, хариуцлага, зорилго, чиглэлийнхээ дагуу ажиллаж байгаа, эсэхийг хянах тогтолцоог шинэ түвшинд гаргах цаг нь болсон хэрэг. Үнэндээ одоогийн хуулиар ТББ татварын болон үйл ажиллагааны тайланг жилд нэг удаа холбогдох төрийн байгууллагад гаргаж өгөх ёстойг эс тооцвол тэдэнд хяналт гэж бараг алга. Цаашлаад энэхүү үүргээ биелүүлэлгүй, хууль, тогтоомж зөрчлөө гэхэд 10.000-250.000 төгрөгөөр торгуулаад л өнгөрөхөөр байгаа нь инээдтэй хэрэг. Нэгэнт зарим хувь хүн, бүлэг хүмүүс ТББ-ыг бизнес болгож хувиргасан, зөвхөн мөнгөний төлөө ажилладаг гэсэн хардлага, цөөнгүй баримт бодитой оршиж байгаа хойно юуны түрүүнд санхүү, хөрөнгө, орлогод нь тавих хяналтыг чангатгах шаардлагатай биш гэж үү.
Үүний тулд хөрөнгө, орлогын мэдүүлгийг ТББ-д хамаатуулан хуульчилъя гэж байгаа юм. Уг нь хөрөнгө, орлогын мэдүүлэг дан ганц төрийн албан тушаалтнуудад хамаатай юм биш л дээ. Авлигын эсрэг хуулийн 4.1.4- т олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, 4.1.5-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа ТББ-ын удирдах албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөхөөр хуульчилсан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл бол олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус, удирдах дээд байгууллага. Тэнд иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилдог. Өөрөөр хэлбэл, тэнд хуульд заасан тодорхой чиглэл, зорилгын дагуу ажилладаг ТББ-уудын төлөөлөл орж ажилладаг.
Тэд тэнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хамгийн дэлгэрэнгүйгээр тайлагнадаг. 4.1.5 дахь заалтын тухайд зөвхөн тухайн онд Засгийн газартай гэрээ байгуулж, төрийн тодорхой чиг үүрэг гүйцэтгэхээр төсвөөс санхүүжилт авсан ТББ-ын удирдах албан тушаалтан л хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөх хуультай учир жил бүр харилцан адилгүй нэрс хөвөрнө. Тухайлбал, 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт МҮЭХ, Чөлөөт ахмадын холбоо, Монголын скаутын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэхчилэн ТББ-уудын удирдах албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Гэхдээ ихэвчлэн улс орон даяар салбар, нэгжээ байгуулсан, үндэсний хэмжээний сүлжээтэй, чамгүй олон жилийн түүхтэй ТББ-ууд Засгийн газартай гэрээ байгуулан, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж ирсний хувьд тэдгээрийн удирдлагууд хөрөнгө, орлогоо мэдүүлж ирсэн байх юм.
Харин одоо үүнийг зөвхөн эдгээр байгууллагаар хязгаарлаад орхиж боломгүй санагдана. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулиар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдын жагсаалтад бүх ТББ-ын удирдлагыг хамааруулах замаар тэдний тоглолтыг дүрэмтэй болгох боломжтой. Магадгүй бид ТББ-уудыг удирдаж буй хүмүүсээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь авдаг байсан бол Б.Ганболд гэгч нөхөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхдаа FIFA-гаас Монголд, манай хүүхэд залуус, энэ спортыг сонирхогчдод зориулж өгсөн хөрөнгө оруулалтыг хувьдаа завшсан уу, өөрийн гэх бизнесгүй энэ хүн тэр мөнгөө үнэтэй хаус, топ моделиудад зориулж, эх адаггүй тансагласан уу гэдэгт хялбархан хариулчих боломжтой байлаа.
Баасан эгч Чөлөөт ахмадын холбоог толгойлсноосоо хойш байртай болж, баяжсан, эсэх ч хөрөнгө, орлогын мэдүүлэгтэйсэн бол тов тодорхой харагдах байв. Ноён уулыг ухуулахгүй гэж өлсөж, жагсагчдын хөлөглөх үнэтэй машинууд чухам хэнийх, тус эсэргүүцлийн арга хэмжээ хаанаас захиалгатайг “илрүүлэхэд” ч хөрөнгө, орлогын мэдүүлэг чамгүй тусалж чадна. Энэчлэн ТББ-уудыг тойрсон тэр олон хардлагад хөрөнгө, орлогын мэдүүлэг хариулах байж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, орлогын мэдүүлэг үнэн, худал нь үл мэдэгдэх хардлага, сэрдлэгээс ТББ-уудыг хамгаалж, нэр цэвэр оршиход тусална. Ийнхүү хөрөнгө, орлогын мэдүүлэг хэн, хэнийг нь хамгаалах нь. Тэгэхээр Баасан байртай болж, баяжсан уу гэдэгт хөрөнгө, орлогын мэдүүлэг нь хариулаг.
Ийнхүү удирдах албан тушаалтнаар нь дамжуулан ТББ-ыг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамааруулж, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбочихвол тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлага тунгалаг, тодорхой болно. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл буюу “Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл”-д дурдсанаар албан тушаалтанд сануулахаас эхлээд түүнийг огцруулах халах үндэслэл болдог тухай дээр дурдсан. ТББ-ын удирдах албан тушаалтны хувьд огцорлоо, халагдлаа гээд алдах юмгүй байж болох талтай ч ийн хариуцлагыг чангатгаснаар Монголын 23 мянган энэ төрлийн байгууллагад томоохон шүүлтүүр болох нь дамжиггүй.
Б.НОМИН