БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордыг ашиглан үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хор хохирол учруулсан тухай бид цувралаар хүргэж буй билээ. Хэдийгээр тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд болон уурхайг хүлээн авах улсын комиссынхонд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч гадаад, дотоодынхны хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөгөөр хэргийг хэрэгсэхгүй болгож хаачихаад улсад учруулсан хохирлоо олж аваагүй байгаа юм. Монгол Улсын стратегийн орд газрын хоёрдугаар хавсралтын 38-д бичигдсэн энэ ордод үйл ажиллагаа явуулах, ашиглах тусгай зөвшөөрлийг хэрхэн авсан нь сонин. Юутай ч 2009 онд баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 21- нд үйлдвэрийн барилгыг Улсын комисс хүлээн авсан байдаг юм.
Ингэхдээ “Шинь шинь” компанийн гедротехникийн барилга байгууламжийг холбогдох зураг төсөл, эрх зүйн баримт бичгийн дагуу бариагүйгээс байгаль экологид хамгийн багадаа 534 сая төгрөгөөр үнэлэгдэх хохирол учраад байгаа. Дээр нь хууль зөрчиж хил давуулсан ашигт малтмалынх нь үнэлгээ 110 тэрбум төгрөг болсон байдаг. Өмнө нь бид тус компанийн Монгол Улсад учруулсан хохирол 100 тэрбум төгрөгөөс хол давсан талаар уншигчдадаа хүргэсэн. Энэ удаад бид тус компанийн буруутай үйл ажиллагааг хамтран ажиллаж байсан компанийнхан нь хэрхэн тайлбарласныг хүргэхээр зорилоо. Учир нь “Шинь шинь”- ийнхэн чанаргүй бараа материал үйлдвэрлэлдээ ашигласнаас Монголын хөрс химийн онц аюултай хортой хүнцлээр хордчихоод байгаа юм. Газар дээр нь ажилласан шинжээчид ч Улааны орд газрын орчимд хүнцлийн агууламж байгальд байх ёстой хэмжээнээс асар өндөр гарсныг тодорхойлсон.
Улааны уурхайн хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартаас өндөр байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргасан юм билээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн Улааны орд газрыг түшиглэн байгуулсан уурхайн хаягдлын сан дахь химийн хорт бодистой усанд ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн мэргэжилтнүүд шинжилгээ хийж, 2013 оны долдугаар сарын 31-нд 01/2013 дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлтэд “Хаягдлын далан дахь бохир усанд байгаа хүнцлийн агууламж MNS 4943:2011 стандартаас 1.4352 дахин их байна” гэсэн байгаа. Тэгэхээр химийн онц аюултай мыщъяк хэмээн бодис хаягдлын сангийн цоорхойгоор хөрсөнд нэвчиж байгаа гэсэн үг. Эндээс харахад Улааны орд газар мыщъякаар хордсоны буруу хэнд байна вэ. Мэдээж хамгийн түрүүнд тус компанийнхны удирдлага буруутай. Алтыг нь аваад авдрыг нь хордуулж орхих сэтгэлтэй харийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрийг юман чинээ тоолгүй, химийн хортой бодисоор бохирдуулж хаячихаад уурхайн нөөц дууссаны дараа хаяад л явах сэтгэл өвөрлөж байгаа шүү дээ.
Харин бид стратегийн ордын жагсаалтад багтсан орд газраасаа хувь ч авч чадалгүй хоосон хоцроход хүрсний зэрэгцээ химийн хортой бодисоор хордсон газартай л үлдэх гээд байна. “Шинь шинь”-ийнхэн хаягдлын сангаа барихдаа усны барилга байгууламжийн хайгуул, зураг төсөл, барилгын чанарын хяналт, геомембраны угсралт, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Усны эрчим” ХХК-аас зөвлөгөө авч байсан гэнэ. Энэ талаар тус компанийн захирал, зөвлөх инженер Б.Дагвадорж “Боомтын (уурхайн барилгыг хэлж буй бололтой) барилгын ажил дуусаж байгаа тул зохиогчийн талаас газар дээр нь үзэж хяналт тавьж өгнө үү” гэж утсаар ярьсны дагуу инженер Д.Батболдыг газар дээр нь ажиллуулсан. Тэгэхэд геомембран нь олон улсын чанарын шаардлага хангаагүй, дэвссэн геомембран нь олон газарт цоорсон байсан учраас бүхэлд нь солих шаардлага тавьсан.
Тус компанийнхан 1.5-2 мм-ийн зузаантай хоёр төрлийн геомембран БНХАУ-аас оруулж ирж дэвсүүлэх хүсэлт манайд тавьсан. БНХАУ-даа хэрэглэдэг гэх сертификаттай боловч оёдол даахгүй байсан” хэмээн хууль хяналтын байгууллагынханд мэдүүлжээ. “Шинь шинь”-ийнхэн Монголын компаниудын тавьсан хууль ёсны шаардлагыг үл ойшоож, чих зөөлөнтэй компанийнхныг ажиллуулсанаар эх орны минь хөрсийг бохирдуулах замаа тавьсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Барилгын зураг төслийн “Пуск дро” компанийн захирал Л.Баясгалан “Би тус компанийн барилгыг өөрийн биеэр хянаж, маш их шаардлага тавьж байсан. Хаягдлын сангийн дотор талд дэвсэх геомембран чанаргүй байсан болохоор түүнийг нь дэвсүүлэхгүй, өөр зузааныг тавих шаардлага ч тавьдаг байв. Гэвч миний шаардлагыг хүлээж авалгүй, “Усны эрчим” компанийг оруулж ирэхээр нь би “Шинь шинь”-ийнхэнтэй хамтарч ажиллахаа больсон” гэж мэдүүлжээ.
Хууль хяналтын байгууллагынхан эд мөрийн баримтаар хаягдлын сангийн зураг төслийг хураахад бүгд хятад хэлээр бичсэн бөгөөд ямар ч орчуулгагүй байсан аж. Энэ бүхнээс үзэхэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь”-ийнхэн анхнаасаа л байгаль орчинд хор хохирол учруулахаа юман чинээ бодоогүй нь илэрхий. Тэгэхээр “Шинь шинь” ХХК-ийн үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар ч тэр, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ч ялгаагүй газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгож болохуйц нөхцөл байдал үүсчихээд байгааг БОНХАЖЯ-ныхан яагаад хайхрахгүй байна вэ. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан байтал өнөөдрийг хүртэл энэ заалтыг хэрэгжүүлээгүй.
Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Зураг төсөлд үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг хор хөнөөлгүй болгох буюу тэдгээрийг тогтоосон хилийн дотор тусгайлан хадгалж хамгаалах, газрын гадарга, уулын малталт, усны обьектод нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээг тусгана” гэж заасан байтал үүнийг тус компанийнхан зөрчсөн гэх үндэслэлтэй аж. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 2.8-д “Газар доор нефть, хий, материалыг хадгалах, хортой болон бусад бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах үед газрын хэвлий бохирдохоос сэргийлэх”-ийг ч хуулиар тогтоож өгсөн. Гэвч тэд зөрчөөд байна. Уг нь дээрх хуулийн 41.3-т “Энэ зүйлд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тусгай эрх бүхий төрийн бусад байгууллага газрын хэвлийг ашиглахыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмаар хязгаарлах, зогсоох буюу хориглох арга хэмжээ авна” гэж заасаар байтал хууль хэрэгжүүлэхгүй, харийнханд газар нутгийнхаа хэвлийг бузарлуулсаар байгааг юу гэж ойлгох вэ.
Г.РАВЖАА