Дэлхийн хөрснөөс өдөр бүр шахуу олон төрөл, зүйл амьтан, ургамал, шавьж арчигдахад тулж байгаа талаар сонссоор хүмүүс бүр дөжирч байх шиг. Уг нь хүн оршин тогтнох хамгийн чухал нөхцөл нь байгаль, ан амьтан, араатан, жигүүртэн юмсан. Тэр дундаа монголчууд байгальдаа илүү ойрхон байдаг түмэн хэрнээ дэргэдэхээ алга болж, устчихвал бараг мэдэхгүй янзтай болох нь. Хөгжлийн гарц хэмээн харсан уул уурхайн салбартай холбоотойгоор олон төрлийн амьтдыг бид нутаг ус, хоол тэжээлгүй болгож, “цаазлахаар шийдэв” бололтой. Тэдгээрийн нэг нь бөхөн. Угаас энэ амьтан дэлхийн хэмжээнд ердөө хоёр төрөл байдаг аж. Түүний нэг нь монгол бөхөн буюу латин нэршлээр Saiga tatarica юм. Энэ сарын 24-нд Монгол бөхөнгийн өдөр тохионо. Дараа нь буюу 27-29-нд олон улсын бөхөн хамгаалах “SOS бөхөн” өдөр болно.
Дэлхийн Улаан номны нэн ховордсон, мөхлийн ирмэгт ирсэн гэдэг ангилалд багтдаг бөхөнгийн талаар товчхон мэлээлье.
Бөхөн Монголоос гадна Казахстан, Узбекистан, Хятад, Орост л бий бөгөөд нийтдээ 3000 орчим л гэнэ. Тэр дундаа зөвхөн Монголд бие даасан нэгэн төрөл нь бий гэхээр бахархмаар. 2010 онд газар нутагтаа бөхөнтэй улсуудын мэргэжилтэн, төлөөлөгчдийн олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод болж, монгол бөхөнг бие даасан төрөл Saiga borealis гэдгийг хүлээн зөвшөөрч, олон улсын гэрээ байгуулж, тэмдэглэгээг шинэчлэн найруулжээ.
----------Тодорхойлолт---------
Монгол бөхөнгийн биеийн урт ойролцоогоор 100-140 см, өндөр нь 75 см, сүүлний урт 25 см, 32 хүртэл кг жин татдаг. Хөл, хүзүү нарийн, толгой том, хошоор хэсгээрээ овгор, хамрын нүх томтой. Эрэгчнийг хэржин гэх бөгөөд хос шорон эвэртэй, эмэгчин буюу хэрэгчин нь мухар. Цайвар шаргал зүстэй. Зундаа улаан шаргал, өвөл цайвар саарал гэхчлэн улирлаа даган зүс нь өөрчлөгддөг. Янзаганых нь үс бор хүрэн. Цагт 70-80 км хүртэл хурдална. Бугын овогт багтдаг, салаа туурайтан, үхэр шиг хивэгч амьтан. Ихэвчлэн 50 толгойгоор сүрэглэн амьдардаг, сүүн тэжээлтэн. Нэг сүрэгт таван эрэгчин бүл болдог.
Хар ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим, Шаргын говиор 3325, Хүйсийн говьд 6700, Таван хайрхан, Чандманий тал нутгаар 1173 ам км нутагт тархан нутагладаг. Идэш тэжээлээ сонгон нутаг сэлгэн, ойрхон нүүдэллэдэг энэ амьтан мөстлөгийн үеэс өдгөө хүртэл үлдсэн гэдгийг олон улсын мэргэжилтнүүд баталсан байдаг.
Нэгдүгээр сард үржилд орж, зургадугаар сарын дундуур төллөдөг. Бөхөн ихэрлэх нь цөөнгүй. Хавартаа нялх өвс ногоогоор хооллон, ундаалдаг учраас усгүй байсан ч ажрахгүй. Ийм тэсвэртэй амьтан тэгээд мөхлийн ирмэгт тултлаа яагаад хорогдов гэвэл хүний “ачаар” гэж хариулж болно. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар монгол бөхөнгийн тоо өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 13824 байна. Энэ нь 2013 оны мөн үеийнхээс барагцаагаар 800-гаадаар цөөрсөн үзүүлэлт аж.
Мах, үс, эврийг нь хоол хүнс, эм тан болгон ашигладгаас хулгайн анчдын золиос болохоос гадна бэлчир нутаг нь мөн л хүн, мал аж ахуйд шахагддагаас бөхөнгийн тоо ийнхүү буурдаг байна. Мөн байгалийн хүчин зүйл, цус ойртсоноос цөөрч байгаа гэх. Үүнээс гадна бүргэд бөхөнгийн төлд хамгийн их халгаатай. Сүргийн өөр нэг дайсан нь чоно.
1930 онд Монголд бөхөн агнахыг хуулиар хориглож, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцод бүртгүүлсэн байдаг аж. Мөн 1993 онд бөхөн тархан нутагладаг Шарга, Манханыг тусгай хамгаалалтын нөөц газар болгожээ.
Бөгтөр хэмээн тодотгосон монгол бөхөн чоно шиг ухаантай, ураг төрлөө амиараа хамгаалдаг гэнэ. Бөхөнтэй нутгийнхан эл амьтныг хамаагүй оролдохыг цээрлэдэг учир нь бөхөн “хараалч” гэж үздэгтэй холбоотой. Нэгэн домгоос үүдэлтэй энэ яриаг ортой гэж ч анчид баталдаг аж. Оросын зохиолч Ю.Гейко “Сайга” зохиолдоо хууль бусаар бөхөн агнасан цэргүүдэд тохиолдсон эмгэнэлт түүхийг өгүүлсэн байдаг. Чингиз Айтматов ч “Цаазын тавцан” романдаа бөхөн авлаж буй хүмүүсийн талаар тун айхтар онцолсон байдаг билээ.
Сонирхуулахад, Казахстан бөхөнгийн зурагтай цуврал марк гаргаж байсан бол монголчуудын хувьд эл амьтныг зоосонд мөнхөлсөн нь 2011 он. Монголбанкнаас гаргасан бөхөнтэй зоос 999 хувийн алтны сорьцтой бөгөөд нийт 11.000 ширхэгийг хэвлэсэн аж.