“Хэрээ хэрээнийхээ харыг гайхна” гэдэг шиг л агаар, хөрсний бохирдлыг адилтгаж, алийг нь түрүүлж аврах тухай ярилцана. Гэтэл өвлийн улиралд агаарын бохирдол хөрсийг, зуны улиралд хөрсний бохирдол агаарыг “өвчлүүлдэг” талаар албаныхан хэлдэг. Хотын хөрс бохирдож, үхжилд орчихоод байгааг мэргэжлийн хүмүүс гадарлахаас иргэд бараг мэдэхгүй. Элдэв бохирдлыг хөрс өөртөө шингээн авч, нянгаа чимээгүй тараадаг учраас хүний нүдэнд үзэгддэггүй. Сүүлийн жилүүдэд эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн ихэнх нь ходоод, гэдэсний өвчний оноштой байгаа нь хөрсний бохирдолтой холбоотой гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ундрал хэллээ. Түүнээс хөрсний бохирдол эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хөрсний бохирдол олон төрлийн халдварт өвчин үүсгэдэг гэдэг. Энэ талаар иргэд хэр их мэдээлэлтэй байдаг вэ?
-Хөрсний бохирдол нүдэнд ил харагддаггүй болохоор хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байгаагаа мэддэггүй. Мэргэжилтнүүдийг эмзэглүүлдэг хамгийн аюултай асуудал бол ялаа, шумуулаар дамжин хүн халдвар авч байна. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин бий болгодог. Ялгадсанд 500 гаруй төрлийн бактери вирус байдаг. Бохирдсон хөрснөөс халдвар авсан ялаа айлын гэрт ороод, хүссэн хүндээ халдвар тараадаг гэсэн үг. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг намжаах арга хайсан нь арай үр дүнтэй ажил болно.
-Хөрсний бохирдлоос болж иргэд яг ямар өвчин тусах вэ?
-Гэдэсний хижиг, цусан суулга, халдварт саа, халдварт шар зэрэг өвчин тусна. Мөн татран, боом өвчин үүсгэдэг бактерийн халдвар ч бохир хөрсөнд бий. Шатахуун түгээх газрын бензин, масло, тос хөрсөнд их хэмжээгээр нэвчиж, хөрсийг үхжүүлснээр хар тугалгын хэмжээ ихэсдэг. Хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл, оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэдэг аюултай.
-Уг нь хөрс тодорхой хугацааны дараа дахин цэвэршдэг гэдэг байх аа?
-Нийт сорьцын дүгнэлтээр хөрсний дахин цэвэрших байдал буурч байгаа үзүүлэлт гарсан. 100 айл, Дарь эх, Долоон буудал орчим хөрсний бохирдлоороо хамгийн өндөрт тооцогддог. Хөрс бохирдолтойгоос гадна хар тугалга ихтэй учраас дахин цэвэрштэлээ маш удаан хугацаа шаарддаг.
-Бохирдол ихтэй хөрсөнд ногоо тарьж, ургуулж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Бохирдолтой хөрсөнд хүнсний ногоо тарьсан хүний эрүүл мэнд сөрөг байж таарна. Ногооны талбайгаа ариутгаж, цэвэршүүлсний дараа ногоо тарих хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүссэн өвчин 2013 онд 28.2 хувьтай байсан бол 2014 онд 527 тохиолдлоор буюу 20 гаруй хувиар өссөн. Ер нь удаан хугацааны турш бохирдсон газар хүн амьдарвал мэдрэлийн системийн сааталд орж эхэлнэ. Зарим айлын хашаанд ногоо ургадаггүй. Гэтэл өмхий ногоо ч тоож ургахгүй байгаа хөрсөн дээр хүүхдүүд тоглож байна шүү дээ. Энэ бол гамшиг.
Аливаа асуудлыг шийдэхийн тулд эхлээд шалтгааныг нь олох ёстой. Хөрсний бохирдол үүсгэж буй шалтгаан нь гэр хорооллын жорлон, хог хаягдал гэдгийг мэргэжлийн хүмүүс аль эрт судалж, тогтоосон. Уг нь Ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт хот суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 60 хувьд хүргэнэ” гэсэн зорилт бий. Гэхдээ нийслэлийн хэмжээнд 300 гаруй мянган нүхэн жорлон болон угаадасны 140 гаруй мянган нүх байгаагийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангадаггүй талаар БОНХАЖЯ-ны Газрын нөөцийн зохицуулалтын хэлтсийн газар хамгаалал, хөрсний доройтлоос сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ хэлэв.

Хот, суурин газарт гэр хорооллын жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол өндөр хувьтай байдаг бол орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа хангадаг хөрсний бохирдлын голлох шалтгаан болж буй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Ус, цаг уурын хяналт шинжилгээний ажлын хөтөлбөрийг 2011 онд батлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 360 цэгээс дээж авч, хоёр жил тутам хөрсний бохирдлын судалгаа явуулдаг байна. Түүнчлэн ШУА-ийн Хөрс судлалын лабораториос хийсэн судалгаагаар нийт дээжний 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдолтын хэмжээ их байжээ. Тухайлбал, Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммонийн агууламж хамгийн өндөр байсан бөгөөд энэ нь бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа аж.
Бид хөрсний бохирдолт хамгийн ихтэйд тооцогдох Долоон буудал орчмоор хашаандаа ногоо тарьдаг иргэн байгаа эсэхийг судалсаар Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Ж.Цэрэндоржтой уулзлаа. Тэрбээр тэтгэвэрт гарснаасаа хойш хашаандаа зургаан жил нарийн ногоо тарьж байгаа аж. Анх “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд тэр хавийн иргэдэд мод тарих, ногоо ургуулах талаар зөвлөгөө өгчээ. Ж.Цэрэндорж тэдний тусламжтайгаар ногоо тарихаар болж, таван жилийн өмнө хашааныхаа хөрсөө шинжлүүлсэн гэсэн. Тухайн үед нянгийн бохирдол илрээгүй учраас өдийг хүртэл ногоо тарьж буй гэдгээ бидэнд ярив. Зүгээр суух дургүй тэдний хашаа цэвэрхэн, тохилог хэдий ч хөрсний бохирдол үүсгэдэг ариун цэврийн байгууламж буюу жорлонгийн нүх гурав бий.
Ж.Цэрэндорж тарьсан ногоогоо ахуйн хэрэглээндээ зарцуулахаас гадна ойр орчмын хүнсний дэлгүүртээ хямдхан борлуулдаг гэсэн. Жорлон, хог хаягдлаас болж хөрсний бохирдол нэмэгдэж байгааг түүнд хэлэхэд “Би энэ бүхнийг сайн мэднэ. Гэхдээ орон сууцны айл шиг суултуурын жорлонгүй бид нүхээ дүүрэхээр нь дахиад шинэ нүх ухахаас өөр юу ч хийж чадахгүй. Санаагаар болдог бол өөр газар ногооны талбайтай болмоор байна. Хөрөнгө нь хүрэхгүй юм чинь ингэж л хоногийн хоолоо залгуулж байна” гэв. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хууль баталж, төслийн зуухаар айлуудыг хангах ажил санаачилсан шиг хөрсний бохирдлыг бууруулах ямар нэгэн алхам хийх хэрэгтэй байна. Судалгааны материал, хөрсний бохирдлоос үүссэн өвчлөлийн тоо хэмжээ хангалттай их болсон учраас дорвитой арга хэмжээ авах л үлдлээ.
Э.НЯМДУЛАМ