Одоогийн Хойд Америкийн төв хэсгээр нутаглаж байсан, өнөө цагийн адууны дээд өвөг сифруппус гэх өвсөн тэжээлтэн анч нохой шиг хариугүй амьтан байлаа. Тэр үед буюу 56 сая жилийн тэртээ гариг дэлхий огцом халж, эдүгээ Палеоцен-Эоцений дэд галавын туйлын дулаарал гэгддэг хүндхэн үеийг туулж байв. Шалтгаан нь өнөө ч тодорхойгүй уур амьсгалын энэ гэнэтийн өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн дундаж хэм багаар бодоход есөн градусаар нэмэгдэж, агаар мандал нүүрстөрөгчөөр хахан, далай тэнгисийн ус исэлджээ. Энэ гамшигт үзэгдэлд дасан зохицохдоо сифруппус 120 мянган жилийн дотор биеийнхээ 30 хувийг “гээж”, ердөө перс муурны дайтай болсон гэдэг.
“Nature Climate Change” сэтгүүлийн шинэ дугаарт тайлбарласнаар ийнхүү давжаарах нь ямар ч амьтанд байх амьд үлдэхүйн арга ухаан гэнэ. Итали, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг Италийн Сицил нутгийн эрэг дагуух галт уулын чулуурхаг хөрстэй газрын, өөрөөр хэлбэл хөөрхий сифруппусыг нэгэнтээ сандаргасан гэнэтийн хувиралтай төстэй байгалийн гамшиг нүүрлэж байсан нутгийн ан амьтдыг судалж, ийм дүгнэлтэд хүрчээ. Галт уулын дэлбэрэлтээс үлддэг гүндээ намгархаг, өнгөн хэсэгтээ сийрэг хөрс нь химийн урвалын үүднээс хэдэн мянган жил идэвхтэй байж, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг.
Ийм хөрстэй газар далай тэнгист ойр бол далайн ус исэлдэнэ. Чухам энэ хуулиар Сицилийн эрэг хөвөө газар унаган төрхөө алдаж, байх учиртай олон амьтан нь устаж үгүй болжээ. Харин мөнөөх энэрэлгүй өөрчлөлтөд тэсэж үлдсэн зарим нь нүүрстөрөгч ихтэй, устөрөгчийн ион багатай орчинд дасан зохицохын тулд давжаарсан байна. Тухайлбал cyclope neritea болон nassarius corniculus гэх латин нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн хоёр зүйлийн тэнгисийн эмгэн хумс Газрын дундад тэнгисийн бусад хэсгийн эмгэн хумстай харьцуулахад Сицилд хамаагүй жижигхэн байдаг аж. “Энэ нь аливаа амьд организм амьд мэнд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцдэг, мөхөл сүйрэл боллоо ч бүх амьд биет устаж үгүй болохгүй гэсэн найдлага төрүүлж байна” гэж дээрх судалгаанд оролцсон Английн Плимутын их сургуулийн далай судлаач, биологич Жейсон Холл-Спенсер ярилаа.
Гэхдээ Сицилийн эмгэн хумснууд нүүрстөрөгчийн исэлд бага багаар дасаж, өдий хүрсэн ч жижигхэн учраас биед нь шингэх нүүрстөрөгчийн хэмжээ бусад газрын эмгэн хумсныхаас ихгүй байна. Сифруппусыг магад муур шиг жаахан болсных нь дараа шинжилсэн бол мөн үүнтэй төстэй дүгнэлт гарах байсан болов уу. Амьд организм давжаарах явцдаа бие дэх эрдэс бодисоо болон өөрт нь сөргөөр тусах гаднын нөлөөг давхар бууруулдаг энэ үзэгдлийг Лиллипүтийн нөлөө гэдэг.
Үүнийг сайтар судалж, үр дагаврыг нь урьдаас тооцоолох нь далай тэнгисийн ус дахин хурдтай исэлдэж байгаа өнөө үед тун чухал юм. Уур амьсгал халуун болохын хэрээр амьтдын идэш тэжээл, ааш аяг болон гадаад төрх, биеийн хэмжээ нь өөрчлөгддөгийг, одоо ч хувьсан өөрчлөгдөж байгааг эрдэмтэн судлаачид хэдийнээс мэднэ. Ажиглалт, судалгааны өч төчнөөн ажил хийсэн нь ч бий. Гэхдээ итали, британи эрдэмтдийн дээрх судалгаа шиг далайн амьтад болон хоёр нутагтнуудыг тусгайлан ажигласан тохиолдол өмнө нь байсангүй. Уг судалгааны хамгийн анхаарал татахуйц дүгнэлт нь дэлхийн дундаж хэм цельсийн нэг градусаар нэмэгдэх тутамд халуун орны ургамал 3-17, загас болон далайн хөхтөн амьтад 6-22 хувиар жижгэрнэ гэх тооцоо юм.
Далайн их исэлдлээс болж усны амьтад “агшиж” байгааг тогтоосноос гадна тэд Умард тэнгисийн ус халсны улмаас сүүлийн 50-иадхан жилд алгана, мерланг зэрэг далайн загаснууд ердийн хэмжээнээсээ 7-15 хувь давжаарсан гэж үзэж байна. Энэ хугацаанд тэнгисийн усны дундаж халуун хоёр градусаар нэмэгдсэн гэхээр энэ нь түгшихгүй байхын аргагүй таамаг. Хэрэв энэ үнэн бол исэлдсэн усны амьтад одоо харагдаж байгаагаасаа ч хурдан жижигхэн болно гэсэн үг. Ийм үзэгдэл дэлхийн бусад хэсэгт ажиглагдаж байгаа үгүйг, Лиллипүтийн нөлөө үнэхээр дэлхий дахиныг хамарч байгаа эсэхийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Гэхдээ гэнэтийн дулаарал болон далайн усны исэлдлээс болж өнгөрсөн хугацаанд их хэмжээний гай гамшиг нэг биш, нэлээд олон удаа нүүрлэснийг бид баттай мэдэх билээ. Пермийн болон Триасын галавын зааг үед буюу 250 сая жилийн өмнөх их сүйрлийн үеэр дэлхий дээрх бүх амьд организмын 90 хувь нь устаж үгүй болж байв. Үүнд Пермийн галавын хожуу үед тохиосон нүүрстөрөгчийн огцом өсөлт нөлөөлснийг саяхан тогтоосон. Тэр үеийн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ одоогийнхоос ихгүй байсан гэж үздэг, олныг айлгадаг мэргэжилтнүүд ч бий.
Гол нь тэрхүү гэнэтийн өсөлт юунаас үүдэлтэй байсныг орчин цагийн шинжлэх ухаан тогтоож чадахгүй байгаа юм. Сицилийн хоёр нутагтнууд болон усны хуягт амьтдыг олноор нь үгүй хийсэнтэй төстэй галт уулын хүчтэй дэлбэрэлтээс болж нүүрстөрөгчийн хэмжээ өссөн байж ч болох. Харин өнөө үед мөнөөх “галт уул” нь хүмүүс бид өөрсдөө болжээ. Их хэмжээний нүүрстөрөгч “үйлдвэрлэгч” бид халуун, хуурайгаас гадна давжаарсан ургамал, амьтантай хорвоо дэлхийг хойч үедээ үлдээх нь.
Г.ЛХАГВА