Монгол Улсын Засгийн газар шар шороон шуурга буюу цөлжилттэй тэмцэхээр 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2005-2035 онд улсынхаа баруун, зүүн хязгаарыг холбосон 3700 км газарт буюу 200 мянган га-д ногоон талбай байгуулахаар болсон юм. Элсний нүүдлийг сааруулан, цөлжилттэй тэмцэх энэ ажлыг БНСУ-ын Засгийн газраас дэмжиж 2007-2017 он хүртэлх 10 жилийн хугацаанд “Ногоон хэрэм” төсөл (Ногоон хэрэм” хөтөлбөртэй адилхан нэртэй) хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ төслийн хэрэгжилтийн талаар төслийн зохицуулагч Н.Баянхишигээс тодрууллаа.
-Төсөл хэрэгжиж дуусахад хоёр жил үлдлээ. Ногоон хэрэм байгуулах ажлын явц ямар байна вэ?
-Бид төслийн хүрээнд 3000 га талбай ойжуулахаар төлөвлөсөн. Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Төв аймгийн Лүн, Баянхангай, Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумын 1.946 га талбайг ойжуулсан. Энэ онд 500 га, дараа жил 600 га талбайд ойн зурвас, заган ойн нөхөн сэргээлт хийж, зорилтот 3000 га талбайд хүрэхээр ажиллаж байна. Бидний ажлыг БОНХАЖЯ-наас Монгол орны хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа загвар болохуйц ойн зурвас байгуулсан гэж дүгнэсэн.
-Ойжуулсан талбайд ойролцоогоор хэдэн мод тарьсан бэ?
-Одоогоор хоёр сая гаруй мод үржүүлэн, бойжуулж байна. Жил бүр 300.000 гаруй суулгацыг ойжуулалтад гаргадаг. Бид энэ модноосоо өөрийн ойн зурвас талбайгаа 100 хувь хангаж, үлдсэн модыг сургууль, цэцэрлэгт хандивладаг. Гэхдээ бид энэ ажлаа заавал БОНХАЖЯ-тай хамтран зохион байгуулдаг.
-Өнгөрсөн онд төслийн санхүүжилт анх заасан хэмжээнээсээ нэмэгдэж, ойжуулалтын талбайг тэлэх боломжтой болсон. 2017 онд төсөл дуусна. Үүнийг үргэлжлүүлэх боломж бий болов уу?
-БНСУ-ын Засгийн газар манай улсын цөлжилтийг сааруулахын тулд 2006 онд 9.5 сая ам.долларын санхүүжилтээр “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ БНСУ-ын Засгийн газраас өнгөрсөн онд төслийн санхүүжилтийг 78 хувиар нэмж, бид ойжуулах талбайгаа тэлэхэд энэ хөрөнгийг зарцуулсан. 2017 онд төслийн хугацаа дуусаж, үр дүн нь гарах үед үргэлжлүүлэх эсэхийг шийдэх байх. Миний бодлоор зайлшгүй үргэлжлүүлэх ёстой төсөл юм шиг санагддаг. Туршлагатай хүмүүсээс заавар, зөвлөмж, санхүүжилт авч энэ төслөө хэрэгжүүлбэл бидэнд л ашигтай.
-Энэ ажилд мэргэжлийн хүн ажиллуулж чаддаг уу?
-Орон нутагт ажиллаж буй залуус маань БНСУ-ын мэргэжилтнүүдийн арга туршлагаас хуваалцаж, туршлагатай сайн ойн инженер болж байна. Гэхдээ зөвхөн Солонгосын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцаагүй. Амьдралдаа мод тарихаас өөр ажил хийж үзээгүй доктор Ц.Даваасүрэн, Ч.Одсүрэн нарын заавар, зөвлөгөө ч их хэрэг болж байгаа.
-Тарьсан модоо арчилж, ургуулж байж ногоон хэрэм босох байх. Энэ тал дээр манайхан хэр анхаарал тавьдаг вэ?
-Бидэнд 6000 модыг нэгэн зэрэг услах боломжтой төхөөрөмж бий. Энэ усалгааны системийг мод бүрт суурилуулсан. Нэг модыг дөрөв хоноод 20 литр усаар усална. 50 га талбай 26.000-28.000 модтой. Ийм талбайд хоёр худаг бий. Тэд модоо усалж, зэрлэгийг нь зулгаана. Энэ хаврын мод тарих, заг үржүүлэг, арчилгааны ажилд 200 гаруй хүн ажиллуулж байгаа.
-Малчид мод тарих туршлагагүй учраас идэвх муутай байдаг гэсэн. Танай төслийнхөн нутгийн иргэдийг энэ ажилд хэрхэн оролцуулж байна вэ?
-Мод тарьж, ургуулах ажилд анх тэднийг татан оролцуулахад хэцүү байсан. Мод тарих газар малаа бэлчээчихнэ. Эсвэл “Энэ жижигхэн үр яаж мод болох билээ, цаг алдах юм” гэж загнадаг байсан. Гэтэл одоо ойжуулалт хийсэн талбайгаа хараад тэнд ажилласан иргэдийн сэтгэхүй өөрчлөгдсөн. Ер нь Өмнөговь аймгийн иргэд их идэвхтэй. Харин хангай нутгийнхан хойрго санагддаг. Гэхдээ тэднийг буруутгаж болохгүй. Тэд “Модонд усалгаа шаардлагатай байна, хортон шавьж их байна” зэргээр санаа зовниж байгаа нь бидний ажлын бас нэг үр дүн юм. Учир нь “Ногоон хэрэм” төслийн хийсэн ойжуулалт тухайн нутагт л үлдэнэ. Тиймээс талбайгаа арчилж, хамгаалах иргэд олон байна гэдэг сайшаалтай. Мөн орон нутгийн удирдлагууд болон ойн мэргэжилтнүүдийг жил бүр БНСУ-д сургалтад хамруулж байсан. Тэд БНСУ-ын ойжуулалтыг хараад эх орныхоо хөрсөнд буулгах хүсэл тээж ирдэг.
Э. ДУЛАМ