Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны эцэст нийт мал сүрэг 51.9 сая, үүнээс адуу 2.9 сая толгойд хүрчээ. Адуун сүрэг нь 2013 оныхоос 14.4 хувиар өссөн байна. Дэлхийд 250 гаруй үүлдрийн 60 орчим сая адуу үржүүлдэг бөгөөд манай улс адууныхаа тоогоор зургадугаар байрт жагсдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, соёл, зан заншлыг бэлгэ тэмдэг болгон төрийн сүлдэндээ адууг морин эрдэнээр дүрслэн тусгасан нь өргөн утга, агуулгатай билээ. Эзэн богд Чингис хаан болон түүнийг залгамжлагч хаадын үед ч Монголын таван төрөл мал дотроос адуун сүрэг онцгой байр суурь эзэлж, аж ахуйн төдийгүй стратегийн ач холбогдол өндөртэйд тооцогдож байв. Адууны яам хүртэл байгуулж байсан ба дэлхийн талыг эзлэхэд адууны гүйцэтгэсэн үүрэг ямар байсан нь тодорхой юм. Адууны чанар ямар байна вэ? Манай орны мал сүрэг, түүн дотор адуун сүргийн тоо толгой жилээс жилд өсөж буй нь сайн хэрэг боловч үржил, ашиг шимт чанар нь төдийлэн сайжрахгүй байгааг малчид, уяачид ярьдаг.
Тухайлбал, зууны манлай, тод манлай уяач, хөдөлмөрийн баатар Д.Даваахүү “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Сүүлийн үед адууны чанар муудаж байна, дээр үеийнх шиг их ажил хийлгэх, уяа даах морь ховорджээ” гэж хэлж байсан нь нэгийг бодох цаг болсныг харуулж байна. Монгол үүлдрийн адуу нь дотроо галшар, тэс, дархад гэж албан ёсоор батлагдсан гурван омогтой, хурд, ажлын чадвар сайтай олон хэвшил, угшлын адуунууд байгаа юм. Иймд монгол адууны чанар бүхэлдээ доройтоогүйгээс гадна өөр хооронд үржүүлж сайжруулах бүрэн боломжтой ба зарим омог, хэвшлийн адууны тоо толгой цөөрч, яс чанар муудах тийшээ хандаж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, дархад ястны амьжиргааны гол эх үүсвэр, өв уламжлал, соёлын баталгаа болсон тайгын хатуу ширүүн нөхцөлд тэсвэрлэх чадвараар шалгарсан, морфо-экологийн өвөрмөц онцлогтой дархад адууны үржил, ашиг шимт чанар алдагдаж байгааг судалгааны дүн харуулж байна.
Иймээс дархад адууны үржил, ашиг шимт чанарыг сайжруулахын тулд өөр сумын малчид хоорондоо азарга, гүүгээ солилцох, эсвэл ижил төстэй якут адуугаар цус сэлбэн сайжруулж болох юм. Үржлийн ажил зорилготой байх ёстой. Үйлдвэрлэлд мал үржүүлгийн аргуудаас цэвэр үүлдрийн үржүүлэг болон эрлийзжүүлгийн аргыг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд цэвэр үүлдрийн адууг гадаадаас оруулж ирэн цэврээр нь үржүүлэхээс гадна монгол адуутай эрлийзжүүлэн ашиглаж байна. Энэ аргыг тавьсан зорилготой нь уялдуулан үүлдэр гаргах, цус шингээх, цус сэлбэх, солбицуулах, хэрэгцээний эрлийзжүүлэг гэж хуваадаг. Өнөөгийн байдлаар хэрэгцээний эрлийзжүүлэг буюу нэгдүгээр үеийн эрлийз гаргаж авах түвшинд эрлийзжүүлгийн ажил явагдаж буй. Хэрэгцээний эрлийзжүүлгийн явцад нэгдүгээр үеийн гетерозис чанар тод илэрдэг биологийн зүй тогтол байдаг бөгөөд энэ нь нэгдүгээр үеийн эрлийз адууны хурдлах чадвар сайн байгаагаар илэрч байна. Цаашид энэ үнэт чанарыг үр төлдөө баттай удамшуулж чаддаг, сайн чанарын адуу гаргаж авахын тулд зорилготой үржлийн ажил явуулах хэрэгтэй болох ба үүнд цаг хугацаа шаардагдана.
Манайд адуу үржүүлэгчид, сонирхогчид гетерозис чанар нь давамгайлсан хурдлах чадвар сайтай, нэгдүгээр үеийн эрлийз адуутай болоод буй ба үүнийг “Шинэ монгол адуу” гэж нэрлээд үүлдрийн хэмжээнд тавьж байгаа нь үндсэндээ буруу ойлголт юм. Уг сүрэг нь цаашид үржүүлэхэд тооны хувьд хүрэлцээтэй (дор хаяж үржүүлгийн аргаар гаргаж авсан 3000 гүүтэй байна), тэсвэрлэх, хурдлах чадвар, ашиг шимт чанарыг үр төлдөө тогтвортой, баттай удамшуулдаг, хүсэн хүлээсэн тодорхой зорилгыг хангасан, удам үндэслэгч бүхий, бусад үүлдрээс өвөрмөц онцлогтой сүрэг бий болж байж үүлдрийн хэмжээнд ярих, ойлгох хэрэгтэй. Гетерозис чанар нь эрлийз буюу ондоо эвсэл үрт (гетерозигот) малын биеийн өсөлтийг хариуцагч ген нэгдүгээр үедээ их хэмжээгээр хуримтлагддагтай холбоотой бөгөөд энэ нь тогтвортой байдаггүй, дараах үеүдэд буурдаг зүй тогтолтой. Эрлийз болгон хурдан байдаггүй. Адууг эрлийзжүүлснээр гарсан төл бүр нь хурдан байдаггүй учир сонголтыг тавьсан зорилготой нь уялдуулан системтэй явуулснаар хурдлах чадвар сайтай адуу гаргаж авна.
Үндэсний бизнесменүүд, адуу сонирхогч, үржүүлэгчид нь өөрийн зориг хүч, хөдөлмөр, хөрөнгөөр гадаадаас өндөр ашиг шимтэй үүлдрийн адууг оруулан ирж, монгол адууныхаа чанар чансааг сайжруулах гэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүнд хэд хэдэн зүйл байгааг анхаарууштай. Үржлийн бүртгэл, гэрчилгээ бүхий ашиг шим, хурдлах чадвараар шалгарсан, эрүүл гэдэг нь баталгаатай үржлийн адууг оруулан ирж, нэг хэсгийг нь цэврээр нь үржүүлэх, нөгөө хэсгийг тодорхой зорилготойгоор, хязгаарлагдмал хүрээнд эрлийзжүүлгийн ажил явуулах нь зүйтэй байна. Монгол адууныхаа давтагдашгүй үнэт чанар, генийн санг хадгалах, хамгаалах асуудал хамгаас чухал юм. Түүнээс гадна гадаадын төрөлжсөн үүлдрийн адууг технологийн дагуу арчилж маллах явдал чухал ба цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэрлэх чадвар муу, өвчинд нэрвэмтгий байх талтайг анхаарах нь зүйтэй. Гадаадаас оруулж ирсэн төрөлжсөн үүлдэр болон түүний эрлийз адуу нэлээд олон болж байгаа. 2013 оны байдлаар найман үүлдрийн 1500 гаруй үржлийн адуу оруулж ирсэн гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр үржлийн азаргыг монгол гүүтэй эрлийзжүүлээд гарсан төл нэлээд олон болсон байж таарна.
Гэтэл жил бүр гардаг статистикийн мэдээнд адууны төрөлжсөн үүлдэр, түүний эрлийз адууны тоо байдаггүй. Иймээс адуунд явуулах үржлийн ажлын цаашдын хувь заяа, чиглэл бүрхэг байхаас аргагүй юм. “Адууны үржлийн ажлыг бизнесменүүд авч явна” гэсэн хийсвэр ойлголт түгээмэл байдгаас үржлийн ажил нь мэргэжлийн хяналтгүй, бодлогын гадуур явж ирсэн нь тодорхой байна. Хурдан морины уралдаан. Хурдан морины уралдааны зохион байгуулалт жилээс жилд боловсронгуй болж, гараа, бариань будлиангүй байгаа нь сайн хэрэг. Гэвч сүүлийн үед монгол болон эрлийз адууг ялгаж уралдуулах тал дээр хэл ам тасрахгүй байна. Монголын Морин спорт, уяачдын холбооноос монгол адууг эрлийз адуунаас зөвхөн сэрвээний өндрөөр ялгах шалгуур үзүүлэлт тогтоосон нь нэг талыг барьсан, өрөөсгөл ойлголт бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд амаргүй юм.
Учир нь, 1. Монгол адуун сүргийн дотор эрлийзээс өндөр адуу тохиолдохоос гадна монгол адуунаас намхан эрлийз адуу байхыг үгүйсгэх аргагүй.
2. Эрлийз адууг өндрөөсөө гадна галбир хийц, ялангуяа толгой, хүзүү, дэл, сүүл, шилбэ зэрэг биеийн бүтцийн шинжүүдээр ялгаж болдог авч хэд дэх үеийн эрлийз гэдгийг фенотип буюу гаднын шинжээр нь тодорхойлох боломжгүй.
3. Эрлийз адуу гэдгийг генийн буюу ДНХийн шинжилгээгээр тогтоож болох ба энэ нь тодорхой хугацаа, хөрөнгө зардал шаардсан ажил учраас тэр дор нь тодорхойлоход төвөгтэй. Үүнийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга нь хурдан морьдыг нэг бүрчлэн паспортжуулах юм. Паспортонд тэр адууны үүлдэр, гарваль, эцэг, эх, түүний амжилт, нас, хүйс, зүс, тамга, тэмдэг, биеийн хэмжээний үзүүлэлт зэрэг шаардлагатай мэдээлэл тэмдэглэгдэнэ. Харин паспорт бичигдэх явцад эрлийз, монгол нь ялгагдахгүй, эргэлзээ төрүүлсэн адуунаас эдийн дээж авч лабораторид ДНХ-ийн шинжилгээгээр тодорхойлуулах хэрэгтэй. Уралдаанд зөвхөн паспорт бүхий адууг уралдуулбал иймэрхүү маргаанаас салж болмоор санагдана. Үүнийг хурдан адуунд нэг л удаа хөтлөх ба дааганаас эхлэн шинээр паспорт аваад уралдах эрхтэй болно. Паспортонд жил бүрийн улсын чанартай уралдааны амжилт тэмдэглэгдэнэ. Улсын чанартай уралдаанд зургаан насны 3000-4000 орчим адуу уралддаг бөгөөд эдгээр адууг нэг удаагийн бүртгэлжүүлэлтээр паспорттой болгоод авбал жил бүр уралдаанд шинээр орох адууг нэмж паспортжуулаад явах боломжтой.
Паспортжуулах асуудлыг улс даяар явагдаж буй малыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажилтай уялдуулах шаардлагатай. Хурдан адууг дааганаас эхлэн мэдээллийн санд бүртгэн, паспортжуулах нь үнэ цэнэтэй хурдан адууг хулгай зэрэг элдэв халдлагаас хамгаалах, уралдааны явцад янз бүрийн будлиан гарах явдлаас сэргийлэхэд тустай юм. Түүнээс гадна гарваль нь тодорхой үржлийн адууг борлуулахад баталгаатай, авч байгаа хүнд адууныхаа хурдлах чадварыг сайжруулах үржил селекцийн ажил явуулахад тустай байх нь дамжиггүй. Унаач хүүхэд. Адуу, малтай ойр өссөн хүүхэд бүрийн мөрөөдөл хурдны морь унаж уралдах явдал байдаг нь монголчуудын уламжлалт ёс заншилтай холбоотой. Монголын хурдан морины уралдааны уламжлал бол соёлын давтагдашгүй өв билээ. Хурдан морийн жингийнх нь 10 орчим хувьтай тэнцэх жинтэй хүн унаж уралдах биологийн боломжтой. Монгол морийг түүний амьдын жингийн 10 орчим хувьтай тэнцэх, 25-30 кг жинтэй хүүхэд унаж байгаа нь энэхүү боломжийг хангаж байгаа юм. Гадаадын төрөлжсөн үүлдрийн хурдан морьдыг 45-50 кг жинтэй том хүн унаж уралдаж байгаа нь зүй тогтолд нийцнэ.
Иймд монгол морьдыг хүүхэд унаж уралдах нь энэхүү зүй тогтолд тохирсон, өв уламжлалаа хадгалсан, дэлхийн хаана ч байхгүй өв соёл юм. Хүүхэд ахуй наснаас хурдны морь унах нь тухайн хүүхдийн эрүүл чийрэг бойжиж, зөв төлөвшил, хүмүүжил олоход тустай зүйл гэдэг нь олон жилийн амьдрал, туршлагаас харахад тодорхой байдаг. Иймээс энэ өв соёлыг хадгалж, боловсронгуй болгох, хүүхдийн уралдаанд оролцох насыг тогтоох, хамгаалалтын хувцас өмсүүлэх, хүүхдүүдийг сургалтад хамруулах, эрх ашгийг нь хамгаалах асуудлыг хуульчлах хэрэгтэй. Морь унах нь эрүүл байхын үндэс. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Морьтон монголчуудаа морио унацгаая” гэж хэлээд морьтон уламжлал, соёлоороо бахархаж явахыг уриалсан билээ. “Морьтон Монгол” төслийн залуус Монгол орноо нар зөв тойрон 10.394 км замыг мориор туулж монгол морины шандас, эр хүний зориг, хүч, тэвчээрийг харууллаа. Мөн Хэнтий аймгаас эхэлсэн “Морьтой Монгол” аялал зэрэг монгол морины уламжлалт соёлыг гайхуулсан, сурталчилсан, дэлхийд таниулсан санаачилгууд байгаа нь сайшаалтай юм.
Гэвч сүүлийн үед техникийн хөгжилтэй холбоотойгоор адуу, малаа эдлэх, уналга, хөлл өгөөний чиглэлээр ашиглах явдал газар сайгүй цөөрч, мал хариулахад хүртэл машин, мотоциклиор явдаг болжээ. Энэ явдал нь хүний эрүүл мэнд, малын тарга, онд ороход хүртэл сөргөөр нөлөөлж, уяж сойдог адуунаас бусад нь эмнэгшиж байна. “Дааганаасаа давт” гэсэн өвгөдийн сургаалийг санаж, даага сургах уралдаан зарлан, хэчнээн даага сургасан, морийг хэр зэрэг уналга, мал хариулгад ашигласан зэрэг үзүүлэлтийг “Сайн малчин” тодруулах болзолд нэмж оруулан морио эдлэхэд хөшүүрэг болох ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм. Түүнээс гадна уламжлалт морин спорт, морин тоглоомыг орхигдуулахгүй хөгжүүлэх нь чухал байна. Казахстан улсад “Көкпар” буюу тулам булаалдах тоглоомыг улсын хэмжээний тэмцээн болтлоо хөгжүүлж жил бүр багаараа уралддаг уламжлал тогтжээ. Морины давхиан дунд газраас 20-30 кг жинтэй ямааны тулмыг шүүрэн авч булаалдах нь мориноос гадна эр хүний хүч, чадлыг сорьдог тэмцээн юм. Түүнтэй адил манайд бургас цавчих, морины давхиан дунд нум сур харвах зэрэг морь, эрийн хүч чадлыг харуулсан уламжлалт тэмцээн, уралдааныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байх нь адуугаа эдлэх соёлыг хөгжүүлэхээс гадна хүний хөгжилд тус нэмэртэй болов уу.
Морь унасан хүн тэр болгон өвчилдөггүй гэж манай ард түмэн ярьдаг, эртний судар бичигт морь унасан хүний цусны эргэлт сайжирч, шингэний сүвүүд нээгдэж байдаг гэж тэмдэглэсэн нь бий. Гэвч сүүлийн жилүүдэд хятад мотоциклиос болж манай залуучууд гэмтсээр, бэртсээр, элдэв өвчинд нэрвэгдсээр. Гэтэл морь унаад хүн эрүүл байж болдгийг шинжлэх ухаан нэгэнт нотлоод байна. Морь унуулан өвчтөнийг, ялангуяа тахир дутуу хүмүүсийг эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг аялал жуулчлал, сувиллын газарт өргөн дэлгэр хэрэглэх явдал ХХ зууны дунд үеэс дэлхийн практикт нэвтэрчээ. “Иппотерапия” хэмээх энэ аргаар тулгуур, үе мөч, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын болон мэдрэл, дотоод шүүрлийн зарим өвчнийг эмчилдэг байна. Морины биеийн дулаан хүнийхээс 1.5 хэмээр илүү байдаг бөгөөд морины явдлын болон нурууны булчингийн янз бүрийн чиглэлийн хэлбэлзэлтэй хөдөлгөөн нь биомеханик үйлдэл үзүүлж хүнийг эрүүл байхад нөлөөлдөг бололтой. Иймд морио унаж, малаа мориор хариулж, наадамд мориороо гоёж, морин уралдаан, тэмцээн, тоглоомыг хөгжүүлж, уламжлалт үнэт соёлоо үеийн үед өвлүүлэн явах эрхэм үүргийг орхигдуулж болохгүй.
Т.САЙПОЛДА /Монгол Улсын зөвлөх мал зүйч, доктор/