ХЦДБЧ-ын гоцлооч Н.Мөнхжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Яагаад дуучин болохоор шийдсэн бэ?
-Намайг багад дуучин Байзда, “Хар сарнай”, “Никитон” хамтлаг жинхэнэ галзууруулдаг байлаа. Би Байздаг их шүтэж, Соёлын төв өргөөнд зохион байгуулсан анхных нь тоглолтыг үзэж, VIII, Х ангийн хонхны баяраараа дууг нь дуулсан. Түүн шиг л дуучин болно гэж бодож явсаар СУИС-ийн дуулаачийн ангид шалгуултал яагаад ч юм бэ тэнцээгүй. Банди, Дашиймаа, Ерөө, Пүрэвдорж нарын мундгууд шалгалтын комисст байсан. Сургуульд оролгүй жил өнжөөд байтал цэргийн зарлан дуудах хуудас ирдэг юм байна. Сүхбаатарын Онгон суманд цэргийн алба дөнгөж хаагаад ирсэн найз маань “Армид хийх ажил багатай учир хал цэргүүд шинэ хүүхдүүдийг дэглэдэг. Харин хил дээр шинэ, хуучингүй ажилд хуваарилагддаг тул нэгнээ дээрэлхэх асуудалгүй. Хоёрдугаарт, чи хил гэдгийг нүдээрээ хараад олон зүйл мэдэрнэ” гэж зөвлөсний дагуу комиссынхонд саналаа хэлтэл Сулинхээрийн наймдугаар заставт хуваарилсан.
Одоо хүртэл үүрэн телефонгүй, зөвхөн албаныхан нь л “Жи-Мобайл”-ын гар утас хэрэглэдэг, шувуу ч нисдэггүй говь газар очсон ч торгон хилээ манаж байхдаа “Би гэдэг хүн ийм сайхан оронд төрсөн юм байна шүү дээ” гэж Монголынхоо сайхныг зах зухаас нь мэдэрсэн. Морин дэл дээр салхи сөрөөд давхиж байх тэр мэдрэмжийг илэрхийлэх сайхан үг надад олдохгүй нь. Эхний зургаан сар яг застав дээр алба хааж байтал отрядад цэргийн үлээвэр хөгжмийн тасаг байгуулахаар болж, намайг бага даргаар томилсон. Цэргийн дарга нарын 8-11 насны 12 хүүхдийг хариуцаж ажиллаж байлаа. Дарга нарын хүүхдүүд гэдэг цэргийн амьдрал эрт үзсэн, цэрэгтэй яаж харилцахаа хүртэл мэддэг. Тэдний эвийг нь олох гэж зүдэрсэн дээ. Заримдаа миний хүүхдийг ингэлээ, тэглээ, зоддог уу чи гээд л ээж, аав нь загнана. Одоо тэр хүүхдүүдтэйгээ энд тэнд таарахаар “Миний бага дарга” гэж ирээд л Сулинхээрийнхээ сонин сайхнаас хуваалцаж, яаж хөглөцгөөж байснаа дурсдаг.
-Та ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуайн шавь гэсэн үү?
-Хэдий СУИС-д тэнцээгүй ч гэсэн дуучин болох хүслээ хаяагүй. Цэргээс халагдчихаад нэг жил өнжөөд байтал ХБК-ийн элсэлтийн шалгалт дууссаныг мэдэж, бэлтгэл хичээл нь эхэлчихсэн байхад урлагийн гавьяат зүтгэлтэн, ХБК-ийн Хөгжмийн тэнхимийн эрхлэгч байсан Булган багшид шалгуулж тэнцээд Уртнасан багшийн шавь болсон. Манайх хамгийн анхны бакалаврын дипломтой төгсөлт гэдгээрээ онцлог. Өдгөө манай ангийн Батмөнх “Сэлэнгийн долгио” чуулгад, Хүрэлбаатар, Энхнаран ДБЭТ-т, Бат-Орших, Батбаатар нар ЦДБЭЧ-д гоцлооч.
-Та хил манаж явсан болохоор л ХЦДБЧ-д ажиллахаар шийдсэн үү?
-Харин ээ, тэр их сонин. Намайг алба хааж байхад цаг үе бас л хэцүүхэн байсан. “Ямар ч байсан үүргээ гүйцэтгэлээ, дахиж цэргийн амьдралаар явахгүй шүү” гэж бодож байсан хэрнээ л сургуулиа төгсөөд яагаад ч юм бэ ХЦДБЧ-д шалгуулсан. Тэр үед чуулгын даргаар ажиллаж байсан, хөгжмийн зохиолч Батмөнх агсан, найрал дууны ангийн багш Батхүлэг нар намайг шалгаж “Чи угаасаа л хилд алба хаасан манай хүн байна” гээд дуртайяа ажилд авснаас хойш найман жил өнгөрчээ.
-Уг нь оюутан байхдаа дуурийн дуучин болно гэж бодож байсан уу?
-Тийм ээ. Тэр зорилгынхоо дагуу дуулаачийн олон уралдаанд оролцсон. Тухайлбал, Гончигсумлаагийн нэрэмжит болон “Оросын хөгжмийн зохиолчдын ариг хэн сайн дуулах вэ” уралдаанд тус бүр гуравдугаар байр эзэлсэн. Ким Базарсадаевийн нэрэмжит дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан бол миний оролцсон анхны олон улсын наадам. Хүрэлбаатар, Сайнбаяр, Батболд нарын дуучинтай оролцож, тусгай байрт шалгарсан. Орос дуу дуулаачдын уралдаанд дэд, Банди багшийн нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлж байсан.
-Таныг ХЦДБЧ-д орох болсныг сонсоод багш нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Харамссан байх аа. Гэхдээ дургүй байгаагаа хэлээгүй, хэлэх ч үгүй. Харцаараа л ойлгуулчих шиг болсон. Тухайн үед оюутнууд дундаа, ДБЭТ-ынханд Уртнасангийн Мөнхжаргал гэдгээрээ бага зэрэг танигдсан байсан. Миний овог ерөөсөө л Хорлоогийн Уртнасан болчихсон байсан. Багш маань шавь нартаа дан ганц дуулах урлаг заагаад зогсохгүй, хувь хүнээс бие хүн рүү хэрхэн төлөвших тухай ойлгуулж, амьдралын анхны мэдэгдэхүүн, ухагдахуунуудыг ойлгуулдаг байсныг сүүлд л мэдэрч байна. “Тайзнаа гарахдаа халуун зүрхтэй, хүйтэн тархитай байгаарай. Энэ үг амьдрал дээр ч тусгалаа олдог юм шүү” гэж багш минь захидаг. Оюутан байхад “Хүйтэн тархи гэхээр хөлдүү гэсэн утгаар хэлээд байгаа юм байх даа гээд л ямар учиртайг нь ер ойлгодоггүй байсан. Сийрэг ухаантай байхыг хэлснийг хожим ухаарсан. Тухайлбал, би тайзан дээр Монгол нутгийн тухай дууллаа гэхэд эх орныхоо үзэсгэлэнт газруудыг оюундаа зураглана, хажуугаар нь дуулж байгаагаа хэзээ ч мартах ёсгүй. Үгэн дотор үг дайж, олон утга агуулан бидний тархины эд эсийг ажиллуулах гэдэг нь багшийн маань бас нэг онцлог.
-Багш, шавийн барилдлагатай болно гэдэг багшийнхаа шийрийг нь хатааж байгаа хүнд л олдох нэр үү, эсвэл авьяас билэг хамааралгүй, хоорондын нандин харилцаатай эсэхээс шалтгаалах уу?
-Заавал Уртнасангийн шавь гэхээр ДБЭТт ажиллах хэрэгтэй, сайн дуучин болох ёстой гэсэн ойлголт байхгүй л дээ. Гэхдээ л бид багшаараа овоглочихсон болохоор нэр төрийг нь өндөрт өргөж явах хариуцлага үүрдэг. Санкт-Петербургт таван жил суралцсан, манай ангийн Энхнаран багшийн халааг залгамжлахаар ДБЭТ-т ажиллаж байна. Мөн нэг шавь нь одоо Москвад суралцаж байна, дахиад нэг нь явахаар бэлдэж байна гээд багшийн залгамж халаа үргэлжилсээр... Шавь нараас нь мэргэжлээрээ ажиллаагүй нь ч бий. Амьдралд тохиолдох бүх л хатуу ширүүнийг давах ухааныг тэд багшаас сурсан байх. Яагаад гэвэл багш биднийг хатуу үгээр сургаж, баргийн хүнээс үг дуулахад ажрахааргүй болгосон.
-Баритон хоолойтой багш ийм төрлийн хоолойтой хүнд дуулаачийн чадвар эзэмшүүлэхэд илүү тохиромжтой юм болов уу?
-Гадаадын орнуудад тэр багш сопрано хоолой сайн тавьдаг (Хоолойн өнгө тодорхойлох, чиглүүлэх), энэ нь баритон тавихдаа гарамгай гэж төрөлжүүлэх нь байдаг гэсэн. Монгол багш нар универсал учир сопрано хоолойтой багш заавал сопрано дуучин төрүүлэх ёстой гэх ойлголт байхгүй. Тухайлбал, багшийн шавь, “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг, Улсын филармонийн гоцлооч Дэлгэрбаяр басс, би баритон хоолойтой байх жишээтэй.
-Үзэгчдийн өмнө, эсвэл хил дээр дуулах, уралдаанд оролцохын ялгаа юу вэ?
-Уралдаанд дуулахдаа ур чадвараа шавхдаг. Харин үзэгчдийн өмнө монгол сайхан дуу толилуулж байгаа бол учиргүй сонгодог тавилтаар дуулах нь зохимжгүй. Хил дээр дуулахдаа би ямар тэмцээнд оролцож байгаа биш, томоохон тайзнаа гарсан биш гэж үл ойшоосон байдалтайгаар дуулж хэзээ ч болохгүй. Хилээ манаж харуулд гараад өдөр шөнө, салхи шуургыг ажралгүй зүтгэж яваа хилчдэд яагаад ч тэгж хандаж болохгүй. Таван цэрэг сууж байсан ч тоглолт хийдэг. Харин мэдрэмжүүдийн ялгааг хэлбэл, хил дээр дуулахаар Сулинхээрт алба хаасан үеийн дурсамж сэргээд, эрч хүч авдаг. Хил дээр дуулахдаа нүд хүрэх газрыг хүртэл ширтээд л үнэхээр сайхан. Харин тайзан дээр дуулахаар үзэгчдийн алга ташилтаас урт наслах урам олж авдаг шиг санагддаг. Хэрвээ дуулах нь хүмүүст үнэхээр таалагдвал тэд ам дамжин ярилцаж, дуучинд сайхан энерги очдог гэж би боддог.
-Залуу насандаа юу амжуулъя гэж боддог вэ?
-Ойрын таван жилийн дотор ДБЭТ-т томоохон дуурьт дүр бүтээхийг хүсэж байна. Энэ театрын тайзнаа заавал орон тооны дуучин нь дуулна гэсэн журам байхгүй. “Танай урын санд буй ийм дуурийн тийм дүрд дуулах гэсэн юм, шалгуулъя” гэхэд уриалгахан хүлээж авна. Шалгуулахаар бэлдэж байгаа. Бас амьдралаа сайхан болгохын төлөө зүтгэнэ дээ. Би дөрвөн сайхан охинтой. Хамгийн том нь долдугаар анги, бага нь нэг нас найман сартай.
-Та хэр үрэлгэн бэ. Таны бодлоор залуу хүнд ямар чанар байх ёсгүй вэ?
-Сурсан занг сураар боож болдоггүй шиг мөнгө цуглуулж чаддаггүй зуршил генд минь байх шиг санагддаг. Үрэлгэн загнаж болохгүй гэж боддог ч нэг л чаддаггүй юм. Залуучууд бидний хөлийг залхуу зан л тушдаг. Залхуурал биднийг нэг мэдэхэд л иднэ шүү. Энэ зуршлаас болж бид маш ихийг алддаг. Би нөөц бололцооныхоо ердөө 20 хувийг ашигладагтаа өөртөө чамлалттай ханддаг. Хөдөлмөрлөж, ажиллаад л байвал бусад нь болно доо.
Б.ДӨЛГӨӨН