Манай улс одоогоос 40 жилийн тэртээ Японоос бөөр орлуулах хоёр аппарат оруулж ирснээр архаг дутагдалтай өвчтөнүүдийг диализаар эмчилдэг болсон гэдэг. Түүнээс хойш 1995 онд бөөрний мэс засалч Л.Цог өвчтөний баруун бөөрийг авч, ташааны хонхорт нь суулгах мэс засал хийсэн нь Монголд эрхтэн шилжүүлэх хагалгааны анхны оролдлого болсон гэж түүхэнд тэмдэглэжээ. Дараа жил нь хүний гавьяат эмч Л.Жамбалжав, Д.Нямсүрэн, клиникийн профессор Б.Бямбадаш тэргүүтэй гар нийлдэг эмч нар анх удаа эгчийнх нь бөөрийг дүүд нь шилжүүлэн суулгасан байдаг. Харамсалтай нь тухайн өвчтөн сар гаруй амьдраад нас барсан тул эмч нар эмчилгээний цаашдын зорилгоо тодорхойлох, эм хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангагдах, Донорын тухай хууль батлуулах зэргээр 10 жилийг зөвхөн энэ мэс засалд бэлтгэхэд зарцуулсан юм. Тэд хичээсэн, зүтгэсэн, бас чадсан. Үр шимийг нь Монголын ард түмэн хүртэж байгаа.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч, профессор Б.Бямбадаш, профессор Д.Чулуунбаатар, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр 100 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгалаа. Энэ амжилтаа тохиолдуулан тус эмнэлгийнхэн 100 дахь мэс заслын эмчилгээг сурталчилсан хүндэтгэлийн самбарыг эмнэлгийнхээ өмнөх талбайд байрлуулахаар баганынх нь шавыг өчигдөр тавьж, “Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 100+” баярын хурал зохион байгуулав. Өнгөрсөн хугацааны алдаа оноо, амжилт бүтээлийнх нь талаар УНТЭ-ийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч, профессор, Б.Бямбадаштай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө танай эмнэлэг, багийн хамт олонд баяр хүргэе. Бөөр суулгуулсан 100 дахь өвчт өний бие ямархуу байна вэ?
-1996 онд бидний хэдэн эмч нар бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх хийж байсан маань саяхан мэт санагдаж байна. Өнөө өглөө (өчигдөр) 100 дахь хүнд бөөр шилжүүлэх хагалгаа амжилттай хийлээ. 40 настай ааваас нь 17 настай хүүд нь бөөр шилжүүлэн суулгасан. 07.00 цагт хагалгаа эхэлсэн, одоо дуусаж байна. Өмнө нь энэ мэс заслыг 7-8 цаг хийдэг байсан бол одоо дөрөв орчим цаг л хангалттай. Манай эмнэлгийнхэн 100 дахь хүндээ амьдрал бэлэглэсэнтэй холбогдуулан Эрхтэн шилжүүлэн суулгах болон Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон “100+” гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ нь цаашид монгол хүмүүс бөөрний өвчний улмаас гадаад явах шаардлагагүй, их хэмжээний мөнгөө зарлагадахгүйгээр эх орондоо, элэг нэгт эмч нараараа ийм хагалгааг хямд үнээр хийлгэх, мэс заслын дараах эмчилгээнд хүн бүр чөлөөтэй хамрагдах боломж бүрдсэнийг харуулахыг зорьсон.
-Жилд хэчнээн хүнд мэс засал хийж байна вэ. Өртөг нь нэмэгдсэн үү?
-Манай үндэсний багийнхан жилд 8-18 хүнд хагалгаа хийдэг. Бөөрний донор олддог бол жилд 25 хүнд мэс засал хийх бүрэн боломжтой. Монголын бөөрний эмч нар анх бие дааж хагалгаа хийснээсээ хойш 2007 онд нэг хүний эмчилгээний нийт зардлыг 12 сая төгрөгт багтана гэж тооцоолж байсан. Энэ өртгөөрөө л явж байна. Үүний найман саяыг Эрүүл мэндийн сайдын багцаас, үлдсэнийг нь тухайн иргэнээс авдаг. Өвчтөнөөс авч буй уг мөнгийг хагалгааны болон дараах нэг сарын эмчилгээ, эм, болон шинжилгээний зардалд зарцуулдаг.
12 сая төгрөг бол дэлхийн хаана ч байхгүй хямд өртөг. БНХАУ-д 40-50, БНСУ-д 60-80, АНУ-д 120, Япон, Германд 70-100 мянган ам.доллараар бөөр солих хагалгаа хийдэг. Монголын мөнгөний ханшийн уналт, үнийн өсөлттэй холбоотойгоор нэг хүний хагалгааны нийт зардлыг бид дахин тооцож үзэхэд 30 орчим сая төгрөг болж байгаа.
-Одоогийн байдлаар бөөр суулгуулах шаардлагатай хэчнээн хүн танай эмнэлгийн хяналтад байгаа вэ. Бөөр, элэг гэхчилэн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны ирээдүйг тодорхойлбол та юу гэх вэ?
-Монголд бөөр сольдог болсноос хойш элэг болон ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Одоогийн байдлаар 18 хүнд элэг, хоёр хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгаад байна. Цаашид нойр булчирхай бусад эрхтэн шилжүүлэх үндэс суурь нь тавигдсан гэж хэлж болно. Үүнээс гадна хамгийн сүүлийн үеийн технологи болох үүдэл эс шилжүүлэх эмчилгээг Монголд нэвтрүүлэх боломж бүрдээд буй. Энэ нь хүнээс хүн рүү эрхтэн зөөх бус өөрт нь эд эс суулгаж, нөхөн төлжүүлэн, ургуулдаг шинэ технологи юм. Манайд энэ эмчилгээг нэвтрүүлэхэд тун ойрхон байгаа. Нэг зүйлийг ам бардам хэлэхэд хөгжиж буй орнууд дотроос Монгол шиг эрхтэн шилж үүлэх гурван технологи (элэг, бөөр, ясны чөмөг) нэвтрүүлсэн улс дэлхийн хаана ч байхгүй.
Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализын тасагт бөөрний архаг дутагдалтай 200 орчим хүн эмчлүүлж байна. Эд бүгд бөөрөө солиулах шаардлагатай ч донор олдохгүй байна. Донор олчихсон 10 гаруй хүн хагалгаа хийлгэхээр бэлтгэж байна. Бусад нь хүлээж байгаа. Донор олдохгүй, дээр нь гемодиализын аппаратны хүрэлцээ муугаас хүмүүсийн өвчин хүндрэх асуудал гарч байна. Улсын хэмжээнд хувийн болон улсын эмнэлэгт ийм 60 гаруй аппаратад 300 орчим өвчтөн эмчлүүлж байгаагийн цаана нь уг аппаратад орж чадахгүй 40-50 хүн байх жишээтэй.
-Бөөр суулгуулсан 100 хүний нас, хүйсийн харьцаа ямархуу байгаа вэ?
-Элэг, бөөр солихдоо тухайн хүнийг мэс засалд оруулаад хэд хоног эмчлээд гаргачихдаггүй. Тиймээс бид эрхтэн суулгуулсан хүмүүсийг хянаж, үзэж байх кабинет байгуулж, хяналтын эмч гэсэн шинэ орон тоо бий болгосон. Хоёрт өндөр өртөг бүхий дархлаа дарангуйлах эмийг улсын төсвөөс үнэгүй олгодог болсноор эрхтэн суулгуулсан хүмүүсийн бие бүгд сайн байгаа. Хүйсийн хувьд 64.8 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд. Бөөрөө солиулсан нийт өвчтөнүүдийн 35 хувь нь 18-35, 40 хувь нь 35-49 насныхан. Өөрөөр хэлбэл 80 орчим хувь нь 18-49 насны ид хөдөлмөрлөх насны залуус байгаа.
О.БАТ-УНДРАХ