Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодорч байх үест Монголын мөнгө, санхүүгийн бодлоготой холбоотой албан тушаалтан “Шинэ Ерөнхий сайдын улс төрийн карьер сэг болно” гэж сүржин дүгнэлт хийж байлаа. Эдийн засгийн байдал болоод ийш чиглэсэн улс төрийн хандлага тэртээ өдрүүдэд ямар байсныг, одоо хэрхэж буйг эл дүгнэлтээс анзаарч болно. Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч, 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын түвшнээс ч доошилсон. Монгол Улсын эдийн засагт 2012 оны сүүлчийн хагасаас үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл 2013 онд хямрал болон гүнзгийрч, түүний сөрөг нөлөө өнөөдөр ч арилаагүй, улам лавширсаар байна.
Эдийн засгийн ийм таагүй үзүүлэлтүүдийг тосон авч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон. Ажлаа авсан өдрөөсөө л тэрбээр тулгарсан асуудал, шийдлийг тодорхой томъёолж, шинэ Засгийн газрын ажиллах чиглэлийг гурвантаа эдийн засаг хэмээн тодотгож байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд итгэл хүлээлгэн, УИХ-д нэрийг нь оруулж хэлэлцүүлсэн. Өнөөгийн байдлыг өөрчилмөөр, элгээрээ хэвтсэн эдийн засгийг босгоод ирмээр итгэлтэй байдал Ч.Сайханбилэгийн хэлсэн үгсээс ч ханхалж байлаа. Засгийн газрын тамгаа хүлээж авмагцаа “Улс төрөөс болж олон жил хойш тавьсан, хулгасан, халгасан хэцүү шийдвэрүүдийг бид гаргаж гэмээнэ хямралаас гарах хугацааг наашлуулна” гэж, удаад нь “Их улс төр биш, их ажил хийцгээе” хэмээн тэрбээр УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы өмнөх үдэш өөрөө уриалж байв.
Ч.Сайханбилэгийн танхимын зангидсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнөөдөр Монгол Улс хэрэгжүүлж эхлээд байна. Нийт 12 зорилт бүхий 67 арга хэмжээг энэ хүрээнд авна. Макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хувилбарууд энд бий. Эс чадвал, эдийн засаг агших, улмаар иргэдийн хөрөнгө, хуримтлал үнэгүйдэх, ажилгүйдэл өсөх эрсдэл бодитой нүүрлэнэ. Энэ бүхний өөдөөс сөрж, тэд юу хийхээр зэхэж буй юм бэ?
1. Татварыг энгийн, ойлгомжтой болгон, олон улсын жишигт нийцсэн шинэчлэл хийх. Энэ оны эхний хагас жилд багтаан ийм шинэчлэл хийхийг Засгийн газар эрмэлзэж буй агаад сүүлийн нэг жилийн хугацаанд манайд тохиолдсон “Оюутолгой” болон “SouthGobi Sands”-ийн “адал явдлууд” татварын аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх цаг эргэлт буцалтгүй ирснийг ахин давтан сануулсаар байгаа.
2. Эдийн засгийн хүндрэлийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг бууруулахаар гүйцэтгэх засаглал хичээж буй. Монгол Улсын өнөөгийн нөхцөлд нийгмийн халамжийг туйлын зорилгоо болгох, нэгдүгээрт тавих хөрс байхгүй. Тийм учраас тэд зөвхөн эмзэг хэсгийг онилж, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Дүнд нь 2016 оны эцэст ядуурлын түвшинг 26 хувь болгож бууруулахаар тооцоолжээ.
3. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр таван багц ажил Засгийн газар төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулагчдад шуурхай, ойлгомжтой, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор нэг цэгийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх анхны санаачилга энэ засгаас гарсан болов уу. Нэг цэгийн үйлчилгээний “шид”-ийг нэг жилийн дараа хөрөнгө оруулагчид үзэж эхэлнэ. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа татахын тулд эхлээд хууль, эрх зүйн орчныг тогтвортой байлгах учиртайгаа Засгийн газар саяхнаас ойлгоод байгаа. Дэлхийн хөрөнгийн их урсгалаас шүүрдэх аяныг Ерөнхий сайд өөрөө ахалж, санхүүгийн томоохон төвүүдийг хувийн хэвшлийнхэнтэйгээ зорихоор зэхжээ. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай, ТЭЗҮ нь бэлэн 80 гаруй төсөл бий агаад тэдгээрийг “эзэнтэй” болгож чадвал Монгол Улсад ойрын дөрвөн жилийн дотор 20 тэрбум ам.доллар орж ирэх тооцоо бий.
4. Монгол Улс мөчлөг дагасан төсвийн бодлоготой гэж олон улсын эдийн засагчид шүүмжилдэг. Түүхий эдийн үнэ тэнгэрт тулсан үед төсвөө тэлдэг атлаа ханш нь буух үед “хамгаалах” хэрэгсэл бидэнд үгүйлэгддэг. Тэгвэл мөнөөх төсвийн Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн хэмжээг нэмж, санхүүгийн менежментийг нь бие даасан нэгжээр гүйцэтгүүлэхээр хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлыг Сангийн яам энэ онд барьж авах бололтой. Үндэсний баялгийн санг ч гэсэн өнөө жил төвхнүүлэхээр зэхжээ.
Макро эдийн засгийг тогтворжуулах энэ мэт хэрэгслийг төлөвлөхийнхөө хажуугаар эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авахаа ч мартаагүй хэмээн Засгийн газар тайлбарлаж байгаа юм.
1. “Оюутолгой”-н далд уурхайн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд саяхны нэгэн арга хэмжээний үеэр өөрөө тодотгосон. “Хөгжлийн түгжээ” гэж цоллоод байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтэд богино хугацаанд нөлөөлөх шийдэл гарцаагүй мөн. 2015 оны хоёрдугаар хагас жилд багтаан “Оюутолгой”-н түгжээг мултлахаар засаг эрмэлзэж буй аж. Ингэж чадвал Монгол Улсын эдийн засагт эхний ээлжинд 1.2 тэрбум ам.доллар шууд орох тооцоотой.
2. Гадагшаа экспортлох бололцоогүй, Тавантолгойн эрчим хүчний нүүрсээр цахилгаан үйлдвэрлэж, “Оюутолгой”- н хэрэгцээг хангах төслийг монголчууд олон жил төлөвлөөд л яваа. Ирэх жилдээ багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөгөөндөө шигтгэжээ. Төслийн нэгжийн захирал Б.Түвшингийн ярьснаар энэ жилдээ багтаан хөрөнгө оруулагчаа сонгож, гэрээнүүдээ байгуулаад, шаардлагатай санхүүжилтээ ч босгохоор зэхэж буй. Цахилгаан станц босгоход нийт нэг тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд төлөвлөгөө ёсоор 2015 оны сүүлч, 2016 оны эхний улиралд багтаан газар шороо, барилгын ажлаа эхлэх гэнэ. Ингэж чадвал Тавантолгой нүүрсний ордыг түшиглэсэн, 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц ирэх 2019 он гэхэд босох боломжтой аж.
3. Төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө шинэ засагт бий. 2016 оноос эхлэн Монгол Улс жил бүр 10 сая тонноос доошгүй хэмжээгээр экспортлохоор тооцоолжээ.
4. Олон улсын зах зээлд Төрийн банк өрийн бичиг арилжаалахаар зэхэж буй гэнэ. Анх удаа бонд гаргаж, 300 сая ам.доллар босгохоор ажиллаж байгаа юм байна.
5. Хэзээ эхэлж, хэзээ төгсөх нь, ер хэрэгжих эсэх нь ч мэдэгддэггүй төсөл Монголд олон бий. Концессийн гэрээ байгуулсан болоод, байгуулах шатандаа байгаа төслүүдийг аль болох хурдан шийдвэрлэхээр шинэ Засгийн газар чармайжээ. Усан цэнэгт цахилгаан станц байгуулах, хурдны автозамын төслийг эхлүүлэх, Багануурын 700 мВт, Чандганы 600 мВт, Дорнодын 100 мВт-ын цахилгаан станцын гэхчлэн концессийн гэрээгээр хэрэгжих дэд бүтцийн төслүүдийн барилгын ажлыг цаад тал нь 2016 онд багтаан эхлүүлэх гэнэ. Энэ хоёр жилдээ Эрчим хүчний, Аж үйлдвэрийн, Зам, тээврийн яам төслийн ажлын буулга дор дарагдах бололтой.
6. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгыг 2016 онд эхлүүлэх “том” зорилго энэ хөтөлбөрт байна.
7. Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох асуудал үлдээд байгаа. Японы Парламент соёрхон баталсны дараа эл хэлэлцээрийг “амжилттай боллоо” гэж хэлж болох агаад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ хэлэлцээрээс Та, бид өндөр үр дүн хүлээж байгаа билээ.
8. Зэс хайлуулах болон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2016 ондоо багтаан эхлүүлэхийг Уул уурхайн болоод Аж үйлдвэрийн яаманд даалгажээ.
9. Өнгөрсөн жил манайх Аялал жуулчлалын салбараас 190 сая ам.долларын орлого олсон. Харин чөлөөт бүс, казино байгуулж, арванзургаан онд 250 сая ам.доллар болгон ахиулахаар төлөвлөсөн байна.
10. Зах зээлийн зарчмаас гажиж, үнийг нь төрийн оролцоотой тодорхойлдог гурван “юм” Монголд бий. Тэд бол эрчим хүч, гурил улаанбуудай, шатахуун. Засгийн газар эрчим хүчний үнэ тарифыг үе шаттайгаар чөлөөлөх ажлаа энэ оны эхний хагас жилээс эхлэхээ энэ хөтөлбөрөөр дамжуулан зарласан. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрөөс энд цөөнийг л “сугалж” тоймлолоо. Нийт 67 ажлаас зөвхөн энэ онд хийх нь 41. Цаашилбал, үүний 70 хувийг нь эхний хагас жилдээ багтаан хэрэгжүүлж, эдийн засгийн “цусны эргэлтийг” сайжруулахаар Ч.Сайханбилэгийн танхим зүтгэж байна.
Амжилттай биелүүлж чадвал Монгол Улсад эдийн засгийн бодит хямрал нүүрлэх эрсдэлээс сэргийлж чадна. Макро эдийн засгийн байдал ч тогтворжиж, тун удахгүй төлж эхлэх улсын гадаад өрийг санхүүжүүлэх эдийн засгийн чадавхтай болно. Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эцэст хоёр тэрбум ам.долларт хүрэх, хөрөнгө, санхүүгийн данс гурван тэрбум ам.долларын ашигтай гарах, гадаад валютын улсын нөөц 700-800 сая ам.доллараар нэмэгдэх бололцоо бий. Гэхдээ энэ хөтөлбөрийг “амжилттай биелүүлж чадвал” гэсэн нөхцөлийг энд ахин давтан сануулъя.
Засгийн газар ийнхүү эдийн засгийн хүндрэлийг 2016 онд багтаан шийдчих эрмэлзэлтэй явна. Харин энэхүү шинэ хандлагын эсрэг талд Ерөнхий сайд амласан ажлаа, төлөвлөсөн хугацаандаа амжуулж чадах эсэх нь анхаарал татаж байна. Уг нь “Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх учиртай. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно” хэмээн тэрбээр арваннэгдүгээр сард УИХ-д хандан хэлж байлаа.
Б.ЦЭЦЭГСҮРЭН