Mongolnews.mn сайт “Фэйсбүүк группээр аялъя” буландаа Монголын залуучуудын холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клубийн тэргүүн Ч.Түвшинжаргалыг урилаа. “Фэйсбүүк”, “твиттер” зэрэг олон нийтийн сүлжээ хүмүүсийн амьд харилцааг үгүй хийж байна хэмээн шүүмжилдэг. Амьд бус, “компьютерлэг” болсон хүмүүс гэмт хэрэг үйлдэх болсон гэх нь бий.
Харин онлайн ертөнц тив дэлхийн хүмүүсийг нэгэн цэгт цуглуулж, чадсанаар бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх болсон. Хүсэл зорилгоороо ижилссэн залуус ч бүтээлчээр нэгдэж, нийгэмд чиглэсэн олон сайн үйл хийж байгаа нь сайшаалтай. Хорлоо эмээд барьж өгсөн байшин, М.Мөнххүслэн хүүд тусласан сэтгэлийн дэм, Сүхбаатар, Дорнод аймгийн түймэрт өртсөн хүүхдүүдэд хувцас, эд материалын тусламж үзүүлэхээр аймгууд руу мордоод буй “Лантуун дохио” ТББ-ын залуус ч онлайн ертөнцөөр нэгдэж чадсан. Тэд нийгмийн сайн сайхны төлөө ийнхүү хамтдаа тэмүүлж байна. Зүрх сэтгэл, хүсэл сонирхлоороо нэгдсэн залуусын группүүдээр бид аялах болно. Энэ удаа “Залуу дугуйчин” клубыг онцолж байна. Тус клуб залуучуудын холбооны дэргэд 2012 оны долдугаар сард байгуулагджээ. Нийслэлд “Залуу дугуйчин”, “Оргил”, “UBSocial bike” зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гурван клуб бий. “Залуу дугуйчин” нь сонирхогчдын дугуйн клуб бөгөөд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Тус клуб байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, унадаг дугуйг сурталчлан таниулах, унадаг дугуй сонирхогчдыг нэгтгэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Зуны дэлгэр цагт дугуйгаар зорчих нь эрүүл мэнд болон эдийн засгийн үр ашигтай юм. Дугуй унаснаар таны эрүүл мэндэд эергээр нөлөөлөх төдийгүй биеийн бүхий л булчин хөгжиж, зүрх судасны болон амьсгалын замын системийг сайжруулдаг. Залууст дугуйн ач холбогдлыг таниулж, тэднийг нэгтгэсэн олон эко аялал болон арга хэмжээ зохион байгуулаад буй тус клубийнхэнтэй уншигч таныг “уулзуулья”
-Унадаг дугуйн хэрэглээ манай улсад нэмэгдэж байна. Дугуй унах нь замын түгжрэлд орохгүй, эрүүл мэндэд сайн зэрэг олон давуу талтай байх.
-Өнгөрсөн хугацаанд олон залуустай уулзаж, ярилцаж байхад тэд дугуй унах их сонирхолтой байдаг боловч нийслэлийн замын асуудлаас болоод тэр бүр дугуйгаа тогтмол унаж чаддаггүй. Тийм учраас залуус хотын тоос шороо, утаа, машин техникээс хол, цэвэр агаарт гарч, дугуйгаар аялах сонирхолтой байдаг. Хэрвээ хотод дугуйгаар зорчих боломжийг нь бүрдүүлээд өгвөл эрүүл мэнд, эдийн засгийн хувьд их ашигтай. Цаашлаад замын түгжрэл бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм. Цэвэр агаарт дугуй унаснаар уушиг бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Үүний зэрэгцээ тархины цусан хангамж нэмэгдэж, бусад амин чухал эрхтэнг хүчилтөрөгчөөр баяжуулдаг зэрэг олон давуу талтай.
-Дугуй унаад жингээ багасгасан бүсгүйчүүд бусаддаа үлгэр дууриалал болдог гэсэн.
-Дугуй тогтмол унаснаар жингээ хассан жишээ цөөнгүй бий. Тэдний нэг нь манай клубийн гишүүн Ичинхорлоо юм. Жингээ багасгах зорилгоор дугуй унаж эхэлснээс хойш 50 гаруй кг жин хаяж, “Атилла” клубийн тамирчин болж, сонирхогчдын дугуйн уралдаанд ангилалдаа эхний байрт амжилттай өрсөлдөж байгаа.
-Тамхи татдаг хүмүүст дугуй унах нь илүү ашигтай гэж сонссон. Үнэн үү?
-Дугуйгаар явж байхад цэвэр агаар уушгинд нэвтэрч, агаарын солилцоо явагдсанаар тамхины хорыг биеэс чөлөөлдөг. Өвөл цэвэр агаарт дугуй унавал илүү үр дүнтэй. Хөдөлгөөн ямар ч сайн эмийг орлодог. Бидэнтэй цуг дугуй унадаг сахарын өвчтэй нэг хүн бий. Түүний хэлснээр дугуй тогтмол унаснаар цусан дахь сахарын хэмжээ нь буурдаг юм билээ. Буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс дээрх төрлийн өвчин их болсон гэж сонссон. Мөн нуруу нь өвддөг хүмүүс дугуй унавал сайн. Үүний тод жишээ нь би өөрөө юм. Миний нуруу үе үе өвддөг ч дугуй тогтмол унахаар өвдөхөө больчихдог.
-Дугуй унахад мөрдөх дүрэм журам байдаг уу?
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай холбоотой цөөн хэдэн заалт бий. Нэн тэргүүнд стандарт хангасан чанартай дугуйг сонгосноор учирч болох эрсдлийг буруулах боломжтой. Чанаргүй дугуй амархан эвдэрдэг болохоор хүмүүст аюултай. Мөн аюулгүйн малгай, харанхуй үед цацруулагч ашиглах, тоормосны ажиллагаа хэвийн байх зэрэг заалтууд бий.
-Ажилдаа үргэлж машин жолоодож явдаг эсвэл дугуйтай явдаг хүмүүсийн ялгаа, зааг нэлээн бий юү?
-Би дугуйтай явсан замаа байнга тэмдэглэдэг. Зөвхөн хотод жилд дунджаар 1000 километр явсан байдаг. Хэрвээ би энэ замыг таксигаар туулсан бол сая гаруй төгрөгийн зардал гарах байсан. Дугуйтай явснаар цаг хугацаа их хождог. Машинтай нэг цаг бөглөрч очих газар 10-20 минут явдаг.
- “Монгол ньюс” групп 2012 онд “Дугуйтай Өнөөдөр” өдөрлөг хийж байсан. Үүнийг Залуучуудын холбоо үргэлжлүүлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
-2012 оноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг Залуучуудын холбооноос хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2015 онд дугуй унахдаа хамгаалалтын малгай өмсцгөөе гэсэн уриалга гарган ажиллаж байна.
Мөн “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” зорилтот төслийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудын гадаа дугуйн зогсоолтой болгохоор ажиллаж байгаа. Дугуйчдын бас нэгэн бэрхшээл бол яах аргагүй зориулалтын дугуйн зогсоол. Зориулалтын зогсоолгүйгээс дугуйгаа хулгайд алдах тохиолдол их.
-Бусад орны жишгийг судалж үзэв үү. Дугуйтай холбоотой дүрэм нь ямар байдаг юм бол?
-“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бусад орнуудаас туршлага судалж байгаа. Манайх эрс тэс уур амьсгалтай болохоор байнга дугуй унахад саад болдог. Тиймээс ижил төрлийн уур амьсгалтай улсад унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэвтрүүлснийг судалж үзэх шаардлагатай. Германд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт унадаг дугуйн хичээл ордог юм билээ. Германы зарим хот машин явдаггүй “эко” хот болно гэж байна. Ер нь европын хөгжингүй орнууд авто машины хэрэглээнээс татгалзаад эхэлж байна.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам бий болсон нь дугуй сонирхогчдод хамгийн том бүтээн байгуулалт байв уу?
-Эхний ээлжинд дугуй сонирхогч хүүхэд, залуус зориулалтын дугуйн замтай болсон нь том ололт. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгосон. Гэхдээ дутагдалтай тал бий. Тухайлбал тэнд ямар нэгэн дүрэм, журам байдаггүй. Өөрөөр хэлбэл дугуйн замд анхааруулах самбар байдаггүй. Хүнтэй зөрөхдөө баруун, зүүн аль талаар нь гарах, хурдаа тийм хэмжээнд тохируулаарай зэрэг анхааруулах самбарыг хийхгүй бол мөргөлдөх, гэмтэх бэртэхээс эхлээд эрсдэл гарч болзошгүй юм.
-Өглөө ажилдаа гарахдаа машин биш дугуй хөлөглөмөөр санагддаг ч Монголын зам талбай үүнд хараахан тохиромжтой биш байдаг шүү дээ.
-Бид хүмүүсийг дугуй унахыг уриалдаг. Гэхдээ хүн болгоны ажил, гэр, сургууль харилцан адилгүй зайтай. Иймээс зориулалтын замгүй газарт дугуй унахыг уриалах боломжгүй. Дугуйн зам холдох тусам зам, уулзвар зэргээс үүдэлтэй дугуйчдад эрсдэл учрах нь их.
Унадаг дугуйгаар зорчигч зориулалтын зам байхгүй бол замын нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой гэсэн дүрэм бий. Гэхдээ сүүлд том оврын автобус нэгдүгээр эгнээгээр явах болсон. Тиймээс дугуйчдад бэрхшээл бий болж байгаа юм. Том оврын автобустай зэрэгцэж нэгдүгээр эгнээгээр явах нь эрсдэлтэй. Энгийн сонирхогч 3-5 км дотор ажил, сургууль нь байдаг бол жилийн дөрвөн улиралд дугуй унах бүрэн боломжтой.
-Нийслэлийн аль хэсэгт дугуйн зам тавих хэрэгтэй вэ?
-Баруунаас зүүн тийшээ төв зам дагуу байвал зүгээр. Саппорогоос Офицеруудын ордон хүртэл байж болох юм.


-Анхлан суралцагчдад ямар дугуй тохиромжтой вэ. Харин мэргэжлийн түвшний дугуй ямар байх шаардлагатай вэ?
-Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой нь уулын дугуй. Экстрем, хотын, fixie, уралдааны зэрэг олон төрлийн дугуй бий. Анхлан суралцагчдад уулын дугуй тохиромжтой.
-Хэдэн удаа эко аялал, залуусыг нэгтгэсэн парад зохион байгуулж байв.
-Манай клуб 2012 оноос эхлэн Монголын залуучуудын холбоо болон бусад клубтэй хамтран дугуйн парадыг жилд 2-3 удаа зохион байгуулж байна. Дугуйн парад унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой. Дээд тал нь 700 гаруй дугуйчид цуглаж байсан.
Манай эко аялал машин явдаггүй, цэвэр агаарт дугуйн аялалыг зохион байгуулдагаараа онцлог. Нэг аялалд 20-60 хүн оролцдог.

-Монгол орноо дугуйгаар тойрон аялаад ирсэн Ч.Мөнгөндалай дугуйчдад их урам өгсөн байх.
-Ч.Мөнгөндалайтай 2013 оны долдугаар сард анх танилцаж байлаа. Энэ залуу маань сонсголын бэрхшээлтэй учраас хүнтэй ярьж чаддаггүй. Гэхдээ танилцсан цагаасаа л надад Монголын баруун хэсгээр дугуйгаар аялна гэж цаасан дээр бичээд газрын зураг дээр үзүүлдэг байсан юм. Аялалд гарахаас нь долоон сарын өмнө Ч.Мөнгөндалай дугуйгаа хулгайд алдсан тул клубийнхээ залуусыг уриалж, 1.2 сая төгрөгөөр дугуй худалдаж авч өгсөн. Тэр дугуйгаараа таван сарын хугацаанд 6300 км аялаад ирсэн юм. Ч.Мөнгөндалайгийн аяллыг зөвхөн манай клуб гэлтгүй зуу зуун залуус,олон арван албан байгууллага дэмжсэн.
-Одоо ямар аялал хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай клуб амралт чөлөөт цагт зориулсан дугуйн аяллаас гадна байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалалахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Ням гаригт “хатан туул голоо хайрлан, хамгаалья” аян зохион байгуулж, туул орчмын хогийг цэвэрлэсэн. Бид “Хогоо битгий ил задгай хаяач” гэсэн уриалга гаргаж байгаа. Мөн бид намар “Дэлхий ээждээ мод бэлэглэе” аян зарладаг. Ирэх зургадугаар сард асрамжийн газарт дугуйтай очиж, хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулах төлөвлөгөө бий. Унадаг дугуй бол эко тээврийн хэрэгсэл, энэ утгаараа бид өөрсдөө байгаль орчинтойгоо зүй зохистой харилцаж хайрлан хамгаалахыг уриалдаг.

"Хатан Туул голоо хайрлан, хамгаалъя аян"
40 гаруй дугуйчин залуус Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэж, 130 гаруй шуудай хог түүжээ

-Та дугуйтайгаа хэр олон газраар аялж байсан бэ?
-Дугуйгаар аялахад бэлтгэл ажил, зардал мөнгөний асуудал бий. Долдугаар сард тэрхийн цагаан нуур явах төлөвлөгөөтэй байгаа. Мөн байгаль нуур, Чежү арлыг дугуйгаар тойрон аялна гэж бодож байгаа.
М.Болорцэцэг