Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион энэ удаа мэргэжлээ “сольж”, манай уншигч-сурвалжлагчаар ажиллав. Тэрбээр билгүүн номч Б.Ринчений ач, нэрт палеонтологич Барсболдын хүү, уран барималч Дэнзэнтэй ярилцлаа. Тэртээх 1980-аад оны эхээр Санжаасүрэн гуайнд тэд анх танилцжээ. Ардчиллын алтан хараацай Зориг агсантай Б.Дэнзэн үй зайгүй нөхөрлөж явсан бол Б.Долгион түүний ах С.Баярын найз байж. Тэрхүү эрхэмсэг гэр бүлийн халуун голомтоос эхлүүлсэн нөхөрлөл нь насан туршийнх байх учиртай юмсанж.
Тэд залуу насаа мөнхөлж, “Битлз”- ийн хөшөөг 2008 онд бүтээцгээсэн. Гэхдээ энэ бол зөвхөн тэдэнд, эсвэл “Битлз” хамтлагт зориулагдсан бүтээл биш. Энэ бол монголчууд хүн төрөлхтний урлаг соёлтой хөл нийлүүлж явсны гэрч болон үлдсэн. Тийм ч учраас “Битлз”-ийн хөшөөг босгосны дараахан Оросын “Рен” ТВ-гийнхэн хөгжмийн зохиолч Б.Долгионоос яриа авч байв. “Тэр үед сэтгүүлч надаас “Та нар яагаад биднээс түрүүлээд энэ хөшөөг босгочихов оо” гэх ухааны юм асууж билээ. Тэгэхээр нь би “Та нар монголчуудыг дандаа л хамгийн хоцрогдсон, морь малнаасаа өөр зүйл мэдэхгүй ард түмэн мэтээр ойлгож, бусдад ч тэгж ойлгуулахын тулд хошин шог хүртэл зохиодог биз дээ. Гэвч та нар төөрөлдөж байж. Дэлхийн хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн “Битлз”-ийг бид сонсож, залуу нас минь түүгээр амьсгалж байсан юм шүү” гэж хариулсан” хэмээн тэрбээр уулзалтын эхэнд найзтайгаа хууч дэлгэлээ.
-Бид нөхөрлөсөн цагаасаа л нэгнээ “Та” гэж дуудаад сурчихсан. Хэнийг ч байсан “Та” хэмээн хүндэтгэж харилцдаг танайхны энэ уламжлал Ринчен гуайн үеэс эхлэлтэй биз?
-Тийм ээ. Өвөө биднийг хар багаас ингэж хүмүүжүүлсэн. Нэг, хоёр насаар ах хүнийг ч “Та” гэх ёстой гэдэг. Тэгэхгүй бол өвөөгөөр “Хотын муусайн бүдүүлэг юмнууд” гэж загнуулах энүүхэнд. Одоо бодоход өвөөгийн зөв байж. Ер нь нийгмийг ч байна уу, хүүхдийг ч байна уу, эхнээс нь сургах хэрэгтэй юм л даа. Монголчуудын үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэрийн боловсрол гэж айхтар зүйл байсан нь өнөөдөр устаж үгүй болсонд би их бухимддаг. Өнөөдөр манайд бие биенээ хүндэтгэх ёс үнэхээр алга.
-Хүндэтгэх гэснээс, 1970 онд намайг 15 настай байхад аав маань нутгаа үзүүлнэ гээд Архангай руу авч явсан юм. Тэр үед манай хамаатны Сандуйжав гэдэг ах сум нэгдлийн дарга байсан учраас нутаг усандаа нэр төртэй. Тэднийд очоод байж байтал гаднаас эхнэр нь орж ирээд, “Сандуйжав гуай та цай уу” гэхэд орос школоор хүмүүжсэн надад их хачирхалтай санагдаж билээ. Угтаа тэр бол хүн хүнээ дээдлэн хүндэтгэх их том соёл байж. Адаглаад бидэн шиг хийх юмаа хийчихсэн нөхөд одоо залуучууддаа зайгаа тавьж өгөх ёстой юм шиг санагддаг.
-Аливаа юм хоёр талтай. Нийгэм ч хөгжлийн замдаа янз бүрийн үзэгдэл туулдаг л даа. Япон, Шведийн залуус яагаад бусдаасаа арай хүмүүжилтэй, соёлтой байдаг юм бол гэж би байнга боддог. 1950-иад оноос модернизацын томоохон давалгаа эхлэхэд нийгмийн энэ өөрчлөлт рүү 40-50-иад улс орох гэж үзээд ердөө тав нь л чадсан. Хятад, Япон, Солонгос, Сингапур, Хонконгоос бусад нь чадаагүй.
-“Марко Поло” киноны нээлт Монголд болоход та байгаагүй. Би тэнд очоод, жаахан харамсал тээсэн. Учир нь Холливудын энэ кино гарснаар одоо л манайхан Марко Пологийн тухай шагшин ярьж байна. Гэтэл Монголын түүхэнд энэ хүний гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг тодруулж гаргахын тулд хэдэн жилийн өмнө хөшөөг нь босгоход таныг хүмүүс яаж шүүмжилж байлаа. Одоо тэр хүмүүсээс эргээд амыг нь асуумаар санагдсан. “Марко Поло” киноны зохиолч Фуско “Хубилай хааны эрин үе бол сэргэн мандлын бүх гайхамшгийн урьтал нөхцөл болсон тийм цаг үе байсан” гэж хэлсэн. Марко Пологоор дамжуулан монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өнөөдөр дэлхий нийтэд дахин харууллаа. Гэвч танд энэ үйл явдал ямар санагдах юм?
-Өвөөгийнхөө ачаар би Марко Полотой эрт “танилцсан” л даа. Түүний бичсэн ном судрыг уншихад Монголын хаан шиг сүрхий хүн ховор, монголчууд шиг сайн сайхан ард түмэн байхгүй гэсэн санаа үргэлж гардаг. Тиймээс энэ хүний хөшөөг заавал бүтээх хэрэгтэй гэсэн бодол надад эртнээс төрсөн. Чухам яагаад Улаанбаатарт хөшөөг нь босгосон бэ гэдэг учиртай. Монголчуудыг дэлхийд анх даяаршил гэдэг зүйлийг зохиосон ард түмэн гэдэг шүү дээ. Эрт дээр үеэс эхлээд гадаадын өчнөөн олон эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, жуулчин Монголд ирж, манайхыг сонирхон судалж байсан юм шүү, бид ийм л ард түмэн шүү гэдгийг харуулах нь миний зорилго. Түүнээс биш хүмүүсийн яриад байдаг шиг монголчууд өөрийн гэсэн баатаргүй болоод би энд гадаад хүний хөшөө босгоод байгаа юм биш. Марко Поло Италидаа буцаж очоод, “Үүнийг мөнгө гэдэг юм байна” гээд цаасан дэвсгэрт үзүүлэхээр өнөөдүүл нь итгэдэггүй байж. “Монголын хаан улсад нь буддын, лалын, христийн, бөөгийн шашин бүгд зэрэгцэн оршихыг хүлээн зөвшөөрдөг юм байна. Томоохон хотуудынх нь нэг гудамжинд буддын шашны хийд байхад нөгөө талд нь лалын, хажууханд нь загалмайтны сүм байдаг” гэхээр европчуудад үлгэр шиг санагдах нь аргагүй.
Яагаад гэвэл тэд өөрсдөө шашин шүтлэгээсээ болоод хоорондоо байлдаж байсан. Энэ мэтээр хүний итгэл үнэмшилд хүртэл хүндэтгэлтэй ханддаг ийм сайхан шинж чанарууд бидэнд байснаар би хувьдаа бахархдаг. Үүнийг л хүмүүст үзүүлэхийг хүссэн хэрэг. Саяхан нээлтээ хийсэн Холливудын киног би үзээгүй л дээ. Ер нь бол 1980- аад онд италичууд “Марко Поло” гээд найман ангит кино хийсэн юм. Надад тэр нь нялуундуу кино шиг санагдсан. Уг нь тэр үед Америк, Англи, Итали зэрэг таван орон энэ хүний тухай кино хийх гэж үзсэн юм билээ. Зарим нь хийсэн л дээ. Аль аль нь Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах хүсэлт тавьсан ч манай төр засгийн удирдлагууд халгаагаагүй гэдэг. Тиймээс нөгөөдүүл нь хятадуудтай тохироод, өвөрмонголчуудыг кинондоо тоглуулж, шаардлагатай зургаа тэнд авсан. Тэгэхэд надад их харамсалтай санагдаж билээ.
-Никита Михалков хүртэл “Уурга”-аа хийхдээ манайд хандсан гэдэг шүү дээ. Гэвч тэр үед манай соёл урлагийн бодлогыг удирдан чиглүүлдэг байсан хүмүүс нааштай хариу өгөөгүй учраас Өвөрмонголд очиж хийгээд, “Оскар” авсанд нь би ч харамсдаг. Ямар сайндаа сая киноны нээлтэд очихдоо хотын даргатай таараад, “Холливудын нөлөө бүхий томчууд манай руу анхаарал хандуулаад эхэлчихэж. Тэднийг дахиад Никита Михалков шиг үргээгээд явуулчих вий дээ. Одоо арай өөрөөр хандах байлгүй гэж найдах юм” гэж хэлсэн.
-Найдахад бас хэцүү юм биш үү. Сергей Бодров Чингис хааны тухай кино хийх гэж ирээд, хэчнээн зүтгээд баралгүй, бас л Өвөрмонгол руу очсон биз дээ. Янз бүрийн инээдэмтэй шалтаг хэлж, гоочилсоор байгаад үргээчихсэн.
-“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж Ленин хэлсэн. Бас нөгөө талаар “Ард түмний боловсрол нимгэн, бүдүүлэг байгаа цагт урлагийн дотроос хамгийн чухал нь кино болоод цирк” гэсэн байдаг. Халзан багш тэнэг хүн биш учраас их голтой хэлсэн санагддаг. Таны бодлоор манай өнөөгийн урлагийн байдал ямаршуу байна вэ?
-Дүрслэх урлагийн түүхийг аваад үзэхэд тийм ч олон зураач, барималч байдаггүй. Францын эрдэмтний судалснаар Сэргэн мандалтын үед ердөө 15 орчим зураач, барималч, арваад гүн ухаантан л төрсөн гэдэг. Гэтэл тэр хэд л хүн төрөлхтний бүхэл бүтэн 300 жилийн урлагийн түүхийг бүтээсэн. Харин одоо техник технологийн хэт хөгжлийн үрээр хэн дуртай нь юу ч хамаагүй хийж болно гэдэг сэтгэлгээ газар авч байна. Богино хугацаанд олноор нь үйлдвэрлэдэг түргэн хоолыг Junk food гэдэг. Түүн шиг Junk зохиолч, зураач нар өнөөдөр хаа сайгүй байна. Мүраками, Дэн Браун зэрэг зохиолчийг өнөөгийн хүмүүс шимтэн уншиж байгаа ч энэ бол цаг үеийн л бүтээгдэхүүн. Орчин үеийн хөгжмийн ертөнц ч иймэрхүү байгааг та мэднэ дээ. Энд нэг зүйл онцолъё. Манай хүү Прагийн нэгэн дээд сургуульд нарийн мэргэшсэн мужааны чиглэлээр сурч байгаа.
-Робин уу?
-Тийм. Монгол нэр нь Арслан шүү дээ. Би хүүгээсээ яагаад заавал мужааны мэргэжил сонгосныг нь асуухад “Хятадууд хямдхан ширээ, сандал олноор нь үйлдвэрлэж, хаа сайгүй нийлүүлж байгаагаас энэ мэргэжлийн урлаг гэдэг зүйл нь алга болчихлоо. Харин би материалаасаа эхлээд үзэмж, загвар, ур хийцийн хувьд тэр бүр давтагдаад байхааргүй, шилдэг бүтээгдэхүүн хийж, энэ мэргэжлийн үнэ цэнийг дахин өргөмөөр байна” гэсэн. Ийнхүү залуусын сэтгэлгээ өөр зүгт хандаж эхэлж байгаа юм чинь энэ байдал удахгүй өөрчлөгдөх болов уу.
-Наад жишээ чинь, хүн дээр хүртэл байна шүү дээ. Сүүлийн үед охид хамраа их өндөрлүүлдэг болж. Цаанаасаа өгөгдсөн навтгар хамар нь зохидог бүсгүйчүүд байхад яагаад заавал тавганд хоол порцолж байгаа юм шиг бүгд ижилхэн болох ёстой юм бэ. Хатуу сонсогдож болох л доо.
-Хатуу ч гэсэн үнэн нь тэр шүү дээ. Солонгос хамтлаг, дуучдын клип хааяа үзэхээр бүгд л ихэр юм шиг адилхан байх юм. Эцэг, эхээс заяасан өвөрмөц юм нь байхгүй болчихсон. Гэхдээ хүний нийгэм хөгжлийнхөө замд туулах ёстой юмаа заавал туулаад өнгөрдөг болохоор иймэрхүү цаг зуурын үзэгдэл удахгүй үеэ өнгөрөөнө гэж итгэдэг.
-Күнзийн хэлсэн “Хүн шилжилтийн үед амьдрах шиг адгийн тавилан үгүй” гэдэг үг хоёр талтай. Бид өнөөдөр яг энэ шилжилтийн үед амьдарч байна. Дээрх үгний эсрэг утга нь бидний амьдралд нэлээд хурц тод илэрч байх шиг. Миний л хувьд сүүлийн үед гутрах маягтай болж, “Күнз үнэхээр үнэн хэлжээ” гэж бодогдох юм. Танд яаж мэдрэгдэж байна вэ?
-Хойд хөршид Горбачёв гарч ирээгүй, манайд ардчилсан хувьсгал эхлээгүй бол бид ямар нийгэмд амьдрах байсан бол гэж би боддог л юм. Долгион гуай хөгжмөө зохиогоод, барималч Дэнзэн Ленин, Сталиныхаа хөргийг хийгээд, төр засгаас цол медалиудаа авчихсан, хааяа нэг намын хурлаар шүүмжлүүлчихээд явж байх байсан биз. Гэхдээ бидний хөл “хориотой” байсан шүү дээ. Тэр үеийг бодоход одоо бид дуртай газар орондоо очих эрхтэй болсон. Энэ талаас нь харахад энэ нийгэм сонин сайхан юм шиг хэрнээ үнэндээ амьдрал бас хэцүү болж. Амьтны хүрээлэнд амьдардаг, онгон байгальдаа дураар аж төрдөг амьтдын хооронд ялгаа байдаг байх л даа.
-Тэглээ гээд бид өмнөх нийгэмдээ эргээд очиж болохгүй шүү дээ. Нэг их хүсээд байх ч зүйл биш болов уу.
-Би сонирхлын үүднээс Хойд Солонгост очиж үзсэн л дээ. Хүн ингэж амьдарч болохгүй юм байна гэдгийг сайтар ойлгосон (инээв).
-Чучхе (зөвхөн өөрийн хүчинд тулгуурлан хөгжих үзэл санаа) гэж хөөрхий аав маань дээхнэ үед их ярьдаг байсан юм. “Хойд солонгосчуудын нэг гайхамшиг нь өөрсдөө бүх зүйлээ хийчих юм даа” гээд л. Хожим ардчилал гарсны дараа би аавыгаа яриад байдаг орон руу нь явуулсан юм. Ирэхээр нь “Аав аа, Хойд Солонгос тэгээд ямар байна даа” гэхэд юу ч хэлэхгүй хэсэг дуугаа хурааснаа “Бээжин ч ёстой их өөр болжээ, лут хөгжчихөж” гэж билээ. Замаараа Бээжингээр дайрсан юм билээ л дээ. Тэгэхээр хүн өөрийн нүдээр хараагүй зүйлээ хийсвэрээр төсөөлж, түүндээ итгэдгийн жишээ энэ юм. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр ардчилал хэмээн уухайлж гарч ирсэн хүмүүс өнөөдөр эргээд түүнээсээ буцаад байх шиг. С.Зоригийн маань ярьдаг байсан сонирхлын эрэмбэ дараа гэдэг зүйл алдагдсанаас болж ардчиллынхаа мөн чанарыг булингартуулчихав уу. Шүүмжилсээр байгаад халсан хуучин нийгмээсээ одоо зарим талаар долоон дор орчихсон явааг та хүлээн зөвшөөрөх үү?
-Зөвшөөрнө өө. Монголын ардчилал мутацид орчихоод байна. 1990-1995 онд ардчилсан хувьсгалын жинхэнэ романтик үе байж гэж бодогддог. Тэр үед бид залуу ч байлаа. Их олон зүйл мөрөөдөж, бас найдлага тавьж байсан цаг. Гурван сая хүрэхгүй хүн амтай улсыг хэдхэн жилийн дотор хөгжүүлчихнэ гэж итгэж байтал одоо Монгол Африкийн орнуудаас ялгаагүй болчихсон. Гаднаас нь харахад улайм цайм дектатур байхгүй ч манай ард түмнийг Африкийн Танзани, Кенийн иргэдтэй адилхан хувь заяа хүлээж байна. Тэндхийн эдийн засаг уул уурхай, байгалийн баялгаас хамааралтай, Ерөнхийлөгч болоод түүнийг тойрон хүрээлэгчид л хэт баян, ард түмэн нь болохоор ядуу тарчиг, харанхуй бүдүүлэг байдаг. Хоёрын хооронд ардчилсан нэртэй нийгэмтэй, уул уурхай, байгалийн баялгаараа амь зуудаг, хүн амынх нь маш цөөхөн хэсэг хагартлаа баяжаад, үлдсэн нь бүгд дунджаас доогуур амьдралтай гэхээр бид яг л тэдний араас явж байна. Дээрээс нь иргэдээ боловсролгүй, харанхуй бүдүүлэг байлгаж чадвал тэр ард түмний тархи толгойг яаж ч угааж, захирч болдог гэдэг шүү дээ. Тиймээс иргэдээ ядуу, боловсролгүй бүдүүлэг байлгах нь ямар ч төр, засгийн мөрөөдөл юм гэнэ лээ.
-1990-ээд онд нийгэм тэр чигээрээ ардчилсан хувьсгалаар амьсгалж, Нүхтийн амнаас томчуудыг бүгдийг нь хөөж гаргасан. Гэтэл одоо манай ардчилагчид өөрсдөө оронд нь очоод, тэнд сууцгаачихсан байна. Иймэрхүү үйлдэл жирийн хөгжмийн зохиолч миний сэтгэлийг хүртэл эмзэглүүлэх юм.
-Нэг удаа би Зоригийг яг наад асуудлаар чинь “хатгаж” яриа өдсөн юм. “Та нар одоо эрх мэдэлтэй, мундаг болсон юм чинь Зайсан толгой, Богд уулын амуудад газар аваад, сайхан байшин барилга бариач” гэлээ. Гэтэл мань хүн алхаж байснаа зогтусаад “Манж нар хүртэл монголчуудыг 200 жил дарангуйлалдаа байлгахдаа Богд уулаар оролдоогүй юм. Яагаад гэвэл Богд хан уул бол монголчуудын хувьд сүслэн дээдэлдэг маш онцгой газар нутаг. Ямар ч үед энэ ууланд “гар хүрч” болохгүй гэдгийг манжууд мэддэг байсан” гэж билээ. Үнэхээр ч монголчууд түүхийн хамгийн хүнд хэцүү үедээ хүртэл Богд хан уулаараа оролдож байгаагүй. Гэтэл Зоригийг нас барсны дараахнаас эхлээд юу болсныг бид бэлхэн харсан шүү дээ. Английн нэг эдийн засагч хэдхэн жилийн өмнө ингэж хэлж байсан юм. “Монголд 3000 орчим баян чинээлэг өрх байдаг. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэд эх орноо орхиод явахад бүх зүйл нь бэлэн. Тэд гадаадад хэд хэдэн байртай, үр хүүхдүүд нь тэнд эндгүй сурдаг, олон улсын банкинд мөнгөө хадгалуулчихсан. Харин танай ард түмэн л хөөрхийлөлтэй байна” гэж хэлсэн нь миний тархи толгойноос гардаггүй.
-Ингээд бодохоор манай ард түмэн хэтэрхий хүлээцтэй, ноомой юм уу даа. Төр засаг нь уул уурхайгаас өөр юм ярих, ард түмэн нь 1072 хувьцааны мөнгийг хэзээ өгөх бол гэж хүлээхээ болих хэрэгтэй юм шиг санагддаг.
-“Аяндаа бүх зүйл болох байлгүй дээ” гээд, 1072 хувьцааных нь араас сүрэг хонь шиг хуйлраад гүйгээд байвал ард түмэн өөрсдөө л хохирно. Уг нь ард түмнийг зааж чиглүүлэх, үр хойчийг нь сургаж хүмүүжүүлэх учиртай хүмүүс нь багш нар. Эрүүл энхийнх нь манаанд зогсдог хүмүүс бол эмч нар. Гэтэл тэдний цалин хэтэрхий бага учраас өнөөдөр өөрсдийгөө яая гэж яваа хүмүүс юун бусдын төлөө ажиллах. Ямар ч ард түмнийг үнэлэх гурван үзүүлэлт байдаг гэдэг. Тэр нь эх хэл соёл, боловсрол, эрүүл мэнд гурав. Манайхан болохоор үүнээс эдийн засаг, уул уурхай л гэж яриад байдаг. Уул уурхайгаас гадна тархи толгойгоо хөгжүүлэхгүй бол бид хол явахгүй.
-Хэл гэснээс Ринчен гуай яг хэдэн хэлээр ярьж, бичдэг байсан юм бэ?
-16 хэл мэддэг гэж өвөөгийн өөрийнх нь ярьсныг хаа нэгтэйгээс уншсан санагддаг. Лав л нас барахаасаа өмнөхөн грек, унгар хэл үзэж байсан юмдаг. “Гомерийн туульс”-ыг эх хэлээр нь уншчих юм сан гэдэг байсан хүн дээ.
-Та өөрөө тэгвэл хэдэн хэл мэдэх вэ. Дээр таныг испаниар хүнтэй яриад эхлэнгүүт би бүр мэл гайхаж орхисон. Би таныг бараг долоон хэл мэдэх байх гэж тоолсон доо?
-Үгүй ээ. Би дөрөв, таван хэл л мэднэ. Испани хэлээ давтахгүй болохоор мартаад байна аа. Хэлийг ер нь байнга л “хэрэглэж” байхгүй бол амархан мартагдах гээд байдаг талтай.
-Танай гэр бүлийн хүнийг би их хүндэтгэдэг юм. Дулмаа гэж Монголд элэгтэй, монголч эрдэмтэн чех бүсгүй. Одоо Чехээс манайд суугаа Элчин сайд. Элчин сайдын нөхөр байх ямар вэ?
-Ялгаагүй шүү дээ. Тэр хүний ажил мэргэжилд нь би нэг их ач холбогдол өгдөггүй. Манай хүн айхтар эх оронч мөртлөө Монголд хачин их элэгтэй. Өвөөгөөс анзаарч байхад ч тэр, жинхэнэ эх оронч хүн бол бусад улс гүрний ард иргэдийг ч хүндэтгэдэг юм билээ. Тэгж өөрийн эх орноо зүрх сэтгэлээсээ хайрладаг юм байна. Би лав өвөөг “Энэ муу хужаа, тэр муу солонгос” гэж муулахыг хэзээ ч сонсоогүй. Гэр бүлийн амьдралын тухайд гэвэл би долоо хоногийн 4-5 өдөр нь хоолоо хийчихдэг. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах шаардлага надад зөндөө л гардаг. Энэ чинь хүний л амьдрал. Би чинь хөгширсөн хойноо хэнз охинтой болсон хүн шүү дээ. Бага маань одоо гуравтай, хоёр том нь биднээс тусдаа амьдарч байгаа.
-Таны саяын ярианд их сайхан санаа гарлаа. Би ч гэсэн олон жил гадаад дуу хөгжим сонсож, тэдэнд балайртлаа донтож явсны эцэст манай уртын дуунаас сайхан аялгуу үгүйг ухаарсан. Ингэхэд танай хөөрхөн гүнж хэр нийгэмшиж байна даа. Монгол, чехээр холиод л яриад байна уу?
-Монгол цэцэрлэгт явж байгаа. Надтай монголоор ярьдаг учраас монгол хэлэндээ арай давамгай. Саяхан “Аав аа, хоёулаа дуулъя” гэснээ зүрхэн талдаа гараа тавиад, Төрийн дууллыг аялж, намайг ганц сайн “унагалаа”. Охин маань ээжтэйгээ бол чехээр ярьдаг л даа.
-Гадаадад Монголыг сурталчлахын төлөө таныг асар их зүйл хийснийг мэдэх гэрчүүдийн нэг нь би юм. Бээжинд, Женевт, Шинэ Делид Оросын соёлын өдрүүдийг хүртэл хийж байсан хүн шүү дээ. Унгарт хэлмэгдсэн монгол ламын хөшөөг та яаж босгож чадсан юм бэ?
-Тэр чинь социализмын үе шүү дээ. Есөн сарын турш хөөцөлдөж гүйсний эцэст ямар ч байсан бүтээсэн. Будапешт хотын нарийн бичгийн дарга дээр нь ороод “Би энд жирийн л нэг монгол залуугийн хөшөө босгомоор байна” гээд үндсэн санаагаа нууж, бяцхан заль хэрэглэсэн. Гэтэл нөгөө дарга өөдөөс харин “Яагаад заавал Будапешт хотод монгол залуугийн хөшөө байх ёстой юм бэ” гэсэн. Тэгэхээр нь Монгол, Унгарын холбогдолтой эрт эдүгээгийн түүх, дипломат харилцаа гээд л баахан ярьж, сэнхрүүлнэ биз дээ. Эцэст нь өнөөх чинь зөвшөөрч, тэгэхдээ бүр 50 хувийг нь Унгарын талаас даахаа амласан. Тэгэхээр нь Унгарын Урчуудын эвлэлийн хорооны даргатай нь уулзаад “Хотын дарга чинь надад энд хөшөө босгох зөвшөөрөл өгөөд, зардлынх нь 50 хувийг гаргахаар болсон. Үлдсэн хэсгийг нь танайх даачих юм байгаа биз дээ” гэтэл гайхаж, бантсандаа зөвшөөрчихсөн. Ийм л юм болсон (инээв).
-Та ер нь амьдралдаа хэдэн хөшөө хийв?
-Мэдэхгүй. Унгарт, Москвад гээд энд тэнд хийсэн зүйлүүд байдаг л даа. Гэхдээ би хийсэн бүхнийхээ араас хөөцөлдөөд, тоолоод байдаггүй.
-Шагнал урамшуулал таныг яагаад тойроод байдаг юм бол?
-Би гавьяа шагнал горьддоггүй л байхгүй юу. Эсвэл би шагнуулахаар гавьтай зүйл хийгээгүй юм байгаа биз.
-Та хийсэн юмтай байлгүй яах вэ. Би танд нэг “арга” зааж өгье. Та нэг уурхайчны, эсвэл уул уурхайн компанийн захирлын хөшөө хийчих. Тэгвэл шууд л шагнуулна.
-Тэгдэг юм уу (инээв).
Ийнхүү нэгнээ “явуулах” тэд хоёулаа хэнз охидтой. Долгион ах өөрөө хэнз охинтой болонгуутаа найз Дэнзэнгээ “уруу татсанаар” 54- тэйд нь гурав дахь үрийнх нь зулайг үнэрлүүлжээ. Түүний эхнэр Дулмаа 49-нийхөө жил дээр охиноо төрүүлснээр тэд ойр хавийнхаа найзуудын “рекорд”- ыг эвдсэн гэнэ.
Л.ГАНЧИМЭГ