-Монголд шашны дайн болж байна-
Нүдээрээ үзсэн энэ түүхийг бичих үү, болих уу гэж хэдэн сар бодсоны эцэст үзэг цаас эвлүүллээ. Буянт нэгэн буурал ханан гэрээсээ хадан гэртээ буцаж, үлдэгсэд нь хойтохыг нь хийх болтол асуудал дэгдэх нь тэр. “Аль шашны зан үйлээр оршуулах вэ?” хэмээн нэг хүүхэд нь асуутал нөгөөх нь “Буддын шашныхаар байлгүй яах юм” гэж, нөгөө нь “Христийнхээр болгоно” хэмээн санал зөрөхөд хажуугаас нь ээж нь “Та нар ингэж маргаад хэрэггүй. Аав чинь сайхан насаллаа. Насыг нь хүндэтгээд ил тавьчих. Эсгийд ороогоод л болно” гэж өөр санал гаргалаа. Бөө, Будда, Христийн зан үйлийн алингаар нь аавыгаа хөдөөлүүлэхээ шийдэж чадалгүй байсаар тэд ямар ч байсан эсгий, хайрцаг, номын хөнжил... гээд аль ч ёсоор нь оршуулсан ч хэрэг болох бүхнийг бэлтгэхээр шийдлээ. Талийгаач шашин ном гэж нэг их сүйд болдоггүй ч жилийнхээ заслыг хийлгэхдээ шарын шашны лам залдаг, насаараа шахуу буддын шашинтай гэж явсан хүн.
Хөдөө уулын мухарт аж төрж байсан энэ хөгшин насныхаа эцэст Христийн шашинд оржээ. Орсон ч гэж, ойр тойрныхоо олны аясыг дагасан бололтой. Монгол орны өргөн уудам нутагт Христийн номлогчдын хөл хүрээгүй газар үлдсэн болов уу. Малчин, ажилчин, тариачин, дарга, захирал, гэрийн эзэгтэй, сумын сургуулийн сурагч, хотын оюутнуудыг хүртэл аалзны шүлс шиг хэрж байгаа Христэд хүлүүлсэн хүмүүсийн нэг нь талийгаач. Түүний ганц ах нь Христэд итгэгч бэртэй болсноос бүх юм эхэлжээ. Хадам аавыгаа наадмаар ямаа гаргах гэж байхад бэр нь “Аав аа, бурхан ямаа биш, хонь гарга гэж байна” гэхэд “Битгий дэмийр. Бурхны ямааг биш өөрийнхөө ямааг төхөөрч байна. Юугаа яахаа би өөрөө мэднэ” хэмээн загнаж байсан тэр хүн жилийн дараа гэхэд бурхны үнэнч боол болж, нэг л мэдэхэд “Бидэнд хоол өгсөн бурхандаа баярлалаа” хэмээн залбирдаг болсон байв. Ийн тэдний бүх хүүхэд, хүргэн, бэр, хамаатан саднаараа ярьдаг сэдэв нь Христ, боддог юм нь Христ, хийдэг ажил нь Христийг сурталчлах болж, нүдэнд үзэгдсэн хадаг, архи, бусад шашны эд юмсыг устгаж явдаг, хараад гар нь загатнадаг байх гэмээр болсон доо. Тэр бурхны буян бас бий. Өмнө нь нэгнийгээ үздэггүй байсан ах дүүс одоо салахаа байж, хаа ч хамтдаа байдаг болсон нь үнэхээр магтууштай.
Саар тал нь тэд ажил хийхээ больсон. Хөрөнгөгүй, орлогогүй, ажилгүй хэрнээ юугаар ч юм сүм барьчихсан. “Эд хөрөнгө цуглууллаа ч түүнийгээ хойд насандаа хэрэглэх биш. Бусдын л идэш болно. Сүнсэндээ л анхаарч, эзний ивээлд очихоо бодох хэрэгтэй” хэмээн ухуулна. “Цуглуулсан хөрөнгөө үр хүүхдэдээ үлдээх юм биш үү” гэхээр “Тэр бол өөр сүнстэй. эсэргүүцнэ. Тэгсэн хэрнээ цуглааны үеэр сүмд нь 500 төгрөг өгсөн хүнийг “Бурхнаас мөнгөө нууна гэж байхгүй шүү. Олсон орлогынхоо 10 хувийг бурханд барьж байх ёстой. Тэгэхгүй бол бурхан шүүнэ” хэмээн баална. Ийм нэгэн гэр бүлийн өдөр шөнөгүй хийсэн ухуулгад тэр голынхон бүгдээрээ автсанаар энд “Бодь мөрийн зэрэг” үнэгүйдэж, “Библи” үнэд оржээ. Орхимж орхигдож, загалмай зайг нь эзлэх үйл явдал ганц энд бус Монгол орон даяар явагдаж байна.
Дэлхий дээр Хиндү шашин 4000, Иудей 3670, Заратуштрын шашин 3000, Буддын шашин 2550, Христ 2000 жил, Ислам 1520 жил, Бахай шүтлэг 170-аад жил оршин, сургааль номлолоо айлдаж иржээ. Эдгээрээс Манихей, Христ, Ислам, Бумба, Буддын зэрэг олон шашин Монгол оронд дэлгэрч, бидний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь шашин судлаачдын хорхойг гозолзуулдаг. Христийн шашин гэхэд Монголд 1990 онд л анх айлчилсан юм биш. Түрэгийн хаант улс (МЭ 555- 745 он), Уйгарын хаант улс (МЭ 745-840 он)-ын үед өрнө дахины Согд, Парфийн хаант улсаас Христийн шашны несторианы урсгалын лам нар Монголд ирж, шашнаа сурталчилж байсныг батлах хэд хэдэн түүхэн дурсгалыг археологчид, руни бичиг судлаачид олсон байдаг 1855-1860 онд Манж Чинь улс, Англи, Францтай гэрээ байгуулан, Христийн номлогчдыг шашнаа сурталчлахад нь тусалж байсан байх юм.
1840-1850 онд Лондонд байрлалтай “Бриатаны болон гадаад дахь Библийн нийгэмлэг”-ийн ивээл доор номлогч Вильям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сурч, “Библи”-ийг анх монгол хэлээр хөрвүүлж байсан, Оросын монголч эрдэмтэн Н.Ковалевский, Г.Шмидт нар тус тусдаа монгол хэлээр “Библи” орчуулж, Санкт-Петрбургт хэвлүүлж байсан түүх бий. Их Хүрээнд Шведийн худалдаачин Ларсоны “Эгч дүүсийн холбоо”, Өвөрмонголд “Мостертын цуглаан” гэдэг Христэд итгэгчдийн бүлгэм хамгийн олон хүн элсүүлсэн бол 1921-1923 онд Английн хэдэн эмэгтэй номлогч Хүрээнд ирж, Евангелийн судраас эш татсан, зурагтай монгол ном товхимлуудыг монголчуудад тарааж, өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчлэн, англи хэл заан, шашнаа сурталчилж байжээ. Гэхдээ шашингүйн үзэл газар авч, төрөөс сүм хийдүүдтэй тэмцэж эхэлснээр номлогчид нутаг буцсан байна. Харин 1990 оны аравдугаар сарын 7-нд “Ертөнцийн эзний чуулган” Монголд дахин хөл тавилаа.
Хүмүүс картын бараагаар гол зогоож, дэлгүүрт давснаас өөр юм байгаагүй тэр үед ардчилал, зах зээл гэгч шинэ үгстэй хамт Христ хил давснаар мормон, шинэ апостол, ни-ли, баптист, протестант үүрээ засаж эхэлжээ. Энэ үеэс БНСУ-д монголчууд хэдэн арван мянгаараа хараар ажиллах болсон. Тэдний эх орондоо тээж ирсэн зүйлийн нэг нь Христийн шашин. Солонгост амьдарч байгаад ирсэн монголчууд энд сүм байгуулж, элэг нэгтнүүдийнхээ гараас эрхийг нь хурааж, хүзүүнд нь загалмай зүүлгэсэн. Улсын хэмжээнд эдүгээ 500 гаруй сүм, хийд байгаагийн 372 нь нийслэлд бууриа засчээ. Эдгээр сүмийн 30 хувийг нь Солонгост ажиллаж байгаад ирсэн монголчууд байгуулсан байх юм. Бүр “Библи”- ийн сургалтын төв хүртэл байгуулан, номлогч бэлтгэдэг болж. Номлогч болохоор энэ төвийг зорьдог, тэдний сонгож авдаг хүмүүс нь ид хийж бүтээх насны 20-30 насны залуус. Тэд гурван сая иргэний маань 34 мянгыг нь загалмайтан болгосон гэхээр шашны шуурга хэр ширүүсэж байгаа нь анзаарагдана.
“Библи” сурталчлахын тулд Солонгосоос эх орондоо буцаж ирсэн монгол залуусын түүх гэх зузаан түүх бичигдэж, түүнийг бүр дөрөв хуваан үздэг болсон байна. Монголчууд байрны мөнгөтэй, болж өгвөл машины үнэ нэмж олохоор Солонгосыг зорьж, боолын хөдөлмөр эрхэлж байсан хэрнээ тэнд очоод зорьсон хэргээсээ буцан, загалмай өвөртөлж ирсний учир ийм. Сөүлд гадаад ажилчдын сүм гэх тусгай газар бий. Тухайн үед Солонгост хууль бусаар оршин суудаг, баригдах вий гэсэн байнгын айдастай монголчуудад нөмөр нөөлөг болдог газар нь тэр сүм байжээ. 1996 оноос монголчууд тэр сүмд очиж эхэлснээр удалгүй зарим нь байнгын үйлчлүүлэгч болсон тул монголчуудад зориулсан цуглаан хүртэл зохион байгуулж эхэлжээ. Тэгэхэд Сөүлд ажиллаж байсан монголчуудын бараг 90 хувь нь “харласан” байсан нь гадаад ажилчдын сүм тийш зурайх монголчуудын зам өргөсөхөд нөлөөлсөн байна. Метроны хоёрдугаар шугам (ногоон өнгөөр тэмдэглэдэг)-ын 14 дүгээр буудлын ойролцоох энэ сүмийг монголчууд “Ногооны 14” хэмээн нэрлэжээ. Монгол хүмүүс ийн сүмд нь олноороо очиж байсан учраас солонгосчууд 1996-2000 оны хооронд зөвхөн монголчуудад зориулсан 10 гаруй сүм байгуулжээ.
“Diaspora Mongolian Network” гэдэг байгууллага хүртэл байгуулагдаж, тэрхүү сүмүүдийн үйл ажиллагааг зангидан зохицуулдаг болон байна. Дараа жилээс нь монголчуудад зориулан, монгол хэлээр “Библи” хэвлэн тараажээ. Энэ үед БНСУ-ын 28 сүмд 756 монгол хүн байнга, 1330 хүн хааяа очдог байсан аж. Тэгэхэд сүмээс монголчуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 35 хувь нь Христэд итгэдэггүй гэж хариулсан бол найман жилийн дараа есөн хувь л ингэж хэлсэн байв. Христэд итгэгч монголчуудын тоо ингэж дууны хурдаар нэмэгдэхтэй зэрэгцэн монголчууд өөрсдөө Солонгост сүм байгуулж эхэлсэн байна. 2012 он гэхэд монголчуудад зориулсан 60 гаруй сүм Солонгост бий болсон байлаа. Энэ үед БНСУ дахь Монголын Христийн холбоо үүсчээ. Тэгвэл 1998 онд солонгосчууд Монголд ирэн сүм байгуулсан бол 2002 оноос хамтран сүм босгодог байснаа арван жилийн дараачаас монголчууд өөрийн хөрөнгөөр сүмтэй болж эхэллээ. Энэ бол Христ Монголд тавьсан хөл дээрээ баттай зогссоны нотолгоо юм.
Нутагтаа өөрийн гэсэн сүмтэй, тэндээ байнга ирдэг хүмүүстэй болсон номлогчдын нэг нь талийгаачийн үеэл. Тэрээр оршуулгын өмнөхөн баахан хүн дагуулан ирж “Талийгаач Христийн шашинтан байсан. Тиймээс Христийн ёсоор оршуулах нь зүйтэй” гэв ээ. Ингээд Будда, Христ, бөөгийн дунд “төөрсөн” хүмүүс олон санаа гаргасаар эцэстээ бантан зуурахаар тохиролцлоо. Үр хүүхдүүд нь зул өргөчихөөд гарахад христийнхэн зөрж ороод баахан удав. Тэд дуу дуулаад ч байгаа ч юм шиг, шүлэг уншаад ч байна уу гэмээр чанга чанга дуугарч байгаад гарч ирсний дараа талийгаачийн хүүхдүүд гэрт ороод “Зул жаргаачихсан байна. Сэргээчихлээ” гэсээр гарч ирэв. “Ертөнцийн эзэн сүнсийг нь хүлээж авсан гэж бурхан хэллээ. Сүнс нь нэгэнт мөнх амьтай болсон учраас оршуулга, 45 хоног гэж сүйд болох хэрэг ч уг нь байхгүй л дээ” хэмээн ухуулах Христийнхэн, “Аавыгаа яаж оршуулахаа бид мэднэ. Та нараар заалгахгүй” хэмээн бухимдах Буддынхан, “Чимээгүй л өөр өөрийнхөөрөө болцгоо. Битгий ясыг нь өндөлзүүл” хэмээн зааварлах бөөгийнхний хооронд энд дайн болж байв.
Энэ үед нэгэн хүн “Би бүслэгдчихжээ” хэмээн толгой сэгсэрч суув. Эхнэрээ Христийн шашинтан болоод удаж байгааг тэрээр энд ирээд мэджээ. Өөрөөс нь нууцаар Христийн сүмд явдаг, ням гариг бүр болдог цуглаанд нь тасралтгүй суудаг байсныг нь гадарлаа ч үгүй гэнэ. Түүний ах нь шарын шашны том лам хүн. Монголын томоохон хийдүүдийн нэгийг нь толгойлдог тэр ламын тун ойрын садан нь өнөө христийнхэн аж. Удамд нь бас том лам нар байсан гэнэ. Шарын шашны нөлөө бүхий лам нарын ураг төрөл нь Христийн үнэнч дагагч, итгэн бишрэгч болчихоод бусдадаа түүнийгээ ухуулан сурталчилж, бас Христийн сүм байгуулчихсан, эхнэр нь бас Буддад мөргөхөө болиод Христэд залбирдаг болсон гэхээр тэр хүн толгой сэгсрэхээс ч өөр яалтай. “Хүүхдүүд бас Христэд орчихсон уу? Ах бид хоёрыг Христ бүсэлчихээ шив” хэмээх түүнтэй адил байдалд орсон хүн Монголд олон бийг дараах баримт харуулна.
ШУА-ийн Философи, социологи эрх зүйн хүрээлэнгийн судалгаагаар Монголд Христийн католик, үнэн алдартны, англикийн, апостолын, пресвитерианы болон баптист, лютеран, долоо дахь өдрийн адвентист, методист чиглэлийн 15 төрлийн сүм, цуглаан бий болжээ. Манай улс 2010 онд хүн ам, орон сууцаа тоолохдоо анх удаа шашин шүтлэгийн байдлын тухай мэдээлэл авсан. Үүнээс үзэхэд 15-аас дээш насныхны 53 хувь нь Буддын, 2.1 хувь нь Христийн шашинтан, 2.9 хувь нь бөө шүтлэгтэн байна. Буддын шашинтнууд цөөрч, бусад шашинтнууд нэмэгдэж байгааг энэ тоо харуулах биз ээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 119 байгаагийн 41 нь сүм, хийд. Энэ дүүрэг дэх Буддын таван хийдийг Христийн 36 сүм бүсэлчихэж. Харин өнөө хэд маань “бүслэлтэд орсон” хүний зөвлөсөн ёсоор оршуулгаа зөвшилцөж хийсэн юм. Буддынхан эхлээд зан үйлээ гүйцээсний дараа христийнхэн, залбирал үйлдэв. Харин бөөгийнхөн ухамсраараа татгалзсан даа. Ялагч тодроогүй энэ дайн хоёр өдөр үргэлжилсэн хэдий ч үлдээсэн толбо нь гүн байлаа.
Х. БОЛОРМАА