Бид тагтааг энх тайвны бэлгэ тэмдэг гэлцдэг. Шууданч хэмээн онцлох нь ч бий. Зэрлэг шувууны төрөлд багтдаг энэ жигүүртэн саяхныг хүртэл өөрөө хоолоо олж идэн байгалийн шалгарлаар амьдардаг байв. Гэтэл өдгөө хотын гудамж талбай, байшин барилгын цонх, олон нийтийн газар гээд хаа сайгүй үзэгдэх болсон. 1990 оны эхэн үеэс монголчууд гандан, хийд рүү явахдаа ёс мэт цагаан, шар будаа болон арвай худалдан авч, тагтаа хооллодог уламжлал тогтсон.
Ингэснээр түүх соёлын үнэт өвийг хадгалагч, сүсэгтэн олон хийморь, сүлдээ даатган залбирдаг Гандантэгчэнлин хийд тагтаагаар “дүүрсэн” төдийгүй байшин барилгынх нь дээвэр сангасанд “будагдаж” элэгдэж, муудах болсон билээ. Тиймээс удирдлагууд нь тагтаа хооллохыг хориглож, будаа зарж буй хүмүүсийг тараасан юм. Үүний ачаар нэг үеэ бодвол тагтаанаас ангижирч буй. Тагтаа хооллохыг хориглож буй нь зөвхөн шувууны томуу өвчнөөс сэргийлж байгаа хэрэг биш юм. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд тагтаа олширсон газрын ойролцоо амьдарч буй иргэд тоосонцрын харшилтай болох сөрөг талтай.
Тиймээс энэ бүхнээс сэргийлэх ганц арга нь тагтааг хооллохгүй байх явдал юм. Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Э.Жамъяндагва “Гандантэгчэнлин хийд анхнаасаа тагтаа тэжээгээгүй. Сүсэгтнүүд тагтааг талхны үртсээр хооллож, эцэстээ будаа өгөх болсноор тагтаа олширсон. Үүнээс гарах сөрөг үр дагавар ч ихэссэн. Манай барилгын чанарыг муутгаж, бохирдуулах гээд олон сөрөг зүйл бий” гэсэн бол Зүүн хүрээ Дашчойлин хийдийн даамал лам Н.Батсайхан “Тагтаагүй болсноор өдгөө манай хийд ямар болсныг хүн бүр харж байгаа байх. Ядаж л хийдийн эргэн тойрон цэвэрхэн болсон.
Түүнчлэн хог ачуулах, засварын ажилд зарцуулдаг байсан мөнгөний хэмжээ ч багассан. Тухайлбал, өмнө нь манай хийд сард хоёр удаа хогоо ачуулдаг байсан бол өдгөө сард ганц л ачуулдаг болсон байх жишээтэй” гэв. “Таны буянд даган баясъя” ТББ-ынхан тагтааг хооллож олшруулснаас үүдэн хүний эрүүл мэнд болон нийгэмд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар судалжээ. Тэрбээр “Тагтааны сангас хатахаараа дээр нь мөөгөнцөр үүсдэг юм байна. Тэр нь агаарт дэгдэн амьсгалаар дамжин уушгинд торлог үүсгэдэг. Ингэснээр хүмүүс тоосонцрын харшилтай болох магадлалтай гэсэн үг.
Ялангуяа биеийн эсэргүүцэл султай хүн өвчинд хамгийн түрүүнд өртдөг. Бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу тус газраас өнгөрсөн оны аравдугаар сард тагтаа олноор цугласан газрын хөрснөөс дээж авч шинжлэхэд нян болон хөрсний бохирдол их гарсан. Түүнчлэн тагтааны сангас гал өдөөх нэг шалтгаан болдог гэнэ. Одоогоос дөрвөн сарын өмнө Гандантэгчэнлин хийдэд 1000 гаруй тагтаа цугладаг байв. Харин өнгөрсөн гуравдугаар сард тагтаануудын зургийг авч тоолоход 200 гаруй байсан. Дэлхийн хөгжилтэй бусад оронд тагтаа хооллохоо больчихоод байна шүү дээ. Бид ч гэсэн тийм л болох хэрэгтэй” гэв.
Гандантэгчэнлингийн гадна олон жил будаа болон арвай зарж буй хүмүүсийн олонх нь тоосонцрын харшилтай болсон байдаг гэнэ. Тэнд найман жил гаруй шар, цагаан будаа болон арвай худалдаж буй Б-тэй уулзсан юм. Тэрбээр “Жилийн дөрвөн улирлын турш өдөр алгасахгүй шахам энд ирж, будаа, арвай зарна гэдэг амаргүй. Гандангийн гаднах энэ олон тагтаа нисэхээр их хэмжээний тоос, шороо босдог. Эхний хоёр, гурван жил гайгүй байсан. Сүүлийн дөрвөн жилийн турш тоосонцрын харшлаас болж, хаврын цагт наймаагаа хийж чадалгүй, хүүхдээрээ будаа, арвай заруулдаг болсон” гэлээ.
Тагтаа олноор бөөгнөрсөн газрын эргэн тойронд нян болон хөрсний бохирдол хэр зэрэг байдаг, ямар өвчин гарч болзошгүй талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулахад “Тагтаа хооллож буй иргэдийг боль, болохгүй гэж хэлэх эрх байхгүй. Нөгөөтэйгүүр бид өдөр болгон очоод шалгаад байх боломжгүй. Тагтаанаас ямар нэгэн халдварт өвчин гарах, сангаснаас болж хөрсний бохирдол бий болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тагтаанаас хүнд өвчин халдварлахгүй” гэв. Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаярын хэлснээр нийслэлд өдгөө хөх бор болон хадны тагтаа элбэг байдаг гэнэ.
Тагтаа ой тогтоолт сайтай учир очсон, амьдарч байсан газраа анддаггүй гэнэ. Гаднын зарим улсад тагтааг олшруулахгүйн тулд бүр тусгай алба ажилладаг юм байна. Харин манайд ийм байгууллага алга. Гандантэгчэнлингээс “хөөгдсөн” 800 орчим тагтаа хоол тэжээл хайн нийслэлийн хаа нэгтээ очсон нь гарцаагүй. Харин амьтан хооллож буян болж байна гээд бид эрүүл мэндээ хордуулж болзошгүй тул тагтаа тэжээхгүй байх нь чухал юм.
Д.БАТ