Дэлхийн хотууд ногоон байгууламжаараа, экологид ээлтэй технологиороо, хүн амьдрах аятай тухтай нөхцөлийг хэр бүрдүүлж чадсан бэ гэдгээрээ өрсөлдөх болсныг бид мэднэ. Хамгийн ойрын жишээ манайхны амарч, аялах дуртай Сингапур улс л гэхэд нийт газар нутгийн 50 хувь нь ногоон бүрхэвчтэй төдийгүй “Цэцэрлэг дундах хот” хэмээн гайхагддаг. Тэгвэл улсын маань нийслэл Улаанбаатарын хэдэн хувь нь ногоон байгууламжтай вэ? Төв зам дагуух мод, хот орчмын хэсэгхэн ногоон байгууламж, тоотой хэдэн цэцэрлэгт хүрээлэнг эс тооцвол Улаанбаатар маань үнэндээ “шалдан” гэхэд болно. Хааяагүй хуурай шороо пурхийж, хэд алхаад л гутал өлөн тоосондоо дарагддагийг нийслэлчүүд юу эс андах вэ. Гэр хорооллын гудамжууд хөдөөгийн сумаас ялгарах юмгүй, шороо тоосондоо дарагдаж, бөртийх ч модгүй эл хуль хэвээр хэчнээн ч оныг үдсэн юм, бүү мэд. Ийм байхад нийслэлийн ногоон байгууламж жилээс жилд нэмэгдэж байгаа гэх албаны хүний үгэнд тайвшраад суумааргүй. Энэ бол зөвхөн төр засгийнхны хийх ажил ч бас биш юм.
Ногоон байгууламж, эрүүл цэнгэг орчин хүсэж байвал хүн болгон дор бүрнээ хашаандаа, орон сууцныхаа гадна талбайд, аж ахуйн нэгжүүд орчин тойрондоо мод тарьж болно. Бүх нийтээрээ үүнийг зайлшгүй хийх ёстой ажил гэж ойлгохгүй байгаад л хэргийн учир байх шиг. Ёстой л “Сур, сур, бас дахин сур” гэдэг шиг хүн болгон мод тарь, ургуул, бас дахин тарь гэж ухуулмаар. Засгийн газраас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэхээр зарласан нь энэ ажилд ихээхэн ач холбогдол өгснийх. Тарих биш, ургуулах хэмээн онцолсон нь ч учиртай. Мод тарьсан болоод орхих биш, арчлан тордож, үр хүүхэд шигээ, өсгөн торниулах ёстой шүү хэмээн ойлгуулахыг тэд зорьжээ. Улс орон даяар хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй ажил хийхээр төлөвлөж буй юм билээ. Нийслэлийн удирдлагууд жилд зургаан тэрбум шахам төгрөгийг хотоо ногооруулахад, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчилгаанд зарцуулдаг аж.
Хоёр жилийн өмнөөс зуны улиралд нүд, сэтгэл баясгасан өнгийн цэцгээр нийслэлийг гоёх болсонд иргэд тун ч ам сайтай байгаа. Энэ жил тарих мод бутныхаа тоо, төрлийг нэмэгдүүлж, мөн шинээр ногооруулах талбайн хэмжээг 12.4 га-гаар тэлж буй гэсэн. Мөн шилдэг тохижилттой байгууллага шалгаруулах уралдаан зарлаад байгаа. Ногоон байгууламж зөвхөн эрүүл цэнгэг орчин үүсгэж, хотыг ногооруулах үүрэгтэй гэвэл эндүүрэл. Ийм ногоон орчин их хотын “уушги” байгаад зогсохгүй бахархал нь болж, хотын иргэдийн ая тухтай амьдрал, цаашлаад улс үндэстний амар амгалан байдалд нөлөөлж, хөгжил дэвшлийн нүүр царай, нэрийн хуудас нь болдог гэлцдэг. Тэгвэл нийслэлийн маань нэрийн хуудас болсон ногоон байгууламжид төр засгаас хэрхэн анхаардаг, хэчнээн мөнгө төгрөг төсөвлөж, ямар ажил хийж буй талаар тандахаар энэ удаа бид цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн асуудлыг “Дугаарын онцлох сэдэв”-тээ хөндлөө.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийслэлд ногоон байгууламж хангалттай байж чадаж байна уу. Хотоо ногооруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Р.Бямбажаргал (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)
-Нийслэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой цэвэрхэн, тав тухтай газар байдаг юм уу. Хүүхэд тоглох талбай ч алга. Зарим нь савлуур, гулсуур, турнек байрлуулчихаад хүүхдийн тоглоомын талбай гээд байдаг. Олон барилга барьж байхын оронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг газар олныг байгуулчихвал иргэдэд хэрэгтэй байх.
Д.Одгариг (Баянгол дүүргийн XIII хорооны иргэн)
-Хангалтгүй гэж боддог. Байлаа ч түүнийгээ ариг гамтай ашиглаж чаддаггүй шүү дээ бид. Модны мөчрийг хугалах, сандал, сүүдрэвчийг нь эвдлэн архичид цугладаг газар болж зарим нь бие засчихдаг. Бүр өдрийн цагаар тарьсан модыг нь сугалаад аваад явчихдаг. Өөрөө мод тарьж, зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлдэггүй, ийм үйлсэд гар бие оролцдоггүй юм аа гэхэд бусдын хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болж байна. Заавал төрийн гар харж суух албагүй шүү дээ. Бид хашаандаа мод тарьж, зүлэгжүүлж болно. Сүүлийн үед зарим хүн хашаагаа тохижуулж, мод, цэцэг тарьдаг болжээ. Энэ бол сайн хэрэг. Гол нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэлгүйгээр нэмж байгуулах нь чухал.
М.Мөнхжаргал (Сонгинохайрхан дүүргийн XXII хороо)
-Юу ч үгүй байснаа бодвол гайгүй шүү. Би гэр хороололд амьдардаг. Гэхдээ мод тарьж, ногоон байгууламж бий болгох нь хувь хүний ухамсартай холбоотой. Түүнээс биш тэгэх ёстой, ингэвэл зүгээр байх гэж мянга хэлээд нэмэргүй.
Б.Цэвэг-Очир (Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн)
-Хотын төвд юу юм гэхээс гэр хороололд бөртийх ч өвс алга. Хотын төвөөр л цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулаад байдаг. Гэр хороололд ч гэсэн мод тарьж ногоон байгууламж бий болгох шаардлагатай байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Т.Батбаяр: Цэцгээ багасгаж, тарих модныхоо тоог нэмэхээр төлөвлөсөн
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд хийсэн ногоон байгууламжийн ажлыг удирдлагууд тань хэрхэн дүгнэсэн бэ?
-Нийслэлийн ногоон байгууламжийн тохижилт бүтээн байгуулалтын ажилд өнгөрсөн жил 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, нийт 66.5 га талбай буюу нийтийн эзэмшлийн 85 гудамжинд ногоон байгууламжийн арчлалт хийсэн. Ногоон байгууламжийг тохижуулахдаа хиймэл хөрс, хуйлдаг зүлгийг туршсан. Мөн улиас, шар хуайсаар хязгаарлалгүй гүйлс, буйлс, үхрийн нүд, агч зэрэг гоёлын мод бут оруулж ирж тарьсан. Гудамж бүрт ногоон байгууламж тохижилтын зураг гаргасан байгаа. Тухайн ажлын хэсэг болон БОХХАА-н байнгын хороо ногоон байгууламжийн тохижилтыг хангалттай сайн гэж дүгнэсэн.
-Энэ онд ногоон байгууламжийн арчлалтад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Хэчнээн га талбайг хамрах вэ?
-Эдийн засаг хямралтай ч гэсэн өнгөрсөн жилийнхтэй мөн адил 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ энэ онд өнгөрсөн жилийнхээс 12.4 га-гаар илүү буюу 78.9 га талбай бүхий нийтийн эзэмшлийн 97 гудамжинд ногоон байгууламжийн арчлалт хийнэ. Сүүлийн гурван жил тохижуулсан нийслэлийн ногоон байгууламжийн хувьд бага зардал орж байгаа. Хэмнэсэн зардлаараа Амгалан-Улиастай, 22-ын товчоо болон Нисэх-Яармагийн найман км замын ногоон байгууламжид арчлалт хийнэ. Ирэх онд АСЕМ-ийн чуулга уулзалт Улаанбаатар хотод болно. Тиймээс Нисэх-Яармагийн замын ногоон байгууламжийн ажлыг энэ онд эхлэхгүй бол дараа жил хугацаа нь тулчихна. Энэ онд уг замын голын найман га талбайг зүлэгжүүлж, 4000 том мод, бут сөөг тарих юм. Манай мэргэжилтнүүд энэ онд нийслэлийн хэмжээнд 400 гаруй мянган мод, бут сөөг тарих тооцоо гаргасан. Мөн энэ жил тарих цэцгийн тоог багасгана. Учир нь өнгөрсөн жил холбогдох мэргэжилтнүүд болон иргэд хэтэрхий их цэцэг тарьсан байна гэсэн санал ирүүлсэн. Тиймээс тарих модныхоо тоог нэмэхээр төлөвлөсөн. Хотын төвийн гудамжны зарим мод үхэжсэн нь өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг учир нөхөж тарихад илүү анхаарч ажиллана. Мөн том модны хажууд жижиг суулгац тарихаар өнгө үзэмж зөрүүтэй харагддаг тал бий. Том модны ургах чадвар сайн байдаг. Нийслэлийн БОНХГ-аас төсвөө шийдүүлээд 4000 том мод худалдаж авсан.
-Ногоон байгууламжийн тохижилт, арчилгааны ажил хэдэн хувьтай явж байна?
-Энэ оны тохижилт бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн, технологийн горимын дагуу хэлбэржүүлж, тайрах, модны шохойжуулалт хийгээд явж байна. Мөн сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч компаниуд шалгараад, нийслэлийн хэмжээнд 95 гудамжинд ногоон байгууламжийн арчлалтын ажил эхэлсэн. Мөн нийслэлийн харьяа бүх байгууллагын дунд шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааныг энэ сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэл зарласан. Ингэснээр байгууллага, аж ахуй нэгжийг мод тарьж, гаднах орчноо ногоон байгууламжаар тохижуулахад том түлхэц болох байх. Байгууллага, аж ахуй нэгжүүд тавьсан болзлыг хэрхэн биелүүлж байгааг шалгах 51 ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг 14 хоног тутам шалгаж, тохижилт сайн хийсэн цэмцгэр байгууллагын үүдэнд инээмсэглэж буй дүрс наах бол муу байгаа газарт гахайны зураг өлгөх юм. Уралдааны хугацаа дуусахад дэлгүүр, зочид буудал зэрэг 41 чиглэлээр 87 байгууллага, аж ахуй нэгжийг шалгаруулж, шилдэг тохижилттой байгууллагаар өргөмжилж, тус бүрт нь таван сая төгрөгийн урамшуулал олгоно.
-Мод тарих үндэсний өдөр ирэх сарын 9-нд болно. Энэ өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулах вэ?
-Мод тарихаас гадна арчлалт, хамгаалалт хамгийн чухал байдаг. Засгийн газраас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зарласан. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд дүүрэг бүрт модны үзэсгэлэн худалдаа гаргана. Мөн дүүрэг болгонд тодорхой хэмжээний суулгац өгч байгаа. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулиудад ахлах ангийн сурагчдаар ахлуулсан эко клуб байгуулж байна. Нийслэлээс тухайн клубүүдэд сургуулийнхаа ойр орчим тарих суулгац өгнө. Харин клубийн гишүүд тарьсан модоо арчилж, хамгаалах ажлыг хариуцах юм. Мөн хашаандаа мод тарих сонирхолтой гэр хорооллын айл, өрхөд өнгөрсөн намраас модны суулгац өгсөн. Хашаандаа мод тарьсан гэр хорооллын иргэдийг урамшуулдаг журам бий. Өнгөрсөн онд 30 сая төгрөг төсөвлөж, хашаандаа мод тарьсан 350 орчим иргэнд энэ урамшууллыг олгосон. Энэ жил мөн адил мөнгө төсөвлөсөн.
Г.ГЭРЭЛ
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Т.БОЛОР-ЭРДЭНЭ БЯЦХАН ҮР ЗҮЛЭГ БОЛТЛОО УРТ ЗАМ ТУУЛДАГ
Бид өндөр барилга барих, өргөн сайхан зам тавихыг л хөгжил гэж харахаас ногоон байгууламжийн ач тус, тансаг сайхныг төдийлэн мэддэггүй. Орон сууц, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд гээд бидний эргэн тойронд цэцэг тарьж, зүлэгжүүлсэн талбай тун цөөн. Тэгсэн хэрнээ дөнгөж ургаж буй зүлгэн дээр машинаа тавьж, хээв нэг гишгэж байгаа дүр зураг хаа сайгүй. Тэгвэл зүлэг, ногоон байгууламж та бидний нүд, сэтгэлийг баясган ургатлаа ямар урт зам туулдаг болохыг сурвалжиллаа. Цагаан будааны чинээ бяцхан үр ногоон зүлэг болж ургатлаа багагүй “бэрхшээл” туулдаг юм байна. Зүлэгний үрийг манай улсад үрслүүлдэггүй болохоор гаалиар оруулж ирсний дараа л Монголын хөрсөнд “амьдрах” эрхтэй болно.
БНХАУ, ОХУ, ХБНГУ-аас оруулж ирж буй өөр өөр сортын үр дунд мөн өрсөлдөөн өрнөдөг аж. Тарих эзэндээ таалагдахын тулд тэд лабораторийн шинжилгээнд хамрагдсан, амьдрах хугацаа нь баталгаатай байх ёстой. Согооврын төрлийн зүлэг манай улсад ургах чадвар сайтай байдаг учраас хамгийн эрэлттэй нь. Ингэж шилэгдсэн сайн үрүүд зөөлөн хөрсөндөө хурдан очих гэж “яарна”. Гэвч дараагийн саад тэднийг хүлээж буй. Энэ нь хүн амын нягтрал, хотжилтоос болж доройтсон Улаанбаатарын хөрс. Тиймээс цэцэрлэгжүүлэлтийн компаниуд хамгийн түрүүнд үрээ суулгах хөрсөө бэлтгэнэ. Цэцэг, зүлэг тарих нь бүү хэл хүн явахад ч хэцүүхэн улаанаараа эргэсэн шороог тэгшилж, чулуу, бетоны хэлтэрхийг түүж ялгасны дараа хар шорооноос 20-30 см зузаан асгаж үрээ жигд цацна. Нэг ам метр газрыг зүлэгжүүлэхэд 70-90 грамм үр орно. Цацсан үрийг шувуу тоншиж, салхи хийсгэх аюултай.
Тиймээс дээрээс нь 1.5-2 см зузаан элсээр хучиж “дайсан”-аас хамгаална. Багагүй хөдөлмөр зарсны дүнд 7-14 хоногийн дараа гэхэд ногоохон салаанууд нь цухуйдаг ажээ. Ингэж ургаж эхэлсэн л бол дараа нь дахин үр суулгах шаардлагагүй. Гандсан өвс нь унаж газартаа бордоо болоод, газар доогуур бэхэжсэн үндэс нь ирэх хавар дахиад бидэнд хүчилтөрөгч бэлэглэнэ. Ингэхдээ яг л нярай хүүхэд арчилж буй мэтээр сайн тордох нь хамгийн чухал. Цаг агаарын байдлаас шалтгаалан өнжөөд нэг усална. Өндөр нам ургасан өвснүүдийг тайрч, 2.5-3.5 см урттай болгох нь тэднийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг юм байна. Өнгө өнгийн цэцэгс, мод сөөгийг ч мөн адил ингэж арчилж тордож, “аргадаж” тарьдаг. Манай улсад цэцгийн үр харьцангүй олдоц сайтай учраас цэцэрлэгжүүлэлтийн компаниуд дотоодоосоо үрээ авдаг юм байна. Энэ ач тустай ажлыг гүйцэтгэдэг компанийн нэг нь “Ургамлан далай” юм.
Тус компанийн хамт олон энэ хаврынхаа ажлыг хэдийнэ эхэлжээ. Гэхдээ тавдугаар сарын дунд үеэс л цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлаа эхлэх учраас гадна талбайн тохижуулалт, хашаа хайс, хөрсөө бэлтгэх гээд тун ч завгүй ажиллаж байв. Одоогоос зургаан жилийн өмнө байгуулагдсан тус компани улсын болон хувь хүн, албан байгууллагын 200-гаад ажлыг хийж гүйцэтгэн, нийслэлийг “ногооруулах”- д чамгүй хувь нэмэр оруулжээ. Үүнээс онцлон дурдахад Самбуугийн гудамж болон Явуугийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэгжүүлэлтийг тэд хийсэн байна. Тус компанийнхан Баянзүрх дүүргийн I хороонд хүүхдийн тоглоомын талбай, Чингэлтэй дүүргийн VII хороо 173 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ойн инженер ургамал судлаач, цэцэрлэгч зэрэг мэргэжлийн боловсон хүчнээр “цэнэглэгдсэн” тус компанийнхны тарьсан зүлэг, цэцэг, мод ургахгүй байх тохиолдол гараагүй гэнэ.
Харин зарим газар нь сийрэг ургасан байвал хөрсөө дахин бэлтгэн шинэ үр цацдаг аж. Тарьсан л бол боллоо гээд орхих биш, тухайн захиалагчдад ногоон байгууламжаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгч, эргэх холбоотой ажилладаг гэнэ. Тиймдээ ч “Тарьсан болгон минь төрсөн үр хүүхэд шиг санагдан, хажуугаар нь өнгөрөхдөө зүгээр явж чадахгүй, хэрхэн ургаж буй, ямар арчилгаа хэрэгтэй байгааг нягтлан хардаг зуршилтай. Зүлэгж үүлэлт гэдэг ногоон өвс тарихыг хэлдэггүй. Модлог, бутлаг ургамал тарих, ургамлан хашлага, хаалт хийх зэргээр цогц ажил байдаг. Нийслэлийн удирдлага Улаанбаатараа ногоон хот болгох талд анхаарч, Ерөнхийлөгч хүн бүр мод тарихыг уриалж буй ч багахан зай талбай гарвал л байшин барих сонирхол иргэдэд их байна. Мөн нэг мод тарьчихаад арчилж анхаарахгүй үхүүлж орхидог. Услахыг л арчилгаа гэж ойлгож болохгүй. Ногоон байгууламж дээр гишгэхгүй, машинаар явахгүй, хог хаяхгүй байх нь арчилгааны нэг хэсэг. Тодорхой хугацаанд хөрсөө сийрэгжүүлэн борддог байх хэрэгтэй” гэж “Ургамлан далай” компанийн ерөнхий инженер Э.Бямбадорж хэлсэн юм.
Ч.БОЛОРТУЯА
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Ц.БАНЗРАГЧ: Улаанбаатарт нэг хүнд 4-6 ам метр ногоон байгууламж ногдож байна
БОНХАЖЯ-наас ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ямар бодлого баримталж буй талаар тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагчаас тодрууллаа.
-Энэ жил БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж буй. Аяны хүрээнд одоогийн байдлаар юу хийв?
-Энэ хөдөлгөөн мод тарихдаа гол нь биш, иргэдийг мод тарих мэдлэг, туршлагатай болгоход чиглэх юм. Цаашлаад заавал хөдөлгөөн зохион байгуулахгүйгээр иргэд хашаандаа мод, цэцэг тарих, аж ахуйн нэгж, байгууллагууд ч ялгаагүй эргэн тойрноо зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлэх хэвшлийг бий болгох зорилготой. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” эхэлснээс хойш аймаг, сум бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргаж, яамны вэб сайтад мод тарихыг хүсэж буй хүн бүрт зориулан тарьц, суулгац хаанаас авах, хэрхэн тарих тухай мэдээллийг оруулсан. Одоогийн байдлаар мод үржүүлдэг, тарьц бэлтгэдэг 200 гаруй байгууллагын мэдээллийг байршуулсан. Тарьц, суулгацын үзэсгэлэн өнөөдөр (өчигдөр) өндөрлөж байна. Дараагийн удаа дүүрэг, аймаг, суманд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргаж, мэргэжлийн хүнээр зөвлөгөө өгүүлэх юм.
-Нийслэлийг ногоон болгож, цэцэрлэгжүүлэх тал дээр БОНХАЖЯ-наас ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 178 дугаар зарлигт маш тодорхой заасан байдаг. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн зарлигийг эрчимжүүлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” юм. Энэ бол чухал ажил. Тухайлбал, цэцэрлэгжүүлэлт хийхэд Орон нутгийн хөгжлийн сангаас юм уу, төсвөөс мөнгө гаргаж, мэргэжлийн байгууллагуудын дунд тендер зарлан замын дагуу мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн бий болгож байна. Энэ бол зөв. Хоёрдугаарт, Ногоон байгууламжийн тухай хуультай болох нь маш чухал. Тиймээс Барилга хот байгуулалтын яамтай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ногоон байгууламж гэдэг бол сайн дурын эсвэл хөдөлгөөн өрнүүлээд хийчихдэг ажил биш.
-Аж ахуйн нэгж байгууллагууд жилд хэдэн ногоон байгууламж бий болгож, цэцэрлэгжүүлэлт хийх ёстой вэ?
-Тухайлбал, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлд 400, аймаг, сумдад 60-80 мянган ширхэг мод ургуулсан байх ёстой гэсэн хязгаар тогтоож, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өдгөө Улаанбаатар хотод нэг хүнд 4-6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Цаашид үүнийг 20 ам метр болгох ёстой. Энэ бол олон улсын дундаж жишиг. Нөгөөтэйгүүр стандартдаа өөрчлөлт оруулж, шинэ байшин барилга барихад орчны 30 хувь нь ногоон байгууламж, зам талбай байна гэж хуулийн төсөлд тусгасан.
Д.БАТ