“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй. Энэ хөтөлбөрийн зарим заалт чөлөөт хэвлэлийг чөдөрлөхөд чиглээд байгаа юм. Ерөөс энэ хаврын чуулганаар сэтгүүл зүйн үнэт зүйл болох хараат бус байдалд нөлөөлөхүйц зүйл, заалт бүхий хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр байгаа. Тиймээс энэ асуудал дээр олон улсын түвшинд ямар байр суурь баримталдаг талаар “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Авлигын эсрэг, соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүй нийтэлнэ” гэсэн заалт орсон байна. Шууд ингэж тулгаж болдог юм уу?
-Энд би өөрийнхөө хувь үзэл бодлыг бус, олон улсын жишиг ямар байдгийг ярьж байгаа юм шүү. Ардчилсан нийгэмд сэтгүүл зүйн үүрэг нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн байдаг. Энэ бол авлига, хээл хахууль, аливаа шударга бус зүйлийг үл тэвчихийг л хэлж байгаа юм шүү дээ. Шударга ёсыг эрхэмлэдэг ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагын бодлогоос энэ бүхэн харагддаг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эсвэл авлигын эсрэг мэдээллийг заавал нийтэлж, нэвтрүүлэх ёстой гэсэн үүрэг хүлээлгэх гэвэл өрөөсгөл болно. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хараат бусаар нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо боловсруулахад саад учруулж мэдэх учраас тэдэнд янз бүрийн үүрэг ногдуулахыг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй.
Харин ч ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэг эрх байдаг. Тэр нь тоо томшгүй олон мэдээллээс алийг нь үзэгч, уншигч, сонсогчдод хүргэхээ тухайн редакц өөрөө сонгох эрх юм. Ямар мэдээллийг төлбөртэй оруулах, алийг нь үнэгүй нийтэлж, нэвтрүүлэхээ тухайн редакц бодлогоороо шийдэх эрхтэй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ерөөсөө л гурван төрлийн мэдээлэл гардаг шүү дээ.
Нэгдүгээрт, цэвэр сэтгүүлзүйн бүтээл, хоёрт, пиарын мэдээлэл, гуравт, зар сурталчилгааны материал. Сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэг хамгийн хараат бус байх ёстой, түүнд хэн ч халдах эрхгүй. Харин пиар, зар сурталчилгааны мэдээ материал тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө авчирдаг. Энэ мөнгөөрөө эргээд хараат бус сэтгүүлзүйгээ дэмждэг тогтолцоо чөлөөт хэвлэлийнх. Тухайн байгууллага санхүүгийн хувьд хараат бус байж чадахгүй бол улс төрийн хувьд ч хараат бус байж чадахгүй.
-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд зориудаар халдах, чөлөөт хэвлэлийг тушиж, чөдөрлөх гэсэн оролдлого бүхий заалт тусгасан хэд хэдэн хуулийн төсөл багтсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай гол хуулиа түрүүлж батлахгүй хэрнээ энэ мэтийг урдаа бариад буй нь ямар далд санаатай үйлдэл гэж та харж байна вэ?
-Ямар зорилготойгоор ийм зүйл хийж байгааг би тааварлаж чадахгүй. Гэхдээ миний анзаарч буйгаар энд хоёр шалтгаан байх шиг. Нэгдүгээрт, манай улс төрийн хүрээнд сэтгүүлзүйн талаар ямар ч ойлголт алга. Жишээ нь, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд гэхэд тэр өршөөгдсөн хүний талаар анх бичсэн сэтгүүлчийг бараг л шоронд хорино гэсэн заалт байсан шүү дээ. Өөр нэг хуульд мөн л төрийн албан хаагч буруутай үйлдэл хийвэл уучлал гуйна, тэгэхдээ заавал хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөрөө төлөөд гуйх юм гэнэ. Тэгэхээр бид орой болгон зурагтаар уучлал гуйж байгаа төрийн албан хаагчийг хараад суух юм байх. Маргааш өглөө нь сонин уншихаар дахиад л өнөөдүүлийн уучлал гуйсан албан мэдээлэл байвал хэцүү биз дээ. Энэ бол манай хууль тогтоогч, бодлого боловсруулагчид сэтгүүл зүйн үнэт зүйл, зорилгыг ойлгохгүй байгаагийн илрэл.
Хоёрдугаарт, чөлөөт хэвлэл бол мэдээллийн бизнес учраас үүнийг эрх мэдэлтэй хүмүүс зорилгодоо нийцүүлэн урвуулж, хэтрүүлэн ашиглах сонирхол өндөр байдаг. Ингэх тусам хараат бус байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань мөн чанараасаа гажиж, суртал ухуулгын шинжтэй болоод явчихна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үүрэг ногдуулж болдоггүй нь ийм учиртай. Тухайлбал, оны өмнөхөн Олон нийтийн радио, телевизийн төсвийг 50 хувиар хассан нь хэн нэгэн “Намайг тэнд оруулсангүй” гэж шаралхсандаа гаргасан санал, тэгээд зорьсондоо хүрсэн шүү дээ. Олон нийтийн радио, телевиз гэдэг өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл ямар ач холбогдолтой, утга учиртай гэдгийг мэдэхгүй хүмүүс л ийм зүйл хийгээд байна. Бас нэг чухал зүйлийг манайхан ойлгох хэрэгтэй. Манайх шиг жижиг зах зээлд яагаад ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаад байна вэ гэхээр тэдгээрийн ард томоохон хөрөнгө оруулагчид байна гэсэн үг.
Тэр хөрөнгө оруулагчдынх нь тухай мэдээлэл ард түмэнд нээлттэй байснаар буруудах юм үгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид олноороо орж ирээд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулаад, олон нийтийн тархи, оюун санааг уургалж, буруу тийш нь залвал асар их аюултай. Өнөөдөр манай нийгмийн сэтгэл зүй их эмзэг байгаа учраас ийм үед нь мэдлэгтэй, мэдрэмжтэй, хариуцлагатай хандах ёстой юм. Чөлөөт хэвлэлийг нээлттэй зах зээлд шударга өрсөлдөх боломж олгохгүй, улстөрчид өөрсдөө дунд нь орчихоод дур дурандаа авирласнаас энэ салбарыг эмх замбараагүй мэт харагдуулж, сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж буй нь харамсалтай. Эцэст нь эмх замбараагүй байдлыг цэгцлэх нэрийдлээр өөрсдөдөө тохируулсан янз бүрийн хууль санаачилж гүйгээд байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хөрөнгө оруулагч эздээ ил зарлах нь хувь сэтгүүлчид ч хэрэгтэй юм. Тэгэхгүй байгаа учраас өнөөдөр ард түмэн сэтгүүлчийг л худалдагдсан, ёс зүйгүй гэж адалдаг.
-Зөрчлийн тухай хуульд ч гэсэн “Сэрэмжлүүлэг, зар сурталчилгааг үнэ төлбөргүй, эфирийн цаг, сонины нүүр харгалзахгүй нийтлэх ёстой, үгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгж буюу ам.доллараар торгоно” гэсэн заалт байна лээ.
-Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг их хэмжээний мөнгөн торгуулиар далайлгаж айлгана гэдэг бол энэ салбарт эдийн засгийн цензур тогтоож буйн илрэл. Энэ цензур тогтсоноор чөлөөт хэвлэлийн хамгийн чухал үнэт зүйл болох хараат бус байдалд нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хэн нэгнээс хараат бусаар ажлаа явуулахын тулд аливаа дарамт, цензурыг эсэргүүцэх дархлаатай байх ёстой шүү дээ. Гэвч манайд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцлагад татахдаа нэхэмжилдэг мөнгөн дүн нь маш өндөр байдаг. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа доголдох, цаашлаад хаагдах нөхцөл болдог.
-Д.Дорлигжав сайдын өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гүтгэх гэдэг заалтыг оруулчихсан байгаа. Өмнөх сайд нь Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох гэсэн заалтыг авснаар манайх том дэвшил боллоо гэж байсан нь ийнхүү талаар болов. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол ухралт. Үнэхээр харамсалтай. Тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг энэ өдрөөр бид МСНЭ-тэй хамтран дугуй ширээний уулзалт зохиохоос гадна үргэлжлүүлээд 4-5-нд “Онлайн эрх чөлөөний эвсэл”-ийн бага хурлаа хийх гэж байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх чиглэлийн тусгай илтгэгч гээд олон том төлөөлөгч Монголд ирэх гэж байхад ийм байдалтай сууж буй нь ичмээр л юм. Уг нь “Нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиасаа авч, Иргэний журмаар шийддэг болъё” гэсэн уриалыг НҮБ гишүүн орнууддаа хандаж гаргасан шүү дээ. Манайхны өнөөдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд “Хүнийг өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байсных нь төлөө хорих ял шийтгэхгүй” гэсэн заалт байдаг.
Гэтэл тэр хүн ямар ч үзэл бодол, итгэл үнэмшилтэй байлаа гээд түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөгүй байх юм бол тэр заалтаар яах юм бэ. Хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх олон арга хэлбэрийн нэг нь сэтгүүл зүй мөн гэдгийг “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлийн тайлбарт заасан байдаг. Тиймээс хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө өндөр торгууль тавьдаг, цагдан хорьдог энэ тогтолцоо өөрөө цензур бий болгодог. Энэ хуулийн заалтыг ашигладаг хүмүүс нь нийгэмд нэр нөлөө бүхий, эрх мэдэлтэй, манайхны хэлдгээр томчууд байдаг тул “Тэрийг биччихвэл эргээд намайг яах бол, тэдний компанийн хууль бус үйлдлийг дэлгэчихвэл цагдаад дуудагдах юм болов уу” гээд тухайн сэтгүүлч өөртөө цензур тавиад эхэлнэ.
Тэгсэн тохиолдолд хараат бус сэтгүүл зүй хэзээ ч хөгжихгүй учраас олон улсын жишгээр бол иймэрхүү асуудлыг иргэд хоорондын маргаан гээд Иргэний журмаар шийдвэрлэдэг. Иргэд хоорондын маргаан гэдгээр шийдвэрлэдэг олон улсын зарчмаар тухайн мэдээллийг худал гэж үзвэл гомдол гаргасан хүн өөрөө түүнийгээ нотолдог. Гэтэл манайд болохоор сэтгүүлч нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг.
-Саяхан манай ТББ-уудын төлөөлөл Женевт очиж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын тайлангаа танилцуулаад ирсэн гэсэн. Тайлангаас харахад манайд хүний эрх, тэр дундаа сэтгүүлчийн эрх хэр зөрчигдөж байна вэ?
-2010 онд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай ТББ-ууд тайлангаа явуулахад үзэл бодлоо илэрхийлэх чөлөөний асуудал харьцангуй гайгүй байсан. Гэтэл үүнээс хойш, тэр дундаа сүүлийн хоёр жилд Монголд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэлээд хангалтгүй үзүүлэлттэй гарах болсон. Хэвлэл мэдээллийн талаар баримтлах манай гол баримт бичгүүд 2010 онд гарсантай холбоотойгоор олон цензур бий болсон. Мөн 2005-2012 онд Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйл ангиар 27 хүн ял шийтгүүлсэн бол сүүлийн хоёрхон жилийн дотор энэ тоо 13-аар нэмэгдсэн.
Л.ГАНЧИМЭГ