Үйлдвэрлэлийн ослоор өчигдөр нэг хүн нас баржээ. Өнөөдөр хоёр хүн, маргааш гурван хүн нас барна. Муу амлаж байгаа зүйл огт биш шүү. Бидний үнэн дүр төрх л энэ. Үйлдвэрийн осолд өртөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, нас барсан хүмүүсийг тоолж суухаас биш, үүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй дорвитой ажил манай улсад алга. Нэг хэсэг ДОХ/ХДХВ-ийн талаар амтай болгон ярьж, төчнөөн хүн энэ өвчний халдвар авчээ гэсэн мэдээ хэвлэл бүрийн тэргүүн нүүрийг “чимж” байв. Харин одоо энэ сенсаац байхаа больсон. Үүнтэй адил барилгын осол гарч л байдаг, хүн нас барж л байдаг. Байдаг л нэг үзэгдэл мэт ойлгож эхэллээ. Үүнээс сэргийлэх арга зам бий юү. Хүний амины үнээр барилга сүндэрлүүлсээр байх гэж үү.
Сүүлийн дөрвөн жилд манай улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 1594 осол гарч үүнд 1645 хүн өртсөнөөс 269 нь нас барж, 311 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 1058 нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Тэгвэл эдгээрээс хамгийн их буюу 302 нь уул уурхайн салбарт гарсан. Үүний дараа барилгын осол жагсав. Араас нь зам тээвэр, холбоо, боловсрол, эрүүл мэндийн салбарт гарсан осол хөвөрнө. Үйлдвэрлэлийн ослоор нас барсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тооноос өөр нэг сонирхолтой тоо бодъё. Нийгмийн даатгалын санд уул уурхай гурав, барилга хоёр, бусад салбар нэг хувийн шимтгэл төлдөг. Улсын хэмжээнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 2000- 2002 онд 6.8 тэрбум төгрөг байсан бол 2009-2011 онд 50.1 тэрбум төгрөг болж өсчээ. 2013 онд гэхэд тус санд 86.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна.
Энэ мөнгөний өчүүхэн хувийг үйлдвэрийн осол гэмтлээс сэргийлэхэд зарцуулдаг аж. Тус даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт тахир дутуугийн тэтгэмжид 83.5 хувь, тэжээгчээ алдсаны тэтгэмж 7.9 хувь, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 1.2 хувь гээд зардлынхаа 90.5 хувийг осол гарсан хойно нь олгодог. Гэтэл дөнгөж 0.5 хувийг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулжээ. Энэ нь ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр бүх зүйл болоод өнгөрсний дараа халаглан харамсан “харж үзэж” буй хэлбэр. Уг нь бусад улс оронд ослын даатгалын сангийн мөнгөний ихэнх хувийг урьдчилан сэргийлэхэд зарцуулдаг юм байна. Ингэснээр осолд өртөх, нас барахаас сэргийлж чаддаг аж. Урьдчилан сэргийлэхэд хэдий хэмжээний мөнгө зарцуулна төдий хэрээр осол гарах нь багасаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирдаг туршлагаас суралцах хэрэгтэй байна.
Барилгын салбарт гарч байгаа ослын ихэнх нь аюулгүй ажиллагаа хангаагүйгээс болдог гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Ослын даатгалын хураамжийг зөвхөн ажил олгогч төлдөг. Гэхдээ манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын цөөнгүй нь энэ хураамжийг төлөхөөс “бултдаг” аж. Тиймээс осол гаргасан барилгын ослын даатгалын зардлыг нэмэгдүүлэн, харин осол гаргаагүй, аюулгүй ажиллагааны дүрэм журам зааврын дагуу ажиллаж буй байгууллагад төлөх шимтгэлийг бууруулах нь хамгийн оновчтой арга гэдгийг МХЕГ-аас тогтоожээ. Тус газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс “Ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажилтны болон түүний ар гэр, амьдралыг хамгаалахад зориулагдах төдийгүй эдийн засгийн хувьд ашиг авчирдаг. Ийм арга хэмжээ авахгүй бол осолд өртөгсдийн тоо буурахгүй.
Осол гаргасан тухайн байгууллагын удирдлагатай тооцоо бодож, төлөх шимтгэлийн хэмжээг нэмж, сайн ажиллаж байгаа компанийн шимтгэлийг багасгах нь осол бууруулах арга замын нэг. Өөрөөр хэлбэл, осол гарсан хойно нь халамжлахад бус, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тухайн даатгалын санд төвлөрсөн мөнгөний ихэнх хувийг зарцуулдаг болох хэрэгтэй” гэсэн юм. Ослын шалтгааны ихэнх нь уналт нуралт, аюулгүй ажиллагааны арга барилд хангалттай суралцаагүй, тээврийн хэрэгслийн болон өргөх механизмийн эвдрэл гэмтэл байдаг аж. Энэ бүхнийг бууруулах талаар Барилга хот байгуулалтын яам ямар бодлого барьж буйг тус яамны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбатаас тодруулахад “Үйлдвэрийн ослыг бууруулах шилдэг арга бол урьдчилан сэргийлэх. Энэ нь эрсдэлийг үгүй болгохын тулд авч буй арга хэмжээ.
Арга хэмжээ авна гэдэг тэнд тодорхой хэмжээний мөнгө зарцуул гэсэн үг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд урьдчилан сэргийлэх ажилд нэгээс доошгүй хувийг зарцуул гэж заасан байдаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд үүнийг хэрэгжүүлэхгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг барилгын төсөвт тусгадаг. Үүнийг гүйцэтгэгч компани авч байгаа эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, захиалагч компани гүйцэтгэгчдээ өгөөгүй, нийт үнийн дүнгээр гэрээ хийсэн болохоор энэ өртгийг оруулчихсан гэх тайлбар хэлдэг. Үүнийг сайн ялгаж журамлах ёстой. Барилгын чанар, аюулгүй ажиллагаа гэдэг зоосны хоёр тал. Үйлдвэрлэл эрхэлж буй газрын удирдлагууд ажилчдаа журам, стандартын дагуу ажиллуулахгүйгээс осол их гарч байна” гэв.
Ч.БОЛОРТУЯА