Эл тусламжийн онцгой содон хэлбэр нь Эх орны дайны фронтод БНМАУ-ын төлөөлөгчид бэлэг хүргэх явдал байв. Анхны төлөөлөгчид 1942 оны хоёрдугаар сарын 28-нд Москвад очжээ. Тэд бол Монголын ард түмнээс Улаан армид илгээсэн хоёр дахь удаагийн цувааг хүргэсэн БНМАУ-ын Ерөнхий сайдын I орлогч С.Лувсан, МАХНын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Бэлэглэлийн төв комиссын дарга С.Янжмаа, МАХЦ-ийн хошууч П.Шагдарсүрэн, яруу найрагч Л.Цэнд-Очир, партизан Д.Дамба, сайн малчин Б.Пунцаг, Аж үйлдвэрийн комбинатын гавшгайч Баасан болон Зөвлөлтийн иргэдийг төлөөлсөн БНМАУ дахь Элчин төлөөлөгчийн атташе Филиппов, “Союзнефтьэкспорт”-ын инженер Горюнова, партизан Чураков нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгч байв. Зочдыг ЗСБНХУ-ын Батлан хамгаалах ардын комиссиаратын албаны хүмүүс, Баруун фронтын Улс төрийн газрын дарга угтаж, гуравдугаар сарын 1-2-нд Баруун фронтын командлагч Г.К.Жуков хүлээн авчээ.

Гуравдугаар сарын 3-нд төлөөлөгчид 49 дүгээр армид очиж, шилдэг дөрвөн ангид туг гардуулан, хувийн бэлгүүдийг хүлээлгэн өгсөн байна. Тэднийг армийн командлагч И.Г.Захаркин, Хувьсгалт Цэргийн зөвлөлийн гишүүд хүлээн авч, онцгой хүндлэл үзүүлэн цэрэг дайчидтай уулзаж ярилцах, бүр олзлогдсон герман цэргүүдээс байцаалт авах үйл явцад оролцох боломж олгожээ. Армийн командлалаас үдэлтийн үдэшлэг зохион байгуулж, төлөөлөгчдөд тэднээр дамжуулан БНМАУ-ын удирдагчдад байлдаанд олзолсон зэвсэг хэрэгслээс автомат, парабеллум буу, гэрэл зургийн аппарат бэлэглэж, БНМАУ-ын музейнүүдэд зориулан төрөл бүрийн зүйл өгсөн нь онцгой сэтгэгдэл төрүүлж байжээ. Гуравдугаар сарын 10- нд төлөөлөгчид Москвад ирж, музей, Их театр, цирк үзэж, тэднийг буцахын өмнө В.М.Молотов хүндэтгэлийн цайллага хийжээ.
Монголын төлөөлөгчид эх орондоо очоод ард олонд Улаан армийн дайчдын бахдам амжилт, гитлерийн дээрэмчдийг бут цохиж буй талаар үзсэн харсан зүйлээ ярьж таниулан, Улаан армид туслах явдлыг улам өрнүүлнэ гэдгээ ч амлажээ. Энэ бүхнийг дурдахын учир нь БНМАУ-ын төлөөлөгчид фронтод очих нь нэг талаас, Улаан армийн цэрэг дайчид, дарга захирагч, улс төрийн ажилтнуудад онцгой урам өгч, нөгөөтэйгүүр, Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид эд материалаар туслах явдлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц болж байсанд оршино. Энэ үеэс эхлэн бэлгийн цуваа бүрийг БНМАУ-ын төлөөлөгчид биечлэн хүргэх болсон бөгөөд хоёр дахь удаад Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан тэргүүлэн УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нарын ахалсан төр, нам, цэрэг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар, олон нийтийн байгууллага, зөвлөлтийн иргэдийн төлөөлөгчид зэрэг 39 хүнтэй томоохон бүрэлдэхүүн очжээ.

1943 оны гуравдугаар сард Улаан армийн 25 жилийн ойд зориулсан бэлгийг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, армийн комиссар Ю.Цэдэнбал, Бүх цэргийн жанжны орлогч, корпус командлан захирагч Ж.Лхагвасүрэн нарын удирдсан 21 хүнтэй төлөөлөгч хүргэжээ. Фронтод очсон дөрөв дэх удаагийн төлөөлөгчид нь Аж үйлдвэр, Барилгын яамны сайд Х.Гомбожав, Худалдааны яамны сайд Лувсанжамъян, Гар Үйлдвэрлэлийн хоршоодын холбооны дарга Мажиг, Нефть баазын дарга Балжинням нар болох бөгөөд тэднийг БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав тэргүүлэн очжээ. Тухайн үед БНМАУ-аас ЗСБНХУ-д суусан Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Самбуу мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байв. Бэлэг хүргэх төлөөл өгчдийг улсын хил давсан цагаас аялан явсан бүхий л хугацаанд зам зуурын хотуудын удирдлагууд угтаж, “БНМАУ-ын төлөөлөгчдөд байлдааны халуун баяр хүргэе!” зэрэг үг бүхий лоозон, хоёр улсын туг, дарцгаар чимэглэсэн индэр бэлтгэж, цуглаан зохион байгуулдаг байв.
Байлдаж буй Улаан армийн фронтууд дээр манай төлөөлөгчдийг очих үед фронт командлан захирагч Г.К.Жуков, К.К.Рокосовский, И.Х.Баграмян, Н.А.Булганин, И.С.Конев, В.Д.Соколовский, П.А.Белов, И.В.Болдин нарын нэрт жанжин хүндэтгэн хүлээн авч байлдааны явц байдлыг биечлэн танилцуулж, анги, нэгтгэл үүдэд очих, байлдагч дайчидтай уулзах, тэдний ахуй амьдралтай танилцах өргөн боломжийг олгодог байжээ. Энэ үед Монголд ажиллаж амьдарч байсан, Халх голд хамт тулалдаж явсан цэрэг эрс тааралдаж, хуучин танил, дотно нөхрийн ёсоор учран золгож байжээ. Монголын төлөөлөгчдийн талаар Улаан армийн сонин, зөвлөлтийн төв хэвлэлүүдэд ч бичиж, мэдээлдэг байв. Зөвлөлтийн Эх орны дайны фронтод бэлэг хүргэсэн төлөөлөгчид эх орондоо эргэж ирээд үйлдвэрийн газрууд, аймгуудаар явж Улаан армийн ялалт, ар тал дахь цуцалтгүй хөдөлмөр, Зөвлөлтийн хүмүүсийн баатарлаг тэмцлийн талаар ард түмэндээ идэвхитэй сурталчилдаг байжээ. Тэдний илтгэлийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Улсын Бага хурал, МАХН-ын Төв Хорооны хамтарсан хурлаар сонсож, ажил үйлсийнх нь талаар сонин хэвлэлд тодорхой мэдээлж, аян замын тэмдэглэл, яриа дурсамжийг эмхэтгэн гаргаж байв.

Тийнхүү төлөөлөгчид Монголын ард түмэн, Улаан армийн дайчдын хооронд амьд холбоо тогтоож, тэр хэрээр хүнд бэрхийг хамтран туулах итгэл найдварыг улам бүр хөгжөөж байсан хэмээхэд хэтрүүлэг болохгүй юм. Аугаа Эх орны дайны фронтод бэлэг хүргэж очсон манай төлөөлөгчдийн дотор Улсын баатар Ш.Гонгор, Ардын жүжигчин Ц.Цэгмид, сайн малчин Авирмэд, Цэгмид, хожмын нэрт эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, нэрт түүхч Б.Ширэндэв нарын олонд танигдсан, тухайн үеийн сайчуул олон байв. Далан жилийн өмнө монголын ард түмний бэлгийг фронтод хүргэж байсан МАХЦ-ийн хошууч П.Шагдарсүрэн өдгөө Монгол Улсын баатар цол хүртэж, тухайн үед төлөөлөгчдийн хамгийн залуу нь байсан Дундговь аймгийн малчин эмэгтэй 1943 оны нэгдүгээр сарын 12-нд “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг гардуулах ёслолд оролцож, өөрийн аймгийн нэр бүхий танкийг гардуулж Баруун хойд фронтын армийн сонинд гарсан “Тал нутгийн охин” хэмээх хөрөг нийтлэлийн эзэн болж явсан Цэгмид саяхан Их ялалтын 70 жилийн ойн медалиар энгэрээ мялаасан билээ.
Н.ХИШИГТ Түүхийн ухааны доктор