Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан бүх талын төлөөллийг оролцуулсан нээлттэй сонсголыг өчигдөр Өргөдлийн байнгын хорооноос зохион байгууллаа. Тус байнгын хороонд 2014-2015 онд ажлаас халагдсантай холбоотой 179 гомдол ирүүлснээс ХЯ-нд 64, БОНХАЖЯ-нд 66, ЭМСЯ-нд 11, ХХААЯ-нд 14, БХБЯ-нд тав, БСШУЯ-нд найм нь хамаатай байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний мэдээлснээр 2012-2014 онд төрийн албанаас үндэслэлгүй халагдсаныг нь эцэслэн тогтоогдсон хүмүүст 2.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шаардлагатай болжээ. Үүнээс гадна Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт, төсөв хэмнэх үүднээс орон тоог 15 хүртэл хувиар цомхтгосонтой холбоотойгоор таван тэрбум төгрөгийн нөхөн олгохоор буй. Үүнийг энэ оны төсөвт тусгаж баталсан юм билээ. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн зарим гишүүн зөвхөн БОНХАЖЯ болон ХЯ-нд л халаа, сэлгээ хийгээгүй, Гадаад хэргийн яаманд ч ийм асуудал гарсан учир тус яамны төлөөллийг байлцуулах ёстой гэж шаардсан.
Төрийн албан хаагчдыг халж, сэлгэснээрээ манлайлсан гэх үндэслэлээр нээлттэй сонсголд тайлбар тавих үүрэг хүлээсэн сайд, холбогдох албан тушаалтнууд дараахь байдлаар өчсөн юм. Тухайлбал, БОНХАЖЯ-нд өмнө нь ажиллаж байсан 110 албан хаагч дээр нэмж Үндэсний хороодын Ажлын албад болон Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас нийт 48 хүн шилжин ирснээр батлагдсан орон тоо хэтэрсэн тул туршлага, үр дүнг нь харгалзан 46 хүнийг ажлаас чөлөөлсөн гэнэ. Харин Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг ирэхэд яамны газар, хэлтэс, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газар, МСҮТ болон политехникийн коллежийн удирдлага нь түр орлон гүйцэтгэгчийн статустай байж. Энэ нь өмнөх Засгийн газрын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалгүй үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байсантай холбоотой аж.
Ингээд шинэ сайдтай болсны дараа сонгон шалгаруулалт зарлаж, Хөдөлмөрийн яам Төрийн нарийн бичгийн даргатай болсон байна. Үүнийгээ дүрэм, журамд нийцүүлэхийн тулд бүх үүрэг гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлж, албыг нь тухайн бүтэцдээ арай олон жил ажилласан хүмүүст хариуцуулсан, асуудалд улс төрийн шалтгаанаар хандаагүй хэмээн салбарын сайд нь тайлбарласан. Чөлөөлөгдсөн хүмүүсээс 11 нь ажилдаа орох хүсэлтээ илэрхийлснийг шийдвэрлэхээр ажиллаж буй гэв. Мөн тэд сонгон шалгаруулалтад орох эрх нь ч нээлттэй юм байна. Хамгийн олон хүн халж, сэлгэснээрээ цоллуулж буй ЭМСЯ-наас 10 албан хаагчийг чөлөөлж, тэтгэвэр болон өөрөө хүсэлт гаргасан, өөр ажилд шилжсэн зэрэг шалтгаанаар 17 хүн яамыг орхижээ. Гэвч асуудлын гол нь Төрийн нарийн бичгийн дарга нарт байгаа аж. Дарга нар хэмээсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Хатанбаатар өөрийг нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргаж, эцсийн шийдвэр түүнийг зөвтгөжээ.
Ийнхүү Ж.Хатанбаатарыг шүүхдэлцэх зуур томилогдож, “Төрийн нарийн” болсон А.Эрдэнэтуяаг шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн хүрээнд ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл шүүхээс “А.Эрдэнэтуяаг үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн тул буцаан томил” гэсэн шийдвэр гаргачихаж. Ингэснээр Эрүүл мэнд, спортын яам хоёр Төрийн нарийн бичгийн даргатай мэт байдал үүссэнийг Төрийн албаны зөвлөлөөс маргаантай хэмээн үзэж, өнөөг хүртэл сонгон шалгаруулалт зарлаагүй яваа. Сайд нар ийн тайлбарласны дараа өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл нөхцөл байдлын талаар ярьсан.
Дэлгэрмаа: -Сав газрын захиргааг салбарын сайдын тушаалаар татан буулгасан атал дахин байгуулахдаа нийт 17 сав газар хариуцсан даргыг урьдчилж мэдэгдэлгүй ажлаас чөлөөлсөн. Өмнө нь бүтцийн өөрчлөлт хийчихсэн байсан. Бидний оронд томилгоо хийхдээ сонгон шалгаруулалт зарлаагүй. Биднээс найм нь шүүхэд хандсан, нэг нь албан тушаалдаа эргэж томилогдсон, дөрөв нь ажилгүй байна.
Х.Эрдэнэчулуун: -Намайг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхад шууд халсан. Баасан гаригт надад ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулчихаад даваа гаригийн өглөө үр дүнгийн гэрээ байгуул гэж дуудах жишээтэй. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой ч улс төрийн агуулгаар хандаж байна. Миний оронд МАН-ын Ажлын албанд байсан хүн очсон. Ингэж нэг талаас албан тушаалтан, нөгөө талаас төрийн эрх барих дээд байгууллагад өргөдөл гаргагчийн тайлбарыг сонссоны дараа зөвхөн гишүүд холбогдох албан тушаалтанд асуулт тавих эрхтэйгээр сонсгол үргэлжилсэн.
Б.Гарамгайбаатар (АН-ын бүлгийн дарга): -Хэнтий аймагт Хэрлэн голын сав газрын даргаар өмнө нь Батноров сумын Засаг даргаар ажиллаж байсан улс төрийн албан тушаалтан, МАН-ын гишүүн томилсон шалтгаан юу байв. С.Чинзориг сайд та “Гудамжнаас хүмүүс авч ирж хоёр жил ажиллуулсан” гэж хэлснээ баталж чадах уу. Түр орлон гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол дараагийнх нь хууль ёсных болж чадах уу.
Д.Оюунхорол (БОНХАЖ-ын сайд): -2015 оны Төсвийн тухай хуулиар Усны сав газруудын бүтэц, орон тоог 23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг нь баталсан. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 29 сав газрыг 26 болгосон. Энэ хүрээнд ажлаас чөлөөлсөн 14 албан хаагчийн найм нь хүсэлтээрээ тухайн орон нутагтаа асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар болж байгаа. Энэ удаа тогтолцоогоо илүү ухаалаг болгох талаар ярина гэж найдсан ч улс төр хийж буй юм байна. 2012 оны сонгуулиас хойш Монголын улс төрд бий болсон үзэгдлийн талаар дүгнэлт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр төрийн албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Халаа, сэлгээг бид эхлүүлээгүй. Бид ямар ч хууль зөрчөөгүй. Засаг даргаар ажиллаж байсан хүнийг томилсон нь төрийн албаны туршлагыг харгалзан гаргасан шийдвэр. Засаг дарга нэг талаас улс төрийн албан тушаалтан, нөгөө талаас төрийн албан хаагч. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.
С.Чинзориг (Хөдөлмөрийн сайд): -Асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач гэж хэлмээр байна. Бидэнд асуудал бий. Төрийн албаны хууль, тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Гагцхүү үүнийг зөв оношлох ёстой. Би “гудамжны” гэдэг үг ер хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай. Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгч томилох журамд өөрчлөлт оруулж, “иргэнийг томилж болно” гэсэн. Энэ дагуу дээрх түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон. Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон. Энэ нь түр орлон гүйцэтгэгчийг хууль бус болгочихоод байгаа юм. Тиймээс би 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан, улстөржөөгүй, хууль зөрчөөгүй. Энд гомдол гаргасан хүмүүсийн буруу биш. МСҮТ-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Есөн захирал нь томилогдсон байсан, одоо ажлаа хийж байгаа. 14 хүн МСҮТ-д ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлын байраар хангах чиглэл өгөөд байна.
С.Бямбацогт (МАН-ын бүлгийн дарга): -2012 онд төрийн алба 148 мянган албан хаагчтай байсан бол одоо 183 мянга давж. 2012 оны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хуйгаар нь халсан. Тэр үед яагаад ийм сонсгол зохион байгуулаагүй юм бэ. Хаана хаанаа анхаарах зүйл их бий. Гэхдээ энэ удаагийн сонсголыг нэг сайдыг байцаах байдлаар явуулмааргүй байна. Юун дээр алдав, цаашид яах ёстойгоо ярьж, гарц хайсан хэлэлцүүлэг болвол сайн. Төрийн албыг улстөржүүлмээргүй байна.
Б.Цогоо (Төрийн албаны зөвлөлийн дарга): -Монгол Улсад мөрдөж буй эрх зүйн орчноос их зүйл шалтгаалж байна. Төрийн алба улс төрийн албан тушаалтнаас хараат байх боломжгүй. Хоёр жилийн турш Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг жинхлээгүй нь өмнөх Засгийн газрын алдаа. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нарыг ажлаас чөлөөлөхөөс илүү тухайн албан тушаалд нь сонгон шалгаруулалт зарласан бол маргаан гарахгүй байсан.
С.Баярцогт (Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга): -Сайд нарын томилдог албан тушаалтны тоо хязгаарлагдмал. Яамны газар, хэлтсийн дарга нарыг Төрийн нарийн бичгийн дарга нь томилдог. Тиймээс энэ удаа асуудлыг хоёр талтай авч үзэх ёстой. Яамыг сайд нь төлөөлдөг гээд төрийн албаны томилгоо яриад эхэлбэл сонсгол буруудна. Хоёрдугаарт, хууль муу биш. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаад л хамаг учир бий. Төрийн албан хаагчид намаас түдгэлзээд долоон жил болж байна. Тэгэхээр улстөрчид болон төрийн албаны томилгоог тусдаа болгох шаардлагатай. Холбогдох хуулийн төслүүдийг өргөн барихаар зэхэж байна.
Н.Батцэрэг (“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга): -Улс төрийн намуудын өрсөлдөөн дунд төрөө үгүй хийчих шахаж байна. Аль нэг намыг нь чичлэх асуудал биш. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэг шиг сүүлийн жилүүдэд сонгууль бүрийн дараа ийм л зүйл болж байгаа.
Ж.Батзандан: -Төрийн албанд намчирхал, улс төржилт байсаар ирсэн. Аль нэг сайдыг олны өмнө улалзуулан шүүмжлэх гэж энэ сонсголыг зохион байгуулаагүй. Үүссэн нөхцөл байдалд Өргөдлийн байнгын хороо мэргэжлийн дүгнэлт гаргах эрх байхгүй. ЗГХЭГ-ын дарга үгүйсгэж байгаа ч амьдрал дээр аливаа томилгоонд улстөржилт, тэр тусмаа сайд нарын оролцоо их байдаг. Үүнийг засах нэг арга бол улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах юм. Юутай ч сонгууль болон Засгийн газар солигдсоны дараа бүр үзэгдэл мэт болсон төрийн албаны халаа, сэлгээг тойрч УИХ-ын түвшинд ярилцсан нь олзуурхууштай. Гэвч биеэ, нам нэгтэй нөхдөө илт өмөөрч, буруугүй гэж тайлбарлаж, үг, хэлээрээ давшлан бухимдах хүмүүсийн яриаг хагас өдөр сонссон надад буруутныг нэрлэх баримжаа алга. Байнгын хороо ч элдэв дүгнэлт гаргаагүй. Гаргах ч учиргүй. Одоо тэд сонссоноо Байнгын хороогоороо ярилцаж, шаардлагатай бол чиглэл, даалгавар өгөх юм билээ. Гэвч тэнд байсан бүх хүн монгол төрийн албанд улстөржилт хүчтэй буйг хүлээн зөвшөөрсөн. Бас буруу хүлээж, гар өргөсөн хүн үгүй.
Б.НОМИН