Монголын Засгийн газар олон улсын уул уурхайн тэргүүлэгч компани болох “Rio Tinto”-той Оюутолгойн уурхайн хоёр дахь шатыг эхлүүлэх талаарх урт хугацааны маргаанаа шийдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдад найдлага төрүүлж магадгүй байна. Нөгөө талаар Засгийн газрын зээлээ төлөх чадварын талаарх эргэлзээг багасгах болно. Засгийн газар “Rio Tinto”-той “зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн” гэж Дөрөвдүгээр сарын эхээр мэдэгдсэн нь Оюутолгойн алт, зэсийн уурхайн хоёрдугаар шатанд үүсээд байсан мухардмал байдлаас гарахад ойртож буйг харуулав. “Оюутолгой” төслийн таван тэрбум ам.долларын өртөгтэй гүний уурхайн хэсгийн ажил татвар төлөлт, санхүүжилт, төслийн нэгдүгээр шатны гүйцэтгэлийн зардлын талаарх хоёр талын санал зөрөлдөөнөөс болж хоёр жил зогсоод байгаа юм.
“Rio Tinto”-той хийсэн маргаан, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналт, Хятадын нүүрсний эрэлт буурсан зэрэг хүчин зүйлүүд эдийн засгийг бүхэлд нь доргиогоод байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчид орчноо илүү тодорхой болохыг хүлээн шинэ төсөл хэрэгжүүлэхээ зогсоосон. Энэ нь өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах шалтгаан болсон юм. "Тохиролцоонд хүрч чадвал тус орны гадаад төлбөрийн баланс, макро эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөнө. Ингэснээр хэдэн тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх үйл явц түргэсч, эдийн засаг сэргэн улсын зээлийн асуудал шийдэгдэхэд тус болно" гэж үнэлгээний “Fitch” агентлаг дөрөвдүгээр сард мэдэгдсэн байна.
СОНИРХОЛ ТАТАХГҮЙ БОНД
Нөгөө талаар саяхнаас Монгол Улсын Засгийн газрын бондоос гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зайгаа барьж байна. Төвбанкны мэдээлснээр дөрөвдүгээр сарын 8-нд болсон гурван жилийн хугацаатай 10 тэрбум төгрөг буюу 5.1 сая ам.долларын үнэтэй Засгийн газрын бондын арилжаа оролцогч байхгүйгээс зогссон гэнэ. Түүнчлэн хоёрдугаар сарын дундуур болсон, гурван жилийн хугацаатай 20 тэрбум төгрөг буюу 10.2 сая ам.долларын үнэтэй Засгийн газрын бондын арилжаа бас оролцогч байхгүйгээс зогссон аж. Өмнө нь голдуу Монголын банкууд Засгийн газрын бондыг худалдан авдаг байжээ. “БиДиСек” брокерийн компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ник Каузин "Зах зээлийн хөрвөх чадварын хомсдол ийм байдалд хүргэсэн" гэж ярьсан байна. "Хугацаа хэтэрсэн зээл өсөж, хадгаламж буурсны улмаас банкууд мөнгөний хомсдолтой байна" гэж тэрбээр хоёрдугаар сард AFP мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Харин хоёрдугаар сард гаргасан 40 тэрбум төгрөг буюу 20.4 сая ам.долларын бондын тал нь борлогдсон байна. Зах зээлийн энэ нөхц өлийн улмаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрдугаар сард ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрийг монголчуудын хувьд "байж болох олон сонголтын нэг" гэж мэдэгдсэн юм. Харин түүнээс хойш Монголын Засгийн газар ОУВС-гийн туслалцааны талаар ямар нэгэн нэмэлт мэдэгдэл хийгээгүй байна. "Тусламжийн хөтөлбөрт хамрагдах тухайд ямар ч албан ёсны яриа, хэлэлцээр хийгдээгүй байгаа ч бодлогын өөрчлөлтийн хувьд ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын бусад байгууллагатай зөвлөлдөх шаардлагатай байгаа" гэж Ерөнхий сайд хэлсэн юм.
ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ӨР ЗЭЭЛ
“Fitch” агентлаг Оюутолгойн гэрээ тохиролцоонд хүрвэл Монголын зээлийн байдал тогтворжих боловч Монголын Засгийн газрын бондыг сул хөрөнгө оруулалт гэж үнэлжээ. Үүнийгээ Монголын гадаад хөрвөх чадвар султай холбон тайлбарласан байна. Шинжээчид Монгол Улсын эдийн засаг ойрын үед сэргэхгүй бол зээлийн эргэн төлөлтөд бэрхшээл учирна гэдгийг анхааруулж буй. Тус агентлагийн мэдээлснээр улсын өр 2014 оны эцэст ДНБ-ий 59 хувьд өссөн байхад эрдэс баялагт суурилсан орлого нь дэлхий даяарх түүхий эдийн үнэ, эрэлт буурснаас хамаарч хумигдсан байна. Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 оны эхэн үеэс 25 хувиар буурсан тул гадаад зээл төлөлтийн зардал бас өсөв.
Үүний зэрэгцээ Засгийн газрын бондын төлбөр болох нэг тэрбум ам.долларыг төлөх 2018 он улам ойртсоор байна. Монгол Улс 2017 онд Хятадад үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн төлбөрийнхөө зарим хэсгийг төлөх ёстой. Гэвч 2014 онд Хятад улс своп хэлцлийн хэмжээгээ 3.28 их наяд төгрөгөөс (1.6 тэрбум ам.доллар) 4.8 их наяд төгрөг болгон өсгөж Монголд тусалсан шигээ 2017 онд төлөх төлбөрийн хугацааг сунгаж өгөх боломжтой. “Moody”s” үнэлгээний агентлагийн шинжээч Анушка Шах "Засгийн газарт эдгээр тулгарсан асуудлыг шийдэх гарц бий, гэхдээ цаг өнгөрөх тусам энэ гарцууд багасна.
2017, 2018 онд төлөх томоохон зээлүүд байгаа тул цаг бага байна" гэв. Азийн хөгжлийн банкны тооцоогоор 2014 онд 7.8 хувь байсан ДНБ-ий өсөлт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол 2015, 2016 онд дөрвөн хувь байх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газрыг Оюутолгойн уурхайн асуудлыг шийдвэрлэн хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг олж, зээлийн эрсдэлээ бууруулахаас өөр сонголт муутай болгож байна.
Оксфорд бизнес групп