Хараас хар нүднийх нь харц халирам хурц. Гэтэл би огт далдирсангүй. Яагаад ч юм энэ харц, энэ хүн минийх л юм шиг бодогдоно. Намайг ээрэх энэ мэдрэмжтэй яг ижилхэн зөн совин түүнд ч бас төрөөд, энэ нь түүнийг гайхашруулаад байсан юм билээ. Танилцаад хэдхэн хоносон гэхэд бид хэзээний танил хүмүүс шиг бие биедээ итгэж, үзэж туулсан хамаг амьдралынхаа алдаа оноог нуулгүй ярилцсанаа өчигдөрхөн мэт тод санаж байна. Миний бүтэлгүй дурлалын, харин түүний минь цэл залуухан хань ижлээсээ хагацсан гунигт түүх тэр өдрөөс хойш биднийх болж хувирав. Түүний утас ойрхон дуугарна. Утасны цаанаас хүүхдийн цангинасан хоолойгоор “Аав аа, та хэзээ ирэх юм бэ” гэх нь сонсогддогсон.
Аав нь бяцхан үртэйгээ өнгөрүүлэх цагаас хомслон надад зориулдаг боллоо. Үүнд би буруутай. “Одоо харьцгаая даа. Хүү нь хүлээгээд байгаа” гэж хэлэх хүртэл минь тэр миний дэргэд уяатай. Одоогоос дөрвөн жилийн өмнө би хүүгээ анх харсан юм. Тэр өдөр аав нь надаар сонгуулан худалдаж авсан хивсийг гэртээ оруулахад туслахыг хүслээ. Намайг хүүтэйгээ танилцуулах гэж зориуд тэгсэн нь ойлгомжтой байсан ч, би анзаараагүй дүр эсгэн, нэг их хүчтэй амьтан өнөө хивсний нэг үзүүрээс өргөлцөн хаалга хүртэл мачийв. Түүнийг хаалгаа онгойлгож байх зуур энэ хаалганы цаана нөгөө цангинасан хоолойт зогсож байгаа гэж бодтол өөрийн эрхгүй өвдөг нугарч байлаа.
Хамгийн дулаахан энгэртэй, хамгийн зөөлөн зантай, хамгийн сайхан үнэртэй, хамгийн хайртай ээжээсээ хагацаж бэтгэрсэн таван настай жаалхүүг би ямаршуу хүүхэд бол гэж төсөөлж ч зүрхэлдэггүй байсан юм. Тэр бяцхан зүрх ганцхан аавыгаа л хүлээдэг. Гэтэл би тэр зүрхний өмнө аавыг нь “хулгайлдаг” гэмтэн шүү дээ... Ингэж би тэдний босгоор анх удаа “санамсаргүй” алхан оров. Хүү нь аав руугаа чавхдан гүйж ирлээ. Хараас хар, бүр яг мойл хар нүд өөдөөс эгцлэн цоргив. Би амьдралдаа түүнийх шиг гялалзсан, гүн хар нүд харж байгаагүй юм шиг ээ. “Миний хүү чанасан махнаас идсэн үү”, “Тагтан дээр гараагүй биз” хэмээн аав нь өчнөөн олон юм асуух бөгөөд хүү ч өдрийн бүх тайлангаа тавина. Цэнхэр майк, эрээн дотуур өмдтэй, эсгий таавчигныхаа ар дээр гишгэчихсэн хэвлүүхэн хүү. Гэхдээ л жаахан амьтан даа.
Хонгорхон үс, булбарайхан гар хуруу нь нялхаараа гэдгийг нь илтгэнэ. Аавтайгаа ярилцаж байхдаа ч хүү өнөөх хөөрхөн нүдээрээ над руу харсаар байлаа. Би тэднийд орохынхоо өмнө ойролцоох дэлгүүрээс удирдлагатай машин, аавдаа захиад л байдаг шоколадыг нь авч амжсанаа мартчихсан сууж байв. Хүүг машинаараа тоглож эхэлмэгц саналаа. Түүнд авсан машинаа торноос гаргаж ирснээр бид хоёрын хооронд анхны яриа өрнөж билээ. Хүү машинаа миний хөл рүү чиглүүлэн удирдаж хөгжилтэй нь аргагүй тоглож гарав. Нэрийг нь, насыг нь, юу чаддагийг нь асуулаа. Нөгөө л цолгиун хоолойгоороо дуртай гэгч хариулна. Бүр цээжээрээ тоо бодож үзүүллээ. Гайхалтай нь хүү 100-гийн дотор маш хурдан бодож чаддаг нь намайг тэр дороо алмайруулав. Бид гурав хивсээ дэвслээ. Гадаа бороо шивэрч, бас харанхуй болжээ.
Аав, хүү хоёр намайг хүргэж өгөхөөр хувцаслав. Машин дотор хүү хөөрхөн хөөрхөн юм ярьсаар л явах юм. Аавтайгаа байхдаа хэчнээн жаргалтай байдаг юм бэ дээ. Тэр өдрөөс хойш хоёр сар гаруйн дараа бид нэг дор амьдарч эхэллээ. Энэ шийдвэрийг ойр дотны хүмүүс маань сайхан хүлээж аваагүй юм. Хойт эх болох амаргүй талаар ухуулцгаана. Амьдрал үзээгүй намайг балчирдах вий, сөхрөх вий гэсэндээ хайрлаж хэлсэн үгс л дээ. Гэсэн ч би тэр хоёроос холдмооргүй санагдаад байсан юм. Өглөө гэрээсээ гурвуул гарч, хүүгээ цэцэрлэгт нь хүргээд, ажилдаа явдаг маршруттай болов. Хүүхдийн хөөрхөн бяцхан гараас хөтлөөд, элдвийг ярилцан явах нь миний хувьд амталж үзээгүй бахдал байлаа.
Хүүгийн дуртай хоол шарсан тахиа. Ойр ойрхон тахиа шараад л, жижигхээн оймс, цамц, өмд угааж, индүүдэх нь ч жаргал. Харин хааяахан уулзахдаа баяртай байдаг хүү надтай үргэлж хамт байх болсондоо тийм ч дуртай биш байгаа бололтой. “Миний хүү” гэж дуудахад хариу хэлэхгүй. Ээжийгээ санаж үгүйлээд, сэтгэл дотроо байдгаараа дуудаад байхад ээж нь ирсэнгүй. Аав энхрийхэн ээжийг нь биш, өөр хүн аваад ирсэнд гомдож цухалдаад, аавдаа уураа гаргаад ч байх шиг санагдав. Би “Миний хүү” гэж дуудахаас ч айх боллоо. Зүгээр л нэрээр нь дуудаж, хүү ч намайг “Нямаа эгч ээ” гэнэ. Ийм байдалтай хагас жил гаруй өнгөрлөө. Хүү одоо л надад овоо дасаж байгаа нь илт. Аавынхаа ярьж өгдөг амттай гэгч үлгэрийг сонсоод, миний мээмийг бариад унтана. Эвий дээ, нялх амьтан юм чинь. Хүү маань зургаан нас дөхөж, нэгэн бага сургуулийн дэргэд бэлтгэл ангид сурах болов. Гэрийн даалгавартай ирнэ дээ. Намайг хоолоо хийж байх хооронд хүү зурагтаар хүүхэлдэй үзэж амжина.
Хоолоо идчихээд хоёулаа гэрийн даалгавраа хийхээр сууна. Даалгавар хийх дургүй байдаг болохоор нь эхэндээ би өмнөөс нь бичээд өгчихдөг байлаа. Ингэж болохгүй, буруу гэж хүү бид хоёр хэдэнтээ тохирсон боловч тавхан минут сууж тэвчилгүй босоод харайчих хүүгээ даалгавар хийж сургах гэж анх удаа том дуугаар аашлав. Нүдээ бөв бөөрөнхий болгон надад урам нь хугарсан шинжтэй гомдонгуй харах бөгөөд ширээнд эргэн суугаад дэвтэр дүүрэн сараачих нь тэр. Уурлаад тэр шүү дээ. Хүмүүс ийм үед хүүхдээ хэрхдэгийг би мэдэхгүй юм. Тэгэхээр нь хамт тоглож байж уурыг нь гарахыг хүлээв. Тэгж тэгж дахин суулгах гэтэл аль хэдийнэ унтах цаг болжээ. Иймэрхүү янзтай бэлтгэл ангиа төгсөв. Унтахаасаа өмнө хийх ёстой зүйлээ дуусгадгийг сургах ёстой хүн нь би. Би л хэлэхгүй бол буруу дадал зуршилтай, арчаагүй залхуу, уур аашаараа хүн дийлэх гэсэн дэмий хүн болох вий гэсэн бодол төрөөд байлаа. Хэдийгээр хүү намайг “ээж” гэдэггүй ч би ээж нь юм чинь хамгийн ойрын хүн нь шүү дээ.
Надаас өөр хэн ч суулгаж чадахгүй төлөвшлүүд бид хоёрын сайдаж, муудах гол шалтгаан болдог байлаа. Ээж нар анхаарал тавьж заах ёстой бүх зүйлийг өөриймсгөөр хэлж, ойлгуулах нь миний үүрэг гэж би хатуу бодсон. Дараагийн удаа мөн л даалгавраас болж бид хоёр уйлаан майлаан болов. Аргаа барсан би хүүгийнхээ зөрүүдлэхийг тэвчилгүй гарынх нь булчин руу алгадаад авсан хэрэг. “Нямаа эгч миний ээж биш. Миний ээж тэнгэрт байгаа. Та намайг дахиж миний хүү гэхээ боль” гэх нь тэр. Аймаар хатуу, аймаар хэрсүү үг байлаа. Орой аавыгаа ирэхэд бид хоёр дуу муутайхан угтлаа. Хүүг унтсаны дараа юу болсныг бүгдийг нь ярив. Аав нь намайг эрс буруутгаж байна аа. Би түүнээс өөр зүйл хүлээж байсан юм. “Хөгшин нь хамт хичээллээд үзэх үү” гэдэг ч юм уу, “Би хүүтэйгээ ярилцъя” гэх болов уу гэж.
Яг ийм үед, хүүхдэд ээж нь болох гэж зориод, хэчнээн их хичээл зүтгэл гаргаад байхад хань ижил, ойр тойрныхон нь ойлгохгүй байвал тэр эх “хойт эх” болдог юм байна гэж би яс махандаа тултал ойлгож билээ. Гэхдээ би хойт эх болохыг хүсээгүй. Намайг анх хараад сонжин байсан тэр хөөрхөн хар нүд намайг хайрлаж харах хүртэл хичээсээр байх болно гэж бодсон. Хүн намайг өөнтөглөн шүүмжлэхэд би маш их гомддог. Над шиг шийдвэр гаргаад, хэрсүүхэн хүүгийн ээж болох гэж яваа эмэгтэйг дэргэдийн хүмүүсийн элдэвлэл эвдээд байдаг юм билээ. Хүүг надаас өөр хэн хайрлах юм, энэ хайр ямар их тэвчээр, зүтгэлийг төрүүлдгийг над шиг хүний хүүхдийн ээж болохыг хүсээгүй хүмүүс хэзээ ч ойлгохгүй ээ. Одоо энэ хайрыг хүү бид хоёр л ойлгодог болсон. Хүү минь одоо гуравдугаар анги төгслөө.
Бас өөр шигээ мойл хар нүдтэй бяцхан охин дүү дагуулсан том ах. Дүүтэйгээ хамт өлгийдүүлж тоглоно. Том хөнжилд өлгийдчихөөд бүүвэйлэхээр унтаж орхино. Даалгавраа хийж дууссан цагтаа л тоглохоор гардаг, дүүдээ муу үлгэр үзүүлэхгүй гэж боддог ууган хүү минь. Залхуу нь хүрч, “халтуурдах” тохиолдол бас байна аа. Гэхдээ тун ховор доо. Машины өмнүүр гүйснийх нь төлөө, нимгэн хувцастай гараад хоёр гар нь цэв мөс болсных нь төлөө би хүүгээ зэмлэнэ, загнана. Худлаа хэлэх бүрт нь шийтгэнэ. Тэглээ гээд хүү минь уурладаггүй. Харин миний санааг зовоосондоо л гэмшдэг юм. Би хүүгээ сайн хүн болгоно. Хайртай хүүгийн минь ирээдүй ямар байх нь надаас ихээхэн шалтгаалах учраас би бурууг хийвэл хатуу, зөвийг хийвэл хөөргөн магтсаар л байх болно. Миний хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй гэдэгт би итгэдэг.
Миний хүү намайг я г жилийн өмнөөс “Ээж ээ” гэж дуудах болсон. “Аль эрт ингэх байсын тээ, ээж ээ” гэж өөрөө харамсана лээ. Учир мэдэхгүй дүү нь намайг “зодохоор” үнэн голоосоо дургүйцнэ. Ээжийгээ өмөөрөөд сүйд. Намайг борхон хацар дээр нь үнсэх бүрт эргүүлээд ээжийгээ үнсдэг энхрий хонгор үр минь юм шүү дээ. Би хойт ээж болохыг хүсдэггүй. Яагаад гэвэл би ээж л юм чинь. Ер нь “хойт ээж” гэж муухай үг. Ихэвчлэн хөндлөнгийн хүмүүсийн хэрэгт дуртай, муу үзэх гэсэн өөдгүй харц, хов живийн хар гай л ээж нь байя гээд хүрээд ирсэн хүнийг хойт ээж болгодог юм шүү. Тэгсэн мөртлөө аав нь хүүгээ буруу зүйл хийхэд нь загнаж зэмлэхэд би өмөөрөөд уур хүрээд байх суух газар олддоггүй нь сонин шүү.
Б.НЯМСАЙХАН