“Би үхэхээс илүү өвдөхөөс айдаг. Тэр тусмаа хорт хавдар тусах вий гэж үнэн голоосоо түгшдэг. Түүн шиг аймшигтай зүйл байхгүй” гэсэн үгээр NHK телевизэд 1966 онд өгсөн Юкио Мишимагийн (1925-1970) ярилцлага эхэлнэ. Тэрбээр дэлхийн II дайны дараах үеийн Японы сод зохиолчдын нэг бөгөөд Нобелийн шагналд хэдэнтээ нэр дэвшиж байсан “Алтан сүм” роман нь дэлхий нийтийн хамгийн их уншдаг япон зохиолуудын эхэнд бичигддэг юм. (Уг зохиол Ц.Цэнгэлийн орчуулснаар монгол хэлнээ хэвлэгдсэн нь бий).
19-хөн настайдаа анхны номоо хэвлүүлж “Багны наманчлал”, “Хориотой өнгөнүүд”, “Зуны дунд сарын үхэл” зэрэг хэдэн арван тууж, роман бичсэн Мишима уран зохиолоос гадна кино, драмын төрөлд ч мөрөө үлдээжээ. Мөн бие хамгаалах урлагаар хичээллэж, самурайн ёсыг эрхэмлэдэг ихэд үндсэрхэг үзэлтэн байсан нь түүний бүтээл туурвилд тусгалаа олсон байна.
Мишимагийн жинхэнэ нэр нь Кимитакэ Хираока юм. Харин Мишима гэдэг нь Үхэлд ховсдуулсан зэтгэр гэсэн утгатай агаад тэрбээр чухамхүү үхэлд дурлаж, үхлийг таньж мэдэх гэж л амьдарсан шиг байдаг.
NHК-д өгсөн түүний ярилцлага гурван хэсэгтэй. Мэдээжийн хэрэг, өөрт нь хамгийн ойр сэдэв болох үхлийн талаар л “Үхэлд ховсдуулсан зэтгэр” ярьжээ.
ДАЙН ДУУССАН ҮЕИЙН ТУХАЙД
Дайн дууссаныг зарласан эзэн хааны мэдэгдлийг би нэг хамаатныхаа гэрт сонссон юм. Нүүлгэн шилжүүлэлтээс болж тэр үед манай гэр бүлийнхэн хотоос нүүгээд байлаа. Эзэн хааны үгийг сонсоод надад ер бусын хоосон мэдрэмж төрсөн. Тэр хүртэл амьдарч ирсэн, мэддэг байсан хорвоо ертөнц маань өөр болох нь гэдгийг ойлгож ухаарах надад хүнд байв. Гэхдээ дайнд ялагдсан тал нь бид байсан ч, эргэн тойрны минь бүх зүйл нуран унах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байвч юм бүхэн ногоон өнгөөр тунарч, модод зуны хурц наран дор нялх ногоон өнгөөр гэрэлтэж байж билээ. Гэрийнхэн маань бүх зүйл жам ёсоороо болж байна гэсэн шиг тайван байсан. Ганцхан надад л тогтож суухын аргагүй хачирхалтай хоосон мэдрэмж төрж байсан болов уу.
Удалгүй залуу сэхээтнүүд “Бидний цаг ирлээ. Оюуны салбарт шинэчлэл хийе” гэж ярих болсон. Энэ нь хэт хэнхэглэсэн, туйлширсан үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ хүмүүс баярлаж хөөрсөндөө үнэхээр тэгж бодож байсан юм. Хязгааргүй эрх мэдэлтэй байсан цэргийн эрхтэн дархтануудын үе намайг 20 настай байхад гутамшигтай ялагдлаар төгсгөл болсон. Тэд байхгүй болсноор л Япон орон энхтайван, амар амгалантай золгосон гэвэл харин өрөөсгөл. Аж үйлдвэрлэлийн буянаар л япончууд хөл дээрээ боссон юм. Гэхдээ дайн дууссаны дараа хүмүүсийн яриад байсан өнөөх оюун санааны хувьсгал болоогүй. Тэр үед ид залуу байсан бусад 20-иод настнуудын адил би амьдралаа цаашид яажшуу эргэх бол гэж их эргэцүүлдэг байлаа. Дайн дууссаныг зарласан тэр нэгэн зуны нар одоо ч над дээр тусаж байх шиг санагддаг.
ЭНЭ ЦАГ ҮЕД ҮХЭЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН ТУХАЙД
Рильке орчин цагийн хүмүүсийг “яруу сайхнаар үхэж чадахаа байсан” гэж бичсэн байдаг. “Хүмүүс эмнэлгийн өрөөнд яг л бээрсэн ялаа шиг үхэцгээж байна” гэж тэр хэлсэн. Өвчнөөр ч бай, машины ослоор ч бай, ер яаж ч үхсэн өнөө цагт үнэхээр ч нэр төртэй, дуулиан шуугиантай хорвоогоос буцах хэцүү болжээ. Баатарлагаар үхнэ ч гэж одоо байхгүй болсон байна. XVIII зууны үеийн “Хагакүрэ” гэдэг ном уншиж байснаа санаж байна. Тэр номонд утга учиртай амьдарна гэдэг гагцхүү үхэлд бэлтгэхийн нэр байдаг тухай өгүүлдэг юм. “Хагакүрэ”-гийн зохиолч юм бүхнээс илүү үхлийг сонгох ёстой гэж сургасан атлаа өөрөө тун урт наслаж, сүмогийн дэвжээн дээр амьсгал хураасан байдаг. Дайчин эр байсан хэрнээ үхэх өдрөө дотроо төсөөлөн бодохоос хэтрээгүй, яаж үхэхээ өөрөө шийдэх боломж түүнд олдоогүй юм.
Үхлийн талаар боддог хүмүүс юунаас ч айдаггүй, эрэлхэг зоригтой байдаг юм биш. Амьдрал гэдэг их хачин эд. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэхэд хүний зориг хүрдэггүй. Үхэл, амьдралын талаар эргэцүүлэхдээ хүн үргэлж ямар нэг учир шалтгаан олох гэж зүдэрдэг. Харин зарим хүн зөвхөн өөрийгөө бодож амьдрахаас залхдаг. Тэгээд ердийн нэг шалтаг бус илүү нэр төртэй зүйл эрэлхийлдэг байх. Гэтэл ардчилсан тогтолцоо тийм хүндтэй шалтгаан, үнэт зүйлсийг нь хүмүүст зэхэж өгөхгүй байна. Тийм болохоор л одоо цагт баатарлагаар амиа алдах боломжгүй болсон. Уг нь амь наснаасаа илүү эрхэмлэх зүйлтэй байсан цагт л хүний сэтгэл зүрх хоосрохгүй, амьдрал нь ч илүү утга учиртай байна.
ӨӨРИЙНХӨӨ ҮХЛИЙН ТУХАЙД
Дайны үед үхэл бидэнд их ойр байжээ. Амьд явснаас үхэх нь илүү дээр санагдах үе ч байсан. Хачирхалтай нь тэр тухай одоо дурсан санахад надад гэгээн сайхан дурсамж шиг санагддаг. Хүн бүр л аз жаргалтай байхыг, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Гэр бүлтэй байхын, эрүүл саруул байхын, баясаж цэнгэхийн жаргал гэж бий. Гэхдээ тэр олон янзын жаргалаас илүү “Нэг л өдөр үхнэ” гэдгээ ухаарах шиг жаргал байхгүй. Тиймээс би нэгэн цагт ирэх нь тодорхой үхлээс биш, харин яаж үхэх бол гэдэгтээ илүү санаа зовдог. Ямар нэгэн үнэ хүндтэй, нэр төртэй зүйлийн төлөө би үхэхийг хүснэ. Гэвч буруу цаг үед төрчихжээ. Эцэст нь “Хагакүрэ”-гийн зохиолч шиг, өөрийнхөөрөө үхэхсэн гэж мөрөөдөхөөс хэтрэхгүй байж байгаад л дэвжээн дээрээ амьсгал хураах байх.
Уг ярилцлагаас дөрвөн жилийн дараа, 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд Мишима амиа егүүтгэсэн юм. Тэрбээр жинхэнэ самурай эрийн ёсоор сэппүкү хийж буюу гэдсээ хутгаар хүүлж амиа хорложээ. “Арвижихын тэнгис” нэртэй дөрвөн дэвтэр роман түүний сүүлчийн бүтээл байв.
Г.ЛХАГВА
ҮХЭЛД ХОВСДУУЛСАН ЗЭТГЭР “Би үхэхээс илүү өвдөхөөс айдаг. Тэр тусмаа хорт хавдар тусах вий гэж үнэн голоосоо түгшдэг. Түүн шиг аймшигтай зүйл байхгүй” гэсэн үгээр NHK телевизэд 1966 онд өгсөн Юкио Мишимагийн (1925-1970) ярилцлага эхэлнэ. Тэрбээр дэлхийн II дайны дараах үеийн Японы сод зохиолчдын нэг бөгөөд Нобелийн шагналд хэдэнтээ нэр дэвшиж байсан “Алтан сүм” роман нь дэлхий нийтийн хамгийн их уншдаг япон зохиолуудын эхэнд бичигддэг юм. (Уг зохиол Ц.Цэнгэлийн орчуулснаар монгол хэлнээ хэвлэгдсэн нь бий). 19-хөн настайдаа анхны номоо хэвлүүлж “Багны наманчлал”, “Хориотой өнгөнүүд”, “Зуны дунд сарын үхэл” зэрэг хэдэн арван тууж, роман бичсэн Мишима уран зохиолоос гадна кино, драмын төрөлд ч мөрөө үлдээжээ. Мөн бие хамгаалах урлагаар хичээллэж, самурайн ёсыг эрхэмлэдэг ихэд үндсэрхэг үзэлтэн байсан нь түүний бүтээл туурвилд тусгалаа олсон байна. Мишимагийн жинхэнэ нэр нь Кимитакэ Хираока юм. Харин Мишима гэдэг нь Үхэлд ховсдуулсан зэтгэр гэсэн утгатай агаад тэрбээр чухамхүү үхэлд дурлаж, үхлийг таньж мэдэх гэж л амьдарсан шиг байдаг. NHК-д өгсөн түүний ярилцлага гурван хэсэгтэй. Мэдээжийн хэрэг, өөрт нь хамгийн ойр сэдэв болох үхлийн талаар л “Үхэлд ховсдуулсан зэтгэр” ярьжээ. ДАЙН ДУУССАН ҮЕИЙН ТУХАЙД Дайн дууссаныг зарласан эзэн хааны мэдэгдлийг би нэг хамаатныхаа гэрт сонссон юм. Нүүлгэн шилжүүлэлтээс болж тэр үед манай гэр бүлийнхэн хотоос нүүгээд байлаа. Эзэн хааны үгийг сонсоод надад ер бусын хоосон мэдрэмж төрсөн. Тэр хүртэл амьдарч ирсэн, мэддэг байсан хорвоо ертөнц маань өөр болох нь гэдгийг ойлгож ухаарах надад хүнд байв. Гэхдээ дайнд ялагдсан тал нь бид байсан ч, эргэн тойрны минь бүх зүйл нуран унах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байвч юм бүхэн ногоон өнгөөр тунарч, модод зуны хурц наран дор нялх ногоон өнгөөр гэрэлтэж байж билээ. Гэрийнхэн маань бүх зүйл жам ёсоороо болж байна гэсэн шиг тайван байсан. Ганцхан надад л тогтож суухын аргагүй хачирхалтай хоосон мэдрэмж төрж байсан болов уу. Удалгүй залуу сэхээтнүүд “Бидний цаг ирлээ. Оюуны салбарт шинэчлэл хийе” гэж ярих болсон. Энэ нь хэт хэнхэглэсэн, туйлширсан үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ хүмүүс баярлаж хөөрсөндөө үнэхээр тэгж бодож байсан юм. Хязгааргүй эрх мэдэлтэй байсан цэргийн эрхтэн дархтануудын үе намайг 20 настай байхад гутамшигтай ялагдлаар төгсгөл болсон. Тэд байхгүй болсноор л Япон орон энхтайван, амар амгалантай золгосон гэвэл харин өрөөсгөл. Аж үйлдвэрлэлийн буянаар л япончууд хөл дээрээ боссон юм. Гэхдээ дайн дууссаны дараа хүмүүсийн яриад байсан өнөөх оюун санааны хувьсгал болоогүй. Тэр үед ид залуу байсан бусад 20-иод настнуудын адил би амьдралаа цаашид яажшуу эргэх бол гэж их эргэцүүлдэг байлаа. Дайн дууссаныг зарласан тэр нэгэн зуны нар одоо ч над дээр тусаж байх шиг санагддаг. ЭНЭ ЦАГ ҮЕД ҮХЭЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН ТУХАЙД Рильке орчин цагийн хүмүүсийг “яруу сайхнаар үхэж чадахаа байсан” гэж бичсэн байдаг. “Хүмүүс эмнэлгийн өрөөнд яг л бээрсэн ялаа шиг үхэцгээж байна” гэж тэр хэлсэн. Өвчнөөр ч бай, машины ослоор ч бай, ер яаж ч үхсэн өнөө цагт үнэхээр ч нэр төртэй, дуулиан шуугиантай хорвоогоос буцах хэцүү болжээ. Баатарлагаар үхнэ ч гэж одоо байхгүй болсон байна. XVIII зууны үеийн “Хагакүрэ” гэдэг ном уншиж байснаа санаж байна. Тэр номонд утга учиртай амьдарна гэдэг гагцхүү үхэлд бэлтгэхийн нэр байдаг тухай өгүүлдэг юм. “Хагакүрэ”-гийн зохиолч юм бүхнээс илүү үхлийг сонгох ёстой гэж сургасан атлаа өөрөө тун урт наслаж, сүмогийн дэвжээн дээр амьсгал хураасан байдаг. Дайчин эр байсан хэрнээ үхэх өдрөө дотроо төсөөлөн бодохоос хэтрээгүй, яаж үхэхээ өөрөө шийдэх боломж түүнд олдоогүй юм. Үхлийн талаар боддог хүмүүс юунаас ч айдаггүй, эрэлхэг зоригтой байдаг юм биш. Амьдрал гэдэг их хачин эд. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэхэд хүний зориг хүрдэггүй. Үхэл, амьдралын талаар эргэцүүлэхдээ хүн үргэлж ямар нэг учир шалтгаан олох гэж зүдэрдэг. Харин зарим хүн зөвхөн өөрийгөө бодож амьдрахаас залхдаг. Тэгээд ердийн нэг шалтаг бус илүү нэр төртэй зүйл эрэлхийлдэг байх. Гэтэл ардчилсан тогтолцоо тийм хүндтэй шалтгаан, үнэт зүйлсийг нь хүмүүст зэхэж өгөхгүй байна. Тийм болохоор л одоо цагт баатарлагаар амиа алдах боломжгүй болсон. Уг нь амь наснаасаа илүү эрхэмлэх зүйлтэй байсан цагт л хүний сэтгэл зүрх хоосрохгүй, амьдрал нь ч илүү утга учиртай байна. ӨӨРИЙНХӨӨ ҮХЛИЙН ТУХАЙД Дайны үед үхэл бидэнд их ойр байжээ. Амьд явснаас үхэх нь илүү дээр санагдах үе ч байсан. Хачирхалтай нь тэр тухай одоо дурсан санахад надад гэгээн сайхан дурсамж шиг санагддаг. Хүн бүр л аз жаргалтай байхыг, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Гэр бүлтэй байхын, эрүүл саруул байхын, баясаж цэнгэхийн жаргал гэж бий. Гэхдээ тэр олон янзын жаргалаас илүү “Нэг л өдөр үхнэ” гэдгээ ухаарах шиг жаргал байхгүй. Тиймээс би нэгэн цагт ирэх нь тодорхой үхлээс биш, харин яаж үхэх бол гэдэгтээ илүү санаа зовдог. Ямар нэгэн үнэ хүндтэй, нэр төртэй зүйлийн төлөө би үхэхийг хүснэ. Гэвч буруу цаг үед төрчихжээ. Эцэст нь “Хагакүрэ”-гийн зохиолч шиг, өөрийнхөөрөө үхэхсэн гэж мөрөөдөхөөс хэтрэхгүй байж байгаад л дэвжээн дээрээ амьсгал хураах байх. Уг ярилцлагаас дөрвөн жилийн дараа, 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд Мишима амиа егүүтгэсэн юм. Тэрбээр жинхэнэ самурай эрийн ёсоор сэппүкү хийж буюу гэдсээ хутгаар хүүлж амиа хорложээ. “Арвижихын тэнгис” нэртэй дөрвөн дэвтэр роман түүний сүүлчийн бүтээл байв. Г.ЛХАГВА