Барилгын салбарынхны их ажлын үе эхэлж буйтай холбогдуулан бид “Редакцын уулзалт”-аа энэ сэдвээр хийлээ. Балаг ихтэй гэгддэг барилгын салбар дахь хяналт шалгалт манайд ямар байдаг хийгээд газар олгохоос эхлээд зураг төсөл хийлгэх, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хэрхэн олгодог тухай ярилцав. Манай редакцын уулзалтад БХБЯ-ны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбат, МХЕГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, тус газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа нар оролцлоо.

-Барилгын салбарынхантай холбоотой асуудал жилийн жилд сөхөгддөг. Хамгийн сүүлд л гэхэд Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдал нийгэмд дуулиан тарилаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, нийслэлийн Засаг дарга саяхан захирамж гаргаж, БХБЯ тэргүүтэй холбогдох газруудад хүргүүлсэн байсан. Танай яамны зүгээс яг энэ байран дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
Ц.Ганбат: -Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 16 дугаар байрны айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан нь иргэдийн аюулгүй байдлын үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ байсан. Гэхдээ миний ажигласнаар бол юу юугүй ойрын хугацаанд аюул осол учруулахгүй гэдэг нь тодорхой байсан. Ямартай ч хажууханд нь барилгын суурь ухсанаас болж газар гэсэх үед хөрс нь нурж, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байсан учраас мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн юм билээ. Тэр дагуу дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн мэргэжлийн багт би ч зөвлөгөө өгч ажилласан.
Мэргэжлийн хүмүүс маш богино хугацаанд дүгнэлтээ гаргасан гэхэд ямар ч байсан голтой болсон гэж бодож байгаа. Яагаад энэ нөхцөл байдалд хүрсэн гэдэг нь тодорхой. Ямар нэг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас л болсон. Миний хувьд гүйцэтгэгч, захиалагч компани ажлаа буруу хийгээгүй л бол иймэрхүү зүйлд шууд тэдэнд буруу өгөхийг зөвшөөрдөггүй. Тэд яаж ийгээд томхон газарт, олон давхар барилга барихыг л хүснэ шүү дээ. Харин тэднийг болно, болохгүй гэдгийг нь хэлж өгөх, норм дүрмийг мөрдүүлэх үүрэгтэй газар бол төрийн бүх шатны байгууллага. Тиймээс энэ бүхний уг үндэс нь төрийн байгууллагуудаас өөрсдөөс нь эхтэй. Тухайлбал, манай яам гол зөвшөөрлийг олгосон байсан. Суурийн дутуу зурган дээр манай Барилгын хөгжлийн төв магадлал хийгээд өгчихсөн, түүнийг нь үндэслээд яам зөвшөөрөл олгохдоо бүр нэмээд барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх эрх өгчихсөн.
Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл байсан. Хамгийн сүүлд орон нутгийн удирдлагууд нь нөхцөл байдлыг үнэлж, дүгнэлт хийхдээ хүртэл хөнгөн хуумгай хандаж, айлуудыг шууд нүүлгэн шилжүүлсэн нь угтаа буруу юм шүү дээ. Мэдээж тухайн компани зураг төсөл дээр заасан хэмжээ, норм дүрмийн дагуу газар шорооны ажил эхлэхдээ бэхэлгээ хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой байсан. Харамсалтай нь зураг төслийн байгууллага тэгээгүй юм билээ.
-“Би Жи Би Жи” компани тус байрны зүүн талд гарааш, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилга барих зөвшөөрөл авснаа сунгуулахаар хүсэлт тавихдаа өнөөхөө 18 болгомоор байна гэхэд нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар батлаад өгчихсөн юм билээ. 16 дугаар байрны хажууд тийм өндөр барилга барих боломж байсан юм уу. Ер нь танайх ямар судалгаа, дүгнэлтэд үндэслэн тэгж баталсан юм бэ?
Т.Эрдэнэтуяа: -Тус компани барилгаа 18 давхар болгох хүсэлтээ холбогдох газруудад удаа дараа тавьж, асуудлаа шийдүүлж байсан юм билээ. Дүүрэг хариуцсан мэргэжлийн архитекторуудаас бүрдсэн бүхэл бүтэн баг хуралдаж байж, 60.2х17.5 хэмжээтэй барилга барих төлөвл өлтийн даалгаврыг нь баталж өгсөн. Тэнд 18 давхар барилга барихад зай хэмжээ, барилгажих талбайн даац нь болно гэж үзсэн учраас л тийм шийдвэр гаргасан байж таарна. 16 дугаар байртай харьцуулахад тэр барилгын суурь харьцангуй нам дор газар шүү дээ.
-Мэргэжлийн хяналтын газрынхны гаргасан дүгнэлтээр 16 дугаар байр баруун тийшээ дөрвөн см хазайсан гэсэн. Тэр хазайлт яг юунаас болсон юм бэ. Хэдийгээр одоо тус байранд ноцтой нөлөөлөл байхгүй, оршин суугчдыг нь буцаагаад оруулна гэж байгаа ч иргэдийн хувьд түгшүүртэй хэвээр байна лээ?
Г.Батбаатар: -Энэ хазайлтыг юунаас болсныг одоохондоо тогтоох боломжгүй. Илүү нарийн багаж хэрэгслээр судалгаа хийвэл болох л доо. Ямартай ч 16 дугаар байрны дөрвөн см хазайлт бол норм нормативын хувьд тухайн барилгын өндөртэй харьцуулахад тогтоогдох хязгаараас илүү гарсан зүйл байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Саяны бидний гаргасан дүгнэлт 2013 онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус байрны чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнтэй бараг 100 хувь таарсан. Тэр шалгалтаар 16 дугаар байрыг ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Энэ удаагийн шалгалтаар бид ямар ч байсан цаашид арга хэмжээ авахгүй бол ийм эрсдэлтэй гэдгийг бид тогтоогоод өгсөн. Одоо харин энэ дагуу мэргэжлийн байгууллага хурдан арга хэмжээ авах ёстой болов уу.
Ер нь бол мэргэжлийн хяналтын байгууллага 16 дугаар байран дээр үүссэн нөхцөл байдалд анхнаас нь хяналт шалгалт хийж байсан. Тухайлбал, 2014 оны есдүгээр сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Та нарын төлөвлөлтийн даалгавар баталж өгсөн энэ барилга чинь шаардлага хангахгүй байна. Барилга төлөвлөлттэй холбоотой зүйлүүд чинь гаргасан захирамжаатайгаа зөрчилдөөд байна. Арга хэмжээ авна уу” гэж тэнд бичсэн байгаа. Мөн аравдугаар сард нь “Би Жи Би Жи” компанид “Барилгын суурь ухуулсан газартаа бэхэлгээ сайн хийхгүй бол аюултай шүү” гэсэн шаардлага хүргүүлж байсан. Түүнчлэн “Танай гаргасан зураг төсөл шаардлага хангахгүй байна” гэдгийг ч зураг төслийн компанид албан бичгээр мэдэгдэж байсан. Гэтэл байдлыг өдий хүртэл сунжруулсан нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Манай төрийн байгууллагууд нэгнийхээ явуулсан албан бичиг, шаардлагад хариу өгөхгүй, хойрго ханддагийн уршгаар үүнээс ч илүү эрсдэлтэй нөхцөл байдалд хүрч мэдэхээр байлаа.
-“Би Жи Би Жи” ХХКийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гарсан. Энэ юу болсон бэ?
Б.Загдсамбар: -Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор захирамжийн төслөө бэлтгээд санал авч байгаа. Хурлаас чиглэл өгсний дараа төлөөлөгчид бүгд гарын үсгээ зураад хүчингүй болгочихгүй. Засаг даргын тухайн захирамжийг гаргахын тулд эхлээд тэр захирамж үндэслэлтэй юү, хуулийн дагуу гарч байна уу гэдэгт үнэлэлт өгдөг. Үүний дараа захирамжийг хянах, санал өгөх эрх бүхий субъект бий. Тэр бүгдээс санал авч дуусаад хамгийн сүүлд Засаг дарга баталгаажуулж гарын үсэг зурах учиртай.
-Хэдэн субъект байдаг юм бэ. Одоогийн байдлаар хэд нь зөвшөөрсөн бэ?
-“Би Жи Би Жи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжид санал өгөх найман субъект бий. Одоогоор яг хэд нь саналаа өгснийг хэлж мэдэхгүй байна.
-Муу амлаж байгаа юм биш шүү. Гэхдээ хэрэв сая 16 дугаар байрны суурь хөрсөнд нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Нийслэлийн ИТХ-ын удирдлагын зөвлөлийн хурлаас харж байхад бүгд л нэгэн рүүгээ бурууг бухаад байсан. “Ийм тохиолдолд манайд буух эзэн олдохгүй юм байна даа” гэж эрхгүй бодогдсон?
Г.Батбаатар: -Төр ч, иргэн ч хуулиа мөрдөөд явж байсан бол ийм асуудал үүсэхгүй. Асуудал үүсэхэд хууль хяналтын байгууллага эхлээд шалгадаг. Цагдаа, Авлигатай тэмцэх газар, эцсийн шатанд буруутай этгээдийг шүүх тогтоодог шүү дээ. Ардчилсан улсад бид үүргээ мэдээд эрхээ эдэлж чаддаг байх ёстой. МХЕГ-ын шинэчлэлийн ажлыг энд онцлон хэлмээр байна. Бид хууль ёсны дагуу ажиллаж байгаа байгууллагыг эрсдэл багагатай гэж үзээд, шалгах хугацааг нь холдуулсан. Өөрөөр хэлбэл, шалгаж, шахахдаа гол нь биш, урьдчилан сэргийлж, зөрчлөө засаж залруулаг гэсэн үүднээс хяналтын хуудас гаргасан гэсэн үг.
Ц.Ганбат: -Болоогүй юманд хариуцлага хүлээх эзнийг хайдаггүй юм. Гэхдээ суурь хөрсөнд нөлөөлсөн бол хариуцлага хүлээх эзэд нь тодорхой. Би өмнө нь хэлсэн. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн буруу. Тэд хариуцлагаа хүлээнэ. Эмч хүний нүд, хэлийг хараад өвчний ерөнхий шинжийг мэддэг шиг барилгын мэргэжилтнүүд барилгыг гаднаас хараад ийм хийцтэй, цонхыг нь хараад зочны болон ариун цэврийн өрөө нь эндээ юм байна гэх мэтээр “уншиж” чаддаг юм. Саяынх шиг нөхцөл байдал үүсэхэд ч барилгын мэргэжилтнүүд тодорхой дүгнэлтээ гаргачихна. Гэтэл дүүргийн удирдлагууд өөрсдөө “16 дугаар байр хазайчихлаа” гэж хий сүржигнэн, нийтэд мэдээлэл цацсан нь олон сөрөг нөлөө авчирлаа. Тэд яагаад мэргэжлийн хүмүүст хандаагүй юм бэ. Эхлээд ухсан суурийн хөрсөнд хүчитгэл хийсэн бол урьдчилан сэргийлэх ажил зөв хийгдэх байсан юм. Тэгээд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа олон нийтэд зарлахад оройтохгүй. Гэтэл барилгын төлөв байдал, техникийн асуудлыг мэдэхгүй байж хий дэмий улс төр хийж, өөрийн үзэл бодлоор шийдвэр гаргаснаас ийм байдал үүссэн. Үүнийг би тухайн газрын зөвшөөрлийг цуцлуулахын тулд зориуд хийсэн санаатай үйлдэл гэж бодож байгаа. Хэрэв энэ нөхцөлд гүйцэтгэгч компани шүүхэд хандвал түүнийг буруутгахгүй болов уу.
-2014 оны гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Би Жи Би Жи” компанид баталж өгсөн төлөвлөлтийн даалгаврыг цуцлах шаардлагыг танайх холбогдох газрууд руу тухай бүрт нь явуулсан гэсэн. Тэднээс хариу ирүүлсэн үү. Тухайлбал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хариу ирсэн үү?
Г.Батбаатар: -Өнөөг хүртэл аль ч байгууллагаас нь ямар ч хариу ирээгүй. Уг нь төрийн байгууллагууд маань ядаж өөрсдөө хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгнийхээ тавьсан шаардлагыг хүндэтгэн хэрэгжүүлэх ёстой юм л даа. Өнөөдөр бид бүгдээрээ л төрийн хяналтын хуулийг хэрэгжүүлж байгаа. Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн хяналт тавьж байгаа. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга, хот байгуулалтын яам хоёр өгч байна. Үүнийг буруу гэж байгаа юм биш. Гагцхүү бид хамтран ажиллах л чухал.
-“Би Жи Би Жи” компанийн тухайд гэхэд л танай шаардлагыг биелүүлэх нь байтугай хариу ч өгөөгүй гэсэн үг үү. Мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээдэг үү?
-Үнэнийг хэлэхэд манай Төрийн хяналт, шалгалтын тухай хууль дутуу алсан могой гэдэг шиг л юм болсон. Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд яах вэ гэдэг нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр шиг албадан биелүүлэх энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Бидний хийсэн хяналт шалгалтын эцсийн үр дүнг үзье гэвэл шүүхэд хандахаас өөр аргагүй гэсэн үг. Гэтэл тэр процесс нь маш удаан. Ингээд мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан шийдвэр нэг газарт очоод гацчихдаг нь өнөөдрийн манай мөрдөж буй хуулийн гажуудал юм. Ямар сайндаа л улсын байцаагч бол шүдгүй арслан гэсэн онигоо гарсан байх вэ дээ.
-Төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладгийн нэг жишээ энд байна. Удаа дараа зөрчил гаргасан 11 компанийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтээ мэргэжлийн хяналтын байгууллага БХБЯ-нд хүргүүлсэн гэсэн. Гэтэл яам нь болохоор “Манайд тийм хүсэлт ирээгүй” гэх. Ингэхээр сэтгүүлч бид алинд нь итгэх вэ?
Г.Батбаатар: -Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барина гэж санхүүжилтээ авчихаад, хаяад явсан компаниудын толгойг илж болохгүй биз дээ. Удаа дараа зөрчил гаргачихаад, мэргэжлийн хяналтынхны үгийг нохой шиг санадаг компаниудыг өөгшүүлмээргүй байна. Тиймээс бид яам руу хүсэлтээ явуулсан. Аливаа зүйл дэс дараатай явагддаг. Манайхаас яам руу явуулсан албан бичгийг шийдэх хугацаа гэж бас бий. Бидний гаргасан шийдвэр үнэхээр зөв үү, үгүй юү гэдгийг нягталж, дахин шалгах шаардлагатай зүйл ч байж болох. Яагаад гэвэл нэг компанийн цаана дор хаяж 40 хүний ажил амьдрал байдаг.
Ц.Ганбат: -Энэ хүсэлтийг би өчигдөр л тайлантай нь хамт хүлээж авсан. Урьд нь манай яаманд ирсэн юм билээ л дээ. Харин сая надад ирсэн бичигтэй холбоотойгоор судалж эхэлнэ. Үнэхээр буруутай байвал арга хэмжээ авна. Ер нь бол аливаа нэг компанийн буруутай үйл ажиллагааг бүрэн зогсоох, тултал арга хэмжээ авах эрх, үүрэг нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад л бий. Гэтэл зүгээр шууд л тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, эсвэл хүчингүй болгох гэж тулгадаг. Үнэхээр зөрчил гаргачихаад, улсын байцаагчийн үгийг хүлээж авахг үй байгаа бол яагаад үйл ажиллагааг нь шууд таслан зогсоож болдоггүй юм. Хоёр, гурван сараар ч хамаагүй, үйл ажиллагааг нь зогсоож байгаад, зөрчлөө бүрэн арилгасан хойно нь эргээд эрхийг нь нээж болно биз дээ. Би мэргэжлийн хяналтын газрын ажлыг мэднэ. Тэнд ажиллаж байхдаа ёстой нэг майжийтал явдаг байсан. Ашиглалтад ороогүй барилгуудад тусгай цаас наахаас эхлээд зөрчлөө арилгахгүй бол ус, цахилгааныг нь таслах зэргээр авч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг туршдаг байлаа. Гэтэл өнөөдөр манай мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө хийх ёстой ажлыг алгасан, “Танайх тусгай зөвшөөрөл өгсөн юм чинь одоо эднийхээ толгойг нь цавчаадах” гэж яам руу шууд явуулдаг. Тэгэхээр асуудал аль аль талдаа л бий. Миний бодлоор улсын байцаагчийн эрх хэмжээ багадаагүй. Акт тогтоосон ч болно шүү дээ.
Г.Батбаатар: -Бид авч болох бүхий л арга хэмжээгээ аваад, хүчрэхгүй болсон учраас яам руу хандсан хэрэг л дээ. Дээрх 11 компани нэлээд олон удаа зөрчил гаргасан. Мөн дээрээс нь бүлэг осол гаргачихаад хашрахгүй байна. Бүлэг осол гэдэг нь хоёроос дээш хүний аминд хүрч, олон хүнийг тахир дутуу болгосон тохиолдлыг хэлдэг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй, удаа дараа зөрчил гаргаад байгаа иймэрхүү компаниудыг дахиад барилгын салбарт ажиллуулах ёсгүй гэж үзсэн учраас л яаманд асуудлаа тавьсан. Түүнээс биш бид шалгасан компани болгоноо үйл ажиллагааг нь зогсооно, эрхийг нь цуцална гэж далайлгадаггүй. Мэдээж бид БХБЯ-тайгаа аль болохоор ойр ажиллаж, ойлголцохыг хичээдэг. Тэгж ч байгаа. Урьд нь бид зөвхөн нэг, хоёр хүний амь нас гэж ярьдаг байсан бол одоо бүхэл бүтэн байшин нурах, хазайх тухай асуудал сөхөгдөж байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх цаг нь болсон.
Ц.Ганбат: -Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд, хяналт шалгалтыг би зөвхөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбож яриагүй шүү. Барилгын үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх ашиг гэж том зүйл бий. Тиймээс барилгын салбарын аюулгүй ажиллагааг технологи, зохион байгуулалт гэдэг хоёр зүйлтэй зайлшгүй холбож ярих ёстой юм. Технологи гэдэгт газар олголтоос эхлээд бүх зүйл орно. Тэнд ч газар олгож болохгүй, энд ч өндөр барилга барьж болохгүй гээд, бүхнийг хааж хориод байвал энэ улс чинь яаж хөгжих юм бэ. Өөрөө орон сууцанд амьдарчихаад, хажуу дахиа болохоор гэр хороололдоо байж бай гэж адалж болохгүй биз дээ. Гэтэл тэр барилга нь үнэхээр тухайн орчинд хэрхэн нөлөөлж буй эсэхийг нь мэргэжлийн хүний дүгнэлтээр сонсоогүй байж, хэн нэгнийхээ үгээр бүгд агаарт жинг үйдээд, сенсаацлаад байдаг.
-Зөвшөөрөлгүй барилгын тухай асуудал сөхөгдөх тоолонд хууль бус газар олголт гэдэг зүйл байнга дагаж явдаг. Барилгын үйл ажиллагааны технологи гэдгийг ярихын тулд газар олголтоос эхлэх ёстойг сая Ц.Ганбат дарга ч хэллээ. Өмчийн харилцааны газрынхан энэ талаар юу хэлэх вэ?
Т.Баттөмөр: -Манайханд ийм буруу ойлголт байгаад байдаг. Уг нь бол газар олгосноос болж зөвшөөрөлгүй, буруу хазгай барилга баригдаад байгаа юм биш л дээ. Газрыг ямар зориулалтаар олгосон бэ гэдэг ялгаатай ойлголт. Манай улс бүх газраа хайрлаж байгаа нь энэ гээд иргэддээ эзэмшүүлэхгүй, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байвал хөгжихөд хэцүү. Тиймээс бид газрыг аль болохоор эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьдог. Тэгэхээр манайхаас ногоон байгууламж байгуулахаар, эсвэл нэг давхар оффисын барилга барихаар, гарааш, үйлчилгээний зориулалтаар гэхчилэн ямар ч нөхцөлөөр газар олгож болно. Гагцхүү тухайн олгосон газрын 10-аас дээш хувьд ногоон байгууламж, тохижилт, зам талбай хийнэ гэж Газрын тухай хуульд заагаад өгчихсөн. Хот байгуулалтын тухай хуульд харин 30-аас доошгүй хувийг ногоон байгууламж, зам талбай эзэлнэ гэж байдаг. Тиймээс тухайн газарт зориулалтынх нь дагуу ямар норм дүрмээр ямар барилга барих вэ гэдгийг төлөвлөлтийн шатанд шийддэг. Магадгүй 16 дугаар байрны зүүн талын газарт аюулгүй байдлаа бодсон бол 18 биш 12, эсвэл бүр нэг давхар барилга барьсан ч болох байсан. Тэгэхээр үүнийг газар олгосноос үүдэлтэй гэж хэлж болохооргүй байгаа биз.
...Өнөөг хүртэл аль ч байгууллагаас нь хариу ирээгүй. Уг нь төрийн байгууллагууд ядаж өөрсдөө хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгнийхээ тавьсан шаардлагыг хүндэтгэн хэрэгжүүлэх ёстой юм л даа...
-Тэгвэл газрын зориулалтыг өөрчлөх эрх ямар байгууллагад байдаг вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Газар, барилгажилтын зөвлөл үүнийг шийддэг. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг энэ зөвл өл хурлаараа хэлэлцээд, эзэмшдэг газрынх нь зориулалтыг өөрчлөх, эсэхээ олонхийн саналаар шийддэг юм.
-Хан-Уул дүүргийн I хорооны нутагт 12 давхар барилга барьж буйг иргэд “Нар хаалаа” гэж олон жил эсэргүүцсэнээр тухайн барилгыг нураах болсон. Тэгэхэд “Монгол Улсад хууль үйлчилдэг юм байна” гэж олон хүн баярласан. Гэтэл одоо зөвхөн С блокийг нь буулгаад, бусдыг нь үлдээх сонирхол төрийн байгууллагуудад байна гэдэг хардлага гараад буй. Шүүхийн шийдвэр нь яг ямар байсан юм бэ?
Б.Загдсамбар: -Тэр газарт ямар барилга барих вэ гэдгийг мөн л төлөвлөлтөөр шийддэг. Гэхдээ бид ХанУулын тэр барилга дээр анхаарал хандуулж, С блокийг нь буулгуулах ажлыг тухайн компанитай ярилцсаны үндсэн дээр өөрсдийнх нь хөрөнгөөр хийлгэсэн. Шүүхээр яваад багагүй хугацаа өнгөрсөн асуудал шүү дээ. Ямар ч байсан тухайн иргэний гомдлыг шийдэж өгсөн. Харин шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийнхэн “Энэ хэсгийг буулга” гэж шийдвэрлэсний дагуу С блокийг буулгасан юм.
Ц.Ганбат: -Тэр барилгатай холбоотой өөр нэг асуудал бол тэндхийн ганц оршин суугч л ийм маргаан гаргасан. Бусад нь барилгын компанийнхантай зөвшилцсөн юм билээ. Тухайлбал, өрөөнийхөө хоёр талд цонхтой айл байлаа гэхэд түүнийгээ хаалган, хана болгоод, “Адоре пропертиз” ХХК-иас мөнгө авч, хоорондоо тохиролцсон жишээ олон. Харин ганц нэг хүн тухайн компанийнхантай тохиролцоогүйгээс асуудал үүсгэсэн. Ер нь бол улс орон гэж байгаа цагт барилга барьж л таарна. Яахаараа манайхан нар хаасан барилга гэж яриад байдаг юм бэ. Тодорхой норм дүрмийн дагуу л барилга баригдаж байгаа. Эрэлт ч их бий. Гэр хороололдоо “шигдээд”, барилга барихгүй бол хөгжил гэж байхгүй. Иргэдийн орон сууцанд амьдрах эрхийг төр хангах үүрэгтэй.
-Гэхдээ инженерийн шугам сүлжээ, дулаанаа шийдээгүй байж нэг дор олон барилга барьж байна. Үүнээс болж өвөлдөө хүйтэн, сайн халдаггүй орон сууц цөөнгүй бий шүү дээ.
-Би барилга барих нь зөв гэснээс тооцоо судалгаагүй ажилла гэж хэлээгүй. Бүхнийг болохгүй, бүтэхгүй гээд байвал яаж хөгжих юм бэ. Шинээр барьж буй орон сууцны барилга халаалтаа сайн өгөхгүй байх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь шийдэж болох асуудал. Нийслэлийн удирдлагаас байгаа шугам сүлжээгээ ашиглаад хүмүүсийг аль болох орон сууцанд амьдруулъя гэж байгаа нь зөв бодлого. Нөхцөл байдалдаа тохируулан барилга барьж, асуудал гарвал тухай бүрт нь цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. “Чингис” бондын хөрөнгөнөөс Хайлааст, Баянголын амнаас дулааны шугам тавьсан. Гэтэл одоо хөрөнгө оруулалт хийхгүйгээс өнөөх нь зэврээд байж байна. Ингэж нэг ажлаа дуусгаагүй байж нөгөө рүү орж, мөнгө үрэх хэрэг байгаа юм уу.
-Манайд хот төлөвлөлт байхгүй гэж иргэд ч ярьдаг, сая нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан ч хэллээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан ямар стандарт журам мөрдөж ажиллаж байна вэ. Барилга хоорондын зай гэж байдаг байх?
Т.Эрдэнэтуяа: -Барилга хоорондын зай гэж бий. Бүх барилга зэрэгцээд байрладаггүй биз дээ. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу баригддаг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагыг баталсан. Сургууль, цэцэрлэг, орон сууц хаана хаана баригдах бүсчлэлийг нь гаргасан. Энэ ерөнхий төлөвлөгөөн дотроо төлөвлөлтүүдээ хийж байх ёстой. Тухайлбал, барилга 45, 90 градус, ташуу өнцгөөс ч хоорондоо нийлж болно. Барилгыг төлөвлөхдөө мэргэжлийн сургууль төгссөн архитекторууд зургаа гарган, хурлаар оруулж баталдаг. Айлуудын цонхыг хааж, бүр нар үзэхээргүйгээр барилгыг хэзээ ч төлөвлөдөггүй. Төлөвлөлтийн нормоор оршин суугчид өдөрт хоёр цагаас доошгүй хугацаагаар нар үзэх ёстой. Бас үзэгдэх орчин байх хэрэгтэй. Хэн хэнийх нь эрх ашгийг хөндөхгүйгээр барилгыг төлөвлөж болдог. Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны тухайд гэхэд эхлээд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гарсны дараа олон нийтэд мэдээлсэн бол ийм асуудал үүсэхгүй байлаа.
-Та бүхний гаргасан төлөвлөгөөг зураг төслийн компанийнхан өөрчилдөг асуудал гардаг шүү дээ.
-2013 оноос өмнө ийм асуудал гардаг байсан. Дурын компаниуд бидний гаргасан зураг төслийг томруулчихсан байдаг байлаа. Харин хоёр жилийн өмнөөс ийм байдал гарах нь эрс багассан. Төлөвлөлтийн даалгавар яаж гарсан, яг түүгээр эскиз батална. Эскизийн хэмжээгээр ажлын бүрэлдэхүүн магадлал хийн, улаан шугам гаргуулсан тохиолдолд зөвшөөрөл гаргаж комисс ажилладаг болсон.
-Нийслэлд зөрчилтэй баригдаж байгаа 33 барилга бий. Барилгаа барьчихаад зөвш өөрөл хөөцөлддөг гажуудал үүсээд байна. Энэ нь зөрчил гаргасан газруудад томоохон хариуцлага тооцож чадахгүй байгаатай холбоотой юу?
Т.Эрдэнэтуяа: -Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг шалгахад 33-т нь асуудал байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй 16 компани байсан. Эдгээрийн тал нь сургууль, цэцэрлэг зэрэг нийслэлийн өмчөөр баригдаж буй барилга. Хөрөнгө оруулалт нь шахуу, төлөвлөгөөтэй ажил учраас цаг хугацаатай уралдан баригдаж эхэлсэн байгаа юм. Ингэхдээ барилга эхлүүлэх зөвшөөрлөө авч амжаагүй, гэхдээ бичиг баримт нь бүгд бүрэн байсан. Мөн дүүргийн Засаг даргын захирамжтай ч далан, шугамын хамгаалалтын бүс зэрэг барилга барих боломжгүй газар үйл ажиллагаа эхлүүлсэн барилгууд цөөнгүй. Тэдний үйл ажиллагааг бүрэн зогсоосон.
-Захиалагч компаниуд тусгай зөвшөөрөлгүй, ажлын туршлагагүй гүйцэтгэгч компаниар барилга бариулсны улмаас осол гарах нь цөөнгүй. Захиалагч компанийг хариуцлагатай болгох тал дээр хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
Ц.Ганбат: -Захиалагч компани гүйцэтгэгчид мөнгөө өгчихвөл барилга барих үйл явц хамаагүй юм шиг ханддаг. Гэтэл захиалагч бол хамгийн хариуцлагатай байх ёстой. Газрын эзэн, төсөл хэрэгжүүлэгч, төслийн үр дүнг хүртэгч нь зөвхөн захиалагч. Тиймээс чанартай барилга бариулах үүрэгтэй. Гүйцэтгэгч бол тэр талбайд зөвхөн гэрээгээр ажиллаж байгаа. Хэрвээ захиалагч талаас тэднийг хянахгүй, шаардлагаа тавихгүй бол ямар нэг байдлаас болоод осол, зөрчил гаргаж болно. Алдаа гаргуулахгүй хянах нь захиалагчийн үүрэг. Бүр гүйцэтгэгч компаниуд туслан гүйцэтэгч ажиллуулаад хариуцлагаа үүрүүлдэг жишээ олон байна. Энэ бол хууль зөрчиж буй хэлбэр. Ерөнхий гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгч авсан бол бүх өөрөө үүрэх ёстой. Гэтэл хоорондоо гэрээ гэхэд хэцүү юм байгуулаад осол зөрчил гарлаа гэхэд туслан гүйцэтгэгчийг шүүх, цагдаад өгч “лообийдоод”, гэмтсэн хүнд мөнгө төлчихөөд яваад байна.
-Үүнийг тэгээд зохицуулж болдоггүй юм уу?
-Яг ямар хариуцлага хүлээх талаар дахин журам боловсруулж байна. Туслан гүйцэтгэгч компани бүү хэл, бригад гараад барилга дээр ажиллаж байна шүү дээ.
-Хуучин байраа орчин үеийн дизайнтай болгох гэж хүмүүс дотоод засал чимэглэлийг нь өөрчилж, бүр даацын ханаа нураах тохиолдол их. Энэ нь байрны чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үү?
Т.Эрдэнэтуяа: -Өөрийн ая тухдаа тохируулан байрныхаа дотоод заслыг өөрчлөх нь тухайн хүний эрх. Гэхдээ мэргэжлийн инженерээс зөвлөгөө авах хэрэгтэй. Карказан барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөхөд аюулгүй байдалд нөлөөлөхгүй. Харин хавтангаар барьсан барилгыг өөрчлөхөд газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар нь буурдаг.
Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ, Ч.БОЛОРТУЯА