Хөрөнгө оруулагчдын нүдээр монголчууд “найдваргүй гар”. Гэнэтийн “бэлгүүдийг” ар араас нь барьж, амьсгал давхцуулахдаа гаргууд. Харин сүүлийн үед төр түшиж буй эрхмүүд ийм “имиж”-ээ халж, Монгол Улсын цоо шинэ төрхийг бүрдүүлэхээр хичээж байна. Хичээл зүтгэл нь ч талаар болсонгүй, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхлэв үү гэж эргэлзүүлэхээр үйл явц өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд өрнөлөө. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээлээс монголчууд шинэ мөнгө босгоогүй. Харин өнгөрсөн мягмар гаригт Худалдаа, хөгжлийн банк 500 сая ам.дол лар амжилттай “шүүрдэв”.
Энэ үйл явц хэрхэн өрнөхөөс Монгол Улсад хөрөнгө оруулагчид хэр итгэж байгааг анзаарч болно хэмээн шинжээчид өмнө нь тэмдэглэж байв. Харин тэгтэл юу болсон гээч?! Засгийн газрын өрийн баталгаатай бондын захиалга зорилтот хэмжээнээс даруй тав дахин нэмэгдэж, 231 хөрөнгө оруулагч Худалдаа, хөгжлийн банкны өрийн бичгийн төлөө өрсөлдөн, яах ийхийн зуургүй 2.3 тэрбум ам.доллар амлах нь тэр. Эзэн улсынх нь эдийн засаг амаргүй өдрүүдийг туулж байгаа. Гэтэл Монголын хувийн хэвшлийн өрийн бичгийг хөрөнгө оруулагчид булаацалдан авсан төдийгүй хоёрдогч зах зээлийн арилжаанд ч энэ бондын чансаа буурсангүй, нэрлэсэн үнийнхээ 103 хувиар үнэлэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Өөр нэгэн жишээ татъя. Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бондын үнэ хоёрдогч зах зээлд дажгүй үзүүлэлттэй байна. Нэрлэсэн үнийнхээ 84 (10 жил), 91 хувьд (таван жил) хүртэл хямдарч байсан Засгийн газрын үнэт цаас дөрөвдүгээр сарын дунд үед таван хувиар суга өсөв. Таван хувийн хөдөлгөөн бол Америк, Монголын эдийн засгийн ялгаа гэж энгийнээр тайлбарлаж болно. Үнэ нь суга өсөж, купоны хүү нь буурсан үнэт цааснуудын ханш шинэ түвшиндээ тогтворжоод байна.
Лхагва гаригийн байдлаар Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын үнэ 95.54, арван жилийнх 89.54 ам.доллартай тэнцэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад зах зээлд үзэгдээгүй ийм эерэг үйл явдлуудын учгийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Засаг солигдсоноос, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг гэж гурвантаа давтсанаас, Оюутолгой, Тавантолгойг “хөдөлгөнө” гэж амласнаас... Харин нөгөө талд цоо шинэ байр суурь гарч ирэв. “Тавантолгой”-н 1072 хувьцааны ноогдол ашиг хэд вэ, хэзээ бид хүртэх юм, “Energy Resource”-ийн оронд “Эрдэнэс Тавантолгой” байж яагаад болохгүй гэж, Монгол Улсын эдийн засагт унах ашиг нь хэд вэ гэхчлэн бид их тодорхой зүйлүүдийн тухай ярих болов.
Ж.Оджаргалын оймсны тоог удахгүй дэлгэх вий. Монголчуудын ийм нээлттэй, ил тод, бүтээлч “хэрүүл” гадаадынханд таалагдсан гэх нэг гаргалгааг Монголбанкны ерөнхийлөгч гаргаж тавив. Өөрөөр хэлбэл, аливааг ийнхүү бодитой ярьж, хэлэлцэж буй монголчууд Оюутолгой, Тавантолгойгоо удах гүй шийдчих юм байна гэсэн шинэ мессэж гадаадынханд хүрч эхэлжээ. Нөгөө талаас дэлхийн зах зээлд зэсийн үнэ дажгүй үзүүлэлттэй харагдана. Саяхан Лон доны металлын биржид тонн нь 5500 ам.доллараар үнэлэгдэж байсан шаргал металлын үнэ энэ өдрүүдэд 6000 ам.доллар давсныг тэм дэглэе.
Мөн төмрийн хүдрийн үнэ дээшилсэн, “хог” хэвээрээ байгаа нүүрсний үнэ ч хоёр дугаар хагасаас өөдлөх байх гэсэн хүлээлт байна. Гэхдээ саар мөнгө буюу арилжааны зээлийн талдаа ийм эрэлт, шинэ сонирхол үүсээд байгааг дурдах ёстой. Сайн мөнгө буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин тэгвэл үүний хаана явна вэ? Он гарснаас хойших гурван сарын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт хасах балансаас хэтрээгүй. Дөрөвдүгээр сарын албан мэдээлэл нийтийн хүртээл болоогүй ч, эерэг үзүүлэлттэй гарч эхэлсэн тухай мэдээлэл байна. Монголчууд энэ оны эцэст нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тоолоод суух хүсэлтэй байна.
Харин сайн барааны сурталчилгаа шиг “Монголын ирээдүйтэй төслүүд” гэж цоллуулж, санхүүжүүлэх сонирхлыг нь дэлхийн түвшинд өрсөлдөөнтэй болгоход бодитой алхам үгүйлэгдсээр байна. “Оюутолгой” төслийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хариуцлагатай мэдэгдсэнсэн. Гэтэл долоо хоног шувтарч байхад таг чиг. Сэргэж эхэлсэн итгэлийг нь дэврээж, сайн мөнгөний үрийг хурдан тарих сан. Сэрсэн дээр нь бадраахгүй бол дахин сэхэхгүйгээр унтарч ч мэдэх юм, хөрөнгө оруулагчдын итгэл.
Б.ЦЭЦЭГ