Хэлмэгдүүлэлтийн үеэр хийсэн гэмээ гэнэт ухаарсан уу гэлтэй шинэ цагийн шийдвэр гаргагчид шашны асуудалд хэт их анхаарал хандуулаад байна уу даа. Гандантэгчэнлин хийдийн өргөтгөл Их Цогчэн дуганы барилгын ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөж байсан цаг саяхан. Шашны төлөө хийх хөрөнгө оруулалт үүгээр дуусахгүй бололтой. В.И.Лениний музейг “түрээслэн сууж” буй Үлэг гүрвэлийн музейг хөөж, оронд нь Буддын шашных болгох асуудлыг хэдийнэ хэлэлцээд эхэлчихэж. Батаар баатраар түрий барьж олны анхаарлын овоо хараанд өртсөний ачаар гар утасны худалдааны төв байсан барилгыг зориулалтаар нь ашиглаж эхлээд жилийн ч нүүр үзээгүй байна. Харамсалтай нь багагүй хөрөнгө хүч зарсан бүхэн үргүй зарлага болж, өнөөх дуулиант баатруудаа Тэрэлж хүрэх замд байдаг Мэлхий хадны хойд руу бас л хөрөнгө хүч зарж нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буй аж.
Шашны музей байгуулах их үймээний хөлд үрэгдэх нь Үлэг гүрвэлийн музейгээр тогтохгүй. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэх гурван шашны музейн гол хөрөнгө болсон үзвэрүүдийн асуудал шинэ бүтээн байгуулалттай зэрэгцэн сөхөгдөж эхэлнэ. Шинэ музейг Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан байгуулахаар төлөвлөсөн тул Занабазарын гэх тодотголтой бүхий л түүх дурсгалын зүйлс, соёлын үнэт өвүүдийг тэнд төвлөрүүлэх нь гарцаагүй. Үзмэрүүдээ булаалгасан Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хоосон хоргуудад юу тавихаа төлөвлөсөн юм болов уу, босгосноо эвдэх дуртай эрхмүүд.
Шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд бол Занабазар. Тиймдээ ч Богд хааны ордон музейд Өндөр гэгээний жанч, навчин титэм, сэнтий гэх мэт дурсгалт зүйлс төдийгүй Ногоон дарь эх тэргүүтэй бүтээлүүд нь хадгалагдаж буй. Үндэсний музейн сан хөмрөгт ч анхдугаар Богдын эдэлж хэрэглэж байсан цөөнгүй зүйл бий. Кино театр, энтертайнмент төвүүдэд зайгүй холхидог залуусын цуваа музей, номын сан гэх оюуны төвүүд рүү чиглэх нь ховор. Кино театруудад гарах шинэ киноны нээлтийн тасалбар олддоггүй хэрнээ музейд дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлтэд түүхчид, эрдэмтэн судлаачид, сэтгүүлчдээс өөр үзэгчгүй шахам байдаг.
Тэгэхээр боловсрол, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой байгууллагын тоог нэмэх нь нэг талаасаа сайшаалтай ч нөгөөтэйгүүр байгаа хэдэн музейгээ менежмент, бодлогоор арчилж, тордож чадаагүй хэрнээ ахин нэгийг нэмэх нь илүүц зардал мэт санагдана. Алдарт Луврын музейг дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорьдог ч франц багачуул харин тэр бүр очдоггүйг харгалзан үзээд 18 хүртэл насны иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг болгон, бодлогоор дэмжсэн байдаг. Зөвхөн Луврын музей ч гэлтгүй Герман, ОХУ гэх мэт томоохон гүрэнд шөнийн цагаар ажиллах, бага насныханд үнэ төлбөргүй үйлчлэх зэргээр сурагчид, оюутан залуусыг музейн үзэгч болгох бодлого баримталдаг.
7750 ам метр талбайтай томоохон музейн барилгыг тохижуулахад гурван тэрбумын хөрөнгө хаанаа ч хүрэхгүй хэмээн музейн захирлууд дүгнэж буй юм билээ. Хэдийгээр В.И.Лениний музейн барилга зориулалтынх хэдий ч зориулалтаар нь ашиглалгүй олон жил болсон тул засвар болон онцгой нөхцөл байдал шаарддаг сан хөмрөгийн хэсгийг орчин үеийн жишигт нийцүүлэх барих, үзмэрийн танхимд өндөр хамгаалалт бүхий хорго тавих зэрэгт эрхмүүдийн төлөвлөж буй төсөв хүрэлцэх боломжгүй аж. Дахин давтагдахгүй, түүх соёлын үнэт дурсгалт зүйлс, хосгүй үнэт өвүүдэд тулгамддаг хамгийн том бэрхшээл бол эвдрэл гэмтэл, хулгайд алдах, солигдох явдал.
Тиймдээ ч музейн удирдлага гаднын орнуудад болдог нэр хүндтэй томоохон үзэсгэлэнд оролцох урилгад татгалзах нь түгээмэл юм билээ. Байгууллагын төдийгүй эр орныхоо нэр хүндийг өсгөх боломжтой үзэсгэлэнгүүдэд “Үгүй” хэмээн хариулахын учир нь тээвэрлэж, зөөх явцад солигдох, хулгайд алдах, эвдэрч гэмтэх эрсдэл их байдаг аж. Тиймдээ ч буддын шашны музей байгуулах асуудалд шашны эд өлгийн зүйлсийн сан хөмрөгтөө нүдний цөцгий мэт хадгалж хамгаалж буй музейн удирдлагууд эмзэглэж буй юм билээ. Дарга нар нь солигдож, удирдлага гараас гарт дамжих бүрт бодлого төлөвлөгөө нь эргэж, өнгөрсөнд хийснийг үгүйсгэж, шинээр “бүтээн байгуулдаг” байдал манай улсын аль ч салбарт ажиглагддаг нийтлэг дүр зураг.
“Шинийг бүтээсэн” баатар болохын тулд гаргасан шийдвэрийнх нь хөлд үндэсний үнэт өв, соёлын чухал объектууд бүү чирэгдээсэй. Хэдийгээр манай орны хувьд хүн амын 90 гаруй хувь нь шарын шашныг шүтдэг хэмээдэг ч хүн амд нэн шаардлагатай эрүүл мэнд, боловсролын салбараас харамласан хөрөнгөө шашны ажилд цацаж буй нь тун харамсалтай. Элсэн дээр цамхаг өрж байснаа шийдвэрээ өөрчлөн нурааж тоглодог хүүхэд шиг биш, эрс шийдэмгий чигч шулуун бодлого эх оронд минь үгүйлэгдсээр л байна.
О.УНДАРМАА