Бид урагшилсан уу, ухарсан уу. Өнгөрөгч оны шувтаргаар хойд, урд хөршийн тэргүүнүүд манайд шил даран айлчилсан. Тэр үеэр хэд хэдэн сэдвийг хөндөж ярьсан билээ. Оросоос Хятад руу тавих хийн хоолой болон төмөр замыг Монголын нутгаар дайруулж тавих манай Засгийн газрын тавьсан тэрхүү хүсэлт бүтчих болов уу гэсэн горьдлого тээж үлдсэн. Гэтэл өнөөдөр хоёр хөрш маань асуудлыг өөрсдийнхөөрөө шийдчихэж байх шиг байна. Харин энэ үеэр хүндэт зочдын аль аль нь Монголоос мах импортлох хүсэлтэйгээ илэрхийлснийг манайхан уухайн тас угтан авсан. Уг асуудал түрүүчээсээ хэрэгжиж Орос, Хятад руу үхэр, адууны мах хэдэн зуун тонноор нь экспортлоод байна. Мах экспортлох нь манай хувьд цоо шинэ асуудал биш. Өмнөх нийгмийн үед хэдэн малаа мах болгоод ч, амьдаар нь ч хойд хөрш рүү мөн ч олон жил зөөсөн дөө.
Улаан-Үдийн Мах комбинат үндсэндээ монгол малын махаар үйлдвэрлэлээ хөдөлгөж байсан гэхэд хилсдэхгүй. Тал нутгийн салхи ханхалж, таана, мангир амтагдсан монгол малын махан бүтээгдэхүүн харин биднийг биш Москвагийнхныг хооллодог гээд Улаан-Үдийнхэн дургүйцэхийг олонтаа сонсож байсан юм. Тэр үед манайд Улаанбаатар, Дорнод, Дарханд л махны үйлдвэр байсан. Тэр дундаа Улаанбаатарын мах комбинат ачааны хүндийг үүрдэг, тэгэхдээ муу ажиллаж байгаагүй. Голлох мэргэжилтэн, ажилчдын дийлэнх нь Герман улсад сурч дадлагажсан хүмүүс байсан. Тэд нядалсан малынхаа махыг гулуузалж, олон төрлийн хиам, нөөшилсөн махыг янз янзаар гаргана. Яс нэрж тос, ясны гурил, бордоо хүртэл үйлдвэрлэнэ. Нойр булчирхай мэт дайвар бүтээгдэхүүнээр эм (панкипсин) био бэлдмэл, эвэр туруугаар товч, сам хүртэл үйлдвэрлэж үзсэн.
Савангийн цех нь нүүр гарын болон эдийн саванг хэдэн төрлөөр хийж иргэдийнхээ хэрэгцээг хангадаг байв. Тэр үед манай мал сүргийн тоо 20-23 саяд хэлбэлзэж, дотоод гадаадын хэрэгцээнд жилд 6-7 саяыг нядалж түүнийхээ арьс шир, ноос үсийг дотооддоо боловсруулж арьс ширэн эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн, эсгий, эсгий гутал хийдэг байлаа. Мал, мах бэлтгэх ажил хавар болдог байснаа хойд хөршид нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж жилд хоёр удаа (хавар, намар) мах бэлтгэдэг болсон юмдаг. Гадаадад гаргах махны хэмжээ нэмэгдэхийн сацуу үе үе давтамжтай тохиолддог ган, зудын гамшгаас үүдэн малын тоо хүссэнээр өсөхгүй, бас сүргийн бүтэц ч сүрхий алдагдаж, жин дарах мал цөөрч давжаарч байгааг хашир малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд шүүмжилдэг байв.

1990-ээд онд нийгэм солигдож мал малчдад очсон. Түүнээс хойш мал өссөөр 2014 онд 51.982.600 гаруй болов. Малаасаа салбал Монгол Монгол биш болно. Монголчууд зэрлэг ан амьтныг гэршүүлж малтай болсноос хойш хэдэн мянган жилийг ардаа орхисон ч бэлчээрийн малтайгаа, нүүдэлч малчидтайгаа ХХI зууны босгыг алхсан нь бусад улс орноос ялгарах онцлог билээ. Малчдаас Монголын үе үеийн хаад-Модун Шаньюй, Атилла, Чингисээс авахуулаад өнөөгийн Ерөнхийлөгч хүртэлх томчуул төрсөн. Бас Монголын төрт ёсны олон үеийн язгууртан, түшээд, лам хувраг, авьяас билигтэн, эрдэмтэн мэргэд, харц ардууд төрсөн. Боловсрол, мэргэжил бүхий энэ цагийн цоо шинэ хүмүүс ч мөн тэдний л удам угсааг залгамжлагчид. Монгол хэмээх нэрийг төдийгөөс өдий хүртэл дэлхийд таниулж, хэдэн зууныг элээсэн бидний өвөг дээдэс эх сайхан нутгаасаа сөөм ч газрыг харийнханд алдалгүй таван хошуу мал сүрэг, Менделеевийн үелэх системийн бүх элементийг хэвлийдээ хадгалсан газар шороогоо энэ цагийнханд өвлүүлж үлдээсэн.
Гэтэл бид газар эхийнхээ хэвлийг гадна, дотнынхноор сэндчүүлсээр “баялгийн хараал” гэгчийг амсаж сууна. Мал 50 гаруй саяд хүрч бэлчээр нутаг хүрэлцэхгүй болов гээд малаа нядалж хойд, урд хөршгүй гаргаж унаж доройтсон эдийн засгаа аврахаар төр засаг маань шийдэж байна. Мах экспортлох нь зарчмын хувьд зөв ч түүнээс өмнө зохицуулж, шийдвэрлэх асуудал цөөнгүй баймаар юм. Буянт мал руугаа яаран мэс далайж тооцоо судалгаагүйгээр олон зуун мянгаар нь нядлаад байвал малаа барж Монгол гэдэг нэр дэлхийн тавцангаас арчигдахад ядах юмгүй буй заа. Хүнсээрээ гадаадаас хагас хараат болчихжээ, бид. Химийн бордоо шаардлагагүй үржил шимт хөрстэй эх нутагтаа таван зүйл тариа, ногоо тариалж, хүн ардаа хангах бүрэн боломжтой атлаа хэдэн зуун жил химийн бордоогоор бордсон үхширмэл хөрсөнд тарьсан ногоо, жимс гадаадаас зөөж иргэдээ хордуулсаар байгааг төр засгийн зөв бодлого гэж үзэж болох уу? Тавь илүү сая малтай, гуравхан сая Монгол хүн монгол малынхаа махаар хооллож чадахгүйд хүрээд байна.
Ченж нэртэй дамчдын гараар хэдэн удаа дамжсаар эцсийн хэрэглэгчдээ өөрийн өртгөөсөө хэт давсан үнээр хүрдэг болсон махыг дунд, дундаас доош орлоготой, огт орлогогүй иргэд үзэхийн заяа байна уу гэхээс хүртэхийн хувьгүй болоод байна. Гурван сая иргэний маань тэн хагас илүү нь дээрх бүлэгт багтаж буй гээд бодоход харамсмаар байгаа биз дээ. Бас генийн аргаар боловсруулсан тэжээлээр богино хугацаанд бордож хэдхэн хоногт таргалуулж хөөлгөсөн, аюулгүй байдлын нөөцөд олон сар жил зооринд хадгалсан тахиа, гахайн мах болон өндгийг Америк, Хятад мэтийн улсаас мянга мянган тонноор нь зөөсөөр л байна. Мал олширлоо гэх мөртлөө сааль сүүг нь авч боловсруулах олигтойхон үйлдвэр, хадгалах төхөөрөмж, сав бэлтгээгүйн уршгаар жил тутам гурван сая шахам литр болохоор хуурай сүү, 3.6 сая литр шингэн сүүг бас л гадаадаас оруулан ирж аргацааж байна.
Хятад мэт орноос авдаг сүүнд миламин илэрлээ л гэдэг. Гэвч тийм сүү, сүүн бүтээгдэхүүний импорт үргэлжилсээр. Ийм арчаагүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарч л баймаарсан. Дээрх хэдэн баримтаас харахад л бид чинь хүнсээрээ аль хэдийнэ гадаадаас хагас хараат болчихжээ. Тэгээд бас мал олширлоо, бэлчээр хомсодлоо гэж дээр доргүй “дайн” зарлах шахаад байдаг. Бэлчээр хомсодсон нь юуных вэ? Мал аж ахуйг хөгжүүлэх цэгцтэй бодлоготой төр засагтайсан бол 1.5 сая ам км нутагт хэдэн арван сая байтугай түүнээс ч олон малд бэлчээр хүрэлцэхгүйн гачлан тохиолдмооргүйсэн. Тэгвэл бэлчээр яагаад хомсоддог билээ? Монгол хүний хамгийн анхдагч шүтээн болсон газар нутгийнхаа тавиад хувийг хайгуулын болон ашиглалтын лицензээр гадаад, дотоодын аж ахуй, хувь хүмүүст сүүлийн хориод жилийн дотор олгочихжээ.
Лиценз эзэмшигчид нь эрдэнэс баялгийг нь ухаж авчихаад хөрсийг нөхөн сэргээдэггүйгээс идээшин дассан нутагтаа хүн, мал амар тайван амьдрах аргагүй болж дайжсаар байна. Бэлчээр хомсодсоны нэгдэх шалтгаан нь энэ. “Айвенхоу Майнз” ХХК гэхэд 129, “Кей Жи Экс Монгол Лимитед” ХХК 141 лиценз эзэмшдэг аж. Энэчлэн лиценз нэртэй алга дарам цаасаар лут том “эрх” авч эх орны минь бэлчээр нутгийг эргэж сэргэхгүй болтол сүйтгэж орхисон пүүс, компанийг тоочивч баршгүй ээ. Бэлчээр хомсодсоны хоёр дахь шалтгаан нь усгүйдэл. Өмнөх нийгмийн үед бэлчээр усжуулах төр засгийн бодлоготой, усны асуудал хариуцсан бие даасан яам, институттэй, тэр нь хүн, малын усан хангамжийг хариуцдаг байлаа. Аймгууд ч усны аж ахуйг удирдах газартай, тэд сум орон нутагт хаана усан хангамж дутагдалтайг судалж энгийн, уурхайн, богино яндант худаг гаргаж, булаг шанд тохижуулж, цас мөсний ус тогтоож усан сан байгуулах, суваг шуудуу татах зэргээр алс бөглүү нутгийн бэлчээрийг бүрэн эзэмшиж байв.
Малчид ч уламжлалт аргаараа худаг гаргаж жилийн дөрвөн улиралд нутаг бэлчээрийг хуваарьтай ашигладаг бичигдээгүй хуультай байсан юм. Сургуульд сурч, онол ном заалгаж мэргэжил эзэмшээгүй ч усны судлыг шинжилж таньдаг “инженер”- ийн мэдлэгтэй иргэн цөөнгүй байлаа. 1973 онд Өмнөговь аймагт усжуулагчдын бүсийн зөвлөгөөн болоход Б.Авирмэд гэдэг настан буурал оролцож усны судлыг хэрхэн олдог туршлагаасаа ярьж, зөвлөгөөнд оролцогчдыг гайхашруулж байж билээ. Б.Авирмэд гуай 81 наслахдаа Өмнөговь, Дундговь, Төв аймгийн нутагт ундарга сайтай, хээл нь цээл, идэр есийн хүйтэнд ч хөлддөггүй 140 гаруй худаг гаргаснаа яриад, хүний нас яасан охорхон юм бэ дээ, худаг гаргах сэтгэл минь хэвээрээ ч насны эрхээр чадал барагдаж усны цэг заадаг газарчин боллоо би гэж харамсан ярьж байсансан. Усны аж ахуйн яам Монгол орон даяар усны цахилгаан хайгуул хийж малын бэлчээрийн ихэнхийг усжуулсан.
Усжуулагчид, ард иргэдийн нөр хөдөлмөрөөр бий болсон тэр олон уст цэгүүд өнөөдөр үндсэндээ алга болжээ. Мал хувьчлахтай зэрэгцэн худаг ус, хашаа саравч бүгдийг бас хувьчилсан. Гэтэл авсан эзэд нь тордож додомдон ашиглахын оронд тонож эвдэж мотор, яндан хоолойг нь авч төмрийн хаягдал болгоод урд хөрш рүү зөөж аль хэдийнэ эд бад хийчихсэн. Үүнээс болоод соргог сайхан бэлчээр ашиглагдахгүй байна. Түүнээс гадна орчин цагийн малчдын олонх нь зун, намар алсын отроор малаа таргалуулж өвөлжөө, хаваржааны нутаг бэлчээрээ нөөцөлдөг уламжлалт аргаасаа улам холдсоор байх шиг. Урьдын ашиглаж байсан худаг усаа сэргээчихвэл аль ч аймаг, сумын нутагт ашиглаж болох бэлчээр хүрэлцээтэй бий.
Усгүй гэх шалтгаанаар ганц нэг худаг, гол горхио бараадан өвөлжөө хаваржааныхаа дэргэд олон суурь мал жилийн дөрвөн улиралд эргэлдэх болсноос бэлчээр талхлагдаж, зарим шимт нарийн өвс ургахаа больж, ургамлын төрөл зүйл цөөрч байгааг эрдэмтдийн шинжилгээ судалгааны ажлын дүн нотлоод байгаа. Туршлагатай хашир малчид ч үүнийг сануулсаар байгаа билээ. Бэлчээрийн 70-80 хувийг усжуулаад байсан өмнөх нийгмийн үед хүн, мал хүрч нутаглахад бэрхшээлтэй уул давааг хүртэл олны хүчээр сэтэлж засаж зам харгуй гарган алсын бэлчээрийг бүрэн эзэмшдэг байсан. Энэ сэдвээр “Давааны цаана даваа” нэртэй уран сайхны кино хүртэл бүтээгдэж байсан шүү дээ. Отрын олз, суусны гарз. Мах экспортолж мөнгө олох гэж төр нийгмээрээ зүтгэж байгаа энэ үед зайлшгүй яримаар асуудлын нэг бол мал сүргийг отроор таргалуулж жин нэмэгдүүлэх ажил юм. Өмнөх нийгмийн үед малыг отроор таргалуулах нь төр засгийн байнгын анхааралд байсан. Тэр үед отрын ашиг тусыг биеэрээ үзүүлж бусдад үлгэр дуурайл болсон шилдэг сайн малчин хэдэн арав биш хэдэн зуугаараа тодорч, тэдний туршлагыг орон даяар нэвтрүүлэхэд улс онцгой анхаардаг байсан.
Цагийн бэрхшээлийг давах хур хүч таргатай малтай байя гэвэл бага унтаж, их хөдөлмөрлө! Нойрыг унтаж бардаггүй, сэрж бардаг юм. Суусан цэцнээс явсан тэнэг хождог гэсэн үг бий. Залуус та нар зун, намрын зургаан сард битгий залхуур, малаа оторлож таргалуул гэж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин, малчдаас анх удаа хөдөлмөрийн баатар болсон алдарт хоньчин З.Очир гуай захидаг байсан. З.Очир гуайн сургааль, туршлага сум, аймагтаа төдийгүй Монголын нийт малчны эзэмших туршлага болон түгж байсан. З.Очир баатрын мал өвлийн зуд, хаврын хавсаргад ч хур хүчтэйгээ орж, жилд хоёр удаа төллүүлдэг учир малыг төлөөр нь, тарга тэвээргээр нь өсгөхийн жинхэнэ үлгэр дуурайл болж байв. З.Очир гуай насан туршдаа хоногт 3-4 цаг л унтаж бусад цагт нь зогсолтгүй хөдөлмөрлөдөг байсан.
Агь нүдлэхээс сөл тасартал сумынхаа бог малын хорин хэдэн суурийг манлайлан Цээлийн цэлгэр хөндийгөөс Баянбулаг дагуух уудам нутагт хүрч отрын хугацаанд тавиад удаа буйр сэлгэн нүүж явахдаа малынхаа ноос үс, сүү саалийг бүрэн аваад, хавар 15 кг жинтэй байсан хургыг 39-42 кг, 35-40 кг жин татаж байсан эм хонийг 79-81 кг хүртэл таргалуулснаар жил тутам хэдэн суурь хонь нэмсэнтэй дүйх ашиг орлогыг нэгдэл нийгэмдээ оруулдаг байсан Төв аймгийн Өнжүүл сумын малчин, хөдөлмөрийн баатар Б.Ажваа, хотгүй отрыг санаачлан улс даяар нэвтрүүлсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын малчин, хөдөлмөрийн баатар Д.Жанар зэрэг малч ажиллагаагаараа түмнээ түүчээлэгчдийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үзүүлэх сургууль, семинарыг байн байн зохион байгуулдаг, үр дүн нь ч сайн байв.
Тийм ажил өнөөдөр сураг алдарчээ. Энэ тоо үнэн болов уу? Жин дарах малтай болъё гэвэл отрыг олны хүртээл болгох нь чухал аа. Өнгөрөгч нэгэн зуунд хүсээд ч, хүчээр үзээд ч хүрээгүй 51.9 сая мал 2014 онд тоологдсонд малч удамтай монголчууд бүгд л баярласан. Тэдний нэг нь би. Гэтэл орон нутгаас ирсэн малчидтай уулзаж ярилцахад олонх нь урам хугармаар үг хэлэх юм.
Үргэлжлэл бий.
Д.ДОРЖДУЛАМ /Малын эмч, сэтгүүлч/