МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай Оюутолгойн далд уурхайн санхүүжилт тойрсон сэдвээр ярилцлаа.
-Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-ний талаарх нарийн ширийн мэдээллүүд цацагдсаар байна. Энэ төлөвлөгөө хэр зөв шийдэл болсон гэж Та бодож байна вэ. Эдийн засагчийн хувьд таны байр суурийг сонсъё.
-Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөө, гол зүйлийг олон нийтэд танилцуулаад, Засгийн газрын цахим хуудсанд тавьсан байгаа. Үүнээс үзэхэд, нэлээд ахицтай гурван том багц асуудлыг шийдсэн байна. Нэгдүгээрт, төслийн үнэ цэнийн 80 хувийг бүрдүүлэх гүний нөөцийг олборлох, баяжуулах асуудлыг онцолж болно. Нийт хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум ам.доллар буюу дэлхийн томоохон төслийн санхүүжилтийн түвшинд тооцогдож, долоон жил Монголын эдийн засагт дунджаар жил бүр хоёр их наяд төгрөгөөс (одоогийн ханшаар) давсан хөрөнгө орж ирэхээр болж байна. Гэхдээ энэ хоёр их наядад Монгол Улс дахь үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардал, Засгийн газарт шууд өгөх татварууд багтаж байгаа.
Хоёрдугаарт, бүс нутгийг хөгжүүлэх тодорхой заалтуудыг оруулж, жил бүр 10 тэрбум төгрөг орон нутагт зарцуулагдах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болсон. Энэ бол их чухал зүйл. Учир нь Өмнөговьд Эрдэнэттэй ижил маягийн бүс нутаг хөгжих бололцоог бататгаж байна гэсэн үг. Гуравдугаарт, ханган нийлүүлэгчдийн асуудлыг тодорхой тусгаж, Монгол Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгсэл зэргийг цаг хугацаа, зардал, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх нөхцөлтэйгөөр, тэргүүн ээлжинд худалдаж авна гэж зааж өгсөн. Ингэснээр Монголын бараа, үйлчилгээг түлхүү нийлүүлэх, мөн түүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх алхам болж байгаа юм.
Эдгээр гурван зүйлээс гадна говийн дэд бүтцийг хөгжүүлэхэд асар чухал зүйл болох Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг нааштай шийдэх арга замыг тусгаж, БНХАУ-аас Оюутолгойн баяжуулах үйлдвэрт үнэтэй цахилгаан авахаас илүү манайд хямд түүхий эд буюу эрчим хүчний нүүрсийг цахилгаан болгож, импортыг орлуулах томоохон ажил хийх боломжтой. Дараагийн чухал зүйл бол үйлдвэржилт юм. Энэхүү ажлын явцад талууд зэс хайлуулах үйлдвэрийн судалгаа хийнэ. Манайд маш хэрэгтэй энэ асуудлыг тусгасан байгаа. Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад 50 жил болж буй ч зэс хайлуулах үйлдвэрийн хувьд тодорхой ахиц алга.
-Маргаантай байсан асуудлуудаар хоёр тал харилцан буулт хийсэн байна. Дэнслээд үзвэл монголчуудад хэр ашигтай вэ. Ялангуяа ил уурхайн бүтээн байгуулалтын хэтэрсэн зардал болох хоёр тэрбум ам.долларын 60 хувьд нь удирдлагын зардлын төлбөр төлж, бусдад нь төлөхгүй байхаар тохирсон гэлээ. Гэхдээ үүнд зөвхөн удирдлагын зардлын төлбөрөөс гадна ногдол ашиг хүртэх хугацаа хойшлох эрсдэл байгаа юм биш үү?
-Төслийн санхүүжилтийн хувьд зах зээлийн үнэ хэлбэлзэх, зардал өсөх, хугацаа хэтрэх нийтлэг зүйл байна. Зуслангийн байшин барьж үзсэн хүн бүр л үүнийг мэдэж байгаа. Илүү гарсан зардлаа нягталж, талууд боломжит шийдлийг олох нь чухал. Ийнхүү говь шиг дэд бүтэцгүй, засмал, төмөр замгүй, БНХАУ-аас үнэтэй цахилгаан авч байгаа, амьдрах орчин нь бүрэлдээгүй газарт төлөвлөөгүй их зардал гарах нь тодорхой. Гэлээ ч хугацаандаа үйлдвэр байгуулж, ашиглалтад орохоос өмнө ч татвараа төлж, улсад нийт 1.3 тэрбум ам.доллар оруулсан нь манай өнөөгийн эдийн засагт маш их хөшүүрэг болсон. Хэтэрсэн зардлын томоохон хэсэгт удирдлагын зардлыг “Рио Тинто” авахаа больсон нь мөн сайшаалтай. Ногдол ашгийн хувьд гэвэл Эрдэнэт, Оюутолгой хоёрын ялгаа энд их чухал.
Эрдэнэт бол ил уурхай, зардал нь харьцангуй бага. Харин Оюутолгойн баялгийн 80 хувь нь газар доор хоёр км-ийн гүнд бий. Иймээс ялангуяа гүний уурхай байгуулах зардал нь хамаагүй өндөр. Баяжуулах үйлдвэрээ бариад Оюутолгойн зөвхөн ил уурхай буюу 20 хувийг ашиглаад орхих уу, үйлдвэрээ нэгэнт барьсан тул илүү их нөөц буюу ордоо 100 хувь ашиглах, гүний уурхайг барьж гарц, татварын орлого, эдийн засгийн үр өгөөжөө үлэмж нэмэгдүүлэх үү гэдэг сонголт бий. Мэдээж хоёр дахь хувилбар нь дунд, урт хугацаанд бидэнд илүү ашигтай. Тиймээс одоо гүний уурхай байгуулах ажилд анхаарлаа төвлөрүүлж, ил уурхайгаас олох ногдол ашгаа жаахан тэвчиж, дэлхийн хэмжээнд байхгүй уулын баяжуулах комбинат, хоёр том уурхайтай болох уу гэдэг л асуудал.
Өнөөгийн явцуу ашгийг түр азнаад, ирээдүйд том ашиг олохоо бататгаж, гүний уурхайг чиглэсэн, жил тутамд, хоёр их наядын хөрөнгө оруулалт бий болгож, эдийн засгаа сэргээхэд хоёр дахь сонголт нь илүү гэж бодож байна. Ил уурхайн шатанд зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн. Далд уурхайн шатанд ч бас хөрөнгө оруулалтын хэмжээ нь өсөж, нийт зургаан тэрбум орчим ам.доллар шаардагдах бололтой. 4.2 тэрбум ам.доллар зарцуулна гэж өмнө нь тооцсон гэж ойлгож байгаа. ТЭЗҮ бол тухайн цаг үеийнхээ хамгийн сайн тооцоолол гэдэг ч ТЭЗҮ-ийг өөрчилж, зардал нэмэгдэж болдог гээд хүлээн зөвшөөрөөд байх нь хэр зөв юм бэ?
Дэлхийн зах зээлийн үнэ, орлогын таамаглал, инфляц, зардлын хэмжээ жилээр бус, өдрөөр хэлбэлздэг. Ялангуяа, тус бүс нутагт дэд бүтэц байхгүй, тээврийн сүлжээ хөгжөөгүй, хилийн боомтын гарцын хүчин чадал хязгаарлагдмал гээд олон зүйл үүнд нөлөөлнө. Хамгийн гол нь үүсэж буй зардлаа талууд сайтар нягталж, харилцан ойлголцож л бүтээн байгуулалт явагдана шүү дээ. Иймээс олон улсын банкуудын хяналт, манай талын аудит бэхжих зэрэг чухал заалтыг төлөвлөгөөнд оруулсан байна. Үр ашигтай ажиллах сонирхол зөвхөн Монгол, “Рио Тинто” хоёрт байгаа юм биш, санхүүжилт олгож буй бүх банк хяналт тавьж ажиллах тул ТЭЗҮ-д орсон тооцоо хэлбэлзэхэд эмзэглэх бус, сайтар нягталж шалган, харилцан ойлголцож ашигтай ажиллахын тулд хамтран хичээх нь зөв.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Энэ жилдээ хоёр тал бэлтгэлээ хийж, хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ гэж бодож байна. Юуны түрүүнд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, Монголыг зорьсон гадаадын хөрөнгө оруулалтын урсгал тодорхой хэмжээгээр сэрж, төгрөгийн ханш, ажил эрхлэлт, татварын орлого, өсөлтийн хувьд эерэг үр дүн гарна. Түүнчлэн Монгол Улс 2009 оны хямралыг богино хугацаанд алдагдал багатай даван гарахад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эерэг нөлөө үзүүлж байсантай ижил хандлага ажиглагдах байх. Гэхдээ энэ жил ч, ирэх 4-5 жилд ч гүний уурхайн бэлтгэл ажил явагдах тул үйлдвэрлэлийн хэмжээ огцом өснө гэдэг хүлээлт байж болохгүй.
Учир нь одоо гарцын хэмжээ ил уурхайгаар хязгаарлагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт нэмэгдэх, Монгол Улсын төлбөрийн чадвар мэдэгдэхүйц дээшлэх шинж одоо ч ажиглагдаж байна. Санхүүгийн зах зээл барааныхаас түрүүлж хөдөлдөг тул Оюутолгойн далд уурхай баригдаж эхэлснээр Монголын хувьд төлбөрийн чадвар, орлого олох чадвар эрс сайжирна. Монголтой холбоотой хувьцаа, бондуудын ханш өсөж байна. Цаашид энэ нь говийн бүтээн байгуулалтын дараагийн том төсөл болох Тавантолгойн цахилгааны станцын борлуулалтыг бататгаснаар нийт хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх учиртай.
-“Оюутолгой”-н эдийн засгийн үр ашгийн талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (хуучнаар) анхны судалгааг хийж байсан болов уу. Тэр багийг ахалж байсны хувьд асууя. Тухайн үед тооцож байсан үр ашиг одоо үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлын үр ашгийн хооронд зөрүү хэр гарах бол?
-Манай хороог байгуулагдахаас өмнө Оюутолгойн эдийн засагт үзүүлэх нөлөөний талаарх хоёр том судалгааг хийсэн байдаг. Харин Тавантолгойн судалгааг нэмж хийж, тухайн үеийн тоонд үндэслэн Говийн дэд бүтцийн хөгжлийн анхны төлөвлөгөөг манай хороо хийж, Засгийн газраар батлуулж байсан. Үүнээс үзэхэд, хүлээгдэж байсан хандлагууд нь зөв байж, зарим үед Оюутолгойн одоогийн нөлөө тооцооноос ч илүү хурдтай, өндөр түвшинд байна. Энэ нь ДНБ-ий өсөлт, ажил эрхлэлт, уул уурхайн үржүүлэгч зэрэг үзүүлэлтийн хувьд гарч байгаа юм. Дэлхийн зах зээлийн үнэ өдөр өдрөөр хэлбэлздэг тул урт хугацааны тооцоо нь яваандаа зөрж эхэлдэг. Тиймээс Засгийн газар тооцоо, судалгаагаа байнга шинэчилж, өөрийн гэсэн загвартай байх нь чухал.
Төлөвлөгөөний биелэлтээс үзэхэд дэлхийн түвшний уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн зангилаа цэгийг 2009 онд Монгол Улс говьд байгуулж чадсан байна. Үүнд зөвхөн Оюутолгой ч биш, “Энержи ресурс”, МАК зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хүчээр зэс, алт, нүүрсний томоохон хүнд аж үйлдвэр-уул уурхайн хүчин чадлыг бий болгоод байгаа юм. Иймээс 2008 онтой харьцуулахад тухайн үед ДНБ зургаан их наяд байсан бол өдийд 20 их наяд хүрч, татварын орлого 1.4 их наяд байсан бол сүүлийн жилүүдэд зургаан их наяд хүрч, экспорт 2.5 тэрбум доллар байсан бол өдийд дөрвөн тэрбум доллартай тэнцсэн. Гэхдээ анх төсөөлж байснаас өндөр түвшинд хүрч чадахгүй байна. Юуны өмнө улс төрийн хүчин зүйлүүд үүнд их нөлөөлж байгаа.
Одоо хүртэл говьд төмөр зам байгуулж чадаагүй нь 2012 онд Засгийн газар солигдож, тухайн үед эрчимтэй явагдаж байсан говийн төмөр замын ажлыг зогсоосонтой холбоотой. Тавантолгойн станцыг одоо хүртэл байгуулаагүй байна, “ДЦС-5”-ын байршлыг нь удаа дараа сольж өдий хүртэл эхлүүлээгүй байна. Энэ бүх төсөл нь хоорондоо уялдаа холбоотой байдаг тул нэгийг гацаахаар бүгдэд нь сөргөөр нөлөөлдөг. Иймээс Тавантолгойтой холбоотой хэсэг ажил буюу говийн төмөр зам, цахилгаан станц байгуулаагүйгээс болж Оюутолгойд бас маш өндөр тээвэр, цахилгааны зардал үүсээд байгаа. Иймээс “Тавантолгой”-н төслийг шийдэхгүйгээр Оюутолгойгоос үр ашгийг нь бүрэн авч чадахгүй.
Б.СҮРЭН