Хот... Үнэндээ Монголд энэ үг улсын нийслэл Улаанбаатарыг л төлөөлж буй гэхэд болно. Тэгвэл цаана чинь хот руу хошуураад эхэлчихэж. Үүнийг дор өгүүлэх харьцангуй ажил хэрэгч, итгэл төрүүлэхүйц төслүүд батална. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Их майдар” цогцолборыг тойруулан Майдар хот байгуулах гэж буй. Одоогоос бараг жилийн өмнө “Майдар эко хот” төслийг албан ёсоор нээж байв. Улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв болгох зорилготой эл төсөл Засгийн газрын “Аюулгүй орчинтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буйг албаны хүмүүс онцолж буй. Мөн тэд үүнийг төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэгээхэн хэсэг хэмээн тодотгож байна. Бүр тус төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Ажлын хэсэг байгуулсан. Хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Төв аймгийн иргэдээс санал, дэмжлэгийг нь авах ёстой гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсний дагуу нутгийнхнаас гарын үсэг цуглуулах аян хэдийнэ эхэлсэн.
Гэхдээ эл төслийн санаачилга, хөрөнгө оруулалт нь хувийн хэвшлийнх. Хотын ерөнхий төлөвлөлтийг энэ сард дуусгахаа төслийн багийнхан мэдэгдсэн. Төслийн ерөнхий төлөвлөгөөнөөс харахад хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай байхаар буй. Дэд бүтэц, барилгын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд эхлүүлэхээр төлөвлөсөн. Эхний хэсгийн бүтээн байгуулалтыг 2030 онд дуусгахад 90 мянган оршин суугчтай болно гэж тооцоолжээ. Үүнд нэг тэрбум евро, хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд төслийн багийнхан мөнгөнд тэгтлээ санаа зовохгүй байгаа гэсэн. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бас нэг хот байгуулах гэнэ. Гэхдээ Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн худалдаа, аялал жуулчлалын төв, засаг захиргааны тусгай бүс бүхий хот байна гэж буй.
“Зүгээр л итгэл, найдвар байхад бусдыг нь олон нийт, компаниуд хийдэг” хэмээн төслийн багийнхан хэлж буй. “Хангарьд хот” ТББ байгуулан ажлаа эхлүүлсэн тэд байгуулах хотоо “залуусын” гэж тодотгожээ. Нийслэлийн ИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард шийдвэрлэсний дагуу Налайхын захирагчийн сонгуулийг энэ сарын 14-нд зохион байгуулах гэж байна. Нэр дэвшигчид нь ч сурталчилгааны ажилдаа хэдийнэ орцгоож. Эндээс дагасан, дагуулсан хотуудын хөгжлийн дүр төрх зурайх учиртай. Нийслэлийн дагуул хот болж, дагуулахааргүй хөгжилд хүрэх чин хүсэл, эрмэлзэл ийн өндөлзөж эхэллээ. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь энэ. Өмнийн говиос эхлээд өргөн уудам энэ нутагт хот болох хүсэл тээсэн сум, суурин ганц нэгээр тогтохгүй. Эрх бүхий хүмүүсийн санаачилга, шийдвэр, зохион байгуулалтыг харж, хүлээсээр хөгжлөө чөдөрлүүлчихсэн хот биш хотууд ч бишгүй. Тийм ээ, хот бол хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн, эрүүл, аюулгүй, хамгийн таатай орчинд амьдрах арга зам. Гэвч Улаанбаатарынх шиг хэт төвлөрлийг хүсэх ч юм биш.
Гэхдээ бид дэлхийн бусад олон хотын иргэдийн туулж, давж гарсан асуудлыг туучиж яваа. Үүний шийдэл нь хүн бүрийн хүсэж тэмүүлээд байдаг хотыг хот болгон задалж хөгжүүлэхэд оршиж буй. Тиймээс хот байгуулж хөгжих гэсэн хандлага газар авч буй нь сайн хэрэг. Олон нийт, сэтгэл нийлсэн хэсэг нөхөд, бизнесмэн гээд хэн ч бай санаачилга нь ажил хэрэг болж өдий зэрэгт хүрсэн нь олзуурхмаар. Гэвч энэ үйл явцыг төр бодлогоороо зангидах учиртай. Чиглэсэн тодорхой бодлого байхгүй бол бүхий л талын уялдаа, хамаарлыг нь хангасан зарчим, зорилгоо даруйхан тодорхой болгож, дутуу бол гүйцээж, нөхөх хэрэгтэй. Тухайлбал, Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх” зорилтын хүрээнд улсын төсөв болон зээл, тусламжийн хөрөнгөөр аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм билээ. Өчнөөн хөрөнгө зарцуулж хийсэн энэ ажил эхнээсээ авахуулаад дуустал монгол төрийн хотын талаар баримтлах бодлоготой яв цав нийцэж, ядаж л 10 жилдээ тогтвортой байх ёстой.
Цаашлаад мөнгөтэй хүн, баян компани, төрийн бус байгууллага гээд хэн дуртай нь хүссэн газраа хот байгуулаад байх уу гэдгийн хариултыг ч одоо тодорхой болгох ёстой. Мөн нэг сумын нутаг дэвсгэрт зэрэгцүүлэн яг ижил хөгжлийн хөшүүрэгт тулгуурлан байгуулна гэж хоёр талд хоёр өөр багийнхан ярьж байгааг ч анзаармаар. Үүгээр аль нэгийг нь үгүйсгэх гэсэнгүй. Тэгээд ч хотыг дагнан судалдаг бие даасан салбар шинжлэх ухааны онолд ижил чиг үүрэгтэй хотууд зэрэгцэн оршихыг “ихэр хот” хэмээн хүлээн зөвшөөрдөг юм билээ. Гагцхүү энд тэнд хот байгуулах тухай яриад, ажил хэрэг болгоод ирэхэд түүнийг нь дэмжиж, урагшлуулах цэгцтэй бодлого хэрэгтэй байна. “Майдар эко хот” төслийн төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц “Монгол Улсын Засгийн газар энэ хотыг босгоё, бүтээн байгуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Төсөл маань олон улсад нэр хүндтэй болж, байр сууриа олж байна. Хөрөнгө оруулагчид их байгаа учраас мөнгөнд санаа зовохгүй байна.
Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар зөв зохион байгуулалт, менежментээр л туслах хэрэгтэй” гэснийг ч тогтож тунгаахад ч илүүдэхгүй. Уул уурхай, хөрөнгө оруулалтын тогтворгүй бодлогоороо их мөнгөний урсгалыг хааж, царцааж, буцаасан барьцгүй занг энэ салбар ч тэсвэрлэхгүй нь ойлгомжтой. Ер нь дэлхийн хотуудын туулж ирсэн алдаа, оноог өөрсдийн онцлог, ахуйтай хослуулан оновчтой шийдэл гаргаж, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэх нь чухал байна. Хот байгуулахын тухайд бидэнд ч бас өөрийн гэсэн туршлага бийг санахад илүүдэхгүй биз ээ. Социализмын үеийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон хотуудаас өнөөдөр хэд нь хотоороо үлдэв. Бүх аймгийн төвөөс авахуулаад Эрдэнэт, Дархан, Бор-Өндөр, Налайх, Багануур гэхчилэн уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрлэл дагаж сүндэрлэсэн хотуудын өнөөгийн байдал бидэнд юу өгүүлнэ вэ.
Ялангуяа уурхай дагасан хотуудаас одоохондоо Дархан, Эрдэнэтийг эс тооцвол хаягдаж хоцорсон нь олон. Уг нь уурхайн хот гэсэн шинжлэх ухааны ойлголт бий. Хотын ирээдүй ашигт малтмалын нөөцөөс шууд хамааралтай нь нэгэнт тодорхой хойно баялгаа барсны дараа яаж хөгжих вэ гэдгээ анхнаасаа төлөвлөж, шаардлагатай суурь нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Манайх шиг уул уурхайгаас хамааралтай улс орон ядаж өнөөдрөөс уурхай дагасан хотын бодлогоо эргэж харахгүй бол оройтно. Бодлогогүйгээсээ болж аль болох бага зардлаар богино хугацаанд их ашиг олчихоод арилах гэдэг гадаад, дотоодын компаниудаас хот бус, хэдэн сэндвичэн барилгатай үлдвэл тэр бидний л хохь.
Б.НОМИН