Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах “S’Outlets”-ийн толгой компани Сэлбийн үерийн хамгаалалтын даланг сэтэлж, гол руу хэт түрэмгийлэн өргөтгөлөө барьж байна
Олон жил сэхээнд байсан Сэлбэ голыг сэргээх ажил 2011 онд сүр дуулиантайгаар эхэлж байв. “Сэр үүн Сэлбийн хөвөөгөөр битүү ногоон байгууламж байгуулж, нийслэлийнхэн хүүхэд, хөгшидгүй, бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртэл амарч, аялж зугаалахад тохиромжтой зам талбай, усан оргилуур, бассейн бий болгоно. Хамгийн чухал нь Сэлбэ голыг сэргээн, урсацыг нь нэмэгдүүлснээр Туулын усны түвшин ч дээрдэнэ” гэсэн үгэнд улаанбаатарчууд мөн их баярласан даа. Гэтэл тэр үед ийнхүү цээжээ дэлдэн, тууз хайчилж байсан хүмүүсийн үг сонгуулийн маргааш салхинд хийсэх адил замхарсаар өнөө бүр ор мөргүй арилжээ. Нийтдээ 5.6 тэрбум төгрөгөөр Сэлбийг сэргээнэ гэж төлөвлөж байсан. Аль өнгөрсөн жил гэхэд лав талаас илүүг нь зарлагадчихсан хэрнээ Зуун айлаас Арслантай гүүр хүртэлх 1.3 км газраа ч бүрэн тохижуулж дуусгаагүй байна. Төр засгийн түшээдийг ийнхүү мөнгөтэй, мөнгөгүй, сэтгэлтэй, сэтгэлгүйгээ дуудалцан барилдахаасаа таахалзаж байх зуур “чоно борооноор” гэгчээр хувийн хэвшлийнхэн Сэлбийг “сэргээх” ажилд хувь нэмрээ оруулаад эхэлчихэж. Сүхбаатар дүүргийн I хороо, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах “S’Outlets” дэлгүүрийн эзэд Сэлбийн үерийн хамгаалалтын даланг сэтэлж, гол руу хэт түрэмгийлэн өргөтгөлөө барьж байна.
“Эс сайн” гэх толгой компанитай тус дэлгүүрийн дэргэд өргөтгөлийн таван давхар барилга барих ажлыг өнгөрсөн жил эхлүүлжээ. Гүйцэтгэгч нь “Онон таур” ХХК юм байна. Ард нь дахиад нэг барилгын суурь цутгахад бэлэн болжээ. Хуучин даланг нь сэтэлж, гол руу 5-6 метр түрэн, өөрсдийн шинэ даланг босгосон тэд арай л давруу загнаж байгааг харахад хэлэх ч үг олдсонгүй. Сэлбийн эргээс ганц алхам зай ч сул үлдээчих вий гэсэн шиг газрыг нь шуналтайяа өмчилсний дээр усыг нь ч ховх сорж байна, тэд. Барилгын ажилчид Сэлбийн голд усны насос хийчихсэн, резинэн урт хоолойгоор таван давхар барилгын цонхоор ус соруулан авч, цементээ зуурч байгааг харсан, холбогдох газарт нь дуулгасан хүн байна уу. Тэртэй тэргүй амь тавьж буй голын уснаас өдөрт хэдэн зуун литрээр нь соруулан авч, бүхэл бүтэн барилгын цемент зуурна гэдэг юу гэсэн үг вэ. Сэлбийг дээд биеэс нь эхлээд Дунд гол хүртэл гурван үе шаттайгаар сэргээнэ гэж нэг хэсэг нь тэнд цээжний хожоо хийж байхад нөгөө хэсэг нь өнөөх усыг дундаас нь соруулж авсаар л байдаг. Хэтэрхий залхуу, арчаагүй, арилсан дотортой монголчууд л ийм зүйл хийж зүрхлэх биз.
Насос хийсэн хэсгээс доошоо усны өнгө мэдэгдэхүйц ногоон саарал болсон нь ямар бохирдол эргээд тэр хоолойгоор гол руу цутгаж буйг илтгэж байлаа. Ерөөс тэр хавийн голын эрэг дагуу янз бүрийн хогоор “баялаг” агаад дээрээс нь барилгын зүсэн зүйлийн хаягдал Сэлбийн судсыг ханаж, сүүлчийн дуслыг нь сорох гэж байгаа мэт. Ингэхэд хэн тэдэнд Улаанбаатараар овоглодог хоёрхон голын нэгийнх нь амийг таслах “эрх” олгосон юм бол. Нийслэлийн Засаг даргын 2009 оны арванхоёрдугаар сарын 671 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэн Д.Батзоригт үйлчилгээний зориулалтаар 1665 ам метр газар олгожээ. “Сэлбэ голын урсацыг сайжруулна” хэмээн сэрүүн зүүдлэхээсээ ердөө хоёрхон жилийн өмнө уг голын эрэг дагуу ийм том хэмжээний газар хувь хүнд олгосон хотын мээр тухайн үед эрүүл байсан болов уу. Одоо өнөөх газар дээр нь юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй гэдэг шиг л юм болж байна. Дээрээс нь нэмээд 2014 оны нэгдүгээр сарын 2-нд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь баталж өгснөөр тэдний дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрх бүрэн утгаараа нээгджээ.
Одоо байгаа дэлгүүрийн барилга, агуулахын байрнаасаа гадна дахиад 42х18, 43х19 ам метр талбай бүхий үйлчилгээ, үйлчилгээ-оффисын зориулалттай хоёр барилгын зураг төсөл батлуулахдаа тэд “Сэлбэ голыг сэргээх ажлын зураг төсөлтэй уялдуулах шаардлагатай” гэсэн үүрэг авчээ. Харин тэд үерийн хамгаалалтын даланг нь өөрсдийн дураар сэтэлж, гол руу хэт тулгасан хаалт хашаа хийж, усыг нь ховх соруулж барилгын цемент зуурахаа Сэлбийг сэргээх ажил гэж ойлгосон бололтой. “Голын эрэг шороо тоос, хогондоо дарагдаж байснаас үерийн далан барьж, хажуугаар нь зүлэг ногоо ургуулах зэргээр тохижуулбал зүгээр шүү дээ. Сэлбийг бид тэгж тохижуулна. Хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд тэр бүр гол орчмыг ингэж тохижуулаад байхгүй” хэмээн даналзаад байсан хүмүүс үнэн хэрэгтээ тохижуулах эрэг ч үлдээсэнгүй. Дэлгүүрийнхээ хашаан дотор л юу юм гэхээс. Аягүй бол энэ хоёр барилгыг баригдаж дуусахаас өмнө Сэлбэ эцсийн амьсгалаа хураасан байх вий. Энэ тохиолдолд хяналт, шалгалт хийх учиртай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан тэднийхийг шалгаад, багагүй зөрчил илрүүлсэн аж.
Хот суурин газрын доторх голын хамгаалалтын бүс 100 метр байх ёстой бөгөөд үүнээс дотогш зайд барилга, байгууламж барих хориотой юм байна. Гэтэл Сэлбийн хамгаалалтын даланг сэтэлж, голоос ганц метр ч хүрэхгүй зайд шинэ далан босгосон нь байгаль орчны болон усны тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг тэнд шалгалтаар ажилласан улсын байцаагч анхааруулжээ. “Гол нуур, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг өөрчилж, барилга байгууламж барих нь хуулиар хориотой. Тус дэлгүүрийнхний хувьд нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраар байгаль орчны үнэлгээ хийлгэж, Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл авсан, эсэхийг тодруулахаар бичиг баримтуудаа авчир гэсэн. Одоо хүртэл бидэнд ямар ч бичиг баримт авчраагүй” хэмээн тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Сайнбаяр хэлэв. Харин энэ талаар “S’Outlets” дэлгүүрийн удирдлагуудаас тодруулах гэтэл “Манайхан мэргэжлийн хяналтынханд бичиг баримтаа аваачаад өгчихсөн. Ямар ч асуудалгүй” гэсхийгээд аргацаасан хариу хэлэхээс хэтэрсэнгүй.
Мэргэжлийн хяналтын байцаагчийн үгийг нохой хуцаж байгаагийн дайтай үздэг болсон энэ үед тус дэлгүүрийнхэн ч мөн тэгсхийгээд өнгөрөөчихнө гэж бодоогүй байлтай. Хэрэв Монголд хууль хэрэгждэг л юм бол, хяналт тавьдаг төв байгууллага нь үүргээ гүйцэтгэдэг л юм бол энэ асуудлын үнэн мөнийг тогтооно гэж найдаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр Сэлбийг сэргээх гэж чамгүй ажил болчихоод аль нэг байгууллагын эрх ашгаар түүнийгээ арилжвал байж боломгүй хэрэг. Ер нь манайд иймэрхүү барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой хэрэг мандахаар буух эзэн, буцах хаяг олддоггүй гэмтэй. “S ’Outlets”-ын хашаанд хоёр шинэ барилгын зөвшөөрөл олгохдоо 1-16 давхар хэмээн бөөрөнхийлж орхисон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхныг одоогоор хэргийн эзэн болох магадлал хамгийн өндөр гэж болно.
Гэвч тэд “Мэргэжлийн хяналтынхан тус дэлгүүрийн барилгыг хууль зөрчлөн, эсэхийг тогтооно. Хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу тэдэнд мөнгөн торгууль тавьж, барилгын үйл ажиллагааг түр зогсоох, акт тавих зэрэг хариуцлага тооцуулах нь тэдний үүрэг” хэмээн нөгөө л улигт тайлбараа хэлэх. Зөвшөөрлийг нь болохоор яам нь байна уу, Ерөнхий төлөвлөгөөний газар нь байна уу, яаж ийгээд олгочихдог. Дараа нь харин хэрэг бишидвэл нөгөө л хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан нохойд барьдаг мод шиг арыг нь даах болдог. Гэвч тэдэнд төрийн төмөр нүүрийг үзүүлэх зангараг, тийм эрх хэмжээ байхгүй учраас мэргэжлийн хяналтынхны үгийг өнөөдөр захаас аваад тоохоо больсон нь гашуун үнэн.
Л.ГАНЧИМЭГ