“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх шийдвэр хомсдоод байсан ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх дохио өгөв. Эхлээд банкууд, дараа нь Засгийн газар олон улсын зах зээлээс хөрөнгө татах шийдвэр гаргалаа. Монголын эдийн засаг руу олон боодол “ногоон” орж ирэх сургаар ам.долларын ханш уруудаж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд ам.долларын ханш 100 төгрөгөөр суларч, 1800-г “цөмлөв”. Эдийн засаг сэргэх нь гэсэн эерэг мэдээ энд, тэндгүй түгэх болжээ. Зугтаад байсан хөрөнгө оруулагчид ч Монголыг танимхайрсан янзтай харж байна. Сайн мэдээний цувааны завсар хооронд саар нь ч бас чих дэлсэв. МCS групп зарим ажилтнаа цалинтай амруулсан гэж эх сурвалж дуулгалаа. “Алтан жолоо” групп үйлчилгээний ажилтнуудынхаа нэлээдийг цомхтгож байна гэж бас нэг нь ярилаа. Бүхнийг хараар будах дуртай улстөрчид эдийн засаг хямарсан гэж өвөлжин бурсан. Үнэндээ Монголын эдийн засаг өнгөрсөн жил 7.8 хувиар өсөж, Ази тивдээ толгой цохисныг тэд мэднэ.
Харин одоо л эдийн засгийн цусны эргэлт татарч ажлын байрыг хумьж эхлэх нь. Барилгын салбарынханд ажил олдохгүй байсан бол үйлчилгээний салбар руу халив. Эдийн засгийн хямрал нь банк гэнэт дампуурч, нэг өглөө босоход компаниуд хаалгаа барьснаар илэрдэггүй. Ажлын байр хумигдсанаар хамгийн эхний шинж тэмдэг нь илэрдэг. Ажилгүйдэл нэмэгдэх нь эдийн засгийг улам л доош чангаадаг зүй тогтолтой. Тиймээс одоо л хямралтай тэмцэх цаг тулж ирээд байна. Энэ бүгд юунаас үүдэв. Гол нь ам.долларын хомсдолоос үүдсэн хэрэг. Ам.доллар хомсдсоноос болж ханш нь өссөн. Монгол Улсын валютын албан нөөц интервенц хийж ханшийг нь тогтворжуулж дийлэхээ больсон. Ингээд бодлогын хүүгээ өсгөн, зах зээлд нийлүүлэх мөнгийг багасгаж ханш тогтворжуулах сонголтыг Төвбанкныхан хийсэн юм. Монголбанк одоогийн байдлаар бодлогын хүүгээ 13 хувьд хүргэж өсгөөд байна. Үр дүнд нь мөнгөний нийлүүлэлт үлэмж хэмжээгээр буурав.
Мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 198.7 тэрбум төгрөгөөр буюу хоёр хувиар буурлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 498.4 тэрбум төгрөгөөр буюу 4.9 хувиар уруудсан үзүүлэлт юм. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Монголбанк валютын нөөцөө шавхахгүйн тулд бодлогын хүүгээ 14 хувь хүртэл өсгөж байсан. Ингэснээр 2009 онд эдийн засаг 1.6 хувиар буурсан удаатай. Бодлогын хүүг 13 хувьд барьсаар байвал цаашид олон ажлын байр хумигдана. Эдийн засаг “хасах” үзүүлэлт рүү тэмүүлнэ. Иймээс эдийн засгийн тэнхээг тэтгэх “тан уулгах” ёстой. Төвбанк хүүгээ бууруулж, зөөлөн бодлого баримтлах нь эдийн засагт “тан” болох юм. Том, том мөнгө Монголд орж ирэх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, ам.долларын урсгал нэмэгдэнэ гэсэн үг. “Мандал женерал даатгал” компанийн ахлах шинжээч Ч.Анхбаяр “Ойрын хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар орж ирэх төсөөлөл бий” гэж ярьжээ.
“Ногоон”-ы орох урсгал нэмэгдэх тусам бодлогын хүүг зөөллөх боломж бүрдэх нь дамжиггүй. Монголбанкны удирдлагууд одоо мөнгөний зөөлөн бодлого баримтлах нь зөв гэж ярьж буй. Бодит эдийн засгийг, “Нарантуул” захад наймаа хийж буй бүсгүйг, барилгын блок үйлдвэрлэж буй залууг санхүүжилтээр, зээлээр, борлуулалтаар дэмжих цаг хэзээ вэ? Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Суурь төсөөллөөр үзвэл энэ онд эдийн засаг 4-5 хувийн бодит өсөлттэй гарах болов уу. Харин валютын орох урсгал дээр эерэг үзүүлэлттэй, төлбөрийн тэнцэл ашигтай гарвал эдийн засгийн өсөлтийг дэмжих, бодит секторын суларсан идэвхжилийг тэтгэх бодлогын орон зай гарахыг үгүйсгэхгүй. Энэ хувилбараар бол эдийн засгийн өсөлт 5-8 хувийн хооронд байх боломжтой” гэж ярьжээ. Монголын эдийн засаг эхний хагас жилд дөрвөн хувиар өссөн.
Тэгвэл ам.долларын орох урсгал сайжирсан учраас монголчууд 5-8 хувийн өсөлт рүү тэмүүлэх хэрэгтэй бус уу. Ингэхийн тулд зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй. Мөнгөний нийлүүлэлтийг хумидаг, нэмдэг гол хэрэгсэл нь бодлогын хүү. Нэмэхийн тулд бодлогын хүүгээ бууруулах шаардлагатай. Гэхдээ эдийн засгаа өсгөхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг хэт ихэсгэж болохгүй. “Тан”-гийнхаа тунг хэтрүүлбэл инфляц өсөх, ам.долларын ханш эргэж хөөрөх сүүдэр дагаж байгаа. Тэгэхээр тунг тохируулах учиртай. Тохируулгыг Төвбанк хариуцах нь мэдээж. Тэд өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгөний тэлэх бодлого баримталснаар эдийн засгийг зөөлөн газардуулсан гэж тайлбарладаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол бид аль хэдийнэ хямарчихсан байх гэнэ лээ. Инфляц буурч, гадаад худалдаа ашигтай гарч, төлбөрийн тэнцлийн алдагдал багасаж, эдийн засаг нэгэнт газарджээ. Одоо эдийн засгийг мөнгөөр дэмжиж, алгуур хөөргөе.
Т.ЭНХБАТ